- Lemon Press
- Posts
- 🔎 Франц яагаад тэтгэврийн насаа нэмэв?
🔎 Франц яагаад тэтгэврийн насаа нэмэв?
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн талаар болон Францын тэтгэврийн нас нэмэгдсэн тухай тоймлов.
POWERED BY
Morning! Илгээлт-2100 хөтөлбөрт өнгөрсөн онд 416 суралцагч тэнцсэн аж. Тэгвэл одоо уг хөтөлбөрийн хүрээнд жил бүр 60 оюутныг Чехд суралцуулах гэнэ. Мэдээж сургалтын зардлыг 100% хөнгөлнө. Гэхдээ Монголдоо гадны шилдэг профессоруудыг авчирвал 60 байтугай оюутан юм сурах байх даа. 💭
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: 2023 оны I улиралд гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 57.9% өсөж $5.7 тэрбумд хүрэв. Учир нь экспорт 96% өсөж $3.8 тэрбум, импорт 14.7% нэмэгдэн $1.9 тэрбум болсон аж.
MSE: МХБ-ээр хийгдсэн нүүрсний арилжаа өнгөрсөн 3 сарын хугацаанд 1 сая тн-ыг давав. Түүнчлэн энэ онд нийт нүүрсний экспортын 30%-ийг биржээр арилжаалах юм.
MNG: Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 29.6% өсөж ₮5.1 их наяд болсноор тэнцвэржүүлсэн тэнцэл ₮656.6 тэрбумын ашигтай гарав.
ХО-ын тухай хуулийн шинэчлэлийн эргэн тойронд
ЭЗХЯ хөрөнгө оруулалт (ХО)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан түүндээ санал авч эхэлснийг мэдсэн үү? Ер нь энэхүү шинэчлэлийн хүрээнд яг юу өөрчлөгдөж байгаа вэ?
Одоогийн нөхцөл байдал
Уул уурхай сэргэж 2012 оны III улиралд $1.6 тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) орж ирсэн бол 2022 оны мөн үед энэ тоо 60.2% буурчээ. Түүнчлэн нийт ГШХО-ын 77%-ийг дан ганц уул уурхайн салбарын ХО эзэлж буй.
Асуудал: Америкийн элчин сайд асан Майкл С.Клеческийн үзэж буйгаар Монголын ХО-ыг нэмэхийн тулд илүү тогтвортой эрх зүйн орчин хэрэгтэй аж. Харин бид 1993 оны ХО-ын тухай хуульд 110 удаагийн нэмэлт өөрчлөлт, 2013 оныход 40 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. 🤷♀️
Шинэчлэлийн хүрээнд
Харин одоо ХО-ын тухай хуульд дахин шинэчлэл хийж буй. Энэхүү шинэчлэлд тусгаснаар,
Өмчлөл: Гадаадын ХО-тай ААН тогтворжуулах гэрчилгээ эзэмшиж буй хугацаандаа газар эзэмших эрхтэй болно.
Татвар: Тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой ААН-д шилжүүлсэн ашигт 20%-ийн татвар ногдуулдаг байсан бол 10% болгож бууруулна.
Хураамж: Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд ₮44,000 биш ₮350,000, гадаадын ХО-тай хуулийн этгээдийг бүртгэхэд ₮750,000 биш ₮350,000 төлдөг болох нь. Өөрөөр бол ижил болгож байгаа хэрэг.
🚫: Хөрөнгө оруулах зорилготой гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох хуулийн хэсгийг хасах нь. Түүнчлэн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын иргэн бол нийт хувьцааны 1/3-ээс доошгүйг Монголын иргэн эзэмшдэг байх заалтыг ч арилгах юм.
Эцэст нь… Хуулийн шинэчлэлтийг харваас яг бидэнд тулгамдаж буй нэг салбарт хэт төвлөрсөн ХО, илүү нээлттэй, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг дорвитой шийдээгүй харагдана. Ер нь л бид ийм чухал хуулийн төсөлд идэвхтэйгээр санал өгөх хэрэгтэй шүү. ХО-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ЭНД дарж уншаад саналаа өгөөрэй!
🔋Илүү олон үйлдвэр
6752.T: Tesla (TSLA)-н цахилгаан автомашины (EV) батерейны үндсэн нийлүүлэгчдийн нэг болох Panasonic Америкт 3 дахь EV баттерэйн үйлдвэрээ барихаар ярилцаж байна. Компани дараагийн үйлдвэрээ Оклохама мужид барихаар төлөвлөж байгаатай холбоотойгоор тус муж тэдэнд хэр их татаас олгохоо хэлэлцэж буй. Учир нь тэд өнгөрсөн 7-р сард тус мужийн оронд Канзасд 2 дахь үйлдвэрээ барьсан аж.
🆙 Францын тэтгэврийн нас нэмэгдлээ
NPR
Францын ЗГ тэтгэврийн насыг 62-64 буюу 2 насаар нэмэх хууль баталлаа. Тус хууль нь өргөн баригдсан цагаасаа эхлэн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эрх баригчид хүч түрэн батлав.
Яагаад нэмэх болов?
ЗГ-аас тэтгэврийн насыг нэмэх сургаар ард иргэд нь ажил хаялт зарлаж, гудамжинд үймээн самуун дэгдээсний улмаас 112 иргэн баривчлагдан бөөн л юм болов.
Тэтгэврийн насыг 64 болгохоор шийдвэрлэсэн нь хүн амын хөгшрөлттэй шууд хамааралтай. Учир нь тэтгэвэр авагчдын тоо ихсэх нь хөдөлмөрийн насны ажилчдад ирэх татварын дарамтыг нэмэгдүүлж хүн амын ачааллыг нэмж буй. Гол асуудал нь,
Шалтгаан: Тус улс 2000 онд 1 тэтгэвэр авагчид 2.1 ажилтан ногдож байсан бол 2020 он гэхэд 1.7 ажилтан болж цөөрчээ. Түүнчлэн 2070 он гэхэд энэ тоо 1.2-д хүрэх төлөвтэй байна. Цаашлаад 2030 он гэхэд Францын тэтгэврийн сан $14.5 тэрбумын алдагдалд орох эрсдэлтэй байгаа аж. Тиймээс иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан ч тэтгэврийн насыг нэмсэн хэрэг.
Харин Монголд
Монголын хүн амын бүтэц харьцангуй залуу ч тэтгэврийн даатгалын сан жил бүр алдагдалтай ажиллаж байгаа. Түүнчлэн одоо ажиллаж байгаа 10 хүн 3 хүний тэтгэвэр төлдөг бол 2040 он гэхэд ажил хийж буй 10 хүн 8 хүний тэтгэвэр төлдөг болох буюу дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ногдох ачаалал нэмэгдэх юм. Тэгэхээр одоо хэцүүдэж буй манай тэтгэврийн тогтолцоо ирээдүйд улам л харанхуй болох нь.
Эцэст нь… Хүн ам зүйн бүтцээс үүдэн тэтгэврийн асуудлууд хаа сайгүй гарсаар. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж асуудлыг томрохоос нь өмнө шийдэл олох хэрэгтэй байна даа.
Excel дээр хэрхэн Google Finance-г ашиглаж цагаа хэмнэж болох талаар хүргэж байна. 🤗
🏢 Дижитал ҮХХ-ийн анхны дуудлага худалдаа
Үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн зах зээлд BarilgaPuzzle.mn тэсрэлт хийж, VIP харилцагчдадаа зориулан дижитал ҮХХ-ийн анхны дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. 🤩
Тодруулбал, VIP харилцагчдад Монос Групп, Шинэсэгэ Буйлд ХХК-н бүтээн байгуулж буй F.I-ONE бизнес зэрэглэлийн 400 айлын хотхоныг 27% хямд, ҮХХ-ийн бутархай нэгжээр худалдан авах боломжийг санал болгож буй.
Сонирхуулахад, ҮХХ-ийн бутархай нэгж нь PUZZLE буюу 1 м.кв талбайн 1/10 юм. Мөн PUZZLE-н үнэлгээ нь төслийн гүйцэтгэлээс хамаарч сар бүр өсөх, өссөн дүнгээс та ашиг хүртэх боломжтой аж.
Хэрэв та VIP харилцагч болохыг хүсвэл 99055488 дугаарт холбогдоорой.
📆 Хэзээ: 4 сарын 19-ний 11:00 цагт
📍Хаана: Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд
Nikkei Asia
🔹Японы том 3 банк ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд AI-г ашиглана. Тодруулбал, Mitsubishi UFJ (MUFG), Sumitomo (SMFG), Mizuho (MFG) зэрэг банкнууд ажилтнуудынхаа бичиг цаасны ажлыг багасган цаг хэмнэх зорилгоор AI-г ашиглах юм. Мөн цаашид өөрсдийн гэсэн чатботыг ч хөгжүүлэх гэнэ.
🔹 Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард ₮13 их наядад хүрлээ. Тус дүн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5% өссөн үзүүлэлт юм. Үүнээс ₮11.8 их наяд нь иргэдийн хадгаламж, үлдсэн ₮1.3 их наяд нь ААН-ийнх байв. Түүнчлэн валютын хадгаламж 3% өссөнөөр ₮6 их наяд болсон байна.
🔹CXApp (CXAI)-н хувьцааны үнэ 3 өдрийн дотор 1,480% өсөв. AI-д тулгуурласан тус платформ нь 3 сарын 14-нд KINZ-тэй $69 саяын үнэлгээ бүхий Spac нэгдэл хийсэн юм. Улмаар компани олон нийтэд нээлттэй болж хувьцааны үнэ нь $1.3-оос $21 хүртэл өсөөд буй.
🔹УИХ-ын гишүүдийн тоог нэмж магадгүй. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөөр УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгохоор тусгаад буй. Түүнчлэн ҮХ-ийн цэцийн гишүүдийг 1-ээс дээш удаа улиран томилогдохыг хориглох саналыг гаргажээ.
Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт М-Си-Эсчүүддээ, өнгөрсөн 30 жилийн түүхийг бүтээхэд гар бие оролцсон бүх ажилтан, түншүүд, хамтран ажиллагсдадаа баярын мэнд хүргэе.
— MCS Group (@GroupMCS)
4:24 AM • Apr 17, 2023
Мэд: Их тэсрэлтээс хойш дэлхий хэрхэн өөрчлөгдөв? (VisualCapitalist)
Анзаар: Gen Z бусад үетэй харьцуулахад илүү их аялах хүсэлтэй. (CNBC)
Унш: Ирэх 6-р сард танилцуулагдах Apple watchOS 10-н шинэчлэл юу байх вэ? (MacRumors)
Яагаад? Хятадын томоохон баячуудын алга болдог шалтгаан. (BBC)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply