• Lemon Press
  • Posts
  • 🤵 Казакстаны Ерөнхийлөгч Монголд

🤵 Казакстаны Ерөнхийлөгч Монголд

Цөмийн энергийн бужигнаан | Бөөн тендерүүд | Go.to Market-р аялсан нь

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Манай шууд нислэгийн чиглэл ч нэмэгдэж байна даа. Ирэх оноос Монгол-Сингапурын хооронд шууд нислэг хийж эхэлнэ гэнэ. Одоо тэгээд шууд^2 нисээд байж дээ. 🛫

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн МХБ (MSE) дээр нээлттэй арилжаалж байгаа $-ын Ногоон Бондын анхдагч зах зээлийн захиалгын явц 22.62%-д хүрлээ

POL: УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮204.7 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮184.3 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагджээ.

🧳 Go.to Market-р аялсан нь

Зээ, энэ удаад бид Монголын анхны дотоодын олон улсын стандартыг хангасан худалдааны төв Go.to Market-р зочилсон түүхээ хуваалцаж байна. 

Концепц: “Community lifestyle” 

Go.to Market нь оффисын барилгын чиглэлээр дагнасан 14 жилийн туршлагатай Master Группийн 5 дахь төсөл юм. Мастер Групп тус худалдааны төвийг барихдаа Улаанбаатар хотын 39 бүсэд 27 төрлийн судалгаа хийсний үндсэн дээр хойд бүсэд байгуулсан аж. Байршлын хувьд ид дахин төлөвлөгдөж байгаа газар төдийгүй лагерь явах зам дагуу байдгаараа давуу.

 🤯 Цөмийн энергийн бужигнаан

Монголын цөмийн эрчим хүчний салбар өнөөг хүртэл хөгжлийн эхэн шатанд байгаа ч сүүлийн жилүүдэд энэ салбарт олны нүд орсон. Иймд ч ЗГ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Яах гэж тэр вэ? 

  • ⚖️ Хууль: Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд баталсан бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж байсан аж. 

⛏️ Уранаа урагшлуулчих гээд л

Энэхүү хуулийн өөрчлөлт нь Францын төрийн өмчит Orano Mining компанитай холбоотой. Тодруулбал, ЗГ болон Orano Mining хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан хуулиа өөрчлөх гэж байгаа хэрэг. Ингэснээр Монголд цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны олборлолтыг эхлүүлэх, ураны боловсруулалтын үйл ажиллагаанд хууль эрх зүйн тодорхой зохицуулалт бий болох юм. 

  • 🔃 Төслийн явц: Orano Mining Монгол дахь ураны уурхайг хөгжүүлэхэд ахиц дэвшил гарна гэж үзэж буй. Зөөвч-Овоогийн ураны төсөл нь 2027 он гэхэд бэлтгэлээ базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр тооцоолсон. Харин Монголын тал шаталсан байдлаар 19% хүртэлх АМНАТ-ийн өгөөж л хүртэх юм. 

🇷🇺 Том мэдээ: Ах нь дэмжинэ

Цаашлаад, Монголын цөмийн энергийн салбарт гарах өөр нэг өөрчлөлт бол Орос Монголд жижиг атомын цахилгаан станц барих магадлалтай байна. Уг станц нь Шинэ Хархорум хотын ойролцоо баригдах төлөвтэй байгаа бөгөөд төлөвлөсөн хүчин чадал нь 330 МВт аж. 

Эцэст нь… Бидний хувьд цөмийн эрчим хүчний салбарын хөгжүүлэлт стратегийн ач холбогдолтой. Уг салбарын хөгжил нэг талаас дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ашиглах, нөгөө талаас гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Нэмээд ураны үйлдвэрлэл нь дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээнд чухалд тооцогдож байгаа энэ үед бид маш хянуур, тооцоотой ажиллах хэрэгтэй байна даа. 

📈 Борлуулалтын өсөлт = 45.3% 

MBW: Монгол Базальт ХК-ийн III улирлын борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 45.3% нэмэгдэж ₮9.3 тэрбумд хүрч ₮912 саяын цэвэр ашигтай ажиллажээ. Компани тус хугацаанд шугам хоолойн дулаалгын цехэд нийт 5,398 метр шугам, яндан хоолойн дулаалга хийсэн нь орлогын өсөлтөд хувь нэмэр оруулсан аж. Тэд цаашид хөвөн хавтангийн чанар стандарт, технологийн горимд анхаарч ажиллах гэнэ. Сонирхуулахад, Баасан гаргийн арилжаагаар $MBW-н хувьцааны үнэ 2.55% өсөж ₮189.99-ь хүрсэн байна. 

 🇰🇿🧑‍🤝‍🧑🇲🇳

Казакстаны түүхэн дэх 2 дахь Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев өнөөдөр Монголд айлчилж байна. 

📑 Харилцааг хүүрнэе

К.К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайд байхдаа Монголд айлчилж байсан бол 14 жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хийж байна. Харин нэгэн цагт Казакстаны мөнхийг удирдагч гэгдэх Н.Назарбаев Монголд 3 ч удаа айлчилж байсан билээ. Ингэснээр Казакстаны талаас 12 жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд айлчилж буй. Энэ хугацаан дахь 2 орны харилцаа хэр байсныг харвал, 

  • 🎚️ Харилцааны түвшин: Тус улстай бид дипломат харилцаа тогтоогоод 32 жил болж буй. Энэ хугацаанд 2 орны харилцаа өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хөгжиж ирсэн. 

  • 💸 Төв Азийн түншлэл: Казакстан, Монголын бизнесийн түншлэл сүүлийн 1 жилд л эрчтэй яригдах болсон. Энэ нь Монгол шиг жижиг улсуудын технологийнхон Төв Азиар дамжуулан барууны зах зээлд танигдах гарах, гүүр болж буйтай холбоотой. Товчхондоо бол Монголын технологийн компаниуд Цахиурын хөндийд Төв Азийн гэгдэх тодотголтойгоор хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах боломжийг эрэлхийлж байгаа

📈 Токаев Казакстаныг хэрхэн өөрчилж байна?

2019 онд Казакстанд томоохон бослого болж Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаасаа буун, ЗГ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Тухайн үед Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, одоогийн Ерөнхийлөгчийг залгамжлагчаар сонгож байсан юм. 

  • 🌈 Солонгорол: Нурсултан Назарбаевын үед Казакстаны эдийн засаг газрын тосноос ихээхэн хамааралтай буюу бараг л ганц тулгуурт байв. Харин К.Токаев эдийн засгаа солонгоруулж Kazakh Invest гэхчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж хичээж байгаа. 

  • 🥲 Биднээс дутахгүй: К.Токаев төрийн тэргүүн болонгуутаа хамгийн түрүүнд Орост айлчилж, В.Путинд Орос бол Казакстаны стратегийн найдвартай түнш, хамаатан саднаас илүү ойрын хөрш улс хэмээн хэлж байсан түүхтэй. Гэсэн ч саяхан болсон БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтад очихоос татгалзсанаас нь харахад Монгол шиг Оросын нөлөөг тэнцвэржүүлэх гэж үзэж тардаг нь илт.

Эцэст нь… Түүний айлчлалаар 2 орон уламжлалт сэдэв болох эдийн засаг, аялал жуулчлал, тээвэр логистикийн салбарт хэрхэн хамтран ажиллах боломж байгааг хэлэлцэнэ. Хамгийн ихээр анхаарал татаж буй асуудал нь Казакстан болон Монголын хооронд баригдах 1,604 км автозамын ажил. Оросын шийдвэрээс ихээхэн хамаарах тус ажил урагшлах болов уу? Ер нь яагаад заавал Оросын газар нутгаар дамжих ёстой байсан юм бол доо?

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтад одоогоор 6 төрлийн тендер зарлажээ. Тэдгээрийг сонирхоцгооё: 

  • Хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийхэд ₮5.7 тэрбум,

  • Эхний ээлжийн авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулахад ₮2.1 тэрбум,

  • Байр зүйн зураг зохиох, ортофото зураг үүсгэхэд ₮3.7 тэрбум,

  • Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байр зүйн зураг зохиох эхний ээлжийн ажилд ₮2.1 тэрбум,

  • Хотын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд ₮376 сая,

  • Шинэ Хархорум хотод байгуулах нисэх буудлын ТЭЗҮ, зураг төсөлд ₮1 тэрбум зэрэг тендер тус тус зарлагдсан байгаа аж.

 ✈️⌚ Premium economy class

Хаана ч явсан цаг хугацаагаа хэмнэмээр л байдаг биз дээ? Тэгвэл Aero Mongolia-н шинээр нэмсэн “Premium Economy” суудлын ангиллыг сонирхоод үзээрэй. 😎 

Уг ангиллын зорчигчид Aero Mongolia-н Budget-Friendly нөхцөлөөр боломжийн үнэтэй зорчихоос гадна дараах давуу талуудыг эдлэх боломжтой гэнэ. Үүнд,

  • 🚀 Шуурхай үйлчилгээ: Дараалалд зогсож цаг алдалгүй шууд бүртгүүлэх,

  • 🧳 Нэмэлт тээш: Багласан тээшин дээрээ нэмэлтээр 23кг-ын 1 тээш үнэгүй авч зорчих,

  • 👑 Хамгийн эхэнд: Түүнчлэн очих газраа хүрмэгцээ тээшээ ямар ч хүлээлэггүй авч болдог юм байна шүү.

За тэгээд Premium Economy ангиллыг сонгоод хурдан шуурхай үйлчилгээг аваарай. 😉

Medium

🍋 ССАЖЗЯ аялал жуулчлалын салбарт Америктай хамтран ажиллана. Энэ хүрээнд ССАЖЗЯ болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо Америкийн Boston Consulting группээс Монголын аялал жуулчлалын салбарт шинэ стратеги боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын зөвлөх үйлчилгээ авах аж.

🍋 Хөгжлийн банкны өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 46.2% буюу 43 үл хөдлөхийг худалдан борлуулаад байна. Борлуулсан үл хөдлөхийн үнэлгээ ₮9.7 тэрбумтай дүйцэж байгаа бөгөөд худалдан борлуулах үнийн хувьд тус банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тооцож буй.

🍋 Nvidia (NVDA) түрхэн зуур хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдэв. Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт тус компанийн зах зээлийн үнэлгээ түр хугацаанд $3.53 их наядад хүрч Apple (AAPL)-н $3.52 их наядын үнэлгээг давсан байна. Харин өдрийн төгсгөлд Nvidia-н хувьцааны үнэ 0.8% өсөж $3.47 их наядын үнэлгээтэй болсон бол Apple-н хувьцааны үнэ 0.4% өсжээ.

🍋 Монголын Хөрөнгийн Бирж (MSE) "Монголын шуудан" ХК (MNP)-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээсээ хаслаа. Ийнхүү тус компанийн МХБ-д бүртгэлтэй хувьцаан дээр нэмж гаргасан байсан ₮100-н нэрлэсэн үнэтэй 11,249,855 ширхэг хувьцаа хасагдаж нийт бүртгэлтэй хувьцаа нь 99.6 сая болов.

  • 👓 Царай таних нүдний шил гэв үү? (NYTimes)

  • ⚫ Google Calendar вэб хуудас дээрээ “dark” хувилбартай болжээ. (AndroidPolice)

  • 🆕 12-р сард OpenAI-н шинэ хувилбар танилцуулагдана. (TheVerge)

  • 👔 Монгол-Францын бизнес уулзалтын тов. (MongolChamber)

  • Даваа: Ford-н III улирлын санхүүгийн тайлан гарна

  • Мягмар: Google, AMD, Visa-н тайлантай өдөр шүү

  • Лхагва: Үргэлжлүүлээд Meta, Microsoft гэхчлэн технологийн акулуудын өнгөрсөн улирлын санхүүгийн үзүүлэлттэй танилцах юм байна даа

  • Пүрэв: 2025 он болоход 2 сар үлдлээ. Юу бодож байна? 

  • Баасан: Эцэст нь газрын тосны луугарууд Exxon Mobil, Chevron санхүүгийн тайлангаа уралдах шахуу танилцуулахаар байна.

Reply

or to participate.