- Lemon Press
- Posts
- 🚕 Таксиг зах зээл “жолоодно”
🚕 Таксиг зах зээл “жолоодно”
Эрсдэлийн үнэлгээ | Юанийн доод ханш | Зэс, алтны Хармагтай төсөл
POWERED BY
Hey! Өнөөдөр Америкийн реппер Лил Нас X-н төрсөн өдөр тохиож байна. ЭНД дарж өнөөдрийг түүний шинэхэн дуугаар угтаарай. 🎤🎶


*Нэг өдрийн өөрчлөлт
MFM: Зэсийн баяжмалын экспортын орлого 7 хоногийн өмнөхөөс 26%, төмрийн хүдрийн экспорт 4% тус тус өссөнөөр 4 сарын эхний 7 хоногийн нийт экспортын орлого $237 сая болжээ.
CHN: Хятадын Ардын банк юанийн жишиг ханшийг $1= ¥7.2 байхаар тогтоож, юанийн доллартой харьцах ханш сүүлийн 19 сарын доод түвшинд хүрлээ.
MNG: 2010 онд 681 байсан захиргааны хэм хэмжээний акт энэ оны байдлаар 2,802 болж нэмэгдсэн байна.

🚕 Таксиг зах зээл “жолоодно”

Таксинд суучхаад км нь ₮1,500 байх ёстой гэж хэрүүл хийдэг цаг ард хоцорлоо гэж. Юу болсон бэ гэхээр, 👇
🛣️ Үнэ чөлөөтэй!
Нийтийн тээврийн бодлогын газар такси үйлчилгээ эрхлэгч 7 компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Үүний хүрээнд такси үйлчилгээний үнийг зах зээлийн жишгээр чөлөөлөхөөр болсон юм. Гэрээ байгуулсан 7 компанид UBCab, VIP TAX, Сод такси зэрэг багтсан байгаа. Харин ABA такситай гэрээгүй байгуулаагүй аж.
⛓️💥 Уян хатан байдал: Үнийг зах зээлд даатгаснаар компаниуд үйлчилгээгээ илүү оновчтой төлөвлөх, үнээ уян хатан тогтоох боломжтой. Ялангуяа оргил ачааллын үеийн нэмэгдэл тариф, урамшуулал зэргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Төр 🤝 Хувийн хэвшил: Төр бодлогын зүгээс дэмжихээ илэрхийлсэн нь ирээдүйд бүтэц, хууль эрх зүйн дэмжлэг, боломжит татварын хөнгөлөлт гэх мэт зохицуулалттай орчин бүрдэж болохоор байна. Нэмээд уг такси үйлчилгээний компаниуд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд бүртгэгдэж, уг санд төлбөр төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн аж.
‼️ Тулгамдах эрсдэл
Чөлөөт үнэд шилжиж байгаа нь ачаалалтай цагууд болон хол зорчиход өмнөхөөс илүү өндөр зардал гарах эрсдэлтэй. Нэмээд үнэ чөлөөтэй болсон ч зохицуулалт, хяналт тодорхойгүй байвал “дур мэдсэн” үнэтэй, нэг төрлийн тодорхойгүй, хэт ялгаатай үйлчилгээ бий болж болзошгүй. Тэгэхээр үйлчилгээний чанар, хүртээмжид тавих стандарт, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авах систем, жолоочийн ёс зүй, даатгалын зохицуулалтад ч анхаарах хэрэгтэй болж байгаа юм.
📧 Хүсэлт: Бид үнийн чөлөөлт ярихаасаа гадна такси үйлчилгээний чанар, мэргэжлийн байдалд анхаарах нь чухал. Ядаж л дуудлагын таксины апп дээр хаанаас хаа хүрэхээ оруулчихвал хэдэн ₮-өөр зорчихыг харуулдаг, таксины үйлчилгээ үзүүлж байгаа автомашинуудад өнгө, тэмдэглэгээний шаардлага тавьж албан ёсны гэдэг нь мэдэгддэг байх нь зүй.
Эцэст нь… Такси үйлчилгээний үнийг зах зээлийн жишгээр чөлөөлөх нь Монголын нийтийн тээврийн шинэ шатанд гарч буй алхам боловч зөвхөн үнийн чөлөөлөлтөөр зогсох ёсгүй. Харин илүү нарийн зохицуулалт, ухаалаг бодлого, технологид суурилсан хяналт хэрэгтэй болж байна даа.

💱 Валютын арилжааны ханш өсөх шалтгаан. (iToim)
🧠 Хятад ирэх 9 сарын 1-нээс бүрэн дунд боловсролын хөтөлбөртөө AI-г заавал судлах хичээл болгоно. (BusinessInsider)
🧎♂️ ЕХ Америкийн импортын татвараас чөлөөлөгдөхийн тулд тэндээс $350 тэрбумын эрчим хүч худалдан авах ёстой. (Politico)
🦾 IT компаниудыг татварын болон татварын бус хөнгөлөлтөөр дэмжих журам боловсруулжээ. (Gov)

🤑 Зэс, алтны Хармагтай төсөл
XAM.TO: Xanadu Mines болон Zijing Mining Group-н хамтран байгуулсан охин компани болох Khuiten Metals-н 25%-ийг худалдах эрхээ түдгэлзүүлэхээр болов. Тус асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ Баасан гараг буюу 4 сарын 11-нд санал хураалт явуулах байсан ч дор хаяж 30 хоног хойшлуулжээ. Хармагтай төслийн ТЭЗҮ-ээр уурхайн насжилтийг 29 жил гэж тогтоохын сацуу жилд дунджаар 75 мянган тн зэс, 165 мянган унц алт олборлох тооцоолол гараад буй.

🛎️ Зочлох салбарын шилдгүүд нэг дор

“Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв” ТББ тус салбарын төлөөллүүддээ зориулан “Horeca Mongolia Conference-2025”-г 7 дахь жилдээ “Be Pro-Хөгжүүлэлт, Сайжруулалт, Удирдахуй” уриан дор оюуны өмчийн албан ёсны эрхтэй зохион байгуулах гэж байна. 📢
Тус чуулган нь илтгэл, хэлэлцүүлэг, манлайлал гэх үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Монгол, Филиппин, Казакстан, Сингапурын зочлох үйлчилгээний салбарын төлөөллүүд нэг дор цугларч шинэ чиг хандлага, тулгамдсан асуудлууд, хөгжлийн боломжуудын талаар хэлэлцэж, мэдлэг мэдээллээ хуваалцах юм.
📍 Хаана: The Corporate Hotel and Convention Centre
🗓️ Хэзээ: 4 сарын 16-нд

🔴 Эрсдэлийн үнэлгээ

Санхүүгийн зохицуулах хороо ББСБ, хөрөнгө оруулалтын менежментийн компани (ХОМК), даатгал болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (ВХҮҮ)-дийн өнгөрсөн оны эрсдэлийн тогтолцоог хэр үнэлснийг харцгаая.
📝 Тайланг СЗХ-ны зохицуулалттай 4 салбарын нийт 94 компанийн “Комплайнсын эрсдэлийн үнэлгээ”-нд тулгуурлан гаргасан бөгөөд компани өөрийн эрсдэлийг үнэлж, асуулгын аргаар гаргажээ.
🐾 Хэн, хэн хамрагдав
Оролцогчдын хувьд итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ-ын 63.6%, ХОМК-ийн 42.4%, даатгагчийн 78.9%, ВХҮҮ-ийн 75% нь тус тус хамрагдав. Тайлангийн ерөнхий хүрээ ёс зүйн, нэр хүндийн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл ажиллагааны гэсэн 4 ерөнхий эрсдэлийг хамарч буй.
⚠️ Сэжигтэй гүйлгээ: Үүнээс үйл ажиллагааны эрсдэл дотроос сэжигтэй гүйлгээг мэдээлэх чиглэлд ХОМК 100%-ийн гүйцэтгэлтэй байсан бол хамгийн бага гүйцэтгэлтэй нь ББСБ 76.4%-тайгаар үнэлэгджээ.
🖐🏻 Аргачлал: Цаашлаад сэжигтэй гүйлгээ болон үйл ажиллагааг таних аргачлалын хувьд тус 4 салбараас ВХҮҮ хамгийн өндөр буюу 67% нь автоматжуулсан болон гар аргыг хослуулан ашигладаг бол бусад 3 салбарын 50%-иас дээш компаниуд гар аргаар хянадаг байх нь. Товчоор бол сэжигтэй гүйлгээг гар аргаар хянадаг.
Сэжигтэй гүйлгээг мэдээлэх чиглэлд харьцангуй сайн үнэлэгдсэн ч тогтмол хянаж шалгах, нягтлах тал дээрээ нэлээн сул. Тодруулбал, ХОМК-иудын 85.7% нь тогтмол хянаж шалгах аргачлалгүй эсхүл боловсруулж байгаа гэж дүгнэгдсэн бол ББСБ-иудын 68.6%, ВХҮҮ-чдийн 77.8%, даатгалын компаниудын 53.3% хангалтгүй дүнтэй. Том зургаараа эдгээр салбаруудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хамгаалалтын механизм хэр сул байгааг нь харуулж буй.
🫠 Харилцагчаа таньж чаддаг уу?
Үргэлжлүүлээд, харилцагчаа таних чадвар буюу харилцагчийг таних, тодорхойлох баримт бичиг бүрдүүлэлтээр ХОМК 100%-ийн гүйцэтгэлтэй төдийгүй харилцагчаа эрсдэлд нь тулгуурлаж үнэлэх чадвар нь ч мөн 100% байна. Тус 2 шалгуурт ХОМК болон ВХҮҮ хангалттай гэж үнэлэгдсэн бол нөгөө талд ББСБ болон даатгалын компаниудын тал нь л харилцагчаа эрсдэлээр нь ангилдаг байх нь.
Эцэст нь… СЗХ-ны зохицуулж буй 11 салбараас 4 салбарынх нь эрсдэлийн үнэлгээг танилцууллаа. Бусад нь эрсдэлээ хэрхэн хөшүүрэгдэж, зохицуулж явдаг юм бол доо.

Бяцхан кейс задлан 💡
Асуудал: … компани эрэгтэй, эмэгтэй хувцасны брэнд гаргаж, дэлгүүр дээрээсээ худалдан борлуулаад чамгүй хугацааг өнгөрүүлж буй. Тэд сүүлийн үед бүтээгдэхүүнүүдээ онлайнаар борлуулахаар төлөвлөж буй ч, өрсөлдөгчдөөсөө ялгарах шаардлагатай.
Шийдэл: Компани бүтээгдэхүүнүүдийн зургаа вэб дээр байршуулж, хэрэглэгчид виртуалаар хувцсыг нь өмсөж харах боломжтой AI шийдэл нэвтрүүлэв.
Тус компанийн шийдэл оновчтой байсан уу? Санал бодлоо хуваалцаарай. 😉


TechStory
🍋 Broadcom (AVGO) энэ оны эцэс хүртэл $10 тэрбумаар хувьцаагаа халаасална. Ийм итгэлтэй байгаа нь үүлэн технологийн компаниуд Nvidia (NVDA)-н өндөр үнэтэй процессоруудыг орлох хувилбар хайж эхэлснээс AI чипүүдийн эрэлт эрс өссөнийх. Тэгвэл энэ шийдвэр нь өнгөрсөн Даваа гарагт компанийн хувьцааны үнийг 5% өсгөж $152 болгосноор 2 өдөр дарааллан унасан хүндхэн нөхцөл байдлаас гаргасан юм.
🍋 Дүүжин замын тээврийг Францын €88.6 саяын нэн хөнгөлөлттэй зээлээр барина. Үүнээс Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урт, 2 зогсоол, 98 кабинтай I шугам барихад 47% буюу €41.6 саяыг зарцуулах бол үлдсэн дүнг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урт, 3 зогсоол, 70-74 кабинтай II шугам барихад зарцуулах аж. Гэснээс энэ бүтээн байгуулалт замын хөдөлгөөний дундаж хурдыг 4% нэмэгдүүлэх ид шидтэй.
🍋 SoftBank (SFTBY) хувь хөрөнгө оруулагчдад зориулж $4.1 тэрбумын бонд гаргана. Бондын хугацаа 2030 оны 5-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд жилийн өгөөж нь 3%-3.6% хооронд хэлбэлзэх нь. Ийнхүү SoftBank-н түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй тус бондыг тооцоод нийт өр нь $51.93 тэрбум болно. Гэснээс компани өр-хөрөнгийн харьцааг 25%-иас хэтрүүлэхгүй байх зорилготой бөгөөд өнгөрсөн оны 12-р сард 12.9% хүрч байв.
🍋 CU сүлжээ дэлгүүр дэлхий даяар нийт 648 салбартай байна. Үүнээс 72% буюу 467 нь Монголд, 23% буюу 151 нь Малайзад, 4.6% буюу 30 нь Казахстанд байна. Тэгвэл саяхан BGF Retail (282330.KS) Казахстанд үйл ажиллагаа явуулж эхэлсний 1 жилийн ойн хүрээнд Казахстаны түнш компани CUCA-г Өмнөд Солонгост урьж ноу-хаугаа хуваалцжээ. Эргэн харвал, Монголоос 2019 онд, Малайзаас 2022 онд тэнд очиж байж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply