- Lemon Press
- Posts
- 🤝 Хөршүүдийн бартер
🤝 Хөршүүдийн бартер
Төсвийн хөрөнгө оруулалт | Tencent-н тайлан | ЗГ-ын шийдвэр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Үерийн улмаас айлчлалаа цуцлаад байсан Японы Ерөнхий Сайд ирэх сард албан тушаалаа өгөхөөр болжээ. Шалтгаан нь ард иргэдийн дургүйцэл, Ерөнхий сайдаар ажилласан 3 жилд нь иений ханш буурч, инфляц өссөн зэргээс болсон гэнэ. Ийм амьдрал гэж байдаг аа гэдэг шиг л… 👀
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Энэ онд шинээр ашиглалтад орох 37.3 мянган айлын орон сууцны 81.5% нь Улаанбаатар хотод төлөвлөгджээ.
MSE: Тахь-Ко ХК (TAH)-н ТУЗ-ийн дарга Л.Энхнасанг ТУЗ-ийн дарга болон гишүүнээс чөлөөлж, ТУЗ-ийн даргаар Л.Буянбатыг томилсон бол гишүүнээр нөхөн сонгууль болох хүртэл Л.Галбадрахыг түр томилжээ.
SLO: Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар Монголд 8 сарын 20-23-ны өдрүүдэд айлчилна.
Өчигдөр ЗГ-ын ээлжит хуралдаанаар 2024-2028 онд орон сууцжуулалтын талаар баримтлах бодлого, чиглэлийг танилцууллаа. 🔊
Монголын хотжилтын түвшин дэлхийн хотжилтын түвшнээс өндөр байгаа тул ЗГ 2024-2028 онд Улаанбаатар хотын төвлөрлийг нэмэхгүй байх бодлого баримтална.
Цаашлаад орон сууцжуулалтын эрх зүйн орчныг бий болгохоор УИХ-д “Орон сууцны ашиглалтын тухай”, “Үндэсний орон сууцжуулалтын тухай” анхдагч хуулиудын төслийг боловсруулж, өргөн барихаар болов.
Бага орлоготой, төрөөс зайлшгүй халамж авах шаардлагатай, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид, залуу гэр бүлүүдийг орон сууцаар хангах үүднээс нам давхрын, цөөн айлын үнэ, ашиглалтын зардал бага орон сууцны төрлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ.
Албан татвар
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын төсөлд зориулан Райд Монголиа ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг зөвшөөрлөө.
🏭 Төсвийн хөрөнгө оруулалт
Орон нутгийн сонгууль ирэх 10-р сард болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн төсөв рүү өнгийе.
1️⃣ Мэдээж хааны өлгий нутаг нэгт
2024 оны төсвийг батлагдахад орон нутгийн хөгжлийг дэмжсэн, хот хөдөөгийн ялгаатай байдлыг арилгахад чиглэсэн төсөв боллоо гээд нэлээн онцлон ярьж байсан. Энэ ч утгаараа 2024 оны төсвийн жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 935, гадаадын зээл тусламжаар 129 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улмаар төсвөөс ₮2 их наядыг орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулахаар төсөвлөөд буй.
💰 Төсвөөс: Энэ дундаа Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр төсөвлөсөн 46 төсөлд хамгийн өндөр буюу ₮242.3 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Уг хөрөнгө оруулалтын 88% нь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Хамгийн өндөр төсөвтэй нь л тус аймаг болохоос биш төслийн тоогоор Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 90 төсөл хэрэгжүүлэх аж.
✈️ Гаднаас: Цаашлаад, Дорноговь аймагт хамгийн өндөр буюу ₮187.6 тэрбумын гадаадын зээл, тусламжаар 9 төсөл хэрэгжүүлэх юм. Тус аймагт шав тавиад 6 жил болж буй газрын тос боловсруулах үйлдвэр болон хэд хэдэн эрчим хүчний төсөл хэрэгжиж байгаа. Харин Ховд аймагт автозамын төслүүд, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажил явагдаж байгаа билээ.
😥 Орлого, зарлага тэнцдэг нь цөөхөн
Өнгөрсөн оны байдлаар 21 аймгаас ердөө Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн төсвийн тэнцэл ашигтай гарсан. Энэ жилийн төсөвт ч 6 аймгаас бусдад нь санхүүгийн дэмжлэг олгохоор тусгасан. Юутай ч энэ оны эхний 5 сарын төсвийн гүйцэтгэлээр Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгуудад хамгийн өндөр дүнгээр санхүүгийн дэмжлэг олгосон байна.
⏲️ Эхний 5 сард: Энэ дотроо Хөвсгөл аймагт ₮43.6 тэрбум, Хэнтийд ₮39.3 тэрбум, Баянхонгорт ₮38.4 тэрбум гэхчлэн төсөвлөжээ.
Эцэст нь… Энэ оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн тэнцэл ₮1 их наядын ашигтай гарсан. Гэхдээ энэ нь орлого өссөнтэй бус төсөөлснөөс бага зарлага гаргасантай л холбоотой байсан юм. Юутай ч орон нутгийн хөгжлийг дэмжиж, хот хөдөөгийн ялгааг багасгана гэх тодотголтой 2024 оны төсвийн үр ашиг гарах нь уу, яах нь уу харж л сууя даа.
🆙 Орлого 8%, ашиг 82%
0700.HK: Хятадын технологийн титан Tencent-н ашиг II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 82% өсөж ¥47.6 тэрбум, орлого нь 8% өсөж ¥161 тэрбумд тус тус хүрлээ. Компанийн II улирлын тайлан өсөлттэй гарахад тоглоомын бизнесийн орлого нь 9% өсөж ¥34.6 тэрбумд, зар сурталчилгааны орлого нь 19% өсөж ¥29.9 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлсөн юм. Цаашлаад, Tencent-н хувьцааны үнэ он гарснаас хойш 26% өсөж өдгөө $373-т хүрээд байна.
🤝 Орос-Хятадын бартер
Барууны орнуудын хориг арга хэмжээг давах зорилгоор Орос Хятадтай худалдааны хуучин арга болох бартер худалдааг ирэх намраас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Хэр үр дүнтэй вэ?
🚫 Дайнаас үүдэлтэй хориг
Талууд одоогоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бартераар солилцохоор төлөвлөж байгаа бол Оросын талаас нэмээд Хятадаас импортолдог машины эд ангиудыг металлаар сольж авах талаар хэлэлцэж байгаа гэнэ.
🙅♂️ Гүйлгээ саатав: Сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд Оросоос юанаар хийх банкны шилжүүлэг хэдэн 7 хоногоор саатаж байв. Тэгвэл саяхнаас энэ төрлийн шилжүүлгийн 80% орчим нь хэвийн хийгдсэн бөгөөд үүн дээр ямар нэгэн тайлбар өгөөгүй аж.
✅ Дасан зохицохоос өөр аргагүй: Мөн өнгөрсөн онд Орос худалдааны түнш орнууд руугаа жижиг банкнуудаар дамжуулан гүйлгээ хийх, төлбөрийн өөр хувилбар буюу долларын бус гүйлгээ хийх зэргээр Оросын зарим банкыг олон улсын банк санхүүгийн сүлжээнээс тусгаарласан хоригт дасан зохицож байв. Гэвч Америкийн талаас Орост тусалж байгаа санхүүгийн байгууллагуудыг онилсон 2 дахь хоригоос үүдэж уг стратеги нь асуудалд ороод буй.
💴 Бартердаад сурчихсан хө
Орос анх удаа бартер худалдаа хийж байгаа юу гэвэл мэдээж үгүй. Өмнө нь ЗХУ-ын үед мөн тус тогтолцоо задарсны дараах жилүүдэд Орос худалдааны гол түнш болох Хятадтай бартер хийж байв. Цаашлаад, 2022 оны 8-р сард Афганистаны талибан бүлэглэлийнхэн Оросын талтай газрын тосны бүтээгдэхүүнийг үзэм, ашигт малтмал, эмийн ургамал зэргээр бартердах яриа хэлэлцээ хийсэн аж. Энэтхэг, Ираны ЗГ-ч Украины дайн өрнөсөн эхний хэдэн сард Оростой бартер худалдаа хийх талаар хэлэлцжээ.
🔎 Асуудалтай тал бий: Гэвч бартер худалдаа нь өнөө үед тийм ч тохиромжтой худалдааны хэлбэр биш гэгддэг. Тодруулбал, автомат тооцоолох системийг ашигладаг дэвшилтэт технологид суурилсан бизнесүүд болон том компаниудын хувьд бартер худалдаа хийх нь хүндрэлтэй байдаг аж. Нэмээд татварын тал дээр асуудалтай.
Эцэст нь… Ямартай ч хойд хөрш маань худалдааг хөнгөвчлөх үүднээс крипто зэрэг төлбөрийн хэрэгслийн шинэ хувилбаруудыг нэвтрүүлэхээр яарч байгаа аж. Харин хоригийн эсрэг арга хэмжээнүүд нь хэр үр дүнд хүрэхийг харъя даа.
12.8%
2024 оны 7-р сарын байдлаар нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8% өсжээ
1.4%
Харин өмнөх сараасаа 1.4% өссөн аж.
₮4.3 сая
Улмаар шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮4.1 саяд хүрсэн бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу ₮4.3 сая байна.
🔍 Shuugee: Гоо зүйн төгс шийдэл
Оффис, гэртээ мөрөөдлийн экстерьер, интерьерээ бодит болгохыг хүсэж байна уу? 👀
Тэгвэл барилгын гадаад, дотоод гоо зүйн таатай орчныг бүрдүүлж, таны хүссэн хийц, өнгө аясыг бодит болгох бэлдэц болон тавилгын Shuugee-г санал болгож байна.
Тэд олон улсын стандартыг хангасан, хүний биед хоргүй Kronospan, Funder-max, Formica, Durasein зэрэг брэндийн E0, E1 зэрэглэлийн MDF, ДСП, HPL хавтан, төмөр, кварц чулуугаар төрөл бүрийн хэлбэр дизайнтай тавилгуудыг эх орондоо үйлдвэрлэж буй.
🧩 Модулар тавилга: Мөн хэрэгцээнд тохируулан хэлбэр, зориулалтыг нь өөрчлөн угсарч болдог, салгахад хялбар модулар тавилгыг үйлдвэрлэдэг.
🌳 Байгалд ээлтэй: Тэдний хэрэглэдэг Кronospan брэндийн хавтан гэхэд л PEFC, FSC сертификаттай, нөхөн сэргээдэг ой модноос түүхий эдээ бэлтгэдэг аж.
Сонирхуулахад, Mercedes-Benz Mongolia брэндийн шоурүүм, Шангри-Ла дахь М банкны харилцагчийн хүлээлгийн хэсгийг тэдний мэргэжлийн хамт олон тохижуулсан юм байна лээ шүү.
Tenor
🍋 Хятадын ЭЗ-ийн өсөлт удааширч, хөрөнгө оруулагчид бонд руу хошуурах болсноор хувьцааны арилжааны идэвх сүүлийн 4 жилийн хугацаан дахь доод түвшинд хүрчээ. Тодруулбал, Даваа гарагт Шанхай болон Шенжений Хөрөнгийн биржээр арилжаалагдсан хувьцааны хэмжээ $69.1 тэрбум болж буурсан нь 2020 оны 5 сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон аж.
🍋 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах ДЦС-ын эхний үе 2025 оны 10-р сард ашиглалтад орно. Нийт $141.1 саяын хөрөнгө оруулалтаар босгох 50 МВт-ын хүчин чадал бүхий тус дулааны цахилгаан станц нь жилд 285.9 КВт цахилгаан эрчим хүч, 373 мянган ГКал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байх юм.
🍋 Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 19 дэх 7 хоногт хуримтлагдсан дүнгээр 225.45%-тай байв. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 7.2% өссөн үзүүлэлт юм. Харин нийт оролцогчийн өгөөж 0.68% буураад буй.
🍋 Ирэх сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд ₮5,000 төлнө. Дээрх төлбөрийг зам засвар арчлалтад зарцуулах аж. Сонирхуулахад, нийслэлд өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.
Үйл ажиллагаа хариуцсан захирал / SCC: Бизнес, менежментийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй, логистик, агуулахын үйл ажиллагааны талаар ахисан мэдлэгтэй, энэ чиглэлээр ажилласан туршлагатай, тоон мэдээлэл боловсруулж, дүн шинжилгээ хийх, хэлэлцээр хийх, мэдээлэл солилцох болон харилцааны ур чадвартай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
Геодезийн инженер / S and A Trade LLC: Геодезийн инженерийн бакалавр зэрэгтэй, CAD, arcGIS зэрэг мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай, англи хэлтэй, ажилсаг, чадварлаг инженерийг олон улсын төсөл дээр ажиллах том боломж хүлээж байна шүү. 👉 (Link)
Агуулахын логистик хариуцсан менежер / SCC: Логистик, ачаа тээвэр, хүргэлтийн компанид тээвэрлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, хэрэглээний программуудыг ахисан түвшинд ашигладаг, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай хүнийг хайж байна шүү. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Сонирх: Австралийн Мельбурн хотод цахилгаан скүүтерийг хориглосон гэнэ. (BBC)
Турш: Google-с өөр хайлт хийж болох сувгууд. (Cnet)
Стартапууд наашаа: Инкубатор компанийн сонгон шалгаруулалт зарласан байна шүү. (Ulaanbaatar)
Үз: Нойргүйдэл гэж юу вэ? (LemonPress)
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by:Ч.Батцэрэн
Reply