😶‍🌫️ Хүсэвч хясна

2026 оны төсөв | $40 тэрбумын луйвар | Инфляцын хүлээлт 10.6%

POWERED BY

Morning! Ойрд ажил үйлс нь бага зэрэг бүтэлгүйтээд, НӨАТ-ын сугалаанд ч хожилгүй байгаад байгаа бол ЭНД дарж хийморь лундаагаа сэргээчихээд ажилдаа ороход гэмгүй биз ээ. 😅  

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Эдийн засгийн зөвлөлөөс гаргасан татвар бууруулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэмтэй холбоотой 21 багц саналын төсвийн нөлөө нь ₮1.8 их наяд байна

NSO: Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 0.6% буурч ₮30.9 их наяд болжээ.

^N225: Японы Nikkei 225 (^N225) индекс өчигдрийн арилжаагаар 1.3% өссөнөөр 43,2745 мянган нэгжид хүрч дээд амжилт тогтоолоо.

BOM: Бизнес эрхлэгчдийн ирэх оны II улирлын инфляцын дундаж хүлээлт 9.8%, медиан хүлээлт 10.6% байна.

🔍 Хаана зөрж, хаана өсөв?

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал асуулга авч байгаа. Өнөөдөр уг санал хураалтын хугацаа дуусах бөгөөд өчигдөр өглөөний байдлаар 167.7 мянган хүн санал өгчээ. Тэгвэл 2026 оны төсвийн цаана юу нуугдаж байна вэ?

🎯 Байгаа онодоггүй төсөөлөл 

Жил болгоны төвийн төсөл өмнө нь төсөөлж байснаасаа хэт өссөн байдаг. Нэмээд төсөвт шингэсэн нүүрс, зэс, алтны үнийн төсөөлөл үргэлж бодит байдлаас хөөрөгдсөн байдаг билээ. Яг энэ жишгээр 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл дэх нийт орлого нь 2024 оны төсвийг батлах үед хийсэн төсөөллөөс 39% буюу ₮9.4 их наядаар, нийт зарлагын дээд хэмжээ нь 30.4% буюу ₮7.8 их наядаар нэмэгдсэн аж. Тэгэхээр нийт орлого нь ₮33.5 их наяд, зардлын дээд дүн нь үүнтэй адил байна гэсэн үг юм. Ирэх жилүүдэд төсөөллөөс яаж өсөх бол доо?

🔺🔻 Ээлж, ээлжээрээ хэд хэдэн тэрбумаар

Цаашлаад, яамдууд өөрсдийн 2026 оны урсгал зардал, хөрөнгө оруулалтаа танилцуулаад буй. 2025 оны төсвийг хэлэлцэж байх үед ганц Эдийн засаг, хөгжлийн яамны төсвөөс бусдынх нь төсөв тэлж 2023 оны тодотголын дүнгээс 50.6% дээшилсэн байв. Харин энэ удаад Ерөнхий сайдын зардал 2025 оны батлагдсан төсвөөс 13.8%, Сангийн яамных ч 20.4% буурсан гэх мэтээр ташраараа бага зэрэг буурсан аж. Харин Эрчим хүчний яамных 32.3% нэмэгдсэн ч ₮460.1 тэрбум л байгаа юм.  

  • 😶‍🌫️ Хүсэвч хясна: Уг нь бол Эрчим хүчний яамны 2026 оны төсөлд ирүүлсэн санал нь ₮2.2 их наяд байсан аж. Биелшгүй дэврүүн хүсэл байв уу, биелүүлэх боломжгүй байв уу. Гайхмаар өндөр зөрүү. Хүссэн дүнгийнхээ ₮1.7 их наядыг шинээр эхлэх төсөлд хөрөнгө оруулахад зарцуулахаар тусгасан байж.

🧐 Саналын үр өгөөж ирэх үү?

Нөгөө талд олон нийтийн ирүүлсэн саналаас харахад 70% орчим нь татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэх санал өгсөн байгаа. Мөн ирэх оны төсвийн бодлогыг боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны салбарт чиглүүлж халамж, соёл, аялал жуулчлал, зам барилгаа март аа гэж захисан байгаа. 

  • 📌 Үүнийг хэрэгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийж, төсвийн саналыг эргэж харах шаардлагатай болно. Нөгөө талаас татварын хувь хэмжээг бууруулахын тулд НДС, халамжийн хувь хэмжээтэй уялдуулж шинэчлэх асуудал үүсэх юм. Юутай ч төсөв яаж батлагдах, татварын хувь хэмжээ яах ийхийг харж л байя даа. 

  • 🤝 СЗХ-нд бүртгэлтэй, ҮХХ зуучлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд. (СЗХ)

  • ⚛️ Казакстан цөмийн цахилгаан станцтай болох нь ээ. (AstanaTimes)

  • ⚖️ Нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх үү? (D-Parliament)

  • 💸 Хэн нь AI-д хамгийн их мөнгө зарцуулсан бэ? (TheGuardian)

💰 $GOV-н арилжаа

GOV: Говь ХК биржийн бус зах зээл дээр Говь бонд 2 өрийн хэрэгслийг гаргаж 3 транчаар арилжаалснаар $16.8 саяыг татан төвлөрүүлсэн. Энэ бондын санхүүжилт нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, хөрөнгө оруулалт болон дахин санхүүжилт хийх зорилготой байсан аж. Улмаар уг бондын үндсэн төлбөр болон транчын хүүг бүрэн төлсөн бөгөөд уг бондыг дахин арилжаалах боломжгүй гэж үзэн бүртгэлээс хасуулахаар болжээ. Тус компани ирэх сарын 8-нд хаалттай компани болох эсэхээ хэлэлцэнэ шүү.  

Perplexity-н санаархал ❤️‍🔥 Chrome

Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Perplexity Chrome-г худалдан авахаар $34.5 тэрбумыг санал болгоод байна. Нэмээд Chrome-г бүтээсэн Google (GOOG) компанид ашигтай байх хэд хэдэн нөхцөл тавиад байна. Худалдан авалтаа цэвэр бэлэн мөнгөөр төлнө гэж байгаа.  

😎 Мөрөөднө чиг, мөнгө төлнө чиг

Өнгөрсөн хугацаанд Chrome-г асууж Yahoo!, OpenAI, DuckDuckGo тэргүүтэй хэд хэдэн компани Google-д бэл бэнчин, таатай нөхцөл гээд барьж болох бүхнээ л хадаг яндартай хамт өгөөд бүтэлгүйтэж явсан түүхтэй. Энэ удаагийн горилогч Perplexity-н хувьд Chrome-той нэг салбарын буюу AI хайлтын системээрээ чамгүй амжилттай яваа стартап. 2 сарын өмнө $14 тэрбумын үнэлгээтэй байсан бол сарын дотор нь үнэлгээ нь $4 тэрбумаар нэмэгдээд буй. 

  • 🐥🍼 Бэлчээр том: Google-д компанийн үнэлгээнээсээ хэтийдсэн том дүн санал болгосон нь олны анхаарлыг татаж байгаа ч арыг нь хөрөнгө оруулагчид нь дааж байгаа гэнэ лээ. 

Chrome бол AI хөгжүүлэгчдийн хувьд жинхэнэ алтны уурхай л гэсэн үг. Энэ ч утгаараа хэзээ ч бүтэхгүй мэт харагдах ч тэдэнд итгэл төрүүлж буй зүйл нь Google хайлтын системийн монополын хэрэгт ялагдсан явдал. Өөрөөр бол ямар нэгэн байдлаар Chrome-с өрх тусгаарлах шаардлагатай тулгарч буй. 

🛣️ Гарц

Хэдий тэд Chrome-н монополын хэрэгт ялагдал хүлээсэн ч одоохондоо албан шаардлагаар зарах дээрээ тулаагүй. Зарахын оронд $GOOG буцаагаад давж заалдах, хайлтын систем дээрээ Perplexity, Yandex зэрэг бусад хайлтын системүүдээс сонголт хийх функц нэмэх, аль эсвэл өрсөлдөгчидтэйгөө Chrome-н мэдээллийн санг хуваалцах гэхчлэн боломж бол байгаа. 

Эцэст нь…. Chrome Америкийн хайлтын системийн 90%-ийг дангаар бүрдүүлдэг төдийгүй хайлтын системээсээ асар их зар сурталчилгааны орлого олдог. $GOOG Perplexity-н саналаас татгалзах магадлал 99%. Тэд Meta хэрхэн (META) Instagram, WhatsApp-г авч үлдэхээр тэмцэж байгаа шиг Chrome-н төлөө эцсээ хүртэл тэмцэлдэх нь тодорхой. Гол нь Америкийн Хууль зүйн яам технологийн томчуудын эзэнт гүрнийг задалж чадах уу, үгүй юу гэдэг л хамгийн сонирхолтой.

12 банк
Өдгөө Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 ББСБ харилцаа холбоо, төрийн болон хувийн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл нийлүүлдэг.
1.6 сая иргэн 
Тэгвэл энэ оны байдлаар тус санд 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байгаа аж.
5 сарын 19
Тэгвэл өнгөрсөн 5 сарын 19-нд батлагдан хэрэгжиж эхэлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

Financial Times 

🍋 Terraform Labs-н үүсгэн байгуулагч До Квон $40 тэрбумын крипто луйварын хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөв. Компани 2021 онд $1-ын тогтвортой койн гаргаснаас хойш хэдхэн сарын дотор койны үнэ $1-оос унаснаар хөрөнгө оруулагчдад койны үнийг сэргээсэн гэх худал мэдээлэл тарааж ийн нүсэр дүнтэй хохирол учруулжээ. Тэгвэл До Квон хэргээ хүлээснээр 25 жилийн ялаас мултарч 12 жилийн хорих ял эдлэхээр хүссэн байна.  

🍋 Нийтийн тээврийн орлого энэ оны эхний 7 сард өнгөрсөн оны мөн үеэс 68.4% өсөж ₮30.3 тэрбум болжээ. Энэ хугацаанд нийт зорчигчдын тоо 11.3% өсөж 91.2 сая болсон байна. Нийслэлийн зүгээс үүнийг нийтийн тээврийн хүртээмж нэмэгдсэн, төлбөрийн системийг төрөлжүүлсэн гэхчлэн шинэчлэлүүдтэй холбон тайлбарлаж буй. Гэснээс Улаанбаатарын 100 байршилд автобусны карт борлуулах, цэнэглэх киоск төхөөрөмж байршуулсан гэнэ. 

🍋 Өмнөд Солонгос Ерөнхийлөгч И Жэ Мёны бодлогын гол зорилтуудыг хэрэгжүүлэхэд зориулж $152 тэрбумыг төсөвлөлөө. Төсвийг AI, биотехнологи, эрүүл мэндийн үйлчилгээ, батлан хамгаалах зэрэг тэргүүлэх салбаруудад чиглэсэн 123 төсөлд хөрөнгө хуваарилах замаар 2026-2030 он хүртэл зарцуулах юм. Тэгвэл хэрэгжилтийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын дэргэд хороо байгуулан хянах аж. 

🍋 Боловсролын яам ₮969.7 саяар хурлын өрөөнийхөө тоног, төхөөрөмжийг шинэчлэв. Тодруулбал, өнгөрсөн 5-р сарын сүүлээр тус дүнгээр тендер зарласан бөгөөд гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарчээ. Улмаар компани Боловсролын яаманд цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа аж. Уг нь хаа хаанаа л төсвийн хэмнэлт хийж буй цаг үе сэн. 

🍋 Америкийн нийт өр $37 их наядыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Улсын өрийг задлан харвал, нийт дүнгийн 81% буюу $29.9 их наядыг гадаад өр, үлдсэн 19%-ийг дотоод өр эзэлж буй. Өрийн хэмжээ сүүлийн 25 жилд 2 дахин нугарсан бөгөөд ялангуяа Ковид-19-ийн үеэс пуужиндаж эхэлжээ. Нэмээд Дональд Трампын бодлогуудын улмаас ирэх 10 жилд дахин $4.1 их наядаар нэмэгдэх төлөвтэй байгаа аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.