- Lemon Press
- Posts
- 🥵🏖 Монголчууд хаашаа аялав?
🥵🏖 Монголчууд хаашаа аялав?
Америкт ээлтэй шинэ ерөнхийлөгч | Банкны салбарын акулуудын тайлан | Хятад компаниудын ногдол ашиг
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Цаагуур чинь гаднын хэд хэдэн “Influencer” ирсэн сурагтай. Тэд өвлийн наадмуудад оролцож “Өвлийн аялал жуулчлал”-ыг сурталчлах юм гэнэ. Үр дүнг нь харж л байя даа, тийм ээ? 🏂


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өнгөрсөн онд МХБ-ээр ₮7.4 их наядын үнийн дүн бүхий 15.1 сая тн нүүрс арилжигджээ.
MIK: Монголын Ипотекийн Корпораци ОУ-ын зах зээлд $225 саяын бондыг амжилттай арилжааллаа.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮15.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🧳 Аялах уу?

Заа энэ жил хаашаа аялахаар төлөвлөж байна даа? Өнгөрсөн онд л гэхэд 198.7 мянган хүн аялалд морджээ. 2022 оны тооноос бол даруй 2.4 дахин илүү гэсэн үг.
Бүгд далай руу
Байж байгаад л Instagram орохоор Батаа, Дулмаа бүгд л гадаад явж, галуу шувууны мах идээд, далай үзэж, бикинитэй зургаа оруулаад байгаа биз. Аргагүй дээ. Өнгөрсөн оны эхний 11 сард л гэхэд 17.8 мянган хүн Тайландыг зорьсон байна. Жилийн өмнөхөөсөө 141.1% өссөн хэрэг. Тэгэхээр далайд гарцгүй Монголчуудын хамгийн их очдог газар нь Тайланд, Вьетнам болжээ. Яваагүй л бол хоцорчих гээд байгаа ч юм шиг. 😜
Хэдэн хувь? 17.8 мянган хүн Тайланд явсан гэсэн дээ. Эндээс харахад өнгөрсөн онд ийш тийшээ аялсан хүмүүсийн 9% нь, нийт Монголчуудын 0.5% нь тус улсыг зорьсон байгаа юм. Харьцуулахад, 3.1 сая Хятад жуулчин буюу нийт хүн амынх нь 0.2% нь Тайланд руу аялжээ. Тэгэхээр манайхан дунд яалт ч үгүй Тайланд явах трэнд дэлгэрсэн байгаа биз.
Яаж яваад байна?
Аяллаар явж байгаа хүмүүс онлайнаар өөрөө захиалгаа хийн чөлөөт аялал хийх хандлагатай болж. Сүүлийн хэдэн жил аяллын компаниуд аялагчдад илүү олон боломж олгож байгаа нь үүнд нөлөөлж буй.
Жишээ нь л гэхэд: iTrip нь апп болон вэбсайтаараа дамжуулж монгол хэл дээр гадаадад ашиглах аяллын бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, нэмээд аяллын зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжийг олгож байгаа.
Хямд: Түүнчлэн нислэг, зочид буудал зэргээг аяллын багцаа хамгийн хямд үнээр захиалах боломжийг ч олгож байгаа аж. Өөрөөр бол гадаадын Booking.com, Expedia-н Монгол хувилбарууд хангалттай хэмжээнд хөгжжээ.
Хэдийг хураавал далай үзэх үү?
iTrip-н санал болгож буй Вьетнамын Фукуок арал руу аялахаар шийдлээ гэж бодъё. Одоогоор санал болгож буй 8 өдрийн аялал нь ₮4.3 сая. Эндээс тооцоолол хийвэл дундаж цалин болох ₮2 саяас сар бүр 40%-ийг нь аялалдаа зориулж хуримтлуулбал 5 сарын дараа зорилгоо биелүүлэх нь.
Эцэст нь, шинэ он шинэ хүмүүс, шинэ аялал. Мөнгөө хуримтлуулаад хямд газраар зуучлуулаад аялах боломж зөндөө л байгаа юм байна. Тэгээд сайн төлөвлөж, судлах л чухал юм даа. 🧳✈

💸 Сонин хачин ихтэй компани
BLK: BlackRock-н удирдаж буй хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөс 16% өсөж $10 их наядад хүрлээ. Улмаар 2023 оны байдлаарх нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 7% өсөж $37.8 болов. Харин тэдний Биткойны ETF (IBIT) Пүрэв гаргаас хойш 10.6% унаж $25 дээр хаагдсан юм. Хэдий ETF уналттай байгаа ч Global Infrastructure Partners-г $12.5 тэрбумаар худалдаж авах мэдээ болон тайлан гарснаас хойш BlackRock-н хувьцааны үнэ 1.6% өсөж $799.6 дээр хаагдсан байна.

🤵♂️ Тайванийн шинэ салан тусгаарлагч Ерөнхийлөгч

2024 оны болох 64 сонгуулийн салхийг хагалж Тайванийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль зэрэг боллоо. Тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр Америкт элэгтэй нэгэн сонгогдсон ч парламентын сонгуульд Хятадын талыг баримтлагч нам олонх болов.
Хятадад адлагдаж, Америкт хаягдах гэж үү?
Тайванийн Ерөнхийлөгчөөр эмчээс улс төрд хөл тавьсан Ардчилсан Дэвшилтэт Нам (АДН)-ын нэр дэвшигч Лай Чин-тэ иргэдээс 5.6 сая саналтайгаар сонгогдов. Ингэснээр АДН 3 дахь удаагаа дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байна.
113 гишүүн: Лай Чин-тэ Ерөнхийлөгч болсон ч түүний нам парламентад олонх болж чадсангүй. Тодруулбал, парламентад өрсөлдөгч Гоминданийн нам 52 суудалтай болж олонх болсон бол АДН 51, Тайванийн Ардын Нам 8, бие даагч нар 2 суудалтай болоод буй.
1 л суудал дутуу! Ингэснээр Лай Чин-тэ өрсөлдөгч намтайгаа ирэх 4 жил эв зүйгээ ололцож ажиллах хэрэгтэй болж байна. Тайвань бол парламентын засаглалтай улс. Өрсөлдөгч нам нь олонх болсноор төсөв эхлээд бусад хууль батлах, томоохон шийдвэрүүд гаргахад ихээхэн нөлөөтэй болж ирнэ. Мэдээж Ерөнхийлөгч аливаа хуульд хориг тавих боломжтой тул талууд 2 тийшээ хараад суучихвал хэцүүхэн юм болно л гэсэн үг. Манайд ч ийм асуудал гарч байсан даа.
Сонгуулийн гадуур юу болов?
Хэдхэн сарын өмнө Жо Байден Ши Жиньпинтэй уулзахдаа 2 орны харилцааг дулааруулах нөхцөлүүдэд Тайванийг тайван орхих талаар ярьж явсан. Гэтэл сонгуулийн дараа тэрбээр Тайванийн тусгаар тогтнолыг Америк дэмжихгүй хэмээв. Үүнээс Америкт Тайванийн тусгаар тогтнол түй ч хамаагүй буюу нөхцөл байдлыг Хятад тус арлыг бүрэн эзэмшилдээ авчихгүй хэмжээнд барих нь илүү чухал мэт…
Хятад юу гэв? АДН бол Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч гол улс төрийн хүчин тул сонгуулийн үр дүнг Хятад таатай хүлээж авсангүй. Улмаар сонгуулийн үр дүн ямар ч байсан хамаагүй Тайвань бол Хятадын Тайвань л гэв.
Юутай ч Тайваньчууд сонголтоо хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Америкийн талыг баримтлагч гарснаас илүүтэйгээр Америкийн хариу үйлдэл олны анхаарлыг ихээхэн татав. Тэд Хятадтай аль хэдийн хүйтрээд байгаа харилцаагаа илүү дордуулахыг хүсээгүй юу яасан, өмнө нь ярьж хэлдгээсээ тэс өөр байр суурийг илэрхийлсэн. Гэсэн ч гол асуулт болох “Америк Тайванийг хаяж чадах уу?” гэвэл үгүй л болов уу.

2023 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо хэмжээ улс даяар 0.7% өсөж 35,574-т, нийт учирсан хохирлын хэмжээ ₮449.2 тэрбумд хүрсэн байна. Үүний дотор, хүнд гэмт хэргийн учруулсан хохирлын хэмжээ 65.8% өсөж ₮175.6 тэрбумд хүрсэн нь нийт хохирлын 39.1%-ийг бүрдүүлжээ. Цааш учирсан хохирлыг өмчийн хэлбэрээр задалж харвал,
Төрийн өмч: 29.9% өсөж ₮10.1 тэрбум
Орон нутгийн өмч: 71.3% буурч ₮2.8 тэрбум
Монгол иргэний өмч: 33.4% өсөж ₮419.3 тэрбум
Гадаад улс болон иргэнтэй хамтарсан өмч: 10.5% өсөж ₮17 тэрбум
Гадаад улсын болон иргэний өмчийг хохироосон явдал өнгөрсөн онд гараагүй байна. Гэхдээ 15 хүртэлх насны хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь 2022 онтой харьцуулахад 16.3% өсөв. Харамсалтай…


Reuters
🔹 JPMorgan Chase & Co (JPM)-н 2023 оны цэвэр ашиг $49.6 тэрбумд хүрлээ. Сонирхуулахад, тус компани зөвхөн IV улиралд $9.3 тэрбумын ашигтай ажилласан нь өмнөх жилийнхээс 15% буурсан юм. Тус мэдээний араас тэдний хувьцааны үнэ 2.5% буурч $169 дээр хаагдав.
🔹 Хятад компаниуд 2023 онд ¥2.2 их наядын ногдол ашиг тараасан нь дээд амжилт болжээ. Тодруулбал, нийт бүртгэлтэй компаниудын 65.9% буюу 3,361 компани ногдол ашиг тараасан аж. Мөн 2023 оны 11-р сараас бүртгэлтэй компаниуд хувьцаагаа халаасалснаар зах зээлд эерэг дохио өгсөн байна.
🔹 Азийн хөгжлийн банкнаас (АХБ) $140.2 саяын зээл болон $28 саяын буцалтгүй тусламж авна. Тус санхүүжилтийг Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 1-р үе шатыг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Улмаар тус хөтөлбөрөөр ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэх нь.
🔹 Узбекистаны нийслэл Ташкент хотод Монголын Элчин сайдын яам ажиллахаар болов. Энэхүү Элчин сайдын яамны жилийн төсөв нь $355.8 мянга бөгөөд Монголын 48 дахь дипломат төлөөлөгчийн газар болох нь. Сонирхуулахад, Монголын 47 дипломат төлөөлөгчийн газарт жилдээ $42.4 саяын төсөв ноогддог аж.

Суралц: Harvard-н багшаас хэрхэн мэтгэлцэх талаар суралц. (BigThink)
Унш: Oppenheimer-н амжилт Oscar-т хүргэх үү? (BBC)
Сонс: CFA шалгалтыг давсан мэргэжилтнүүд зөвлөж байна. (ICER)
Оролц: “I Have a Dream…” story telling арга хэмжээ. (AmericanCornerUlaanbaatar)

Даваа: 2023 оны аялал жуулчлалын статистик танилцуулагдана.
Мягмар: Хятадын 2023 оны ДНБ-ий мэдээлэл цацагдана.
Лхагва: Их Британийн инфляц зарлагдана.
Пүрэв: Улаанбаатар Үнэт цаасны бирж сургалт, нетворкинг арга хэмжээ зохион байгуулна.
Баасан: Давост Дэлхийн Эдийн Засгийн Форумын сүүлийн өдөр зохион байгуулагдана.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply