• Lemon Press
  • Posts
  • 📃 Урам хугалсан тайлан 

📃 Урам хугалсан тайлан 

Өмнөд Солонгосын гадаад өр | Халзан бүргэтэйн БОНЗ-ын тайлан | Хаан Даатгал ХХК-ийн шинэ бүтээгдэхүүн

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Саяхан л 2024 он гарлаа гээд явж байсан сан. Гэтэл одоо 4-р сар талдаа орчихсон ч байх шиг. Цаг хугацаа чинь харвасан сум шиг биш бүр сумнаасаа ч хурдан болчихсон юм биш үү? 😜 

*Нэг өдрийн өөрчлөлт

ADB: Азийн Хөгжлийн Банк энэ оны Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.8 нэгж хувиар бууруулж 4.1% болголоо

CHN: Өнгөрсөн 3-р сард Хятадын экспорт 7.5%, импорт 1.9% тус тус буурсан байна. 

MNG: Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасаж эцэслэн батлав.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮38.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮21.8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ

📃 Худалдааны зээлийн даатгал

Хаан Даатгал ХХК нь Германы Кредит менежментийн компани болох Delcreda LLC-н экспертүүдтэй хамтран Монголын бизнесийн салбарт гадаад болон дотоод худалдааны санхүүжилтийг дэмжих эрсдэлийн шийдлийг нэвтрүүлээд байна. Энэ бол худалдааны зээлийн даатгал юм. Худалдааны зээлийн даатгал нь хэрхэн ажилдаг вэ?

  • Худалдааны зээлийн даатгал нь компанийн зээлийн менежментийг сайжруулах зорилготой бөгөөд зээлээр борлуулсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн авлагыг даатгах үйлчилгээ юм. СЗХ 2022 онд Хаан Даатгалын худалдааны зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэсэн аж. 

Шинэхэн бүтээгдэхүүн

Автомашины даатгал, амь насны даатгал гэхээр л ойр буугаад худалдааны зээлийн даатгал гэхээр нэг л наалдаж өгөхгүй байна уу? Энэ төрлийн даатгал нь тухайн даатгуулагч компанийг худалдан авагч талын төлбөрийн чадваргүй болох эсвэл төлбөрийг хоцроох зэрэгтэй холбоотой үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалдгаараа онцлог. Тиймээс ЖДҮ эрхлэгчид уг даатгалын тусламжтайгаар өөрсдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой. 

  • Яг хэрэгцээтэй юу? Энэхүү даатгал нь бизнесийн салбарт тулгамдаж буй төлбөрийн чадвар болон санхүүжилтийн асуудлыг шийдэх юм. Ингэснээр үндсэн борлуулалтын өсөлтөө нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн худалдааны зээлийн даатгал нь ханган нийлүүлэгчдэд төлбөрөө төлнө гэсэн баталгааг өгөх замаар бизнесийн өсөлтийг дэмжинэ.

  • Нөхцөл: Уг даатгал нь худалдах, худалдан авах гэрээнд суурилдаг бөгөөд 1 жилээс доош хугацаатай байдаг. Жилийн хураамж нь тухайн даатгуулагчийн үйл ажиллагаа явуулж буй салбар, компанийн хэмжээ, засаглал гэх мэт хүчин зүйлүүдээс хамаарч 1%-5% байх аж. 

Бодит жишээ

Хаан Даатгал ХХК нь энэ онд түүхийн эд экспортлогч Хушхан брэнд болон Капитрон банктай хамтран эхний ээлжийн худалдааны зээлийн санхүүжилтийг хэрэгжүүлсэн аж. Тодруулбал, Хушхан брэнд нь улирлын чанартай бизнес тул тодорхой хугацаанд өндөр дүнтэй эргэлтийн хөрөнгөтэй байх нь чухал. Иймд Хаан Даатгал ХХК-ийн худалдааны зээлийн даатгалын тусламжтайгаар Капитрон Банкнаас хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдсэн байна. 

Эцэст нь… Хаан Даатгал ХХК-ийн хийсэн зах зээлийн судалгаанаас харахад худалдааны зээлийн даатгал болон гүйцэтгэлийн баталгааны нийт зах зээлийн боломж 2026 он гэхэд ₮100 тэрбумд хүрэх бөгөөд даатгалын салбарын голлох бүтээгдэхүүний нэг болохоор байна. Тэгэхээр энэ төрлийн даатгалыг судлаад явж байхад гэмгүй биз ээ. 

📃 Урам хугалсан тайлан 

JPM: JPMorgan энэ оны эхний улирлын ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс 6% өсөж $13.4 тэрбумд хүрчээ. Гэсэн ч тус банк 2024 оны удирдамжийн дагуу $90 тэрбумын цэвэр хүүгийн орлого олох төлөвтэй байгаа нь өмнөх таамаглалаасаа өөрчлөгдөөгүй аж. Харин хөрөнгө оруулагчид тэднийг төлөвлөгөөгөө $2-$3 тэрбумаар нэмэгдүүлнэ гэж найдаж байв. Улмаар хөрөнгө оруулагчдын урам хугарч компанийн хувьцааны үнэ 6.5% уналаа.

⛏️ ГХЭ ба БОНЗ

Газрын ховор элемент (ГХЭ)-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК анхныхаа БОНЗ-ын тайлангаа гаргалаа. Ямар учиртай төсөл вэ? Тайлангийн онцлох зүйл юу байв? 

  • Халзан бүрэгтэй төсөл: Энэ нь МНРИК ХХК-ийн 2012 оноос Ховд аймгийн Мянгад сумын нутагт хэрэгжүүлж байгаа 100% Монголын хөрөнгө оруулалттай, хайгуулын түвшинд явж буй ГХЭ-ийн төсөл билээ. ГХЭ нь гар утасны дэлгэцээс эхлээд EV, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр зэрэгт ашиглагдах 17 элементийн бүлэг юм. 

Төслийн учир начир

Халзан бүрэгтэй төслийн хувьд металлын үйлдвэрлэл, EV, салхин турбин зэрэгт ордог эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий 4 элементийн нөөцтэй. Цаашид уурхайд түшиглэн гидрометаллургийн үйлдвэр барьж ГХЭ-ийн нийлмэл исэл үйлдвэрлэн экспортлохоор төлөвлөж байгаа аж.

БОНЗ-ын хүрээнд юу хийв? 

МНРИК ХХК нь эрчим хүчний болон усны менежмент, хүлэмжийн хийн ялгаруулалт, хөрсний бохирдол, аюулгүй байдал, ил тод байдал зэрэг БОНЗ-ын үндсэн чиглэлийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж буй. Иймдээ ч ОУ-ын жишгийг даган Монголын уул уурхайн компаниудын тэр бүр гаргаад байдаггүй тайланг хайгуулын үедээ гаргасан биз ээ. 

  • Тайлангаас ухвал, тэд Гүний болон гадаргын усны шинжилгээ хийлгэж бүх үзүүлэлтүүд нь стандартын түвшинд гарсан байна. Улмаар өнгөрсөн онд хайгуулын ажлын хүрээнд нийт 24,496 м3 ус ашигласан байна. 

  • Хайна, сэргээнэ: Түүнчлэн хайгуулын үеэр байрлуулсан кемпийн 1,25 га газарт стандартын дагуу техникийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд кемп орчимд агаар дахь тоосжилтыг бага байлгахаар хурдны хязгаарыг 5 км/ц байлгасан аж. Мөн хог хаягдлын менежмент, аюулгүй байдлыг ч хангаж ажиллажээ. 

Нөлөөлөл

Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид тухайн орон нутгийнхаа ажил эрхлэлт, эдийн засаг, ЖДҮ-ийг дэмжин ажилладаг. Энэ ч утгаараа Халзан бүрэгтэй төслийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн ажил нь богино хугацаанд өрнөсөн ч Ховд аймгийн бизнес эрхлэгч, ЖДҮ-ээс ₮391 саяын худалдан авалт хийсэн байна. Хайгуулын шатнаас олборлолт руу шилжих үед энэ тоо нэлээд нэмэгдэх нь дээ. 

  • Өөрчлөлт гарах уу? Ховдын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд тийм ч сайн биш. Тодруулбал, тус аймгийн дундаж цалин ₮1.8 сая буюу улсын дунджаас 26.6% бага, өрсөлдөх чадвараараа 21-ээс 15-д жагсдаг

  • Нөлөөлөл: Уг төсөл нь Ховдод хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг гэдэг утгаараа Баруун бүсийн кластер хөгжлийг дэмжиж, төсөл амжилттай хэрэгжих үед Ховдын ажил эрхлэлт нэмэгдэж, нөхцөл байдал сайжрах боломжтой байна. 

Цаашид юу болох вэ? 

Компани өдгөө өнгөрсөн онд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүндээ үндэслэн төслийн Урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээг бэлтгэж, технологи сонголтын туршилтуудыг хийж байна. Үргэлжлэн уг төслийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэх аж. ГХЭ-ийн олборлолт эхэлчихвэл эрдэс баялгийн экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдал буурахаар байна даа. 

Өнгөрсөн 7 хоногт үхрийн цул мах 1 кг дунджаар ₮19,881 байлаа. Тэгвэл сүүлийн 5 жилийн жил бүрийн өдийд Баянзүрх зах дээр 1 кг үхрийн цул мах хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байсныг харцгаая. 

  • 2020 он: ₮13,000

  • 2021 он: ₮14,800

  • 2022 он: ₮15,500

  • 2023 он: ₮18,000

  • 2024 он: ₮18,500

Өөрчлөлт: Баянзүрх зах дээр зарагдаж буй үхрийн цул мах өнгөрсөн 5 жилд 30% өссөн байна шүү.

 🏰Азийн шилдэг архитектурын бүтээл

Тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц хаагуур байна? 👀

Хотын хамгийн том ногоон байгууламж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно байрлах “360/365 Мандала Тауэр хос цамхаг”-ийг сонирхуулъя.

  • Байршил чухал: Урд зүгт Богд Хан уул, хойд зүгт төв талбай харагдах ба цонхоороо хотыг бүхэлд нь тольдох боломжтой.

  • Архитектурын шийдэл: Азийн шилдэг архитектурын нэг уг хос цамхгыг Испани, Монгол архитекторууд ур ухаан, инженерчлэлээрээ бүтээжээ.

  • Чанар, тохь тух: Ногоон барилгын стандартыг бүрэн хангасан ба аюулгүй байдал болон агааржуулалтын систем, чанартай материалаар тоноглогдоод буй.

  • Нэмэлт үйлчилгээ: 24 цагийн хамгаалалт, зогсоол, фитнес төв, усан сан, оршин суугчдад зориулсан community space гээд тав тухыг цогцоор нь бүрдүүлсэн юм

За тэгээд, амьдралын чанар, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг тань нэмэгдүүлэх мөрөөдлийн гэрээ хайж байгаа бол тэдэнтэй холбогдоорой.

Global Finance

🔹Өмнөд Солонгосын гадаад өр өнгөрсөн жилээс 56% өсөж $826 тэрбумд хүрснээр түүхэн дээд түвшинд хүрэв. Улмаар тус улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь түүхэн дээд буюу 50.4%-д хүрсэн байна. Өмнөд Солонгосын гадаад өр сүүлийн 3 жилд гэрлийн хурдаар өссөн бөгөөд 2020 онд ДНБ-ий 40%-тэй дүйцдэг байжээ. 

🔹Монгол Базальт ХК (MBW)-н I улирлын засаглалын кодекс хэрэгжилтийн үнэлгээ 98.6%-тай гарлаа. Тодруулбал, компанийн эрсдэлийн удирдлагаас бусад үзүүлэлт нь 100%-тай үнэлэгдсэн аж. Харин эрсдэлийн удирдлагыг хэсэгчлэн хэрэгжүүлсэн гэх шалтгаанаар 87.5%-тай үнэлэгдэв. Сонирхуулахад, тэдний засаглалын кодекс хэрэгжилт өнгөрсөн жилийн өдийд 94.4%-тай үнэлэгдэж байжээ. 

🔹Хятад энэ оны эхний улиралд 97 сая тн нүүрс импортолжээ. Тус улсын зүгээс 2024 онд нүүрсний импортыг өсгөхгүй хэмээж байсан ч 2024 он гараад дөнгөж эхний улиралд л өмнөх оноосоо 17% өсөв. Гэснээс нүүрсний импортын дийлэнхийг Монголоос импортолсон гэнэ. 

🔹Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 3,896 ААН-д ₮68.6 тэрбумыг буцаан олгоно. Харин 2022 онд 3,475 ААН-д ₮55.2 тэрбумыг буцаан олгосон байна. Түүнчлэн сүүлийн 4 жилд давхардсан тоогоор 10,968 ААН-д нийт ₮173.5 тэрбумыг буцаан олгожээ.

  • Тэтгэлэг: Шварцманы нэрэмжит тэтгэлэг өргөдөл хүлээн авч эхэллээ. (Tetgeleg)

  • Турш: Ирээдүйн өөртөө захиа бичээрэй. (FutureMe)

  • Танилц: 2075 он гэхэд хамгийн их хүн амтай болох 6 улс. (VisualGraphics)

  • Мэд: Хиймэл оюун ухаан хэр их цахилгаан хэрэглэдэг гээч? (TheVerge)

  • Даваа: Өнөөдөр эмийн сонсгол эхэлнэ. 

  • Мягмар: Аж үйлдвэрийн салбарынхан I улиралд хэр ажилласантай танилцах нь дээ

  • Лхагва: Өнгөрсөн 3-р сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт танилцуулагдах гэж байна

  • Пүрэв: Ээе, Netflix (NFLX)-н шинэ оны шинэ тайлан гарах юм байна шүү дээ

  • Баасан: Барилга, дэд бүтцийн салбарын чиг хандлагыг хэлэлцдэг “Төгс Бүтээгч 2024” арга хэмжээ болно.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.