🎫 Тасалбар тэнгэрт

Мобиком группийн тогтвортой хөгжлийн гүнд | $1 тэрбумын бонд гаргана | Капитрон банкны цэвэр ашиг

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Төсвийн орлого ₮3.3 их наядаар тасарсан л гэнэ, эдийн засгийн өсөлт буурахаар байгаа л гэнэ. Тэгсэн хэр нь төсвийн тодотголын таналтаа одоог хүртэл хэлэлцсээр, явуулах ёстой төсөл арга хэмжээгээ хойшлуулсаар л байна даа. 😞 Өнөөдөр эхэлж байгаа эдийн засгийн форум дээр энэ тухай шийдэл яривал шуурхай хүргэе ээ.  

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай тогтоолыг УИХ-д өргөн барилаа

CUS: Энэ оны эхний 6 сарын нийт экспорт жилийн өмнөхөөсөө 16.5% буурч $6.6 тэрбум болсноор гадаад худалдааны ашиг 58% багасаж $1.1 тэрбум болов.

BANK: Капитрон банкны аудитлаагүй тайлангаас харахад энэ оны эхний хагас жилд ₮2 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮49.1 тэрбумын болон $2.9 саяын арилжаа явагдлаа. Үүнээс долларын арилжааны 65.3% нь анхдагч зах зээл дээр арилжигдав. 

BOM: Монголбанк өөрсдийн гаргасан тэтгэврийн зээлд хамаарах хязгаарыг цуцаллаа. 

🎙️ Өмчийн эрх ба татварын зааг: Эцсийн өмчлөгчид ногдуулах татварын нөлөө

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулгын “Эцсийн өмчлөгчийн татвар гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлдөг” талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!

Сүүлийн жилүүдэд олон улсад хөгжиж буй орны баялгийн нөөцтэй холбоотой орлогыг дотооддоо авч үлдэх зорилго бүхий татвар ногдуулах механизмыг ашиглах чиг хандлага эрчимтэй өргөжиж байна. Монгол Улсад ч энэ төрлийн татварын механизм байдаг хэдий ч Үндсэн хуулийн өмчлөх эрхийн үзэл санаа, компанийн эрх зүйн онол зарчимтай зарим талаар зөрчилдөж буй.

 🌍 Мобиком группийн тогтвортой хөгжлийн гүнд

Мобиком групп 2 жилд 1 удаа тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд танилцуулдаг билээ. Тэдний өнгөрсөн 2 жилийн хугацаанд гаргасан үр дүнг товч хуваалцъя. Бүр 805 тн CO₂ хэмнэсэн байна шүү.

🌱 Мобиком & Тогтвортой хөгжил: Нягт холбоо

Мобиком группийн 30 жилийн ой ирэх жил тохионо. Тэдний хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагыг чухалчилж ирсэн байдаг. Энэ ч утгаараа 2006 онд өөрийн санхүүжилтээр үдийн цай жишиг хөтөлбөрийг, 2007 онд боловсролыг дэмжих хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн. Ингэж явсаар 2015 онд НҮБ Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг тодорхойлж, Мобиком ч түүнийг нь мөрдөж ажилладаг болсон билээ

  • 💯 Боловсрол №1: Мобикомыг боловсролын хүртээмжтэй байдлыг дэмжиж ирснийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Тус групп 2021 оноос орон нутгийн сургуулиудад технологийн дэмжлэгтэй орчин бүрдүүлж боловсролын хүртээмжийг нэмэх зорилгоор “Smart Education” төслийг эхлүүлсэн бол өдгөө уг төсөл 4 дэх удаагаа хэрэгжиж, дижитал анги тохижуулах чиглэлээр өргөжөөд байна. 

  • 🧐 Нөлөө нь юу байв? Улмаар Smart Education 3 болон 4 төслийн үр дүнд 27 мянга гаруй сурагч дижитал танхим ашиглаж эхэлснээр ирц, дүн сайжирч олимпиадын оролцоо нь ч 4% ахиж, амжилт нь 3% сайжирсан байдаг. Үүнээс гадна уг төслийн менторшип хөтөлбөрийн хүрээнд сурагчдын карьер төлөвлөлт нэмэгдэж, мэргэжил сонголтын хувийг 28 нэгж хувиар нэмжээ. 

♻️ Илүү ногоон, илүү хэмнэлттэй

Мобиком групп 6 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уламжлалт холбооны үйлчилгээ үзүүлэгч бус технологид суурилсан цогц шийдэл нийлүүлэгч болох стратегийн шилжилт хийж буй. Энэ утгаараа Мобиком болон бусад охин компаниуд ногоон шилжилтэд онцгой анхаарч байгаа. 

  • 💡 Бодит хэмнэлт: Тус групп 2022 онд сэргээгдэх эрчим хүчний станцын бүтээн байгуулалтын төсөл рүү ханцуй шамлан орсон. Үүнээс гадна 2016 оноос Эрчим хүчний үүрэг хүлээсний дагуу тайлант хугацаанд 5.5 ГВт буюу ойролцоогоор 229 мянган өрхийн 1 жилийн хэрэглээтэй тэнцэх эрчим хүчний хэмнэлт хийсэн аж. Үүнийг ₮-өөр хэмжвэл ₮1.1 тэрбум болох юм. Ингэснээр 805 тн CO₂ хэмнэгдсэн хэрэг. 

  • 📝 Төлөвлөж, биелүүлэв: Тэд энэ хэмнэлтийг хийхийн тулд 21 ажлыг төлөвлөж 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан гэж байгаа. Үүнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дата төвүүдийн хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нарны системийг нэвтрүүлсэн гэх зэрэг олон ажил багтжээ. Үүнээс гадна тус групп литийн батарей болон цахим хог хаягдлыг дахин боловсруулдаг болсон байна. 

Эцэст нь… Тус тайлангаас чухал гэсэн өнцгийг л тоймлолоо. Ажилтнуудаа яаж халамжилдаг, тэгш байдлыг хэрхэн хангадаг, өөр ямар сонирхолтой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гээд дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж уншаарай. Үзээтэй тайлан байна даа. 😅

💰 $1 тэрбумын бонд гаргана 

7201.T: Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor үйл ажиллаагаа сэргээж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулахаар хувьцаанд хөрвөх чадвартай 6 жилийн хугацаатай ¥150 тэрбум буюу $1 тэрбумын үнийн дүнтэй бонд гаргахаар болжээ. Тус мэдээ гарсны дараа компанийн нэгж хувьцааны үнэ 4.9% унаж ¥336.9-т хүрсэн аж. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ оны эхнээс 29.8%, өнгөрсөн оны мөн үеэс 40.1% тус тус унаад байна.

🏇🏻 Наадмын зардал хэр нэмэгдэв?

Сур харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан гээд наадмын гоё сайхан нь их. Гэвч жил бүр наадмын зардал өсөж байгаа нь бэрх байна даа.

📈 Улам бүр үнэтэй

Хамгийн энгийн жишээ авахад 2020 онд нэг ширхэг хуушуурын материалын өртөг ₮800 орчим байсан бол энэ оны 6-р сарын байдлаар 1.8 дахин нэмэгдэж ₮1,500 болоод байна. Хуушуурын орц дундаас сонгинын үнэ хамгийн ихээр буюу 2.6 дахин ихсэж кг нь ₮4,402 хүрчээ. Үүний араас 1кг гурилын үнэ 2.2 дахин өсөв. Харин орц дундаас үхрийн цул мах хамгийн бага буюу 1.7 дахин өсөж ₮24,929 болсон аж. Дан ганц хуушуур дээр гэхэд хөдөлмөр, тог цахилгаан гэх мэт зардлыг хасаад ийм байна даа.

  • 🎫 Тасалбар тэнгэрт: Цаашлаад, наадмын багц тасалбарын үнэ 2019 онд суудлаасаа хамаарч ₮16 мянга болон ₮24 мянга байсан бол энэ жил анхдагч зах зээлд ₮100-₮150 мянгаар борлуулагджээ. За тэгээд шаг буюу хоёрдогч зах зээлийн үнэ нь сүүлийн 6 жилд мөн л 3-5 нугарч ₮500 мянгад хүрсэн гэнэ.

💭 Гадаадад яадаг вэ?

Баярын үеэр зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалж үнэ өсөх нь хэвийн үзэгдэл. Хамгийн нийтлэг нь зочид буудал, онгоцны тийз, амралтын газрын үнэ бөгөөд баяраар 1.5-3 дахин нэмэгдэх тохиолдол бий. Гэхдээ нэг онцлог нь үнэ нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ч мөн сайжирдаг. Жишээлбэл, Японд ресторанууд баярын тусгайлсан цэс гаргаж, Канадад амралтын газрууд тусгай арга хэмжээ, үзүүлбэр зохион байгуулж нэмэлт орлого олох ажээ. 

🇲🇳 Харин манайд 

Наадмын тасалбар дээр гэхэд үнэ нэмэгдэж буй ч чанар асуултын тэмдэг хэвээр. Наадмын нээлтийн хувьд жил бүр ижил хэв маягаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн наадмын нээлтийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Наранбаатар 5 дахь удаагаа найруулж байна. Угтаа Төв Цэнгэлдэх Хүрээлэн наадмын үеэр суудлын багтаамжаа 9 мянгаас 12 мянгад хүргэсэн ч эрэлт их байгаа ба жуулчдад 2 мянган тасалбар олгох болсон ч авах хүсэлтэй жуулчдын тоо 11 мянга гаруй аж.

  • 💸 Наадмын төсөв: Том зургаар энэ жилийн Үндэсний их баяр наадмыг өнгөрсөн оны төсвөөс 1.7 нугарсан дүн буюу ₮5 тэрбумаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь 2023 оны наадмын төсөвтэй адил буюу хамгийн өндөр төсвөөр зохион байгуулагдах гэж буй 2 дахь наадам болж байна.

Заа тэгээд ирээдүйд наадам илүү хүртээмжтэй, чанартай болно гэдэгт итгэж байна. 💪🏼

  • 🫸 Хятад энэ жилийн БРИКС-ийг яагаад аних болов? (CNN)

  • 🧪 AI-р бүх өвчнийг анагаах том амбицтай компани анхны туршилтуудаа хийнэ. (Fortune)

  • 🪙 Компаниуд Биткойныг санхүүгийн багцдаа албан ёсоор оруулж эхлэв үү? (LynAlden)

  • 📄 ЗГ-ын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааны 7-р сарын хуваарь. (InvesCoreCapital)

Excel дээр баганын өргөнийг гар аргаар тохируулж цаг гарздах шаардлагагүй шүү. Энэ асуудлыг хялбархан шийдэх арга байна. 👇

  • Энэ нь их ойлгомжтой: Сумаа Excel хүснэгт дээр янзлах гэж буй 2 баганын хооронд (жишээ нь, C ба D багануудын хооронд) авчрахад эсрэг чиглэлд заасан хоёр сумны дүрс ⬅️➡️ гарч ирнэ. Үүн дээр 2 товшиход баганын өргөн хамгийн урт үгийн өргөнтэй дүйж өөрчлөгдөх юм. 

Гэснээс, энэ аргыг мөр хоорондын өндрийг тохируулахад мөн ашиглах боломжтой.

Pinterest 

🍋 Сингапур $2.2 тэрбумын мөнгө угаах гэмт хэргийг торгуулиар шийдвэрлэлээ. Үүнд криптовалют, ҮХХ, бэлэн мөнгөтэй холбоотой гэмт хэргүүд орсон бөгөөд хэрэгт холбогдсон UBS (UBS), Citigroup (C) тэргүүтэй 9 санхүүгийн байгууллагад нийт хохирлын дүнгээс 102 дахин бага буюу $21.5 саяын торгууль ногдуулж. Сингапурын түүхэн дэх хамгийн том дүнтэй мөнгө угаах уг гэмт хэргийн мөрдөн байцаалт 2 жилийн турш үргэлжилсэн байна. 

🍋 ЕСБХБ Монголын томоохон төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэхээ илэрхийлэв. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүч, бизнес, гадаад худалдаа, экспорт, төр, хувийн хэвшлийн түншлэл, ШУ, технологи, инновацыг дэмжих төслүүдийг голчлон санхүүжүүлэх сонирхолтой байгаа аж. Гэснээс тус банк 2017 оноос хойш Монголын 151 төсөлд нийт $2.5 тэрбумын хөрөнгө оруулжээ. 

🍋 Sandvik (SAND.ST) Оюу толгой төсөлд $28.3 саяар гүний уурхайн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Тус үйл ажиллагааг ирэх 10-р сараас 2026 оны 11-р сар хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Sandvik нь 2008 оноос Оюу толгой төсөлтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оноос гүний уурхайн тоног төхөөрөмж нийлүүлж эхэлсэн. Гэснээс Sandvik саяхан “IEC 62443-4-1” ОУ-ын кибер аюулгүй байдлын стандартын II түвшнийг хангаад буй. 

🍋 Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International, зохицуулагч банкаар J.P.Morgan (JPM) ажиллана. Эхний ээлжид Crossrail International метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” төлөвлөлт, трассын дагуу талбайн судалгаа хийх бол $JPM өнгөрсөн 4-р сараас Улаанбаатарын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг шинжилж буй гэнэ. Тэгвэл төслийн бүтээн байгуулалт ирэх оны 3-р сараас эхлэх нь. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.