- Lemon Press
- Posts
- 🗽 Шинэ Хэвлэлийн хууль
🗽 Шинэ Хэвлэлийн хууль
$AARD: Алдагдал хүлээв | Нүүрс: Үнэ унасан ч хэмжээ өсөв | ЕСБХБ х MSM Group
POWERED BY
Даваа гаргийн мэнд! Өнөөдөр дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тохиож байна. Энэ дашрамд эмч, цагдаа, гал унтраагчид болон бүтээн байгуулалтын хөгжил, нийгмийн сайн сайхныг нуруун дээрээ үүрч яваа уурхай, барилга тэргүүтэй бүх өндөр эрдэлтэй салбарын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. 🙇


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол дахь айлчлал 4 сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
MFA: Унгар болон Монголын Гадаад харилцааны сайд нар улс хооронд шууд нислэгтэй болох талаар хэлэлцжээ.
MSE: Таван Богд Холдингс ХХК-ийн охин компаниудын ХААН Банк (KHAN)-тай байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт орж Улаанбаатар Гурил ХХК-ийн зээлийн эрхийг ₮15 тэрбум болголоо.

📝 Бодь Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

LP Transcript-н ээлжит дугаараар Бодь Даатгал ХК (BODI)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
Хураангуй дүгнэлт: Бодь Даатгал ХК-ийн нийт хураамжийн орлого ₮32.1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын орлого ₮2.9 тэрбум, нөхөн төлбөрийн хэмжээ ₮11.2 тэрбум, нийт зардал ₮10.5 тэрбум, цэвэр ашиг ₮2.5 тэрбум гэсэн ийм үр дүнтэйгээр 2024 оны үйл ажиллагааг өндөрлөсөн байна.
Хөрөнгийн бүтэц: Бодь даатгал ХК нь 2023 оноос нийтдээ ₮25.6 тэрбумын хөрөнгийн өсөлт хийлээ. Бүтцээр нь харвал нийт хөрөнгийн 56.4%-ийг хөрөнгө оруулалт эзэлсэн.

🗽 Шинэ Хэвлэлийн хууль
Хэвлэл мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ хэлэлцэхээр боллоо.
🔎 Яагаад онцлох болов? Энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 27 жилийн дараа Хэвлэл мэдээллийн тухай хуульд засвар хийх гэж байгаа хэдий ч салбарынхан болон зарим УИХ-ын гишүүд агуулга сул хуулийг буцаан татаж, ахин боловсруулах хэрэгтэй хэмээж буй.
😷 Косметик засвар
Тус хуулийн төслийн гол зорилгыг хэвлэлийн эрх чөлөөг хадгалж, бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр мэдээлэл түгээх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино хэмээсэн. Шинэчлэлийг нь харвал,
Сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн нэр томьёо болон үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг хуульчлах,
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага дэргэдээ мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, өөрийн үйл ажиллагааг сурталчлуулахаар бол тендер зарлаж шалгаруулах,
5%-иас дээш хувь эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн мэдээллийг ил тод болгох,
Иргэд болон байгууллага нь тухайн мэдээлэлтэй холбоотой гомдлыг шууд редакц, эсвэл өөрийн зохицуулалтын байгууллагад гаргах эрхтэй болох.
Хуулийн төсөл шүүмжлэл дагуулж буй шалтгаан нь хараат бус редакцтай хэвлэл мэдээллийн өдөр тутамдаа өөрсдийн дотоод бодлого, журмаар зохицуулдаг харилцааг хуульчилж байгаа явдал. Цаашлаад, гүтгэх нэрийн дор сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэж байгааг халж, зөрчлийн хуулиар шийднэ гэсэн ч Эрүү, Иргэний хууль дахь гүтгэлэгтэй холбоотой заалтууд засагдаагүй цагт сүртэй өөрчлөлт гарахгүй.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хавар хэлэлцэхээр байгаа тиймээс ч уг хуулийг Эрүүгийн хуулийн шинэчлэлттэй хамт хэлэлцэх нь хууль хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал нөлөөтэй. Гэсэн ч гялс хэлэлцээд, гялс батлах төлөвтэй.
🤫 Бодит байдал
Өнгөрсөн жил Монгол дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексэд 21 байр ухарч 180 орноос 88-рт бичигдэж байсан бол энэ онд 109-рт бичигдэж, “асуудалтай” ангиллаас “хүнд нөхцөл байдалтай” гэсэн ангилалд орсон.
Эцэст нь… Хууль тогтоогчид, сахиулагчид өнөөг хүртэл хэвлэл мэдээллийнхний хэвлэн нийтлэх эрх чөлөөг гүтгэлэг, худал мэдээлэл тараах явдлаас ялгаж, салгаж чадахгүй байна. Эргээгээд үүнийг зэвсэг шиг ашиглаж байгаа учраас бид хэвлэлийн эрх чөлөөний индексэд тогтмол ухарсаар. Ахиад л нэг асуудал шийдэх бус шинэчилсэн нэртэй агуулга сул хууль айсуй.

✍️ Хотын даргыг иргэдийн саналаар сонгодог болох санал гаргажээ. (D.parliament)
🍼 Америк хүн амын өсөлтөө хэрхэн дэмжинэ гэнэ үү? (CBSNews)
🚇 Инженерийн гайхамшиг гэж энэ дээ. Дани, Герман 18 км хонгилоор холбогдоно. (BBC)
👣 Санаа нь сайхан ч, арга нь буруудав. (Forbes)

👀 $AARD: Алдагдал хүлээв
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК энэ оны I улиралд ₮792.9 саяын алдагдал хүлээлээ. Гэхдээ энэ нь тэдний 2023 оноос хойших I улирал бүрийн хамгийн бага алдагдал билээ. Компани тайлант хугацаанд ₮1.2 тэрбумын борлуулалтын орлого олсон ч ₮1.1 тэрбумын ерөнхий ба удирдлагын зардал гаргаж, үүн дээр бусад зардал болон гарз нэмэгдсэнээр алдагдал хүлээсэн хэрэг. Харин тэдний нийт хөрөнгийн дүн жилийн өмнөхөөсөө 6% буурч ₮133.3 тэрбум болжээ. Сонирхуулахад, $AARD-н үнэ он гарснаас хойш 14% унаад байна.

🔋🪂 Бизнес эрхлэгчдийн цугларах цэг
Business.mn-с зохион байгуулдаг “Бизнес цэнэг” уулзалт энэ жил хүрээгээ тэлж чуулган хэлбэрээр, “Recharge, Restart, Rise” уриан дор зохион байгуулагдах гэж байна. 📢
Чуулганд очсоноор санхүү, технологи, менежмент тэргүүтэй салбар салбарын 8 илтгэгчийн “Өгөгдөлд суурилсан хүний нөөцийн менежмент”, “Удирдлага ба санхүү: Ялгаатай ч салшгүй түншлэл” гэхчлэн тун сонирхолтой сэдвийн илтгэлүүдийг сонсох юм. Мөн M банк, Primeat, Vidan-н маркетингийн томоохон кампанит ажлуудын туршлагатай танилцах нь ээ.
📍 Хаана: Галлери Улаанбаатар, III давхарт
🗓️ Хэзээ: Маргааш, 09:00 цагт

🔻 Үнэ унасан ч хэмжээ өсөв

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ)-ээр энэ сард арилжаалагдсан нүүрсний хэмжээ пуужинджээ. Өнөө арилжааны журмын шинэчлэл нүдээ олсон бололтой.
🧐 Юу болов?
Энэ оны 4-р сар хараахан дуусаагүй хэдий ч нийт 1.3 сая тн нүүрс УУББ-ээр арилжаалагдсан байна. Энэ дүн бол 2025 оны эхний 3 сарын нүүрсний арилжааны нийлбэрээс 2 дахин их дүн юм шүү. Учир нь өмнө нь УУББ-ийн нүүрсний арилжаа май гээд зоосон тогтмол үнээр явагддаг байсан бол өнгөрсөн сараас эхлэн үнийг зах зээлтэй уялдуулж индексжүүлэх, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох журмын өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлт сайн хөшүүрэг болсныг арилжааны өсөлт харууллаа.
📉 Харин нөгөө талд: Нүүрсний үнэ он гарснаас хойш л гэхэд 9.6% унаад байна. Энэ нь манай экспортын орлогод сөргөөр нөлөөлж буй. Тиймээс бид арилжааны идэвх нэмэгдсэнд ханаж суухгүйгээр дараа дараагийн асуудалд анхаарах ёстой гэсэн үг.
📌 Юунд анхаарах вэ?
Цаашид бид борлуулалтын хэмжээг хадгалах, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, урт хугацааны, тогтмол нийлүүлэлтийн сүлжээнд анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна уул уурхайн биржид брокерын оролцоог нэмэгдүүлэх чухал шаардлага бий. Гэвч Сангийн яам болон МХБ (MSE)-ийн боловсруулсан Биржийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулаад байгаагаас харахад асуудал шуурхай шийдэгдэхгүй бололтой.
Эцэст нь… Нүүрсний талбарт жавар тачигнаж байгаа энэ үед нэг ч гэсэн ахиц гарч байгаа нь сайшаалтай. Одоо харин өөрсдөөсөө хамаарах асуудлуудаа эртхэн зөв аргаар цэгцлэх л хэрэгтэй байна даа.

Судалгаагаар нас ахих эсвэл боловсролын түвшин дээшлэх тусам амьдралын чанар сайжирдгийг тогтоожээ. Задлан харвал,
Боловсролын түвшин иргэдийн сэтгэлзүйн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд нөлөөлдөг бол,
Мэргэжил эзэмшсэн эсэх нь сэтгэлзүйн эрүүл мэнд, нийгмийн харилцаанаас илүүтэй биеийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд нөлөөлдөг байх нь.
Үүнээс боловсрон эзэмшсэн эсэх нь биеийн эрүүл мэндэд 42%, хүрээлэн буй орчинд 44.2%-ийн нөлөө үзүүлдэг гэж тооцоолжээ.

Fox Business
🍋 Калифорни ЭЗ-ийн хэмжээгээрээ Японыг ардаа орхиж, ТОП-4-т бичигдэх болов. Тодруулбал, өнгөрсөн онд Калифорнийн ДНБ $4.1 их наяд хүрсэн бол Японых үүнээс 2.1% бага байна. Арга ч үгүй, тус мужид Цахиурын хөндийгөөс гадна Америкийн импортолдог ачаа тээврийн 40% гаруйг дамжуулдаг 2 гол боомт бий. Гэснээс Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом Америкийн 48 дахь Ерөнхийлөгчид нэр дэвших шуум яваад байгаа.
🍋 Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) MSM Group-т ₮26 тэрбумын санхүүжилт олгохоор хэлэлцэж байна. Тус санхүүжилтээр MSM Group-т Өмнөговь аймаг дахь агуулах, логистикийн төв, цех, үзэсгэлэнгийн танхим барихад дэмжлэг үзүүлэх аж. Хэлэлцээр бүтвэл дэлхийн томоохон банкнаас том дүнгээр хөрөнгө оруулалт татсан монголын цөөн хэдэн худалдааны компанийн тоо нэгээр нэмэгдэх нь.
🍋 Alphabet (GOOG)-н I улирлын цэвэр ашиг өнгөрсөн жилийн мөн үеэс 46% өсөж $34.54 тэрбум болжээ. Үүнд SpaceX-н 10%-ийн хувьцаанаас $8 тэрбумын ашиг олсон нь багтаж буй. Харин орлого нь мөн хугацаанд 12% өсөж $90.23 тэрбум болсон бол орлогын дийлэнх буюу 74%-ийг бүрдүүлж буй зар сурталчилгааны орлого 8.5% өсжээ. Гэснээс тайлан гарсны дараа компанийн хувьцааны үнэ 5% өсөж $169 болсон байна.
🍋 Ерөнхий сайд АМНАТ-ийг Үндэсний баялгийн сангийн төлбөр болгох санал гаргав. Үүнд ирээдүйн өв санд 50%, хуримтлалын санд 5% ба стратегийн ордын 34%-д ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, хөгжлийн санд 5%, орон нутгийн санд 15%-ийг хуваарилах нь. Цаашид 2050 он хүртэл шатлалтай нэмэгдүүлж сан тус бүрд 33% ногдуулах юм гэнэ.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply