- Lemon Press
- Posts
- 🧑⚖️👩⚖️ (А + Хт)-н эсрэг тэмцэл
🧑⚖️👩⚖️ (А + Хт)-н эсрэг тэмцэл
Банкны өрсөлдөөн | $TTL-н ашиг 3.3 дахин буурав | $NOV-н шинэ CEO
POWERED BY
7-р сарын сүүлийн өдрийн мэнд ээ! Ирэх оны төсвийг юу, юугүй хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ удаад 8 сарын 1-нээс эхлэн 14 хоногийн турш олон нийтийн дунд төсөвтэй холбоотой хэлэлцүүлэг явуулах нь ээ. Угтаа төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө санал асуулга авдаг ч тэр бүр олон нийтийг хамарч чаддаггүй. Анхаараарай! Мэдээгүй нэгэнд нь дуулгаарай! 🙏


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 50%-тай байна.
CUMN: 2025 оны эхний хагаст Премиум Нексус ХК-ийн цэвэр борлуулалт 2024 оны мөн үеэс 37.3% өсөж ₮362 тэрбум, ашиг нь 47.6% өсөж ₮15.7 тэрбумд хүрлээ.

🇲🇳 Банкны өрсөлдөөн 18 байр ахив

Тэртээ 2020 онд Монголын Банкны Холбооноос банкны өрсөлдөх чадварын индексийг анхлан тооцон гаргаж байсан бол 4 жилийн дараа илүү сайжруулж дахин тооцжээ. Ямар үр дүн гарав?
🧮 Тооцоолол: Судалгаанд уул уурхайд суурилсан эдийн засагтай, бүс нутгийн, орлогын түвшин ижил 37 орныг хамруулсан ба санхүү, макро орчин, мэдээллийн технологи гэх мэт 9 дэд индекс, 18 үзүүлэлтээр банкны өрсөлдөх чадварыг үнэлсэн аж.
9️⃣ Байр ахив
Банкны өрсөлдөх чадварын индексээр Монгол 2020 онд 37 улсаас 43 оноогоор 28-д жагссан бол 2024 онд 18 байр урагшилж 66.2 оноотой 9-д оржээ. Нарийвчилж харвал, бүс нутгийн 5 улсаас 1-т, уул уурхайн хамаарал бүхий 21 орноос 6-д, дунджаас дээгүүр орлоготой 14 улсаас 3-т жагссан нь 5 жилийн хугацаанд Монголын банкны салбарын өрсөлдөх чадвар дөмөгхөн шиг сайжирсныг харуулж байна. Өөр бусад тоонуудыг онцолбол:
54.1: Судалгаанд хамруулсан 37 орны банкны өрсөлдөх чадварын индексийн дундаж оноо 54.1 гарав.
15 жил: Өнгөрсөн онд банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ буурч сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрсэн.
24%: Банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 2019 онд 7% байсан бол 2024 онд 3.4 дахин өсөж 24%-тай гарсан дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт болов.
2: Дэлхийд манай улс 100 мянган хүнд ногдох банкны салбарын тоогоор 2-т, АТМ-н тоогоор 13-т жагсаж байна.
5 сая: Интернэт банк хэрэглэгчийн тоо 2020 оноос 89% өсөж 2024 онд 5 саяд хүрсэн бөгөөд эдгээрийн 50% нь интернэт банк хэрэглэгчид гэнэ.
🫨 Макро орчин
Манайх шиг хөгжиж буй, уул уурхайгаас хамааралтай орнуудад макро эдийн засгийн орчин нь банкны салбарын хөгжилд даацтай нөлөөтэй аж. Тухайлбал, банкны өрсөлдөх чадварын индексээс макро орчныг салган авч үзвэл Монгол 2020 онд 37 орноос 28-д бичигдэж байжээ. Харин өнгөрсөн онд 6-р байр луу орж ирсэн нь төр засгаас макро эдийн засгийн орчныг тогтвортой байлгаж чадвал банкны салбарын өрсөлдөх чадвар огцом нэмэгдэж болохыг илтгэв.
Дүгнэхэд… Хэдхэн жилийн дотор Монголын банкны салбар өрсөлдөх чадвараар дунджаас ТОП түвшинд очсон нь том банкнуудын IPO, системийн шинэчлэл, техник технологийн хурдацтай хөгжлийн үр дүн юм. Цаашид макро эдийн засгийн орчин тогтвортой байвал банкны хөгжлийн зам дардан бололтой шүү. ✌🏻

💡 ChatGPT-с шууд хариулт авахын оронд шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэхэд ашигла. (OpenAI)
🪖 Оросын эдийн засаг дайны эсрэг хүчин мөхөстөж эхлэв үү? (BusinessInsider)
🩰 9-р сарыг дуустал дуурь, балетын үзвэрийн үнэ 2 дахин хямдрах нь. (УДБЭТ)
🎶 TikTok бичлэг дээрээс таалагдсан дуугаа YouTube-рүүгээ шууд хадгалах боломжтой болж. (TechCrunch)

💨 $NVO: Шинэ CEO-н сургаар навс унав
NVO: Дэлхийн томоохон эм үйлдвэрлэгчдийн нэг Novo Nordisk шинэ Гүйцэтгэх захирлаараа Майк Дустдарыг томилсон бөгөөд мөн Америкийн зах зээлд нэвтрүүлсэн таргалалтын эсрэг Wegovy эмийн борлуулалт хангалтгүй байгаагаас шалтгаалж нийт хүлээгдэж буй орлогын таамгаа бууруулжээ. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 21.8 нэгж хувиар унаж $53.9-т хүрсэн нь оны эхнээс 37.1%, өнгөрсөн оны мөн үеэс 57.9% буурсан үзүүлэлт аж.

🇲🇳🇻🇳 Авлига, хар тамхитай тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий прокурын урилгаар Вьетнам Улсын Ерөнхий прокурор Монголд айлчилж байна.
🚶🏻♂️ Газрын зураг: Улмаар Монгол болон Вьетнамын прокурорын газрууд 2026-2027 онд авлига, хар тамхитай хамтран тэмцэх хөтөлбөрт гарын үсэг зуржээ.
🧑⚖️👩⚖️ Ялын бодлого
Одоогийн байдлаар Монгол Улс хар тамхитай торгох, зорчих эрх хасах, хорих ял ногдуулан тэмцэж буй. Хамгийн хүнд ял нь зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих, улсын хэлээр тогтмол нэвтрүүлсэн бол 5-12 жилийн хорих ялтай байдаг аж.
⏰ Ажилгүй эрэгтэйчүүд хамгийн өртөмтгий
Сүүлийн 3 жил буюу 2023-2025 оны эхний хагас жилүүдэд Монголд нийт хар тамхитай холбоотой 801 хэрэг бүртгэгдсэн буюу тус төрлийн гэмт хэргийн гаралт жилд дунджаар 15%-20% өсөж байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг хүйс болон насны ангиллаар харвал дийлэнх нь буюу 85% нь эрэгтэйчүүд, тэр дундаа 18–30 насныхан хамгийн өндөр буюу 65.8%-ийг бүрдүүлж буй.
🤷🏻♀️ Хачирхалтай нь хар тамхины гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 67.7% нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байсан юм.
🪨 Хамгийн түгээмэл ял: Сүүлийн 3 жилд 669 хүн эрүүгийн хариуцлага хүлээснээс 433-т нь 1-8 жилийн хорих ял, 175 иргэний зорчих эрхийг 1-4 жилээр хасжээ.
🧞♀️ Вьетнам бодлого
Вьетнамын тухайд тус улс нь хар тамхины эсрэг маш хатуу зохицуулалт, ялын бодлоготой буюу 100 гр героин болон кокаин, 300 гр бусад төрлийн хар тамхи хадгалсан, борлуулсан, бэлтгэсэн бол цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ялтай. Хамгийн хөнгөндөө анх удаа хэрэглэсэн тохиолдолд албадан эмчилгээнд явуулдаг аж.
🙊 Тус улсад хар тамхитай холбоотойгоор гүйцэтгэсэн цаазын ялын мэдээлэл улсын нууцад багтдаг учраас яг таг тодорхой биш ч ОУ-ын ажиглагчдын үзэж буйгаар сүүлийн 3 жилд цаазын ял гүйцэтгэсэн хэрэг 33% өсөж 2024 онд 113 орчимд хүрсэн гэх тооцоолол бий.
Хэдий манай улс хар тамхитай холбоотой хэргийг хүнд гэмт хэрэгт тооцож, хатуу ялын бодлого баримталдаг ч сүүлийн 3 жилд тогтмол өсөлттэй байгаа төдийгүй давтан хэрэгт холбогдох тохиолдол ч нэлээн гарч байна. Ялын бодлоготой зэрэгцэн нөхөн сэргээх эмчилгээндээ анхаарч, урьдчилан сэргийлэх цогц бодлоготой болохгүй бол горьгүй нь.

30 хоногт
Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн 30 хоногт ₮680 тэрбумын гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлжээ.
2,715 данс
Үүнээс 2,715 дансанд төвлөрсөн ₮4.6 тэрбумыг хязгаарласан байна.
90%
Улмаар цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90%, агент 84.1% буурсан гэнэ. Гэвч, ил байгаа тоо нь л энэ гэдгийг санах хэрэгтэй.


Seeking Alpha
🍋 Anthropic зах зээлийн үнэлгээгээ 3 нугалах $5 тэрбумыг босгохоор хэлэлцэж байна. Компани өнгөрсөн 3-р сард Lightspeed Venture Partners тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас $3.5 тэрбумыг татаж $61.5 тэрбумын үнэлгээтэй болж байв. Тэгвэл энэ удаагийн санхүүжилтийг $80 тэрбум гаруй хөрөнгө удирддаг Iconiq Capital тэргүүлэх аж. Ийн $300 тэрбум үнэлгээтэй OpenAI-н өрсөлдөгч оргил өөд мацсаар байна даа.
🍋 МИАТ ТӨХК дахин нэг Bombardier (BBD-B.TO) үйлдвэрийн CRJ-700 агаарын хөлгийг сагсандаа нэмлээ. Өнгөрсөн онд компани энэ төрлийн агаарын хөлгийг худалдан авч Хөх хот болон орон нутгийн чиглэлд нислэг үйлдэхдээ ашиглаж буй. Сонирхуулахад CRJ-700 агаарын хөлгийг 90 орны 120 агаарын тээврийн компани ашигладаг аж.
🍋 Америкийн тарифын орлого он гарсаар түүхэн дээд түвшин болох $150 тэрбумд хүрэв. Тодруулбал, тус улсын тарифын орлого 4-р сард л гэхэд 1-р сартай харьцуулахад 2 нугарч $16.3 тэрбум болсон. Тэр цагаас нэмэгдсээр энэ сард $28 тэрбумын тарифын орлого олжээ. Ингэсээр жилийн эцэс гэхэд нийт орлого $300 тэрбумд хүрэх төлөвтэй. Нөгөө талд үнийн өсөлт америкчуудын нүүрийг алгадах эрсдэл хүлээж буй.
🍋 “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барина. Цахилгаан станцыг Өмнөд Солонгосын ЗГ-ын тусламжаар “Smart Energy Platform Group”-тэй хамтран барих бөгөөд одоогоор ТЭЗҮ-г боловсруулахаар ажиллаж буй аж. Үүнээс гадна 24 МВт хүчин чадалтай ДЦС болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлын нээлттэй тендерийг зарласан байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply