- Lemon Press
- Posts
- 🥚 Өндөг шидүүлсэн журам
🥚 Өндөг шидүүлсэн журам
Голч цалин= $599.6 | Ажлын 5 өдөр оффист ажил! | Зодоон үргэлжилсээр
POWERED BY
Лхагва гаргийн мэнд ээ! Өглөө, оройдоо ч сэрүүхэн байна шүү. Гэснээс 25-34 насныхан ахмад настнаасаа илүү их өвдөж чөлөө авдаг гэнэ дээ. Улмаар 35-аас доош насны ажилтнуудын өвчний чөлөө 2019 оноос хойш 29% өсжээ. Залуу хүмүүс илүү их өвдөөд байна уу, эсвэл баашлаад байна уу? 🤭 Уг нь ИЙМ байвал гоё доо.
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдөр Монголросцветмет ТӨҮГ-ын 6,600 тн төмрийн хүдэр ₮1.5 тэрбумаар арилжаалагдлаа.
CHN: Өнгөрсөн сард Хятадын экспортын өсөлт удааширч, Хойд Америк-Шанхайн чингэлгийн ачаа тээврийн индекс 7-р сарын оргил үеэс 40% буурчээ.
NSO: Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 14.8% өсөж ₮15.3 их наядад, борлуулалт нь 17.2% нэмэгдэж ₮26.9 их наядад хүрээд буй.
💰 Голч цалин = ₮2 сая = $599.6
Энэ оны эхний хагас жилийн байдлаарх сарын голч цалин анх удаа ₮2 саяыг давлаа. Цалингийн эргэн тойронд юу болж байна? Худалдан авах чадвар хэр дээшлэв?
💭 Голч & Дундаж: Голч цалин гэдэг нь хамгийн бага цалинг хамгийн их хүртэл эрэмбэлэхэд дунд нь орших утга юм. Харин дундаж нь нийт цалингийн хэмжээг ажилчдын тоонд хуваасан дүн.
📃 Ерөнхий нөхцөл байдал
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 3.3% нэмэгдэж 51.7 мянгад хүрсэн аж. Улмаар ажиллагчдын тоо ч бага зэрэг буюу 2.4% өсжээ.
📈 Дундаж цалин = ₮2.5 сая: Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин жилийн өмнөхөөсөө 30.4% өсөж ₮2.5 саяд хүрчээ. Мэдээж уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин ₮456 мянгаар нэмэгдэж ₮5.1 сая болсноор улсын дунджаас хол тасраад буй. Харин нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн бага буюу ₮1.5 сая байна.
🤔 Голч цалин яагаад өсөв? Оны эхний хагаст ₮3.5 саяас дээш цалинтай ажилчдын нийтэд эзлэх хувь 7.8 нэгж хувиар өссөн бол нөгөө талд ₮550 мянга хүртэлх цалинтай ажилчдын эзлэх хувь 9.2 нэгж хувиар буурсан нь голч цалинг нэмэгдүүлсэн хэрэг.
🥏 Зөрүү холдов: Харин голч цалин ₮2 саяыг давснаар 2023 оны I улиралд дээд цэгтээ очоод байсан дундаж болон голч цалингийн зөрүү тухайн үеэс 8.4%% буурч ₮437.9 мянгад хүрэв. Зөрүү холдох тусам нийгмийн орлогын тэгш бус байдал нэмэгдэж байгааг илтгэнэ. Оны эхний хагаст энэ зөрүү бага зэрэг холдсон ч 2014 оныхоос бол 113.7% өндөр хэвээр байгаа хэрэг.
❗ Чанартай өсөлт үү?
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс оны эхний хагаст 2020 оныхоос 2 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 39.5% л нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн цалингийн өсөлтөөс инфляцыг хасаад тооцоход бидний цалингаараа худалдан авалт хийх чадвар бодит байдал дээр тийм ч их сайжраагүй гэсэн үг.
Эцэст нь… Голч цалин нэмэгдэж дундаж болон голч цалингийн зөрүү багаар ч гэсэн ойртож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манайд салбаруудын цалингийн ялгаа өндөр тул цалин багатай салбаруудыг хөгжүүлж орлогыг нь нэмэгдүүлэх замаар орлогын тэгш бус байдлыг бууруулах тал дээр анхаарах нь чухал байгаа юм сан.
🔻 Хүлээлтэд хүрээгүй захиалга
AAPL: Apple-н шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдаад 9 хонож байна. iPhone 16 Pro болон iPhone 16 Pro Max-н эрэлт хэрэгцээ хүлээгдэж байснаас бага байгаа гэнэ. Тодруулбал, iPhone 16 Pro Max-н урьдчилсан захиалгыг өнгөрсөн жилийн шинэ утасны захиалгатай харьцуулахад 16%, iPhone 16 Pro-н захиалга 27% буурчээ. Харин iPhone 16 Plus-нх 48% өссөн аж. Сонирхуулахад, өчигдрийн арилжаагаар Apple-н хувьцааны үнэ 2.78% буурч $216.3 болжээ.
🏁 Итгэл Найдвар, Боломж УБ Марафон 2024
Achillis Mongolia-с уламжлал болгон зохион байгуулдаг Итгэл Найдвар, Боломж УБ Марафон бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ 10 дахь удаагаа болох гэж байна. 🤩
Тус арга хэмжээ нь,
💪 Спорт, гүйлтээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоо, амьдралын чанарыг дээшлүүлэх болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх,
🫂 Эрүүл мэнддээ хөрөнгө оруулан гүйх, бусдыг дэмжиж итгэл бэлэглэх ач холбогдолтой юм.
📞 Холбогдох: 99081118, 80683355
📅 Хэзээ: 9 сарын 21
🥚 Өндөг шидүүлсэн журам
Сүүлийн 5 жилд л гэхэд ЕБС төгсөж буй хүүхдүүдийн тоо 39% өсөж 99 мянгад хүрээд буй. Гэтэл боловсролын салбарт 4,200 гаруй багшийн орон тоо сул байгаад байдаг. Нөгөө талд Боловсролын сайд тус сул орон тоог гэрээт багшаар нөхөхөө мэдэгдсэнээр тус асуудал дээрх олон нийтийн байр суурь 2 хуваагдаад байна. Ер нь 2.7 онооноос дээш голчтой хүнийг гэрээт багшаар ажиллуулна гэдэг чинь хэр боломжтой бодлого билээ?
🤏 Босго оноо нь арай бага уу?
БШУЯ-наас багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг шинээр баталж, голч дүн нь 2.7 онооноос дээш математик, физик, хими, англи хэл, бизнес, ЭЗ тэргүүтэй чиглэлээр бакалаврын зэрэгтэй иргэн болон III, IV дамжааны оюутныг гэрээт багшаар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Улмаар гэрээт багшаар ажиллах сонирхолтой хүмүүс 45 хоногийн сургалтад сууснаар багшлах эрхтэй болох аж.
👩🎓👨🎓 Айлын хүүхдүүд: Монгол л ганц иргэддээ гэрээгээр багшлах боломж олгоод байна уу гэвэл бас үгүй. Тодруулбал, Японд JET Program, Өмнөд Солонгост EPIK Program, Хятадад ч иймэрхүү төрлийн зохицуулалт байдаг. Ялгаа нь тэдгээр улсуудын хөтөлбөр нь англи хэл заах гэрээт багш нар руу чиглэсэн төдийгүй тавьж буй босго нь ч овоо өндөр.
Төр 🆚 хувийн хэвшил: Тус журмыг эсэргүүцэж буй иргэдийн дэвшүүлж буй санаа нь босго оноо бага байгаа явдал. Томоохон групп компани 2.7 буюу “C”-гээс дээш үнэлгээтэй төгссөн төгсөгчийг ажилд авах нь ховорхон. Гэтэл төрийн байгууллагад бол босго оноо тийм ч чухал биш бололтой.
🤐 Оргүйгээс охинтой нь дээр?
Боловсролын сайдын ярьж буй гол зүйл бол “Хэрэв та сайн физик ч бол ирээд багшлаад өгөөч ээ, хичээл заах багш байхгүй байна аа” гэх агуулга. Тэрбээр уг журам боловсролын салбарт тулгарч буй ажиллах хүчний хомсдолыг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх төдийгүй цаашид олон хүнд багшаар ажиллах боломжийг нээнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
🥶 Хомсдол яагаад үүсэв? Хэл ам дагуулсан тус журмын цаана яагаад багшлах хүн олдохгүй байгаа вэ, гэдэг. Алсдаа багш нарыг багшлах хүсэлгүй болгож байгаа цалин хөлс, ачааллын асуудлыг шийдэж тэднийг торгоох арга хэмжээ авахгүй бол бүр ч том асуудал дэгдэх нь тодорхой.
Эцэст нь… Ажиллах хүчний хомсдол ганц боловсролын салбарын тулгамдсан асуудал биш. Монгол даяараа л ажиллах хүчний хомсдолд ороод буй. Юутай ч шинэхэн Боловсролын сайд маань өндөг шийдүүлэн барин салбартаа өөрчлөлт хийх гээд үзээд л байна. Гол нь үр дүн нь одоогийн нөхцөл байдлыг дордуулах болов уу, дээрдүүлэх болов уу? 🫣
📚 EduPark: Хүртээмжтэй боловсролыг таатай орчинд
Хүүхдийн сургалт, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийгээ Монголын анхны хүүхдийн боловсролын цогц төв EduPark-д урьж байна. 👀
EduPark-н онцлог, давуу талаас дурдахад:
🏫 Хүртээмжтэй: 800 хүүхдийн багтаамжтай A, Б блок бүхий 6 давхар барилгад талбай түрээслэх боломж,
📍 Хотын төвд: Солонгос элчнээс урагшаа 200 м, 5-19 насны 24 мянга гаруй хүүхэд үйлчлүүлэх байршилтай,
🌈 Өргөн хүрээний: Нийт 50 гаруй байгууллагууд академик, урлаг, спорт, гадаад хэл, туршилтын лаборатори, болон үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломж хүлээж буй.
Заа тэгээд, хүүхдийн сайн сайхны төлөө тав тухтай орчинд ажиллахыг хүссэн хэн бүхэнд алдаж болохгүй сайхан боломж шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Tenor
🍋 Amazon (AMZN)-н ажилчид ажлын 5 хоногт заавал оффисоос ажиллана. Компани өмнө нь ажилчдадаа ажлын 5 хоногийн 3-т нь оффисоос ажиллах боломж олгож байсан бол ирэх жилээс эхлэн бүтэн оффисоос ажиллахаар болголоо. Тэднээс гадна Apple (AAPL), Google (GOOG), Meta (META) тэргүүтэй компаниуд ч зайнаас ажиллах бодлогоо хумих болсон билээ.
🍋 Монголбанк инновацын оффистой боллоо. Өмнө нь Монголбанкны хэлтсүүд финтектэй холбоотой зөвшөөрөл, хууль эрх зүйн зөвлөгөөг өгч ирсэн бол инновацын төв байгуулагдсанаар финтекүүдийн зөвшөөрөл авах процесс, бүрдүүлэх материалтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй өгөх боломжтой болоод буй.
🍋 Францаас Монголд суух шинэ Элчин сайдаар Коринн Пэрера Да Силва томилогдов. Тэрбээр цаашид Монгол болон Францын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, эрчим хүч, онцгой байдал, тээврийн салбарт хамтарсан төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
🍋 Байгальд ээлтэй эрүүл мэндийн системийн техникийн сургалт Монголд анх удаа боллоо. Тус арга хэмжээг Канадын ЗГ-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулсан бөгөөд 18 гаруй орны 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон юм. Эрүүл мэндийн салбар хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг бөгөөд тус систем нь үүнийг бууруулахад чиглэсэн ухаалаг систем аж.
✈️ Бебинка хар салхитай холбоотойгоор Шанхай олон зуун нислэгээ цуцалж байна. (NikkeiAsia)
🥊 Америк TikTok 2 зодолдсоор. (Sherwood)
⚙️ Intel Amazon-н вэб үйлчилгээнд зориулсан хиймэл оюун ухаант чип үйлдвэрлэнэ. (TechnologyMagazine)
🔎 “Made in Russia” ажил хэрэгч арга хэмжээгээр юу болов? (MongolChamber)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply