!!️ Тэнэсэн компани

Хувьцааны төвлөрөл хэр байв? | $BLSH: Дебют арилжаа яг л бух | Pocket Safe

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  2026 оныг боловсролыг дэмжих жил болгосон. Бодит байдалд бид хөнгөлөлттэй зээлээр л сургуулиуд, цэцэрлэгүүдийнхээ тоог нэмэх нь. Юутай ч 108 сургууль, 95 цэцэрлэгийг $105 саяар барихаар болж. Барилгаас гадна боловсролын чанар сайжраасай даа. 🙏

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн 7-р сард мөнгөний нийлүүлэлт (M2) өмнөх оны мөн үеэс 3.7% өсөж ₮43.3 их наядад хүрээд байна.

ETT: Өчигдөр Эрдэнэс Тавантолгой ХК уул уурхайн бүтээгдэхүүний 3 арилжаанд амжилттай оролцож, $43.6 саяыг борлуулсан буюу онцгой дэглэм тогтоосон үед олсон орлогын талыг зөвхөн өчигдөр хийлээ.

GOV: Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн онд хөдөлмөрийн чадвар алдсан 72.6 мянган тэтгэвэр авагчдад ₮448.2 тэрбумыг олгожээ.

‼️ ТЭЦ-5 ба тэнэсэн компани  

Одоогоос 14 жилийн өмнө 2011 онд л ТЭЦ-5 буюу дулааны 5-р цахилгаан станцыг юу юугүй барихаар зэхэж байлаа. 2012 онд ТЭЦ-5 удахгүй баригдана гэж шуурч байв. ТЭЗҮ боловсруулж тендер зарлаад л. Харин одоо энэ асуудал юу болоод байна вэ? 

🧐 Ямар гээч дуншсан станц вэ?

2012 онд ярьж байснаар бол аль 2015 онд 450 МВт-ын хүчин чадалтай станцтай болчихоор байв. Гэтэл 2013 онд станцын байршлыг дахин сольж, үүнээс цааш 2016 он хүртэл гүйцэтгэгч компанийн нэр янз бүрээр солигдож, хувь эзэмшил яригдаж, гэрээ хүртэл үзэглэсэн ч хуулийн орчин тодорхойгүй гэх шалтгаанаар бүтэлгүйтэж байв.   

🔍 2025 онд юу өөрчлөгдөв? 

Одоогийн ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Таван шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4-р хороолол, 1-р хорооллыг дулаанаар хангана гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах учиртай. Хэрэгжүүлэх өртөг нь $600 сая. Үүний 20%-ийг нийслэл, үлдсэн 80%-ийг нь төр, хувийн хэвшил гаргахаар тохирсон юм байх. 

  • 📌 Тендер юу болов? Ингэж явсаар энэ оны 6-р сарын байдлаар урьдчилсан шалгаруулалтын 1 сарын хугацаанд 4-5 компани саналаа өгөхөөр бэлдэж эхэлж. Одоо уг станцын тендерийн шалгаруулалт тун дөхсөн бөгөөд 2 компани тунаж үлджээ. Үүний нэг нь Шунхлай Холдинг ХХК, нөгөө нь MiTime International гэх компани.

🔖 Тодорхой ба тодорхой биш

Шунхлай Холдингийн тухайд 2005 онд үүсгэн байгуулагдаж 15 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй. Харин Камбож улсын харья MiTime компанийн хувьд 2022 онд Митайм монголиа гэх компанийг үүсгэн байгуулж Монголд эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг. Уг компанийн мэдээлэл хомс бөгөөд FB хаяг нь 4 дагагчтай. Хамгийн гол нь MiTime гэх компани өмнө нь Тавантолгойн цахилгаан станцын тендерийг гацааж, шүүхтэй орооцолдож байв. 

  • Тэдний Тавантолгойн ДЦС-ын тендерт өгсөн материал нь баталгаагүй буюу төсөл хэрэгжүүлсэн гэх гэрээ, зураг төслийн бүртгэл байхгүй, ажилтны тоо бага, вэбсайт ч үгүй, тамга, гарын үсэг нь ч зөрүүтэй байсан тул тендерийг цуцалж байлаа. Оюу толгойн эрчим хүчийг хангах энэ том төсөлд ийм компанийг тендерт ялуулсан нь гайхмаар.  

  • Нэмээд уг компанийн үүсгэн байгуулагдсан он нь зөрүүтэй, хэрэгжүүлж байсан төслийнх нь мэдээлэл олон улсын мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй буюу хуурамч байж болзошгүй байна. Мөн Гүйцэтгэх захирлынх нь нэр байгаа ч зураг нь байхгүй ажээ. 

Эцэст нь… Бид эрчим хүчний асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй байгаа. Гэтэл чухал төслүүдийн тендерт гаднаа гяланцаг материалтай, дотроо паланцаг байдалтай хэн нь мэдэгдэхгүй компани тунасан байх гэж.

  • 👔 CEO нарт зориулсан сургалт зарлагджээ. (MongolChamber)

  • ⛓️ Авлига, хээл хахуультай ингэж тэмцдэг. (BBC)

  • 🕵️ Youtube хэрэглэгчдийнхээ насыг AI-р ашиглан илрүүлдэг болно. (Variety)

  • 👚 Хувцасны шүүгээгээ нэг цэгцлэх үү дээ? (Gogo)

🐂 $BLSH: Дебют арилжаа яг л бух

BLSH: Саяхан криптовалютын бирж Bullish олон нийтэд нээлттэй болж $1.1 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Үүний дараа хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд компанийн нэгж хувьцааны үнэ $90-т хүрч нээгдсэн буюу IPO-н үнээс даруй 143% өсжээ. Гэвч тухайн өдөр хувьцааны нэгж үнэ унаж $68 хүрч хаагдсан ч IPO-н үнээс 83.9% өндөр хэвээр байна. Тус компани нь 2021 онд байгуулагдсан бөгөөд криптовалютын зах зээлийн томоохон вэсайтын нэг CoinDesk-г эзэмшдэг аж.

♨️ Хувьцааны төвлөрөл хэр байв? 

Сүүлийн 10 жилд МХБ (MSE)-д бүртгэлтэй ХК-иудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 1.9 дахин өсөж 617.1 мянгад хүрчээ. Мөн жижиг хөрөнгө оруулагчдын тоо жилд дунджаар 7.9% нэмэгдэж буй ч хувьцааны төвлөрөл сайжрахгүй хэвээр байна.

🧰 Том тойм

Энэ оны эхний хагаст $MSE-д бүртгэлтэй 319 ХК-ийн хувьцааны бүтцээс харахад нийт хувьцааны 86.3%-ийг 1,066 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч төвлөрүүлжээ. Харин 617.1 мянган жижиг хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 13.7%-ийг эзэмшиж буй. Сонирхуулахад, сүүлийн 10 жилд нийт гаргасан үнэт цаасны тоо 3.5 дахин нэмэгдсэн бөгөөд энэ хугацаанд $MSE дээр нийт 27 ХК-ийн IPO хийгджээ

📸 ТОП-20 зураглал

Энэ оны эхний хагас жилээр томчуудыг ажиглавал нөлөө бүхий нийт 61 хувьцаа эзэмшигч тухайн компанийн дунджаар компанийн 79.8%-ийг эзэмшдэг аж. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшил дунджаар 20.2% байгаа юм. Өөр сонирхолтой тоо юу байна? 

  • 34.3 мянга: ХААН Банк (KHAN)-ны жижиг хувьцаа эзэмшигч 34.3 мянгад хүрснээр хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй компани болов.

  • 40.1%: ТОП-20 компаниас нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хамгийн султай нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) ба 5 том хувьцаа эзэмшигч компанийн 40.2%-ийг эзэмшдэг аж.     

  • 8: Инновэйшн Инвестмент (QPAY) нь 8 нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэйгээр ТОП-20 компанид тэргүүлж байна.

Эцэст нь… Хөрөнгө оруулагчдын тоо жилээс жилд өсөж байгаа нь таатай ч хувьцааны төвлөрөл хангалтгүй хэвээр буй нь бага зэрэг гунигтай. Наад захын жишээ бол жижиг хувьцааны эзэмшигчдийн эрх ашиг заримдаа оюуны өмчийн маргаан мэт үл тоогдох нь бий. 😬

💡 Таавар таацгаая. 

… нь компанийн зах зээлийн үнэлгээг орлуулалтын зардалд харьцуулсан харьцааг хэлнэ. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

🔐 Pocket Safe: Халаасандаа мөнгөө өсгө

Мөнгөө найдвартай, баталгаатай өсгөхөд туслах Pocket Safe итгэлцлийн бүтээгдэхүүн мэндэлжээ! 📢

✍️ “Итгэлцэл” гэдэг нь хөрөнгийг тань найдвартай хадгалж, тохирсон хугацаандаа үр шимтэй нь хамт төлдөг санхүүгийн үйлчилгээ юм. Тэгвэл Pocket Safe ямар давуу талтай вэ?

  • 🪺 Бүгдийг багтаасан: Pocket Safe-д мөнгөө даатган байршуулснаар  “Зорилтот, Ухаалаг, Уян, Өндөр дүнтэй” зэрэг 4 төрлөөс хөрөнгийн өсөлтийн үр шимээ ямар хугацаанд, хэр өндөр өгөөжөөр хүртэхээ сонгох боломж олгожээ.

  • 👛 Халаасандаа мөнгөө өсгө: Ийнхүү орчин үеийн технологийн гайхамшгаар мөнгөө биет хэлбэрээр авдар сав, чемоданд хадгалдаг байсан үе халагдаж, дижиталаар, гол нь өсгөх боломжтойгоор байршуулдаг болж буй.

Эргэн дурсвал, Монголчууд 1940 он хүртэл өнөө муу арслантай авдартаа л мөнгө, хөрөнгөө цуглуулж ирлээ шүү дээ. 💰

Joins

🍋 Өмнөд Солонгосын төлбөрт стриминг үйлчилгээний салбарын орлого энэ оны I хагаст $1.1 тэрбумд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19% өссөн дүн бөгөөд үүний зэрэгцээ тус үйлчилгээний хэрэглэгчдийн тоо сүүлийн 6 сарын хугацаанд 6.5% нэмэгдэж 24.5 сая болсон байна. Тэгвэл зах зээлийн 33%-ийг Netflix (NFLX), 37%-ийг дотоодын TVING-Wavve эзэлж ана мана өрсөлдөж буй. Netflix-н зах зээлийн хэмжээ ийн томроход Squid Game ихээхэн нөлөөлжээ.

🍋 Америк чухал ашигт малтмалын салбараа $1 тэрбумаар дэмжинэ. Санхүүжилтийн тэн хагасыг чухал ашигт малтмал дахин боловсруулах, батарей үйлдвэрлэх, 14%-ийг ховор элемент, хаягдал боловсруулах, 5%-ийг ховор элементтэй соронз, хагас дамжуулагч боловсруулахад зориулах бол үлдсэн 27%-ийг аж үйлдвэрийн байгууламжуудад цутгах нь. Энэ санаачилга нь Америкийн эрчим хүчний хөгжлийг дээд хэмжээнд ашиглах зорилтын нэг хэсэг юм. 

🍋 “Дашваанжил Групп” ХХК Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо (WLGA)-той хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Хамтын ажиллагаа нь Монголын эрчим хүчний эх үүсвэрийг шинэчлэх замаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэх аж. WLGA-н хувьд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хөгжиж буй 11 улсын мод, нүүрс хэрэглэдэг 900 сая орчим иргэдийг хийн түлш хэрэглэдэг болгосон арвин туршлагатай гэнэ. 

🍋 Монгол, Америк цахим хөгжил, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Тодруулбал, Монголын талаас Google (GOOG), Paypal (PYPL) тэргүүтэй ОУ-ын төлбөр тооцооны хэрэгслүүдийг Монголд нэвтрүүлэх, стартапуудыг бойжуулах чиглэлээр туршлага судлахыг хүсэв. Тэгвэл Америкийн зүгээс кибер аюулгүй байдал, зайнаас тандан судлах, сансар судлал, IT чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.