- Lemon Press
- Posts
- 💱 Доллар суларч Төгрөг чангарав
💱 Доллар суларч Төгрөг чангарав
Нефтийн акулуудын ээлжит орлогын тайлан болон долларын ханшийн тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Хаврын улиралд хөрөнгийн зах зээл идэвхэждэг жамтай билээ. МХБ-ийн цахим хуудаст хувьцаат компаниудын хурлын шийдвэрүүд гарсаар байгаа шүү. Орж сонирхоорой. Зарим компанийн ТУЗ-ын даргын цалин ₮10 сая байгаа сурагтай. 📃
*Нэг өдрийн өөрчлөлт
FED: Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 10 дахь удаагаа дараалан өсгөлөө. Энэ удаад бодлогын хүүг 0.25% нэгж хувиар өсгөж 5%-5.25% орчимд хүргэлээ.
CTM: Гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний 4 сард жилийн өмнөхөөсөө 50.4% өсөж $7.7 тэрбум боллоо.
AUS: Австралийн төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж 3.85%-д хүргэв.
💱 Доллар суларч Төгрөг чангарав
Он гарсаар $1=₮3,500-ийг давж гол усаар нэг шуум болсон билээ. Харин 3-р сар гарснаас хойш долларын ханш төгрөгийн эсрэг 1.4% сулраад байна.
Нөхцөл байдал
Валютын ханшид бодлогын хүү, инфляц, ЭЗ-ийн бусад үзүүлэлтүүд, улс төрийн шийдвэр, ЗГ-ын өр, ЗЗ-ийн мэдрэмж зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Тэгвэл, төгрөгийн ханш чангарахад эдгээр хүчин зүйл яаж нөлөөлөв?
Нөөц 🆙: Нийт валютын нөөцийн хэмжээ жилийн өмнөхөөсөө буюу арилжааны банкнууд $-ын гүйлгээнд лимит тогтоогоод байсан үеэс 11.6% өсөж $3.7 тэрбумд хүрээд буй. Валютын нөөц ихсэх нь импортын зардал огцом өсөх зэрэг гаднын нөлөөллөөс хамгаалах, валютын тогтвортой байдлыг хангах замаар хөрөнгө оруулагчдыг татаж мөнгөн тэмдэгтийн эрэлтийг нэмэгдүүлэх юм.
Ашигтай худалдаа: Түүнчлэн энэ I улирлын экспортын хэмжээ жилийн өмнөхөөс 96%, импорт 14.7% тус тус өссөнөөр нийт бараа эргэлт $5.7 тэрбумд хүрсэн. Улмаар гадаад худалдааны ашиг 7.9 дахин өсөж $1.8 тэрбум болов. Мэдээж гадаад худалдааны ашиг нэмэгдэх нь валютад эергээр нөлөөлж буй.
No more Gerege: Цаашлаад ЗГ 2022 оны сүүлээр Чингис бондын үлдэгдэл $136.8 саяыг төлсөн бол энэ сарын 1-нд Гэрэгэ бондын үлдэгдэл $368,7 саяыг барагдуулаад буй. Энэ нь манай зээлжих чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлснээр валютын эрэлтийг нэмж, ханш чангарах нөхцөл бүрдэх юм.
Нөгөө талаас
Өнгөрсөн оны 9-р сард сүүлийн 5 жилийн дээд түвшин буюу $112.1-т хүрээд байсан долларын индекс (USDX) тухайн үеэсээ 9.4% унаад байна. Үүнд бүх улс орнууд төлбөр тооцоогоо доллароор хийдэг байсан цаг үе алсарч юань болон дижитал валютууд хүчээ авсан нь нөлөөлөв. Тиймээс долларын индексийн бууралт нь бусад валютын ханш чангарахад хүргэж буй.
Эцэст нь… Төгрөгийн чангарлыг урт хугацаанд хадгалахын тулд экспортын өрсөлдөх чадварыг дэмжих, цаашлаад улс төрийн тогтвортой байдлыг хангах замаар бизнесийн таатай орчныг хадгалж валютын ханшийг бэхжүүлэх хэрэгтэй байна даа.
Тайлан ⬆️ хувьцаа ⬇️
SBUX: Starbucks-н ээлжит улирлын орлого өнгөрсөн жилээсээ 14% өсөж $8.7 тэрбумд хүрснээр шинжээчдийн таамгийг давлаа. Улмаар ашиг нь 34.5% өсөж $908 сая болов. Үүнд компанийн Хятад дахь салбарын дэлгүүрийн борлуулалт 3%, цаашлаад ОУ-ын борлуулалт нь 7% өссөн нь нөлөөлсөн аж. Гэсэн хэдий ч тус тайлангийн араас хувьцааны үнэ нь 5% унаж $114.6-т хүрэв.
🛢️ Газрын тосны акулуудын удаашрал
2023 оны эхлэл газрын тосны компаниудад тийм ч таатай байсангүй. Учир нь 2022 онд 1 баррель газрын тосны үнэ $90 байсан бол 2023 оны I улиралд $70 болж буураад байна.
Газрын тосны акулууд I улиралд
ExxonMobil (XOM): ExxonMobil-н борлуулалтын орлого 2023 оны I улиралд өмнөх жилийн мөн үеэс 5% буурч $83.6 тэрбум болжээ. Түүнчлэн ЕХ-ны эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй татварын бодлого чангарсны улмаас компанийн татварын зардал 15% өссөн ч тэд нийт зардлаа 14.9% бууруулж чадав. Улмаар ашиг нь 2 дахин өсөж $11.4 тэрбумд хүрсэн юм.
Chevron (CVX): Тэдний I улирлын борлуулалтын орлого 7% буурч $48.8 тэрбумд хүрэв. Гэсэн ч компанийн ашгийн хэмжээ 5.2% өсөж $6.6 тэрбум болсон аж. Шалтгаан нь тэд ч мөн ExxonMobil-тай адил нийт зардлаа 9% бууруулсан байна.
PetroChina (0857. HK): Харин Хятадын PetroChina-н ашиг 11% өсөж ¥43.6 тэрбум болов. Учир нь тэд өнгөрсөн 10-р сард Хятадын өмнөд хэсэгт газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар хоногт 3.63 сая баррель газрын тос үйлдвэрлэж нэлээд эрчимтэй ажиллажээ. Уг тайлангийн араас тэдний хувьцааны ханш 5.2% өссөн аж.
Бусад: Цаашлаад газрын тос болон байгалийн хий үйлдвэрлэгч томоохон 54 компанийн 42 нь 2023 оныг тааруухан эхлүүлж байна даа.
Эцэст нь… Цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдоход газрын тосны акулуудын ашиг хэд нугарч шинэ рекорд тогтоож байсан. Гэтэл өнгөрсөн улиралд тэр хэмжээнд хүрч чадсангүй. Учир нь газрын тосны үнэ буурч байгаа нь тэдний орлогыг бууруулж, зардлаа танасан тулдаа ашигтай ажиллажээ.
+15%
ХААН Банк (KHAN)-ны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний 2 өдөр дараалан 15% өссөнөөр компанийн ЗЗ-ийн үнэлгээ ₮2.4 их наядад хүрээд амжив.
-5.2%
Харин өчигдөр тус банкны хувьцааны үнэ 5.2% унаж ₮1,201 болсноор ЗЗ-ийн үнэлгээ нь ₮2.3 тэрбум болж буурлаа.
₮462.3 тэрбум
Юутай ч тус банк ₮1.8 их наядаар үнэлэгдэж IPO хийсэн бол энэ дүнгээ ₮462.3 тэрбумаар нэмээд байна.
Автомат хөрөнгө оруулагч - Telexa.mn
Та хэзээ, юунд хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байна уу? Тийм бол Telexa автомат хөрөнгө оруулалтын платформ танд туслах нь ээ. 😎
Ямар онцлогтой платформ бэ?
Хөрөнгө оруулалтын багц: Гадаад хувьцаа, алт, токенжуулсан хувьцаа болон бутархай ҮХХ зэрэг хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүнүүдээс сонгон багцаа бүрдүүлэх боломжтой;
Автомат хөрөнгө оруулалт: Банкны картаа холбож, өдөр бүр, 7 хоног эсвэл сар бүр тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх тохиргоо хийснээр таны бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын багц руу автоматаар орох гэнэ.
🔗 За тэгээд ЭНД дарж апп-аа татаад тогтмол хөрөнгө оруулалт хийгээрэй.
🔹Golomt Capital Championships-н тэргүүн байрны оролцогч энэ 7 хоногт 47.5%-ийн өгөөжтэй байв. ТОП-50 оролцогчдын 61% нь Хойд Америк, 39% нь Ази, Номхон далайн орнуудын ЗЗ-д хөрөнгө оруулжээ. Сонирхуулахад, уралдааны оролцогчдод зориулсан ХО-ын сэтгэл зүй сургалт 5 сарын 6-нд болно.
🔹МХБ (MSE) Будапештын хөрөнгийн биржтэй хамтарна. Тус хамтын ажиллагааны хүрээнд тэд ЗЗ-ийн мэдээллээ солилцох, хувьцаа, ХО-ын сангийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах зэргээр хамтран ажиллах гэнэ.
🔹М банкны харилцах, хадгаламжийн хэмжээ I улиралд үүсгэн байгуулагдсан цагаасаа 6.4 дахин өсөж ₮79.4 тэрбум болов. Үүнд тэдний 10 найзаа М банкны харилцагч болгоод ₮200 мянгын бэлэг авах урамшуулал нөлөөлсөн бололтой. Сонирхуулахад, тус урамшуулал энэ сарыг дуустал үргэлжлэх аж.
🔹Америкт цомхотгол сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тодруулбал, нийт ажлын байрны тоо он гарсаар тасралтгүй буурч, 3-р сард л гэхэд өмнөх сараасаа 384,000-аар багасаж 9.6 сая болсноор 2021 оны 4-р сараас хойших хамгийн доод түвшинд очив.
JUST IN: Mongolian Stock Exchange market cap just reached ₮9,000,000,000,000 (~$2.6 billion).
@StockExchangeMN
#MSE#Mongolia
— Inside Mongolia (@Inside_Mongolia)
2:46 AM • May 3, 2023
dApps-н супер хүч нь юу юм бэ?
Блокчэйнийг бизнестээ нэвтрүүлье гэвэл dApps буюу төвлөрсөн бус бүтэцтэй апп хэрхэн ажилладгийг ойлгох хэрэгтэй. Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүк апп-аар жишээ болгож dApps гэж юу болохыг тайлбарлая.
Уламжлалт апп vs. dApps
Одоогийн фэйсбүүк апп дээр бий болж буй мэдээлэл Meta-н сервер дээр хадгалагдаж, апп дээр ямар нэгэн шинэчлэлт хэрэгтэй гэж үзвэл компанийн зүгээс кодоо өөрчлөх, эсвэл шинээр бичих байдлаар өөрчилдөг. Энгийнээр хэлбэл, тэд бидний нүднээс далд юу хийж буйг мэдэх боломжгүй хаалттай байдлаар ажилладаг юм.
Харин dApps хувилбар нь апп дээр үүсэж буй бүх мэдээллийг блокчэйн дээр хадгалж, тэрхүү мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн ашиглах зэргийг хэрэглэгчид өөрсдөө шийддэг. Өөрөөр хэлбэл, бидний мэдээллийг хэн нэгэнд зардаг болов уу гэж хардах шаардлагагүй болох билээ. Түүнээс гадна фэйсбүүкийн алгоритм танд нэг л таалагдахгүй байвал түүний арын кодыг ч өөрчлөх эрх бий болно.
dApps Монгол хувилбар
Дээрх яриа танд арай л холын санагдаж байж болох ч TEO блокчэйн Монголд хэд хэдэн dApps-г танилцуулаад буй. Тухайлбал тэдний бүтээсэн бичиг баримт болон дипломыг блокчэйн дээр баталгаажуулдаг Certify, Notly зэрэг апп-ууд нь dApps-н жишээ билээ. Тэгэхээр эдгээр платформ дээр бий болж буй мэдээллүүд блокчэйн дээр бүртгэлтэй байхаас гадна платформын үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой гэсэн үг юм.
Editor: Э.Золбаяр
Writers: А.Баттүвшин, С.Ангирмаа, М.Хулан, Г.Мөнхцолмон
Graphics by: О.Баасандорж
Reply