- Lemon Press
- Posts
- 🛢️Газрын тосны хайгуулын ажил
🛢️Газрын тосны хайгуулын ажил
Технологийн томоохон компаниудын хагас жилийн тайлан болоод Монголоос Америкт айлчилсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд нарын талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Нийслэлд өнөөдрөөс эхлэн 5 хоногийн турш 29-34 градуст хүрч халах төлөвтэй гэнэ шүү. Уншигчид минь наршихаас сэргийлээрэй. ☀️
FED: ХНС бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөж 5.25%-5.5% болгосноор 2001 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
MNG: Монгол болон Европын Холбоо Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах шийдвэрийг үзэглэв.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮3.5 тэрбумын репо зээл арилжаалагджээ.
✈️ Ерөнхий сайдын айчлал
Удахгүй Ерөнхий сайд Америкт дээд хэмжээний айлчлал хийх товтой байгаа. Ингэснээр тэрээр Америкийн Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн дээд түвшинд айлчлал хийсэн 3 дахь Ерөнхий сайд болох нь.
Түүхэн айлчлал
Америкийн Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн дээд түвшинд 1990 онд Монголын анхны Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн албан ёсны дээд хэмжээний айлчлал хийснээс 28 жилийн дараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх айлчилсан байдаг. Харин ТНБД-ын түвшинд 9 Ерөнхий сайд нар айлчилж байв. Цаашлаад, өмнөх 5 Ерөнхийлөгч нарын хувьд бүгд бүрэн эрхийнхээ хугацаанд Америкт албан ёсны айлчлал хийжээ.
Америкийн талаас: 2 улсад дипломат харилцаа тогтоохоос 43 жилийн өмнө Америкийн Дэд Ерөнхийлөгч анх удаа Монголд айлчилж байв. Үүний дараагаар, 2005 онд Ерөнхийлөгч асан Жорж Буш, 2011 онд Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден тус тус айлчлал хийжээ.
Айлчлалын үр дүн
Өнгөрсөн хугацаанд дахь дээд түвшний айлчлалаар хамтарсан мэдэгдлүүд гарч байснаас онцлоход,
2007 онд: Мянганы сорилтын компакт гэрээг үзэглэж $285 саяын буцалтгүй тусламж авч байв.
2018 онд: Мянганы сорилтын сангийн $350 саяын 2 дахь компакт гэрээнд гарын үсэг зуржээ.
2019 онд: Монгол, Америк Иж бүрэн түншлэлээс Стратегийн түншлэлтэй улсууд болсон юм.
Хамтын ажиллагаа
2018 онд хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр 2 орны хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг зарлаж байв. Гэсэн ч үүний дараа цар тахал, Орос Украины хямрал, шинэ түвшний түншлэл гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан шинэ буюу Стратегийн түншлэлийн замын зургийг боловсруулах шаардлагатай болсон. Тус замын зураглалын тэргүүлэх чиглэлд,
2013 онд байгуулсан ОУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ил тод байдлыг хангах хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх,
Шууд нислэг үйлддэг болох,
Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдийг тусгах саналтай байгаа аж.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд Америк Монголын дипломат харилцаа эрчимтэй өрнөж байгаа. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр ч 2 улсын хооронд шууд нислэг үйлддэг болох, эдийн засгийн чухал ач холбогдолтой олон асуудлыг хэлэлцэх тул анхаарлаа хандуулахад гэмгүй биз ээ.
💊 Цэвэр ашиг +38%
👓 Microsoft, Google, Meta энэ оны эхний хагаст хэр ажиллав?
Технологийн гигантуудын оны эхний хагасын тайлангийн цуваа үргэлжилсээр байна.
Яг л хүлээсэн шиг…
Microsoft (MSFT)-н хагас жилийн орлого өмнөх оны мөн үеэс 8% өсөж $56.2 тэрбумд хүрч шинжээчдийн тооцооллоос хол зөрсөнгүй. Өссөн ч энэ нь 2017 оноос хойш анх удаа 3 улирал дараалан 10%-иас доогуур гарсан гэх тодорхойлолтод хүргэв. Харин өмнөх улиралд $16.7 тэрбум байсан цэвэр орлого нь $20.1 тэрбум болжээ.
Өсөлтийн онцлог
Amazon (AMZN)-той өрсөлддөг Microsoft-н Azure-н OpenAI үйлчилгээ нь 5-р сард 4,500 гаруй хэрэглэгчтэй байсан бол өдгөө 11,000 гаруйд хүрчээ. Улмаар Azure-н орлого 27% өсөж анх удаагаа нийт орлогын 50% гаруйг бүрдүүлэв
Тус компанийн судалгаа, хөгжүүлэлтийн зардал 2016 оноос хойш анх удаа буурчээ.
Хүлээлтээс илүү…
Meta (META)-н орлого $32 тэрбумд хүрч өмнөх жилийн мөн үеэс 11% өсөв. Энэ нь 2021 оны IV улирлаас хойш анх удаа 2 оронтой тоогоор өссөн үзүүлэлт аж. Оны эхний хагаст тэдний дижитал зар сурталчилгааны зах зээл сэргэсэн нь өсөлтөд голлон нөлөөлжээ.
Улам илүү өснө: III улиралд Meta өсөлтөө хадгалан $32-$34.5 тэрбумын орлого олно хэмээн таамаглаж буй. Llama 2, Threads, Reels, AI-н шинэ бүтээгдэхүүн болон намар нээх Quest 3 нь илүү өөдрөг зураглалыг гаргахад түлхэц болж байгаа тухай Марк Зукерберг мэдэгдэв.
Өндөр өсөлтөд тэмүүлнэ…
Үүлэн тооцооллын бизнес өсөж, дижитал зар сурталчилгааны үндсэн бизнес нь тогтворжсоноор Alphabet (GOOG)-н орлого оны эхний хагаст $74.6 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 7% өсөв. Түүнчлэн тэд $18.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж шинжээчдийн таамгийг давлаа.
Задлаад харвал:
Google-н зар сурталчилгааны бизнес өмнөх онд $56.3 тэрбум байсан бол эхний хагаст $58.14 тэрбумын орлоготой,
Мөн үүлэн тооцооллын бизнес нь $8.03 тэрбумын орлого олсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад бараг 28% өссөн зэрэг нь өсөлтөд голлон нөлөөлөв.
Эцэст нь… Технологийн аваргуудын тайлан төсөөллөөс давсан ч хөрөнгө оруулагчид тэдний хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашигт ажиллагаанд нэлээд анхаарч, ирэх улиралд илүү өндөр хүлээлт тавьж байна.
KFC-н жинхэнэ логог олоорой. Эргэн тойронд тань KFC идэх дуртай хүн байвал таалгаарай. 🍗
🔹Golomt Championship-н 19 дэх 7 хоногт оролцогч Goldie тэргүүлсээр байна. Тэмцээн эхэлснээс хойш ТОП-100 оролцогчдын хуримтлагдсан өгөөж 28% байжээ. Сонирхуулахад, өнгөрсөн 3-р сараас тэдний багцын хамгийн өсөлттэй байсан хувьцаанд META (META), Rivian (RIVN) багтаад буй.
🔹Оюу толгой ХААН Банк (KHAN) болон ХасБанктай (XAC) хамтран ажилтнууддаа тэтгэвэр, хуримтлалын сангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулав. Ингэснээр 8 сарын 1-нээс эхлэн компанийн үндсэн ажилтнууд цалингаасаа сар бүр хуримтлал үүсгэх ба компаниас үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцүү дүнг нэмэх аж.
🔹Samsung (005930.KS)-н энэ оны II улирлын орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 6% буурч $47 тэрбумд хүрчээ. Улмаар ашиг нь 95% буурч $527 сая болжээ. Үүнд, гар утасны эрэлт буурч, борлуулалт 22% буурсан нь голлон нөлөөлжээ.
🔹Газрын тосны талбайн хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байна. Тус сонгон шалгаруулалт нь 7 сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд хайгуулын талбай нь Нялга XVI, Хөх нуур XVIII, Сүхбаатар XXVII аж. Түүнчлэн хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хоног байх гэнэ.
🔹Ард Кредит ББСБ ХК-ийн (ADB) энэ оны II улирлын хүүгийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1.4% буурч ₮5.7 тэрбумд хүрэв. Гэсэн ч ашиг нь 52% өсөж ₮1 тэрбумд хүрээд буй. Үүнд, үндсэн бус үйл ажиллагааны орлого нь 437% өсөж ₮1.4 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлөв. Харин үндсэн үйл ажиллагааны алдагдал нь ₮285 саяд хүрээд буй.
Гоё үндэсний бүтээгдэхүүн гарч ирээд, тэгсгээд газар авахгүй алга болчих вий гэж өмнөөс их санаа зовох юм. Чонон хармаг буюу goji berry, үхрийн нүд, жамбын холимог ийм сайхан шүүс бүтээгдэхүүн болжээ. Хүннү 22-ийн Хүннү дэлгүүрт бн лээ. Өөр хаагуур бгаг мэдэхгүй. Нэмэлт чихэргүй
— Khulan Bat-Erdene (@BatKhulan)
3:53 AM • Jul 27, 2023
Сонирх: SEC-с крипто биржүүдэд зориулсан шинэ хуулийг баталлаа. (TheVerge)
Унш: AI-г ажлын ярилцлага авахад ашиглах нь. (Forbes)
Мэд: Японы хүн амын огцом бууралт. (CNN)
Үз: Бизнес эрхлэгчдийн заавал үзэх 7 кино. (Business.mn)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Пүрэвжаргал, М.Хулан
Graphics by: О.Баасандорж, Ц.Цэлмэг
Reply