- Lemon Press
- Posts
- ⚔️ Хөрөнгийн зах зээлийн маргаан
⚔️ Хөрөнгийн зах зээлийн маргаан
ҮЦК-иудын маргаан болоод оюуны өмчийг ЭЗ-ийн эргэлтэд оруулах талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. ЕБС болон цэцэрлэгийн урсгал засварын ажил 80%-тай байгаа сурагтай. Хичээлийн шинэ жил эхлэх ч дөхөж байна даа. 🔔
KOR: Өмнөд Солонгосын ДНБ энэ оны II улиралд 0.6% өслөө.
CHN: Өнгөрсөн улиралд Хятадын гадаад мөнгөн гүйлгээний 49%-д юань ашиглагдаж, анх удаа долларыг давав.
GOV: Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт аттестатчилал явуулан засаглалыг шинэчилнэ.
⚔️ Хөрөнгийн зах зээлийн маргаан
ТОП банкнуудын IPO элдэв асуудалгүй болоод өнгөрсөн билээ. Гэхдээ ХААН Банкны IPO-той холбоотой нэгэн асуудал үнэт цаасны компаниудын (ҮЦК) хооронд өрнөж байна.
Юу болов?
ХААН Банкны хувьцаа хоёрдогч дээр гарсны дараа Таван богд Капитал ҮЦК-иас “Бид өнөөдөр ХААН Банкны хувьцаагаа 36%-ийн ашигтай зарсан” гэх пост оруулсан. Хариуд нь Ашид ассет капитал ҮЦК-ийн захирал А.Батпүрэв өөрийн фэйсбүүк хуудсандаа:
“Таван богд капитал ҮЦК нь ХААН Банкны андеррайтераар ороод бусад хувьцаагаа зарж, ХААН Банк авахыг ил уриалж хөөрөгдөж байснаа хоёрдогч арилжаа эхлээд 2 хоногийн дараа 36%-ийн ашигтай dump хийлээ. Өндийж ядаж байгаа хөрөнгийн захаа ингээд сонирхлын зөрчил, дотоод мэдээллийн давуу тал, манипуляцид автуулчихвал…” гэх нийтлэл оруулсан. Мөн Өлзий энд КО капитал ҮЦК-ийн захирал Б.Өлзийбаяр тус нийтлэлийг дэмжин өөрийн фэйсбүүк хуудсаар олон нийтэд хуваалцсан юм.
Гомдол: Үүний хариуд Таван богд Капитал ҮЦК компани нэр хүндэд нь халдсан гэж үзэн ШӨХТГ-т Ашид ассет капитал болон Өлзий энд КО капитал нарт гомдол мэдүүлжээ.
Хариу: А.Батпүрэвийн ШӨХТГ-т өгсөн тайлбараас
Pump & Dump хийсэн гэх байр суурь хэвээр: Таван богд капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ IPO үеэр ХААН Банкны хувьцаа авахыг удаа дараа, ил тод уриалж байгаад 36%-ийн өсөлт дээр өөрийн эзэмшиж буй хувьцаагаа зарсан нь баримттай.
Сонирхлын зөрчил байх магадлалтай: ХААН Банкны хоёрдогчын арилжаа эхэлсэн 7 хоногт ₮7.5 тэрбумын хувьцаа арилжаалагдсаны ₮2.7 тэрбум нь Таванбогд капитал ҮЦК-аар дамжсан байдаг. Тэд үнэ тогтворжуулаагүй харин ч унахад нөлөөлсөн. Түүгээр зогсохгүй Таван богд капитал ҮЦК нь Хаан Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Таван богд” группийн охин компани гэдгээрээ бүр ч илүү сонирхлын зөрчилтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Эцэст нь… СЗХ-ноос Таван богд капитал ҮЦК-д зах зээлийг урвуулан ашигласан эсэх асуудлаар зөрчлийн хэрэг үүсгэж ажиллаад хэрэгсэхгүй болгосон байна. Харин үүнийг ШӨХТГ хэрхэн шийдвэрлэх бол?
Жич: Таван богд капитал ҮЦК-с тодруулга хүссэн ч одоогоор хариу ирүүлээгүй болно.
🥚 Ашиг +54%
🧐 Оюуны өмчийн үнэлэмж
Giphy
Караокед дуулсан 1 дуу бүрээс тань уран бүтээлчдэд ₮500 өгдөг болбол ямар вэ?
Соёлын бүтээлийг ашиглах
Өнгөрсөн хавар Соёлын яамны өргөн барьсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх товтой байгаа. Тус хуулийн төслийн онцлох хэсэг нь соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тухай байв.
Ингэхдээ: Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах бүрд бүртгэж, хянах системтэй болсноор уран бүтээлч бүтээлээ ЭЗ-ийн эргэлтэд оруулах буюу караокений 1 дуунаас ₮500 авдаг болох талаар яригдах болов.
Асуудал
Сүүлийн жилүүдэд хүмүүс CD худалдан авахаас илүү хүссэн платформоороо дамжуулан дуу сонсох болсон. Энэ тал дээр Монголд MMusic хэрэглэгчийн сонгосон багц болон сонсолтын тооноос хамаарч сонсолтын орлогын 60%-70%-ийг уран бүтээлчдэд өгдөг аж. Өөр хаана хамгийн том ЗЗ байна вэ, гээд харвал мэдээж караоке. Гэсэн ч тус ЗЗ уран бүтээлчдэд дууг нь ашигласны төлбөр төлөх ямар ч ойлголтгүй явсаар ирсэн.
Анх удаа: Монголын дуу хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулган өчигдөр зохион байгуулагдав. Тус чуулганы гол зорилго нь уран бүтээлчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хуулиудын хэрэгжилтийг биежүүлэхэд чиглэжээ. Тэгвэл дэлхийд…
Дэлхийн жишиг
Spotify, Apple Music, YouTube Music зэрэг томоохон хөгжмийн платформ нь уран бүтээлчдэд бүтээл ашигласны төлбөр төлдөг. Жишээ нь, Spotify-р 1 дуу сонсоход уран бүтээлчдэд $0,003-$0,005-ыг төлдөг аж. Тэгэхээр Spotify дээр 1 дуу 1 сая хандалт авлаа гэхэд уран бүтээлч үүнээсээ $4.4 мянгыг олох боломжтой юм. Түүнчлэн өнгөрсөн онд тус платформоос 57,000 уран бүтээлч $10,000-ыг, 1,060 уран бүтээлч $1 саяын орлого олсон байна.
Эцэст нь… Тус хууль батлагдсанаар дан ганц уран бүтээлчдийг дэмжээд зогсохгүй, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хууль бодитоор хэрэгжиж эхлэх үндэс болох юм. Гэхдээ хууль яаж батлагдах мөн хэрэгжихүйц байх эсэх тун чухал даа.
🔹М банк нь он гарсаар эх үүсвэрийн хэмжээгээ 190% орчмоор нэмэгдүүлж ₮420.9 тэрбум болголоо. Улмаар нийт зээлийн багц нь ₮155.3 тэрбумд хүрч, хүүгийн орлого нь өнгөрсөн оны эцсээс 51% өсөж ₮18.7 тэрбумд хүрсэн байна.
🔹Оны эхний хагаст Чингис Хаан банкны ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 8.25% буурч ₮5.4 тэрбум болжээ. Тайлант хугацаанд тус банкны хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 10.9% буурч ₮8.6 тэрбум болсны зэрэгцээ чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 24% болж, 0.4% орчмоор өссөн байна.
🔹Их Британийн 1,500 гаруй апп хөгжүүлэгч хамтран Apple (AAPL)-г шүүхэд өгч, $1 тэрбум гаруйг нэхэмжилжээ. Учир нь App Store дээрх төлбөртэй үйлчилгээ бүхий апп-ийн орлогын 15%-30%-ийг тус компани хураамж болгон авдаг нь хөгжүүлэгчдийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсаар ирсний зэрэгцээ өмнө нь хэд хэдэн улсын зохицуулагч байгууллагаас уг асуудлыг шалгаж байв.
🔹Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) нүүрстөрөгчийн хийг бууруулах Offsetted платформд хөрөнгө орууллаа. Тэд уг платформоор дамжуулан байгаль орчинд ээлтэй эерэг өөрчлөлтийг авчирч ЭЗ-ийн өсөлтөд түлхэц болохуйц ногоон санхүүжилтийн боломж, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй аж.
🔹Adobe (ADBE)-н Figma стартапыг $20 тэрбумаар худалдан авах хэлцлийг Европын Холбооны зохицуулагч байгууллагууд шалгаж эхэллээ. Эрх баригчдын зүгээс тус хэлцэл нь шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж болзошгүй хэмээн үзэж байгаа бол Adobe-н зүгээс уг асуудалд чиглэсэн ямар нэг арга хэмжээ авахгүй гэдгээ илэрхийлээд буй.
Та товхимлоо хэр чанартай уншиж байна? Шалгаад үзэх үү? Доорх асуултаас бурууг нь олоорой.
A. Түмэн Шувуут ХК-ийн орлого энэ оны эхний хагаст ₮29.7 тэрбумд хүрлээ.
B. Их Британийн апп хөгжүүлэгчид Apple-г шүүхэд өгөв.
C. Хятадын юаниар хийсэн гадаад гүйлгээ 2 дахь удаагаа долларыг давсан байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтийн дагуу эрдэс баялгийн орлогыг иргэн бүрт тэгш, үр өгөөжтэй хүртээх, ирээдүй хойч үедээ хуримтлал үүсгэх, хөгжлийн томоохон төслүүдээ… twitter.com/i/web/status/1…
— С.Наранцогт (@narantsogts)
2:40 PM • Jul 24, 2023
Tech: Google Doc дээр ажиллахад улам амар болжээ. (9to5Google)
Politics: Starlink Монголд үйл ажиллагаа явуулах нь Хятадын аюулгүй байдалд заналхийлэх үү? (AsiaTimes)
LemonPedia: Машины шатахуунд зарцуулж буй зардлаа хэрхэн багасгах вэ? (LemonPress)
Business: Тэсрэлт хийн гарч ирсэн Threads-н идэвхтэй хэрэглэгчийн тоо буурсаар. (CNBC)
Зөв хариулт C. Хятадын Юаниар хийсэн гадаад мөнгөн гүйлгээ 2 дахь удаагаа биш анх удаа долларыг давсан шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: А.Пүрэвжаргал, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply