💵 $71 саяын хандив

ТОП-20 ХК-ийн 1 ажилтанд ногдох орлого | Samsung-н тайлан | Монголд ирсэн жуулчид

POWERED BY

Шинэ сарын мэнд ээ! Герман Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан "Берлин" нэртэй гудамжтай болно гэнэ ээ. Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Москвагийн гудамж гээд хотуудын нэртэй гудамж нэгээр нэмэгдэх нь дээ. 🇩🇪

*Нэг өдрийн өөрчлөлт

G7: Их 7-гийн бүлэг 2035 он гэхэд нүүрсээр ажилладаг станцуудаа хаахаар тохиролцлоо

MET: Өнгөрсөн сарын 19-ны байдлаар Монголд 120,250 жуулчин иржээ.

FR: Францаас мал аж ахуйн салбарт 800 мянгын буцалтгүй тусламжаар WIFI төслийг хэрэгжүүлнэ.

📝 GLMT: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хөрөнгийн зах зээлийн шинжээчид, сэтгүүлчид болон уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж эхэллээ. "LP Transcript"-ийн анхны дугаараар Голомт банк ХК (GLMT)-ийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна.

Хурлаас онцлох нь

Гүйцэтгэх захирал Норихико Като: Голомт банкны хувьд 2023 онд бүх үзүүлэлтүүд дээр өсөлттэй ажиллалаа. Голомт банк бол нийт хөрөнгө, нийт зээл болон харилцагчаас татсан эх үүсвэрүүдийн үзүүлэлтүүд дээр хамгийн өндөр өсөлт үзүүлсэн банк. Түүнчлэн нийт актив ₮1 их наядад хүрсэн байна. Өнгөрсөн жил бид 1 нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг ₮50-өөр хуваарилсан. Энэ жилийн хувьд 1 нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг ₮90 байхаар шийдвэрлэсэн. Бид 2025 он гэхэд ногоон зээлийн багцынхаа хэмжээг 5%, 2030 он гэхэд 10% болгон өсгөхөөр зорин ажиллаж байна. 

Тус банкны 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, ТУЗ-ийн үйл ажиллагаа, ирэх 3 жилийн төлөвлөгөө болон хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн асуусан сонирхолтой асуулт хариултыг манай вэбсайтаас уншаарай. 

ТОП-20 ➡️ 1 ажилтанд ногдох орлого = ₮560 сая

Компаниудын бүтээмжийг 1 ажилтанд ногдох орлого, 1 ажилтанд ногдох ашиг гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Тэгвэл МХБ-ийн ТОП-20 индексийн компаниудын нэг ажилтанд ногдох орлого хэд байна вэ? 

Өнөө л уул уурхай

ТОП-20 компанийн 2023 оны орлогыг нийт ажилтных нь тоотой харьцуулж харвал 1 ажилтанд ногдох орлого нь дунджаар ₮560 сая байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд эдгээр компаниудын ажилтан тус бүр компанийнхаа орлогод дунджаар ₮560 саяын хувь нэмэр оруулсан хэрэг. Уг үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь Тавантолгой ХК (TTL). Тэдний 1 ажилтанд ногдох орлого нь бусдаасаа тасархай өндөр буюу ₮3.7 тэрбум байна. Угаас уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин их байдаг хойно доо. 

  • Бүтээмж & Өсөлт: Дараагийн өндөр бүтээмжтэй компани бол Монложистикс Холдинг ХК (MLG). Өнгөрсөн онд тэдний борлуулалтын орлого 55% өсөж ₮210 тэрбумд хүрснээр 1 ажилтанд ногдох орлогоороо 2-рт эрэмбэлэгдэж байна. 

  • Шил дарам: Цааш нь харвал банк санхүүгийн акулууд 1 ажилтанд ногдох орлогоороо ар араасаа цуварсан харагдана. Салбар дундаа Инвескор ББСБ ХК (INV)-ийн үзүүлэлт хамгийн өндөр аж. Харин ТОП-20 дахь 5 банкны 1 ажилтанд ногдох дундаж орлого ₮414 сая байхад Төрийн банк (SBM)-ных үүнээс 3 дахин бага байна. Хммм… 🤔

  • Баян ходоод: Төрийн 66%-ийн эзэмшил бүхий Монгол шуудан ХК (MNP)-ийн 1 ажилтанд ногдох орлого хамгийн бага буюу ₮16.1 сая аж. Төрийн оролцоотой компаниудын бүтээмж бага байдаг нь жам юм даа. 

Олон улс ба Монгол

Дэлхий дахинд 1 ажилтанд ногдох хамгийн их орлоготой компаниудын үзүүлэлтийг гаргадаг олон судалгааны газар, медиа компаниуд бий. Хөрөнгө оруулагчид нь ч энэ үзүүлэлтийг сонирхдог. Манайханд энэ ойлголт танил биш болов уу. Бүтээмжийн асуудал, нарийн нандин тооцоолол, үзүүлэлтийг тоож анхаардаг хүмүүс нь ч ховор. Лимонууд нь энэ хандлагыг бага багаар өөрчлөх гээд хичээж л явна даа.

🥤 Coca Cola-н өсөлт

KO: Coca Cola-н орлого энэ оны эхний улиралд 3% өсөж $11 тэрбумд хүрчээ. Улмаар ашиг нь 2% өсөж $3 тэрбумд хүрсэн байна. Компанийн хийжүүлсэн ундааны бизнес тус улиралд 2%, жүүс, ургамлын найрлагатай ундааны борлуулалт нь мөн 2% өссөн аж. Сонирхуулахад, тэд Fanta, Sprite зэрэг ундааныхаа жорыг өөрчилж байгаа төдийгүй инфляцаас болж бүтээгдэхүүнийх нь үнэ жилийн дотор 13% өссөн гэнэ дээ.

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • IPO зөвшөөрөл: Хуралдаанаар Ти Эм Эл ХХК-ийн охин компани болох Эм Жи Эл Акуа ХХК-ийн нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэв.

  • Уул уурхайн брокер: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанид өгсний 1 нь Өлзий энд Ко Капитал ҮЦК аж. 

  • 34 асуудал: Түүнчлэн даатгал, банк бус санхүү, үнэт металл, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын компаниудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор нийт 34 асуудал хэлэлцлээ.

Жич: СЗХ зарим компаниудын нэрийг дурдаагүй байсан болно.

🆙 Samsung-н өсөлт: 932%

Samsung Electronics (005930.KS)-н чипийн бизнес сэргэснээр өнгөрсөн онд үйл ажиллагааны ашиг нь өсөх өсөхдөө бүр 932.8% өсжээ. Компанийн чипийн бизнес  өнгөрсөн онд уналтад орж $10 тэрбумын алдагдал хүлээж байсантай харьцуулахад нэлээн өндөр өссөн байгаа биз?

Чип дээр л амь амьдрал тогтож байна даа

Компанийн орлого өнгөрсөн улиралд 12.8% өсөж $52 тэрбумд хүрэв. Улмаар ашиг нь $4.8 тэрбум болоод буй. Тус өсөлтөд гар утасны бизнесийнх нь орлого нэмэгдсэн, тэр тусмаа Samsung Galaxy S24 талх шиг борлуулагдсан болон чипийн бизнес нь 2022 оноос хойш анх удаа ашигтай ажилласан нь нөлөөлсөн аж. Задлан харвал, 

  • Хамгийн том нь: Samsung-н орлогын хамгийн их хувийг гар утас, компьютер, таблет болон бусад төхөөрөмжийн бизнес нь эзэлдэг бөгөөд тус улиралд $24 тэрбумын орлого олсон аж. Түүгээр ч зогсохгүй саяхан Samsung дэлхийн гар утасны томоохон үйлдвэрлэгч болж нийт зах зээлийн 20.8%-ийг эзлэх болсноор Apple (AAPL)-г даваад буй

  • Утас нь угаасаа эрэлттэй! Компани 13 жилийн турш гар утасны зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг хадгалж ирсэн ч Apple өнгөрсөн онд үүлэн чөлөөний нар шиг тэдний титмийг булаасан байдаг. 

Чип: Чухал саалийн үнээ

Цаашлаад, Samsung Electronics санах ойн чипийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг төдийгүй NAND, DARM зэрэг санах ойн чип нь хиймэл оюун ухаан (AI) сургахад нэлээн хэрэгтэй орц болдог гэнэ. Тэгэхээр AI эрчийг авч эрэлттэй болохын хэрээр тус чипүүд ч эрэлттэй болох юм. Тиймээс ч тэд чипийн уралдаанд хаягдаж үлдэхгүйн тулд компани онц байдлын үеийн бодлогод шилжин ажиллаж байгаа.  

  • Өрсөх хэрэгтэй: Улмаар компанийн удирдах ажилчид 7 хоногт 6 өдөр ажиллахаар болсон. Чипийн салбар дахь өрсөлдөөн ширүүсэж байгаа тул Samsung TSMC (TSMC34.SA), Nvidia (NVDA) зэрэг өрсөлдөгч нараасаа хоцрохгүйн тулд ийн шийдвэрлэсэн аж. Үүнээс Samsung чипийн бизнесээ хэр чухалчилж буй нь харагдах шиг. 

За, Samsung-н I улирлын тайлан нэг иймэрхүү. Samsung гэснээс тус компанийн хамтын ажиллагаа болон стратеги төлөвлөлтийн хэлтэст Ахлах менежерээр P.Эрдэнэтулга гээд Монгол залуу ажилладгийг мэдэх үү? Тэрбээр өмнө нь Morgan Stanley (MS)-д ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Дэлхийн томоохон компанид ажиллаж буй Монгол залуугаар нийтлэлээ чимчихье. 🤗

Tenor

🔹Нийслэл Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс бууруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэмээд тус хөтөлбөрөөр бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх аж. Гэснээс төслийн ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг 2 тусдаа гүйцэтгэгчээр гаргуулах гэнэ. 

🔹TMK Energy (TMK.AX) өнгөрсөн I улиралд байгалийн хийн “Гурвантэс XXXV” төслийг 100% эзэмших үйл явцыг амжилттай дуусгажээ. Түүнчлэн тус төсөл нүүрсний давхаргын метан хийн дэлхийн түвшний төсөл болоход шаардлагатай бүхий л техникийн шинж чанараа хангасан аж. Цаашлаад энэ онд 2-3 үйлдвэрлэлийн цооног нэмж өрөмдөхөөр төлөвлөжээ.

🔹Монголд тусгай хамгаалалттай газар нутгийг тэлж, хамгаалах хөтөлбөрт ОУ-ын хандивлагчдаас $71 саяын хандив өгөв. Тус хандив Итгэлцлийн санд хуримтлагдсан бөгөөд ирэх 15 жилд хэрэгжих юм. Уг санхүүжилт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад зарцуулах гэнэ. 

🔹Хүннү менежмент ХК (HBZ)-ийн нийт гаргасан хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргажээ. Тодруулбал, МХБ ХК (MSE)-н III ангилалд бүртгэлтэй тус компанийн нийт гаргасан хувьцаанаас хяналтын багцаас дээш хувийг иргэн Ц.Билэгсайхан сайн дурын үндсэн дээр худалдан авахдаа нэгж хувьцааг ₮1,447-өөр авах санал гаргасан байна.

👷‍♂️👷‍♀️ Уул уурхайн салбарт ажиллах нь

Уул уурхайн чиглэлээр мэргэшиж ажиллах гэж байгаа хүмүүс байна уу? Тус салбарт карьераа ахиулах ямар боломж байдаг вэ? 

ТОП-10 ➡️ 698.5 мянган хүн

Өндөр цалинтай гэдгээрээ алдартай уул уурхайн салбарт ажилтныхаа тоогоороо тэргүүлдэг ТОП-10 компанид 698.5 мянган хүн ажиллаж буй. Уг компаниудад геологийн инженерээс эхлээд хүнд машин механизмын оператор гээд түм буман ажлын байр бий. 

  • Жилд $89,196: Уул уурхайн салбарт нэлээд эрэлттэй мэргэжлийн нэг нь геологич. Тус мэргэжилтнүүдийн жилийн дундаж цалин Канадад л гэхэд жилийн $89 мянга байдаг аж. 

Монголын хувьд

Уул уурхай, олборлолтын салбарын сарын дундаж цалин улсын дунджаас 2.3 дахин их буюу ₮5.1 сая байна. Харин “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын цалин уул уурхайн салбарын дунджаас 3 дахин, улсын дунджаас 8 дахин өндөр аж. 

Ямар мэргэжил эрэлт ихтэй байна вэ? 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар дахь AI-н нөлөө ихсэж байгаатай холбоотойгоор үүнтэй холбоотой албан тушаалыг бий болгосон компанийн нийтэд эзлэх хувь 2021 оны 5-р сард 21.4% байсан бол жилийн дараа 38.1% болж нэмэгджээ. Тиймээс AI алгоритмуудыг боловсруулж, бүтээх Машин сургалтын инженерүүдийн эрэлт нэмэгдсэн юм. 

Үүнээс гадна тус салбарт уул уурхайн инженер, техникийн үйлчилгээний менежер, геологичдын эрэлт хэрэгцээ их байгаа аж. Гэснээс, уул уурхайн салбарын бас нэг чухал мэргэжил болох усны инженер буюу гидрогеологичийн талаар ЭНД-ээс уншаарай. 

Буруу агуулгатай мэдээг олоорой. 🕵️

A. Samsung Electronics-н ашиг I улиралд 932.8% өсжээ. 🆙
B. 4 сарын 19-ны байдлаар Монголд 120,250 жуулчин ирсэн байна. ✈️
C. Монголд тусгай хамгаалалттай газар нутгийг тэлж, хамгаалах хөтөлбөрт ОУ-ын хандивлагчдаас $75 саяын санхүүжилт өгөв. 💵

  • Нийтлэл: Зудын аюул малчдад хэр нөлөөлөв? (LeMonde)

  • Өсөлт: Retool Apple-тай эн тэнцүү өрсөлдөнө гэнэ үү? (Bloomberg)

  • Шалгалт: Европийн Холбооны сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор Meta сонгуулийн талаар худал мэдээлэл тараах вий хэмээн шалгагдана. (TheGuardian)

  • Шилдэг: NASA-н оны шилдэг зураг. (Gizmodo)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Монголд тусгай хамгаалалттай газар нутгийг тэлж, хамгаалах хөтөлбөрт ОУ-ын хандивлагчдаас $75 сая биш $71 саяыг өгсөн шүү.