- Lemon Press
- Posts
- 🔻 Монгол: 7 жилд 7-гоор буурав
🔻 Монгол: 7 жилд 7-гоор буурав
ҮХ-ийн 2025 оны базаа | $APU зардлаа танав | Монгол эмэгтэйчүүдийн эрх: 74/190
POWERED BY
Өглөөний мэнд! Монголчуудад “Өвлийн хайрын дуу” нэрээр танигдсан Солонгосын “Winter Sonata” олон ангит кино 24 жилийн дараа дахин дэлгэцнээ гарахаар болжээ. За тэгээд энэ удаад 2 цагийн урттай, 4K хувилбар нь Японы кино театруудын дэлгэцнээ гарах аж. Манайхан дунд үзэгчдийн хүсэлтээр энэ киног дахин үзэх сонирхолтой хүмүүс хэр их байна даа? 😜


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Өнгөрсөн 2-р сард Монголбанк 396.1 кг үнэт металл буюу оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.3 тн үнэт металл худалдан авсан нь 2025 оны мөн үетэй харьцуулахад 19.7% өссөн дүн боллоо.
FRC: СЗХ-д нэр бүхий 86 ХК ногдол ашиг хуваарилах шийдвэрээ ирүүлснээс 47 ХК нийтдээ ₮946.5 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
GOV: 2026 онд Засгийн газар гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
UB: НИТХ-аас "Улаанбаатар Трам” төслийн 2-р шугам болох Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл төсөл, арга хэмжээний санхүүжилтийг ₮25 тэрбумаар бууруулахыг дэмжив.

📝 Виртуал бүсийн дэмжлэг: Амлалт ба бодит байдал

Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулга, А.Гулим нарын “Виртуал бүсийн дэмжлэг хэзээ бодит болох вэ” нийтлэлийг хүргэж байна. Бид Виндекс ХХН-тэй хамтран татварын асуудлаар цуврал нийтлэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ээлжит дугаарыг тухлан сууж таалан уншина уу!
Виртуал бүсийн дэмжлэг хэзээ бодит болох вэ
Хууль тогтоогч виртуал бүсэд бүртгүүлэх, виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх харилцаа хууль батлагдсанаас хойш 15 сарын дараа журамлагдаж, 20-иод сарын дараанаас хэрэгжиж эхлэх нь.

🏢 ҮХ-ийн 2025 оны базаа

Хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүдэнд нь ордог үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой тоо, мэдээллийг тоймлон хүргэе.
🧱 Салбарын тойм
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт 2025 оны байдлаар 289 компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 23-аар буурсан дүн байв. Эдгээр компаниуд 13.1 мянган хэлэлцээрээр 4,022.1 мянган м.кв талбайтай, ₮3.3 их наядын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлсэн аж.
🔎 Ашигт ажиллагаа: 2025 онд зуучлагчдын 95 нь ₮16.3 тэрбумын цэвэр ашигтай, 135 нь ₮10.5 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Харин үлдсэн 59 зуучлагч нь ямар нэг ашиг, алдагдалгүй 2025 оны үдэв. Эндээс харахад, салбарын өрсөлдөөн урьд өмнөх жилүүдээс илүүтэй эрчимжсэн бололтой.
💥 RE/MAX-н рекордтой жил
Дотоодын үл хөдлөх зуучлалын салбарын хамгийн том тоглогч болох RE/MAX Mongolia-н борлуулалт 2025 онд өмнөх оноос 24.8% өсөж ₮1.8 их наядад хүрсэн нь рекорд эвдсэн амжилт болжээ. Ингэснээр 2017 онд үүсгэн байгуулагдсанаас хойших 10 орчин жилийн хугацаанд нийт борлуулалтын дүн ₮7.2 их наядад хүрээд буй. Үүнээс гадна,
📈 Үйл ажиллагаа өргөжсөөр: Тэдний хувьд Монголын үл хөдлөх зуучлалын салбарын 15%-16.8%-ийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд Монголын зах зээлээс гадна АНЭУ, Канад, Америк, Солонгос, Тайланд зэрэг улсуудад нийт ₮60 тэрбумын борлуулалтыг тус тус хийгээд байна.
Эцэст нь… Салбарын мэргэжилтнүүд ирэх жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсөх бус өмнөх жилүүдийн хэт хурдтай өсөлт саарч, үнэ тогтворжино хэмээн үзэж байгаа. Хэрэв үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байвал одоо мэргэжлийн агентуудаас зөвлөгөө авахын зэрэгцээ, өөрсдийн судалгаанд тулгуурлан шийдвэр гаргах нь хамгийн зөв алхам биз ээ. 🤝🏻

🤑 ТОП эдийн засагтай орнуудад ямар мэргэжил хамгийн өндөр цалинтай байна вэ? (BusinessBulls)
🛂 Ойрх Дорнодын бүс нутагт байгаа Монголчуудын анхааралд. (ГХЯ)
🆕 Дэлхийн хамгийн том гар утасны үзэсгэлэнгээр сонин хачин. (TheVerge)
📥 Зөвшөөрлийн тухай хуулийн талаар ирэх сарыг дуустал санал авна. (Parliament)

🔻 $APU зардлаа танав
APU: АПУ ХК-ийн цэвэр ашиг 2025 онд ₮211.7 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 9.7% өссөн байна. Хэдий борлуулалтын орлого 0.7% буурч ₮1.3 их наядад хүрсэн ч компани борлуулалт, маркетингийн зардлаа 22.9%, ерөнхий ба удирдлагын зардлаа 16.5%, санхүүгийн зардлаа 63.2%-иар танасан нь цэвэр ашиг өсөхөд томоохон нөлөө үзүүлсэн аж. Сонирхуулахад, өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.6% унаж ₮955.4 дээр хаагдаад байна.

🇲🇳 Монгол эмэгтэйчүүдийн эрх: 74/190

Манай улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог дэмжих төрөл бүрийн хөтөлбөр хэрэгждэг. Эдгээрийн үр дүн гаднын нүдээр буюу 2026 оны WBL индексээр яаж хэмжигдсэнийг харъя.
📌 Яадаг индекс вэ? Дэлхийн банкнаас гаргадаг WBL (Women, Business and the Law) индекс нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжид нөлөөлөх хууль эрх зүйн орчны цогц үнэлгээг гаргадаг. Индексийн дүн нь улс орнуудыг хуулийн орчин, дэмжих тогтолцоо, хэрэгжилт гэх 3 өөр өнцгөөс тольддог бөгөөд хамгийн ихдээ 100 оноогоор илэрхийлэгдэнэ.
🤥 Тэгш байдалд хүршгүй
WBL индексийг "Хүйсийн тэгш байдлын эдийн засгийн индекс" гэж ойлгож болно. Энэ нь хөдөлмөр эрхлэлтээс гадна бизнес эрхлэх, хөрөнгө өмчлөх, аюулгүй байдал зэрэг эдийн засгийн бие даасан байдлыг бүхэлд нь хэмждэг гэсэн үг. Үзүүлэлтийг харвал:
🤯 ⅔ гэнэ шүү: Дэлхий дунджаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг эрэгтэйчүүдийнхтэй харьцуулбал дөнгөж ⅔-д нь л дүйх аж. Хууль эрх зүйн хүрээний дундаж оноо 67, дэмжих тогтолцооны индекс 47, хэрэгжилтийн үнэлгээ 53 оноотой байгаа нь олон улсад эмэгтэйчүүдийг бодитоор дэмжих институт сул байгааг харуулж байна.
🔻 Монгол: 7 жилд 7 оноо буурав
Монголд бол эмэгтэйчүүдийн эрхийг тунхагласан хууль эрх зүйн суурь дэлхийн дунджаас дээгүүр үнэлэгдэж. Гэхдээ оноо нь 76 байгаа нь 7 жилийн өмнөхөөс 7 оноогоор буурсан дүн юм. Улмаар бид WBL индексийн дүнгээр 190 орноос 74-т эрэмбэлэгдсэн нь 2020 оныхоос 3 байраар доошилсон үзүүлэлт ажээ.
☔️ Байр ухарсан шалтгаан: Дэлхийн банк 2026 оны тайландаа "Аюулгүй байдал" болон "Хүүхэд харах үйлчилгээ" гэсэн 2 шинэ шалгуур нэмсэн. Монгол Улс эдгээр салбарт хууль хэрэгжилтийн болон тогтолцооны хувьд сул үнэлгээ аваад буй.
🤔 Асуудал нь юундаа байна? Нөгөөтээгүүр хууль эрх зүйн оноог хамгийн их хойш татаж буй асуудал нь тэтгэвэр. Одоогийн тэтгэврийн тогтолцоо эмэгтэйчүүдийг нас өндөр болох үед ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Нэмээд хууль байвч түүнийг хэрэгжүүлэх, дэмжих тогтолцоо 50 хүрэхгүй буюу 47.9 оноогоор үнэлэгдсэн нь эмэгтэйчүүд ажлын байр болон олон нийтийн газар бүрэн хамгаалагдаж чадахгүй байгааг харууллаа. Мөн хүүхэд харах үйлчилгээний хүртээмж, чанар, стандартын хяналт сул байна. Анхаарах зүйл ч их байна даа.

Гэснээс Америкийн XVI Ерөнхийлөгч Абрахам Линкольн албан ёсны эрхтэй бармен байсан гэвэл итгэх үү?

📷: Shortpedia
Тэрээр 24 насандаа буюу 1833 онд Иллинойст “Berry and Lincoln” нэртэй пабыг Уильям Ф.Берри найзын хамт албан ёсны эрхтэйгээр ажиллуулж эхэлжээ. Харамсалтай нь Берри согтууруулах ундааны хамааралтай байсны улмаас тэдний бизнес дампуурч, үүнээс үүссэн өрийг Линкольн олон жилийн турш төлж барагдуулсан гэнэ дээ.


Nature
🍋 Inner Mongolia Yili Industrial Group (600887.SS) ¥45 тэрбумын технологи, инновацийн бонд гаргажээ. Улмаар сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг тус компани Хятадын энэ жилийн хамгийн том бонд гаргагч болсон байна. Өнгөрсөн оны 5-р сараас Хятадын ЗГ технологи, инновацийн бондын хөтөлбөрийг дэмжих болсноор Хятадын компаниуд нийт ¥3 их наядын технологи, инновацын бонд гаргаад буй.
🍋 АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихээ илэрхийлэв. Энэ хүрээнд тус зөвлөлөөс хуулийн төсөл батлагдсанаар сонгогдсон этгээдийн хариуцлагын тогтолцоо бий болох, сонгуулийн соёл, төрийн дотоод болон гадаад нэр хүнд сэргэнэ гэж үзжээ. Мөн зөвлөлийн зүгээс тус хуулийг хэлэлцэх бүх шатанд анхаарахаа мэдэгдэв.
🍋 OpenAI $110 тэрбумын санхүүжилт татаж $840 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй боллоо. Улмаар компани 5 сарын өмнөх зах зээлийн үнэлгээгээ 68% нэмэгдүүлсэн бөгөөд санхүүжилтийг задлан харвал, Amazon (AMZN) $50 тэрбумын хөрөнгө оруулсан бол SoftBank (SFTBY), Nvidia (NVDA) тус тус $30 тэрбумыг цутгасан байна. Үүнийг шинжээчид OpenAI-н IPO хийхийн өмнөх нэмэлт хөрөнгө оруулалтын шат хэмээн таамаглаж буй юм.
🍋 Нийслэл ирэх сарын 15-наас бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ. Тодруулбал, Нийслэлээс энэ онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо 91-ээр нэмэгдэж нийт 350 болсон бөгөөд үүний 31% нь зураг төсөв, ажлын даалгаваргүй байгаа аж. Мөн нийт тендер шалгаруулалт 45%-тай зарлагдсан тул дээрх хугацаанаас өмнө тендер зарлаж чадаагүй ажлуудыг хийж чадах байгууллагуудад нь шилжүүлэн өгөх юм гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply