- Lemon Press
- Posts
- 🐦⬛ Хар 7 хоног
🐦⬛ Хар 7 хоног
УУББ-ийн төрийн хамаарал | Монголбанкны инфляцын зорилт | OpenAI-н том хөрөнгө оруулалт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өнөөдөр “ОУ-ын Шоколадны өдөр” тохиож байгаа тул зүрхний анд, ажлынхаа итгэлт найздаа шоколад бэлэглэвэл зохилтой. Амьдадаа бие биеэ хайрлана шүү. 😚🍫
BOM: Монголбанк 2025 онд инфляцыг 5% орчимд хадгалах зорилт тавилаа.
CHN: Монголоос Хятад руу Ганцмод боомтоор дамжуулан экспортолсон нүүрсний хэмжээ 8 сарын 31-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 18% өсөж 27.4 сая тн-д хүрчээ.
GEC: Орон нутгийн сонгуульд 8,031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөнө.
‼️ УУББ-ийн төрийн хамаарал
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ)-ийн тухай хууль батлагдаад 2 жил, Монголын Хөрөнгийн Бирж (MSE) УУББ-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 1.3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ҮЦК-иуд уул уурхайн брокерын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан ч одоог хүртэл МХБ “Брокергүйгээр” арилжаа хийсээр байна. Асуудал юунд байна вэ? 👇
👎 Зорилго =Тэнгэр, Бодит байдал = Газар
Уг нь бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн ач холбогдол нь Монголын экспортын 80%-ийг эзэлж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг нээлттэй ил тодоор, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар арилжаалж баялгийн тэгш хуваарилалтыг сайжруулах байсан.
🔒 Төрийн гар салдаггүй: Харин бодит байдал дээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа төрөөс хамааралтай буюу Сангийн яамны 66%-ийн эзэмшил бүхий МХБ бүх шатны зохицуулалтыг дангаараа хариуцаж байгаа. Нөгөө талаас уул уурхайн биржийн худалдагч 11 компанийн дийлэнх нь төрийн оролцоотой компаниуд. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд хөндлөнгийн хянагч, зохицуулагчийн оролцоо ихээхэн дутагдалтай байгаа гэсэн үг.
⛓️ Эсрэг талд: Холбогдох хуулийн дагуу уул уурхайн брокерын тусгай зөвшөөрөл авсан 11 компани бий. Гэтэл МХБ-ийн ТУЗ энэ оны 10 сарын 1 хүртэл уул уурхайн биржийн худалдан авагч тал ямар ч брокерын зуучлалын үйлчилгээ авахгүйгээр арилжаанд орохыг зөвшөөрсөн. Одоо энэ хугацаа дахин хойшлогдох, бүр шаардлагагүй байх нөхцөл үүсээд байна.
⚠️ Нөхцөл байдал = Ноцтой
Уг нь бол дэлхийн аль ч биржүүдийн арилжаанд брокерын компани оролцох ёстой. УУББ дээр брокерууд оролцсоноор жинхэнэ утгаараа энэ бирж ил тод, өрсөлдөөнтэй байдлаар ажиллах бөгөөд хуульд заасны дагуу бирж үнээ л тогтоож арилжааны гол үүрэг гүйцэтгэгч нь брокерын компаниуд болно. Тодруулбал,
Хүртээмжгүй: Одоо бол МХБ худалдан авагч бүрд шууд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Учир нь УУББ дээр ойролцоогоор 500+ худалдан авагч тал байхад арилжааг ганц этгээд л гүйцэтгэж буй. Энэ оны эхний хагас жилд 188 удаагийн нүүрсний дуудлага арилжаа явагдаж 14.55 сая тн нүүрс ₮5.9 их наядаар арилжигдсан. Гэхдээ энэ тоо өсөж болохоор байсан уу гэвэл, тийм.
Хүртээмжтэй, ил тод: Харин брокерууд УУББ-ийн арилжааг гүйцэтгэдэг болбол худалдан авагчийн захиалга бүрэн биелэх, тэдний тоо нэмэгдэх, төлбөр тооцоог түргэн шуурхай, алдаагүй хийх боломжтой болно. Мөн үнэ тогтох үйл явц хяналттай болж мэдээллийн ил тод байдал хангагдана.
Эцэст нь… Бид нар шиг түүхий эдийн үнээс шууд хамааралтай эдийн засагтай улс энэ асуудлыг анхаарахгүй, шийдэхгүй өнгөрч болохгүй. Тиймээс УУББ-ийн төрийн оролцоог бууруулахын тулд брокерын компаниуд арилжааг зуучилж, худалдан авагчдын тоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна.
⭐ Сант-Толгой: Зэс-никелийн ирээдүйтэй төсөл
XAM.TO: Xanadu Mines Өвөрхөнгай аймагт орших Сант-Толгойн зэс-никель төслийн анхны хээрийн хайгуулын ажлаа эхлүүллээ. Тэд өнгөрсөн 2-р сард тус талбайд хайгуул хийх талаар мэдээлж байсан бөгөөд саяхан Сант-Толгойн талбайгаас зэс-никель сульфидын олон объект илрүүлснээ зарлаад буй. Тус төслөөс гадна Xanadu Mines Монголд зэс, алтны Хармагтай төсөл болон Оюут-Улааны орд, Шар чулуут ордын ашиглалтын болон хайгуулын зөвшөөрлийг тус тус эзэмшиж байна.
🛢️ ОПЕК+ орнуудын бүрхэг ирээдүй
Газрын тосны үнэ он гарснаас хойш 7.1% унаж $70-т хүрлээ. Цар тахлын жил болох 2021 оноос хойш газрын тос хямдхан байгаагүй сэн. Дэлхийн газрын тосны зах зээлд юу болоод байна?
🐦⬛ Газрын тосны зах зээлийн хар 7 хоног
Энэ долоо хоногийн эхээр газрын тос экспортлогч буюу ОПЕК+ орнууд энэ оны дэлхийн газрын тосны эрэлтийн төсөөллийг өдөрт 2 сая баррель болгон бууруулаад буй. Улмаар газрын тосны үнэ Мягмар гарагт $69 хүртэл унаж 2021 оны 3 сараас хойших хамгийн доод түвшинг цохисон явдал болж өнгөрөв. Тус үйл явдлын араас,
😱 Хятад авахгүй бол бүх зүйл дуусна: Газрын тосны үнэ ийн буурахад Хятадын эдийн засгийн агшилтаас гадна цэвэр эрчим хүчинд шилжих бодлого баримталж байгаа нь ихээхэн нөлөөлсөн. Ямар сайндаа л ОПЕК+ орнууд Хятадын энэ оны газрын тосны импортыг өдөрт 700 мянган баррелиас 650 мянган баррель болгон бууруулах вэ дээ.
🐂 Хамгийн том нь юм чинь: Үүнийг Хятад өнгөрсөн онд өдөрт 11 сая баррель газрын тос импортолж байсантай харьцуулахад ОПЕК+ орнуудын ирээдүйд маш том эрсдэл учруулах дүн шүү.
😞 Юун дээр алдчихав?
Брент төрлийн газрын тосны үнэ энэ оны оргил үедээ баррель нь $90-ыг давж байсан. Он гарснаас хойш ОПЕК+ орнууд 6-р сард газрын тосны нийлүүлэлтээ багасгаж сая ирэх 11-р сар хүртэл сунгахаа ч мэдэгдлээ. Тэдний таналттай холбоотойгоор Goldman Sachs (GS)-с эхлээд шинжээчид газрын тосны үнэ $100-ыг давна гэх төсөөллийг гаргаж байсан хэдий ч газрын тосны үнэ $80 орчимд л хэлбэлзэж байв.
Эцэст нь… ОПЕК+ орнууд 2022 оноос эхлэн жилдээ хэд хэдэн удаа газрын тосны нийлүүлэлтээ бууруулах болсон. Тус улсууд нийлүүлэлтээ бууруулах замаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтвортой байлгадаг. Гэсэн хэдий ч газрын тосны хамгийн том худалдан авагч Хятад цэвэр эрчим хүчинд шилжиж буй нь цаашид газрын тосны үнийг ёроолдоо тултал унагах эрсдэлтэй. ОПЕК-ийн орнууд Монголыг бодоход хамаагүй чинээлэг орнууд хэдий ч түүхий эдээс хамааралтай орнуудын ирээдүй худалдан авагч улсаас шалтгаалан дэнжгэнэж байдаг тавилантай юм даа.
🕵️ Таавар таацгаая. Тэр үргэлж шинээр бий болдог, бизнесийн өсөлтөд чухал үүрэгтэй, мөн гадаад орчны нөлөөлөлд хараат биш. Түүний амьдралын мөчлөгийг хянах нь компанийн амжилтын үндэс болдог. Тэр юу вэ?
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉
🏰 Төсөөллөөс илүү
Хүссэн тавилгаа хаанаас авах вэ гээд толгой гашилгаж сууна уу? Айлаас эрэхээр авдраа ух гэдэг дээ. Featuring булангаа эргэж тойрч байгаарай. 😜
Рендер Холдинг ХХК-ийн салбар компани болох үндэсний тавилга үйлдвэрлэгч Shuugee брэнд захиалгат болон модулар загварын бэлэн тавилга, мөн тавилгын бэлдэц үйлдвэрлэлээр мэргэшсэн, мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.
🦾 Шуурхай: Shuugee-н үйлдвэр бүрэн дижитал, автомат CNC тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба ямар ч тавилга болон бэлдцийг захиалагчийн хүссэн хийц загвараар хурдан хугацаанд хийж гүйцэтгэдэг аж.
✅ Чанар: Kronospan, Funder-max, Formica, Durasein зэрэг брэндийн E0, E1 зэрэглэлийн MDF, ДСП, HPL хавтан, төмөр, кварц чулуу зэрэг хүний биед хоргүй, олон улсын стандартад нийцсэн материалыг ашиглаж буй.
За тэгээд, тавилгын санаагаа хэлээд мөрөөдлийн экстерьер, интерьерээ бодит болгоорой!
Forbes
🍋 Монголын анхны $1.7 тэрбумын өртөгтэй нефть боловсруулах үйлдвэр 2026 оны 3 сарын 1 гэхэд баригдаж дуусна. Энэтхэгийн ЗГ-ын зээлээр барьж байгаа тус үйлдвэрийн барилгын ажил хүний нөөцийн хомсдол, барилгын материалыг далайгаар 1,100 км замыг туулж авч байгаатай холбоотойгоор сунжирч байгаа хэдий ч ирэх 2 жилд барьж дуусгана л гэнэ.
🍋 Японы Либерал ардчилсан намын шинэ удирдагчийн сонгууль эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэнэ. Тус сонгуулиар Японыг ирэх 4 жилд удирдах Ерөнхий сайд тодрох ба хэрэв эмэгтэй нэр дэвшигч гарвал Японы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох юм.
🍋 OpenAI $6.5 тэрбумын санхүүжилт татаж чадах уу? Тус компанид Thrive Capital, Apple (AAPL), Nvidia (NVDA), Microsoft (MSFT) зэрэг компаниуд хөрөнгө оруулахаар хэлэлцэж буй. Санхүүжилт татсанаар тэдний үнэлгээ $150 тэрбум болж хамгийн өндөр үнэлгээтэй хаалттай компаниудын эгнээнд орох нь.
🍋 ГБХНХЯ болон МҮХАҮТ хамтран их өгөгдөлд тулгуурлаж ажиллах хүчний судалгааг гаргана. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн судалгааг илүү бодитой гаргаж цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн ослыг бууруулах зэрэг асуудлууд дээр ажиллах аж.
🗣️ Америкийн сонгуулийн гал гарсан мэтгэлцээнийг сонирхоцгооё. (YouTube)
🧑🎓 “Оюу толгой” ХХК дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. (Tetgeleg)
📥 Google-с мэйл хаягуудыг устгаж байгаа тул хаягаа хадгалж үлдэх аргуудыг хуваалцъя. (Forbes)
📝 Шархад дэд төвийн 76 айлын ногоон орон сууцны барилга, угсралтын ажлын тендер зарлагдлаа. (Tender)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply