😓 Ээ, халаг

Ногдол ашиг | Дэлхийн 7 дахь акул | Татварын чөлөөлөлт

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Батаад 5 алим, Болдоод 3 гадил байв. Харин гадаа тоглож байсан Гармаад 3 цэцэг байсан бол Чимгээд хэдэн чихэр байсан бэ? Энэ бодлогыг бодох нь шинэ автобусны чиглэлийг цээжлэхээс амархан бололтой шүү. 😜

*Нэг өдрийн өөрчлөлт

^GSPC: S&P 500 он гарснаар 2% өсөж 4,839 нэгжид хүрснээр 2021 оноос хойших түүхэн дээд түвшинд очлоо

BOM: Монголбанк өнгөрсөн онд 17.8 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь 2022 оныхоос 22% буурсан үзүүлэлт юм. 

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮32.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮22.8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

💰 Ашгаа хурдан авъя

2023 онд 38 компани ногдол ашиг (НА) олгохоо зарласан бол 25 нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан ₮36.3 тэрбумыг тараажээ. Тус компаниуд НА-аа бүртгүүлснээс хойш хуваарилах хүртлээ дунджаар 115 хоног буюу 4 сарыг зарцуулсан байна.

  • Алдагдсан боломж: Дээрх НА-ийг хувьцаа эзэмшигчид 4 сар хүлээх бус 1 сарын дотор авч, үлдсэн 3 сард нь 9.5%-ийн хүүтэй хадгаламжид хадгалсан бол ₮862 саяын хүүгийн орлого олох байв. Эсвэл сонирхсон үнэт цаасандаа хөрөнгө оруулж илүү их орлоготой болох байжээ.

Яагаад ингэж уддаг вэ?

НА зарлахаас эхлээд л асуудал дүүрэн аж. СЗХ-ны НА-ийн хуваарилалтад хяналт тавих журамд тодорхой өдрүүдийг заагаагүйн улмаас компаниуд хүссэн хугацаандаа НА-аа тарааж байна. Жишээ нь,

  • Хамгийн урт: Эрдэнэт Суврага (SVR) 2021 оны ашгаасаа НА тараах гэж 299 хоног зарцуулсаар 2023 он гаргав.

  • Хамгийн богино: Гермес центр (HRM) харин 2 удаа НА тараахдаа бүртгэлийн өдрөөс хойш дунджаар 13 хоногт багтаасан юм.

  • Тодорхойгүй зарлал: Компаниуд тараах өдрийг яг тодорхой заахгүй, “XXX-нээс эхлэн” эсвэл “XXX-ний дотор” гэх мэтээр зарлаж хөрөнгө оруулагчдыг харанхуйд төөрүүлж орхидог.

  • Хөл толгой нь мэдэгдэхгүй: ҮЦТХТ-ийн шаардлагыг биелүүлэхгүй компаниуд өөрсдөө хувьцаа эзэмшигчдэдээ НА шууд тараахаас эхлүүлээд МХБ (MSE), ҮЦТХТ нь НА-тай холбоотой мэдээг дутуу, буруу нэгтгэх зэргээс үүдэн хөрөнгө оруулагчдад үнэн зөв мэдээлэл хангалттай сайн хүрэхгүй байна.

Тэгвэл ОУ-д НА-ийг дунджаар 1 сард багтаан төлдөг аж. Тодруулбал, Их Британийн компаниуд дунджаар 30 хоногт, Америкт 20 хоногт, Монголтой ижил хөгжиж буй хөрөнгийн зах зээлтэй Бахрейнд 13 хоногт багтаан НА-аа тараадаг аж. Харин Монголд бүхэл бүтэн 115 хонодог… 

Эцэст нь, ХК-тай холбоотой мэдээллийг тодорхой өдөр, хугацааг товлон олон нийтэд зарлах нь эргүүлээд хөрөнгө оруулагчдад санхүүгээ удирдах томоохон боломжийг олгодог. Гэвч Монголын ХК-иуд НА тараахын тулд маш урт хугацааг зарцуулснаар хөрөнгө оруулагчдыг чимээгүй алдагдал хүлээхэд хүргэдэг аж. Одоо энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна даа.

🤑 Дэлхийн 7 дахь том компани

META: Meta-н хувьцааны үнэ өнгөрсөн онд 2.7 дахин нугарч түүхэн дээд түвшин болох $384-т хүрлээ. Ингэснээр тэдний зах зээлийн үнэлгээ $985 тэрбумд хүрч дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 7 дахь компани болоод буй. Сонирхуулахад компанийн хувьцааны үнэ ахин 2% өсөхөд л зах зээлийн үнэлгээ нь түүхэндээ анх удаа $1 тэрбумын босгыг давах төлөвтэй байна. 

🎙 Чуулганы чухал асуудал

Өнгөрсөн 7 хоногт Дэлхийн эдийн засгийн форум болж өнгөрлөө. 54 дэх  жилийн уулзалтаар юу яригдав? 

Итгэлцлийг сэргээнэ

Энэ удаагийн форум "Тодорхой бус байдлын дунд итгэлцлийг сэргээх нь" сэдвийн хүрээнд болов. Юу яригдсаныг задалж харъя. 

Эдийн засаг: “Хямрал биш харин удаашрал”

Энэ онд геополитикийн эрсдэл, өрийн дарамт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан дэлхийн эдийн засаг удааширч болзошгүй байгаа аж. Түүнчлэн чуулганы үеэр инфляцыг зохицуулах, өсөлтийг дэмжих, өрийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн уялдаатай, уян хатан төсөв, мөнгөний бодлого шаардлагатай байгааг онцлов. Гэтэл манайд мөнгөний хатуу бодлого баримталж байхад төсөв тэлснээс үүдэн бодлогын хүү 13%-д хадгалагдсан хэвээр. Уялдаа где?  

Уур амьсгалын өөрчлөлт: “Сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүл”

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд уур амьсгалын хямрал нь $4.3 их наядын эдийн засгийн хохирол учруулсан аж. Тиймээс чуулганы үеэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах шаардлагатайг дурдан ногоон устөрөгч, эрчим хүч хуримтлуулах шийдлийн талаар хэлэлцсэн юм. 

  • Эрчим хүчний шилжилт = Хожил: Бүх томчууд эрчим хүчний шилжилтийг хаа сайгүй яриад, сэргээгдэх эрчим хүчний нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувийг 2050 онд гэхэд 88% болгоно гэж амбицтай зорилт тавиад байгаа нь газрын ховор элемент (ГХЭ)-ийн эрэлтийг 2040 он гэхэд 4 дахин өсгөхөөр байгаа. Тэгэхээр ГХЭ-ийн нөөцтэй манайх шиг орны хувьд бол шинэ мөлжүүрийн ястай болох боломжтой гэсэн үг. Гэтэл хайгуулын ажил нь ч урагшгүй хэвээр.  

Ирээдүй: “AI бол эдийн засаг, нийгмийг хөдөлгөгч хүч”

Salesforce (CRM)-н гүйцэтгэх захирал Марк Бениоф зэрэг илтгэгчид AI нь эрүүл мэнд, ХАА, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүмүүсийн шийдэж чадахгүй байгаа хэцүү асуудлуудыг шийдэж чадна гэдгийг дурдав. Түүнчлэн AI-н хөгжлийн улмаас ажлын байрны тоо буурахаар байгаа юм. Тодруулбал, медиа салбарынхны 32% нь энэ онд ажиллах хүчээ 5%-иас багагүй хувиар цомхотгохоор байгаа аж. Манайхан ч AI-н хөгжлөөс үүдэн цомхотгол хийх байтугай ChatGPT-г ч олигтой ашиглаж чадахгүй байна даа. 

Үүнээс гадна, энэ удаагийн форумын үеэр тэгш бус байдал, ташаа мэдээлэл, туйлшралыг арилгах нь иргэд болон байгууллагуудын хоорондын итгэлцлийг сэргээх гол сорилт гэдгийг онцолж байв. Харин Монголд бол эсрэгээрээ олон нийтэд нээлттэй компаниуд нь ч мэдээллээ хуваалцахгүй, ямар нэгэн тайлбар хийхгүй. Ингээд харахаар Монголд ОУ-ын жишгээс хазайсан зүйл ямар их байна вэ? Халаг гэж.

2023 онд ₮518.4 тэрбумын үнийн дүн бүхий 1.1 тэрбум ширхэг хувьцаа арилжаалагдсан байна. Энэ нь 2022 онтой харьцуулахад 1.5 дахин өссөн үзүүлэлт юм. Тэгвэл тус онд хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцааг харах уу?

  • Хувьцааны тоо ширхгээр,

    • Богд Банк (BOGD): 68.7 сая ширхэг

    • Монголын Хөрөнгийн Бирж (MSE): 51.5 сая ширхэг

    • Лэндмн ББСБ (LEND): 25.4 сая ширхэг

  • Хувьцааны үнийн дүнгээр,

    • Инвескор ББСБ (INV): ₮33.5 тэрбум

    • ХААН Банк (KHAN): ₮18.8 тэрбум

    • АПУ (APU): ₮16.3 тэрбум

Хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх өсөхөд дээрх компаниудын нөлөө маш их байлаа. Одоо энэ жил илүү сайжрах нь уу, яах нь уу?

Tenor

🔹ААН-үүд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нийт орлогын 90%-ийг ААН-ийн орлогын албан татвараас эхний 5 жил 100% чөлөөлнө. Улмаар дараагийн 3 жилд 50% чөлөөлөхөөр болоод буй. Тус шийдвэр нь ЗГ-ын 2030 онд нийт бүтээгдэхүүний 5%-ийг органик болгох зорилтын нэг хэсэг юм. 

🔹СЗХ Aрд Секюритиз ҮЦК ХХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд брокерын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгов. Одоогоор УУБ-ийн гишүүн брокероор Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК, Голомт Капитал ҮЦК ХХК, БиДиСЕК ҮЦК ХК (BDS) нар ажиллаж байгаа билээ

🔹Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) Премиум Конкрикт ХХК-тай ₮8 тэрбумын сонирхлын зөрчилтэй хэлцэл хийлээ. Тодруулбал Сэнтрал Экспресс Си Ви Эс тус компаниас 17.1%-ийн хүүтэй, ₮8 тэрбумын зээлийг ирэх 5-р сарын 31-нд эргэн төлөх нөхцөлтэйгөөр авахаар болсон байна.

🔹Францын ЗГ-аас хэрэгжүүлэх LiMongolia төслийн техникийн түншээр CGG сонгогджээ. Уг төслөөр Монголын газрын ховор металл тэр тусмаа уран болон литийн хэтийн төлөвийг судлах аж. CGG-н тухайд тэд бол геологийн технологийн үйлчилгээ үзүүлэгч үндэстэн дамнасан компани юм.

  • Бүртгүүл: Зориг сан мэргэжилтэн солилцооны хөтөлбөр зарлалаа. (ZorigFoundation)

  • Яагаад? Герман бол Европын ядарсан хүн. (CNBC)

  • Сонс: Дуа Липа Apple-н CEO Тим Күүктэй юу ярив? (BBCNews)

  • Унш: Сонгууль дөхөөд CNN-н дотор юу болоод байгаа юм бэ?(NYTimes)

  • Даваа: Монгол дахь Америкийн худалдааны танхимын сар тутмын ээлжит уулзалт болно.

  • Мягмар: Netflix (NFLX)-н IV улирлын тайлан зарлагдана.

  • Лхагва: Араас нь Tesla (TSLA) ээлжит улирлын тайлангаа танилцуулах төлөвтэй байна.

  • Пүрэв: Хүний нөөц, удирдах албан тушаалтнуудад зориулсан үнэ төлбөргүй сургалт болох гэж байна шүү

  • Баасан: Канадын төсвийн тэнцэл танилцуулагдах нь.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.