• Lemon Press
  • Posts
  • !!️ Хос алдагдалтай Монгол

!!️ Хос алдагдалтай Монгол

Биткойны өндөр жилүүд | MMC-н зэрэглэл ахив | Саудын Араб “Vision 2030”

POWERED BY

Энэ жилийн 46 дахь Лхагва гаргийн мэнд ээ. Одоо дахиад 6 Лхагва гаргийг үдэхэд л 2025 он гарах нь дээ. Он дуусахаас өмнө зайлшгүй амжуулах ажлуудаа жагсаахгүй бол ч амжихаа байлаа шүү! 🤯

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: “Алсын хараа-2050", салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Ж.Тана ахална

MRT: Зам тээврийн салбарын он гарснаас хойших нийт ачаа тээвэр 109.9 сая тн-д хүрч жилийн өмнөхөөсөө 20.3% нэмэгдэв.

CUS: Цагааннуур-Ташанта боомтыг ирэх онд багтаан өдөр бүр ажиллах горимд шилжүүлэхэд анхаарна

‼️ Хос алдагдалтай Монгол

Ирэх оны ₮1.9 их наядын алдагдалтай төсөв батлагдаад байгаа энэ үед оны эхний 9 сарын урсгал данс $1.4 тэрбумын алдагдал хүлээгээд байна. Үүний үр дүнд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

😓 Алдагдлаараа хосолно

Улсын төсөв болон урсгал тэнцлийн аль аль нь алдагдалтай байх нөхцөлийг эдийн засагт "Хос алдагдал" гэж үзнэ. Манайд энэ үзэгдэл ноёлоод удаж байна. Төсөв л гэхэд 2000 оноос хойших 24 жилийн 18-д нь алдагдал хүлээсэн. Энэ 18 жилийн алдагдал нийлээд ₮19.7 их наядыг давжээ. Угаас жил бүр алдагдалтай төсөв баталж байхад төсөв алдагдалд хүлээхгүй гээд яах вэ дээ. 

  • ⚠️ Тогтмол алдагдалтай урсгал: Нөгөө талаас Монголын гадаад ертөнцтэй хийж буй бараа, үйлчилгээний худалдаа, шилжүүлгийн бүх урсгалын нийт тэнцлийг илэрхийлж байгаа урсгал тэнцэл тогтмол алдагдалтай гарч буй. Өөрөөр хэлбэл манай валют гадагшаа урсаад байгаа хэрэг. 2019 оны 1-р сараас хойш 69 сар өнгөрсөн байхад үүний 76.8%-д нь буюу 53 сард нь урсгал тэнцэл алдагдал хүлээв

  • 🌀 Алдагдлын хэлхээ: Тэгэхээр манай эдийн засаг ерөнхийдөө алдагдлын тойрогт орсон буюу төсвийн өндөр алдагдал нь бараа, үйлчилгээний импортыг өдөөх замаар урсгал тэнцлийг алдагдалд оруулж буй. Энэ тойрог нь эдийн засгийг тогтворгүйжүүлж төгрөгийн ханш буурах, инфляц болон гадаад өр өсөх гүн ангал рүү түлхэж байгаа гэсэн үг. 

⁉️ Тана, багасга

Дийлдэшгүй инфляцтай, бүтэхгүй улс гэж муулдаг Аргентин яг Монголын жишгээр жил бүр алдагдалтай төсөв баталж, алдагдлаа зээл болон мөнгө нийлүүлэх замаар дарж буй. Тэдний өнгөрсөн оны төсвийн алдагдал л гэхэд $10.4 тэрбумд хүрсэн. Ингэж явсаар тэдний инфляц 209% руу нисээд байна. Тэгэхээр Монгол Аргентины жишгээс хазайж төсвийн алдагдал, зардлыг бууруулах ёстой байтал төсвөө танах санал гаргасан хэд нь хүчин мөхөстөж данхар төсөв данхайдгаараа данхайсаар. 

Төгсгөлд нь дурдахад, Монголын эдийн засгийг өөд нь татаж байгаа нүүрсний үнэ 2022 оны оргил үеэсээ 69% буучихсан байгаа шүү, нөхөөд. $5  тэрбумыг даваад байсан ГВУН ч $4.7 тэрбум руу буурсан. Гадаад өр ч 4 жилийн өмнөхөөсөө 13% өссөн. Ийм байхад бид алдагдалтай төсөв баталсаар, зардлаа өсгөсөөр, инфляцаа өрдсөөр. Юу ч гэх вэ дээ.

📈 Зэрэглэл ахив!

0975.HK: Fitch Ratings агентлаг Mongolian Mining Corporation (MMC)-н зээлжих зэрэглэлийг “B+” болгон ахиулж төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв. Энэхүү ахилт нь компанийн санхүүгийн нөхцөл байдал болон экспортын өсөлттэй холбоотой. Түүнчлэн Fitch MMC-н нүүрсний борлуулалт 2027 он хүртэл жилд дунджаар 8 сая тн байна гэж таамаглажээ. Мөн тус хугацаанд коксжих нүүрсний үнийн бууралтаас шалтгаалж MMC-н нүүрсний орлого буурахаар байгаа ч хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашгийн маржин нь 40%+ хэвээр байх төлөвтэй байгаа аж.

⚡ Биткойны өндөр жилүүд

Он гарснаас хойш Биткойн (BTC) 138.5% өсөж өчигдрийн 12 цагийн байдлаар түүхэн дээд үнэ болох $88,360-т хүрээд байна. Энэ онд тохиосон Биткойны “halving”, ХНС (FED) бодлогын хүүг 2 удаа бууруулсан, Ерөнхийлөгчийн сонгууль гэхчлэн олон үйл явдлууд тус өсөлтөд нөлөөлсөн дөө. 

🐂 Бухан дээрээ мордчихлоо

Биткойны түүхэн дээд үнээ шинэчилж байсан цаг хугацааг харвал, 2017 оны сүүлээс Биткойны арилжаа огцом нэмэгдсэн. Тус үеэс хойш Биткойны үнэ $58.9 мянгад хүрэх гэж 40.8 сарыг зарцуулсан. Үүнээс 7 хүрэхгүй сарын хугацаанд $61.3 мянгад хүрэн ахин нэг удаа дээд үзүүлэлтээ шинэчилж байв. 

  • 🙊 Крипто зуд: Үргэлжлүүлэн Ковид-19-ийн жилүүдэд болон Ковид-19-ийн дараа дэлхийн эдийн засаг хурдацтай унаж салбар бүр л улаанаар будагдсан даа. Үүний хажуугаар криптогийн халуухан он жилүүд хуучны сайхан цаг гэж дурсагдан, салбарын томчууд ээлж дараатайгаар дампуурч, шалгагдаж, ял авч өнгөрсөн 2 жил тус салбарыг нэлээн хатуу дайраад өнгөрсөн. 

  • 👍 Өнгөлөг, мөнгөлөг жил: Юутай ч Ковид-19-өөс хойш Биткойны үнэ дээд амжилтаа шинэчлэн тогтооход 42 сарыг зарцуулсан буюу өнгөрсөн 3-р сард “halving”-н өмнөхөн $69 мянганд хүрсэн. Энэ оны байдлаар бол Биткойны түүхэн дээд үнэ 3 удаагаа шинэчлэгдээд байна.  

🧐 Цаашдын таамаг 

Одоо бол он гараад хэдийнээ 2 нугарчихсан байгаа Биткойны үнэ цаашид өсөх үү гэдэг сонирхолтой. Үүнийг “halving”-н мөчлөгтэй холбон тайлбарлавал хариулт нь тийм. Учир нь Биткойны “halving” тохиосон жилүүдэд үнэ нь 12-18 сарын дараа шинэ дээд түвшинд хүрч ирсэн. Гэтэл энэ жилийн хувьд Биткойны үнэ бодлогын хүү, Ерөнхийлөгчийн сонгуулийн нөлөөгөөр л өсөж буй. 

  • Магадлал: Тэгэхээр “halving” өнгөрсөн 4-р сард тохиосон гэхээр ирэх оны 10-р сар хүртэл Биткойны үнэ бүх цаг үеийн түүхэн ханшаа шинэчлэх боломжтой гэсэн үг.

Үүний сацуу Дональд Трамп гэж луугар хүн ахин Ерөнхийлөгч болсон тул “halving”-н нөлөөтэй нөлөөгүй салбараар нь жаргааж магадгүй л юм. Гэхдээ хөрөнгө оруулалтын шийдвэрээ маш сайн судалж гаргаарай. 🙏

Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 🔎

  • Асуудал: FitLife компани  фитнесийн дасгалын хөтөлбөр гаргадаг апп хөгжүүлдэг. Гэвч тус аппын хэрэглэгчид харьцангуй өөр өөр түвшний дасгалын хөтөлбөр шаардах болжээ. 

  • Шийдэл: Компани төвлөрсөн стратеги ашиглан зорилтот бүлгийн хэрэглэгчдээ тодорхойлох шийдэл гаргав. Ингэхдээ өндөр түвшний тамирчид болон эрүүл амьдралын хэв маяг баримтлагчид гэсэн гол 2 бүлэг хэрэглэгчдийг тодорхойлж, тэдгээрт зориулан тусгай функц, төлөвлөгөөтэй дасгалын хөтөлбөрийг санал болгохоор шийдэв.

Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа хуваалцахаа мартав аа. 😉

😌 Үнэр, амтны төгс хоршил Монголд

Кофенд дурлагсдадаа дуулгах таатай мэдээтэй. Luxor International Сингапурын “Bacha сoffee” брэндийн кофе болон дагалдах хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд тун удахгүй худалдаалах гэж байна. 📢

Bacha кофе нь 35 орны 200 гаруй гарал үүсэлтэй ба уламжлалт болон орчин үеийн кофены соёлыг шингээсэн, нарийн амтлаг хольц бүхий онцгой амтаараа дэлхий даяар танигджээ.

  • 🏅 Дээд зэрэглэлийн: Тус кофег 100% арабика үрээс гарган авч бэлтгэдэг ба Сингапур, Франц, Хонконг, Арабын Нэгдсэн Эмират болон Өмнөд Солонгост худалдаалагддаг аж.

  • 👀 Зөвхөн кофе биш: Түүнчлэн тэд тансаг үнэр, амттай кофеноос гадна кофены дагалдах хэрэгслийг үйлдвэрлэж бэлтгэдгээрээ онцлогтой юм байна шүү.

Гэснээс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулалтын зах зээлийн нэг хэсэг болж, тэдний багт нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай.

За тэгээд ажил, гэрээсээ дэлхийн тансаг Bacha кофены амтаар аялаад байж дээ.

AI

🍋 Саудын Араб “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд $100 тэрбумын өртөгтэй хиймэл оюуны төв барина. Тус санаачилга нь технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой бөгөөд энэ хүрээнд тус улсын Хөрөнгө оруулалтын сан (PIF) болон Google (GOOG) хамтран хиймэл оюун ухааны төв байгуулах аж. Цаашлаад тус улсын хиймэл оюун ухааны салбар 2030 он гэхэд дэлхийд 15-т эрэмбэлэгдэх юм гэнэ. 

🍋 Дэлхийн “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлав. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын санаачилсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолыг баталсан байна. Түүнчлэн уг тогтоолд дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 125 улс хамтран зохиогчоор нэгджээ. 

🍋 Bluesky (BTCWF) сүүлийн 7 хоногт 700 мянган шинэ хэрэглэгчтэй болжээ. Тус апп-ийн нийт хэрэглэгчийн тоо өдгөө 14.5 саяд хүрч App Store дээрх таталтаараа Threads-н дараа бичигдэх болов. Bluesky-н хэрэглэгч нэмэгдэх болсонд Бразил X-г сонгуулийн ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлаар хориглосон нь ч нөлөөлж буй.

🍋 Гадаад худалдааны нөхцөлийн индекс энэ оны 9-р сард 152.1 болж өмнөх оны мөн үеэс 1.1% буурав. Энэ үзүүлэлтийг өмнөх сартай нь харьцуулахад бүр 7.4% буурсан байна. Харин экспортын үнийн индекс 174.3 болж өмнөх оны мөн үеэс 2.1% өсжээ. Үүнд зэсийн баяжмалын үнэ мөн хугацаанд 14.1% өссөн нь голлон нөлөөсөн байна. 

🌑 Өвөл болохоор утаа нэмэгддэг!

MCS Coca-Cola-н утаагүй хийн зуухнууд

Идэр 9 ч эхлээгүй байхад Улаанбаатар хотын маань утаа арай л их байна уу даа? 

🟢🏭  Утаагүй үйлдвэрлэл

Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх буюу 80% гаруйг ахуйн нүүрс түлэлт үүсгэдэг. Харин үйлдвэрийн салбарын нүүрсний хэрэглээ нийт бохирдлын 20% орчмыг бүрдүүлж буй. Үүнд үйлдвэрлэлээс гадна тээвэрлэлтээс үүсэх утааг ч тооцсон гэдгийг санаарай. 

  • Болоод л байна: Үйлдвэрийн салбар дахь утааны асуудлыг бууруулах хамгийн ойрын бөгөөд боломжит аргуудын нэг бол утаагүй уурын зуух ашиглах явдал. Энэ тал дээр MCS Coca-Cola 3 жилийн өмнө хүнс үйлдвэрлэлийн салбарт анх удаа нүүрсний хэрэглээг халсан утаагүй хийн зуухыг нэвтрүүлсэн туршлагатай

  • 🥇 Анхдагч: $4.5 саяын хөрөнгө оруулалттай тус  шингэрүүлсэн хийн зуух нь бүрэн автомат гэж байгаа. Үр дүнд нь тэд жилд 7,000 тн нүүрс хэрэглэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгаруулалтаа 4,800 тн-оор бууруулсан байна. Үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгаруулалтад тээвэрлэлт ч мөн тооцогдож байдаг тул компани 100% цахилгаан хөдөлгүүртэй түгээлтийн машиныг ашиглаж буй.    

Эцэст нь… Хийн зуух ашигласнаар нарийн ширхэгт тоосонцроос эхлээд хүхрийн исэл, CO2-г 0 түвшинд буюу ялгаруулахгүй байх боломжтой. Үүнийг л ногоон үйлдвэрлэл гээд байгаа юм даа.

  • 🤝 Илон Маск Киссинжер биш ч Америк-Хятадын харилцааг зөөлрүүлэхэд дэм болж чадна. (CNBC)

  • 📍 Компанийн соёлыг стратегийн гол ач холбогдолтой элемент болгох нь. (SloanReview)

  • 🪙 “Хубилай хааны усан флот” дурсгалын зоос гэнэ үү? (MongolBank)

  • 🌱 Тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шинийг санаачлагчид. (BusinessInsider)

Reply

or to participate.