- Lemon Press
- Posts
- 🤩 Арилжаалдаг Эрдэнэс Тавантолгой
🤩 Арилжаалдаг Эрдэнэс Тавантолгой
Монголын цахим засаглал сайжирсаар | Хаа сайгүй бодлогын хүү буурав | Аmazon аврахаар ирлээ!
POWERED BY
Hey! Та өнөөдөр манай товхимлын 888 дахь дугаарыг уншиж байна. Таныг азын тэнгэр ивээг! Ядаж НӨАТ-ын сугалаанаас мөнгө хожих болтугай. 😜 Гэснээс энэ 888 дугаарыг бэлтгэж та хэддээ хүргэх гэж хүч хөдөлмөр, сэтгэл зүрх бүхнээ шингээсэн дээ. Цаашид ч энэ эрчээрээ хичээх болохоор ажлын өглөө бүр уншчихаж байгаарай. 🍋
MNG: Fitch Ratings агентлаг Монгол Улсын урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийг “B/тогтвортой” байснаас “B+/тогтвортой” болгон ахиуллаа.
CHN: Энэ оны эхний 8 сард Монголын нийт экспортод эзэлж буй Хятадын хувь 91.9%-ийг даваад байна.
MSE: Гэрэлт ассэймоор капитал ҮЦК ХХК-ийг МХБ-ийн гишүүнчлэлээс хасжээ.
💫 Цахим Монгол
Монгол НҮБ-ын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-д 28 байр урагшилж 193 орноос 46-р байранд, Азид 13-рт эрэмбэлэгдэх болжээ.
Ямар учиртай тайлан? Тус тайланг НҮБ 2 жил тутамд гаргадаг бөгөөд хамгийн сүүлд 2022 онд Монгол 74-рт бичигдэж байсан юм. Тэд улс, орнуудын засаглал хэр цахимжсаныг шинжлэхдээ төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, дижитал оролцоо буюу иргэддээ хэр хүртээмжтэй байгаа гэх 3 шалгуураар тодруулдаг байна.
🗞️ Тойм
НҮБ-ын 193 гишүүн орнуудыг тивээр нь зааглан хамгийн өндөр цахим засаглалтай орнууд аль тивд байгаа нь харахад Европ, Ази, Америк тэргүүлж буй. Тодруулбал, цахим засаглал хамгийн өндөртэй ТОП-20 улсын жагсаалтыг Дани, Эстони, Сингапур, Өмнөд Солонгос, Ирланд өнгөлж байгаа бол хоцрогдогсдын жагсаалтыг Африкийн орнууд мушгижээ.
🔝 Хамгийн өндөр ахицтай хэд: Энэ удаагийн “Цахим засаглалын хөгжлийн индекс”-д Азиас 10, Америкаас 3, Европоос 2, Африкаас 2 буюу нийт 23 улс цахим засаглал өндөр ангиллаас маш өндөр ангилал руу дэвшээд буй. Мэдээж үүнд Монгол ч багтаж байгаа төдийгүй анх удаа л тус ангилалд багтах болов.
😮💨 Хурдыг нь гүйцдэггүй ээ хө! Харин Америк 2 жилийн дотор 9 байр ухарч өдгөө 19-р байранд жагсах зуур Их Британи, Австрали, Герман, Норвег, Япон тэргүүтэй орнууд айргийн 20 байр руу давхиад ороод ирэв ээ гэж. Америкийн зарим мужуудад одоо болтол өргөн зурвасын үйлчилгээ бүрэн нэвтрээгүй байгаа буюу 42 сая гаруй хүн өндөр хурдны интернэтэд холбогдоогүй байгаа нь тэднийг ийн 9 байраар ухрахад нөлөөлжээ.
🔢 Хэдэн тооны цаана…
Тус индексэд тэргүүлж буй орнуудад ААН байгуулах, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, виз мэдүүлэх зэрэг төртэй холбоотой бүхий үйлчилгээ нь цахимжсан төдийгүй тэдгээр үйлчилгээнүүдийг хот, хөдөөгийн ялгарал байхгүйгээр ашиглах хүртээмжтэй гэдгийг индексэд эзэлсэн байр нь харуулж буй.
✨ E-Mongolia-н буян: Монгол тус индексэд 28 байр ахихад E-Mongolia-н оролцоо маш их. Санаж байгаа бол өнгөрсөн 4-р сард тус платформ шинэчлэгдэж 2.0 хувилбараа танилцуулсан. Анхны хувилбартай нь харьцуулахад одоо бол хэрэглэхэд маш амар нэмээд төрийн олон үйлчилгээг авах боломжтой болоод буй.
Эцэст нь… Сүүлд яамнууд хоорондын албан бичгийг цаасаар солилцдогоос болж зөвхөн 2023 онд ₮1.2 тэрбумыг зарцуулж, мэдээлэл дамжуулах хурд удааширч байна гээд яам хоорондын DocX платформтой болж буйг мэдсэн үү? Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээ эрчтэй цахимжиж байгаа нь олон хүний стресс, цаг, мөнгийг хэмнэж байгаа шүү.
🦸♂️ Amazon аврахаар ирлээ!
INTC: Даваа гарагт Intel Amazon-н үүлэн технологид зориулсан AI чип хийхээ мэдэгдсэнээр хувьцааны үнэ нь 1 өдрийн дотор 7% өсөж $23-т хүрэв. 2024 он Intel-н хувьд час жил гэлтэй борлуулалт нь буурч, алдагдал нэмэгдсэнээр тэд өнгөрсөн сард 15,000 ажилчдаа цомхотгосон төдийгүй энэ онд ногдол ашиг тараахгүй байгаар төлөвлөж буй. Цаашлаад хувьцааны үнэ нь он гарснаас хойш 58% унаад байгаа тэдний хувьд Аmazon-н ачаар хэсэгхэн хугацаанд ч гэсэн хувьцааны үнэ нь өсөөд авлаа даа.
🧑💻 DevFest олон улсын технологийн арга хэмжээ
Google Developer Group Ulaanbaatar-с жил болгон зохион байгуулдаг хөгжүүлэгчид, технологийн хорхойтнууд, шинийг санаачлагчдын цугларах цэг DevFest олон улсын технологийн арга хэмжээ 3 дахь жилдээ болох гэж байна. 😲
✨ Гол онцлог: Google-н албан ёсны төлөөллүүд Google for Startups, Google Maps болон Google Clouds сэдвийн хүрээнд илтгэх бөгөөд дэлхийн технологийн мэргэжилтнүүд шинэлэг технологи, шинэ чиг хандлагын талаар үнэ цэнтэй мэдлэг түгээх аж. Түүнчлэн оролцогчид технологийн сонирхогчидтой танилцаж, санаа бодлоо солилцох боломжтой гэнэ шүү.
📅 Хэзээ: 9 сарын 21
📍 Хаана: ХААН Банк Театр
Хаа сайгүй бодлогын хүү 🔻
Холбооны Нөөцийн Сан (ХНС) сүүлийн 4 жилд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа. Энэ нь зах зээлд, Монголд ямар нөлөө үзүүлэх вэ?
1 ➡ 0.5 ➡ 0.25
Өнгөрсөн 7 хоногт Европын Төв банк (ECB) бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 3.5%-д хүргэсний араас Монголбанк ч мөн бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулаад амжсан. Араас нь ХНС ч бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 4.75%-5%-ийн түвшинд хүргээд байгаа нь бүгд инфляц тогтворжсонтой холбоотой.
🇺🇸 Америкийн тухайд: ХНС сүүлийн 2 жилийн хугацаанд 15 удаа бодлогын хүүгийн шийдвэр гаргасны 7 удаад нь бодлогын хүүг хэвээр үлдээж, 7 удаад нь нэмж, 1 удаа бууруулаад буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.
🤔 Юу болох билээ? Америкийн бодлогын хүү буурснаар зээл, орон сууц, бизнесийн зээлийн хүү багасаж бизнесүүдийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлнэ. Нэмээд, хөрөнгө оруулагчид ЗГ-ын бонд гэхээсээ илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонирхож эхлэх тул үнэт цаасны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх юм.
💭 Монголд наалдах пад
Хамгийн хүчирхэг эдийн засагтай орны бодлогын хүүгийн бууралт дэлхийн бусад эдийн засгуудад ч нөлөөлж түүхий эдийн эрэлт нэмэгдэх магадлалтай. Ингэснээр түүхий эдийн үнэ өсөх нөхцөл бүрдэж байгаа нь түүхий эдээр хоолоо зогоодог манайд эерэг мэдээ.
📉 Сулрал, чангарал: Мэдээж хэрэг энэ шийдвэр нь $-ын өгөөжийг бууруулах тул $-ын ханш бусад валютуудын эсрэг суларна. Тэгэхээр төгрөгийн ханш бага зэрэг чангарах нөхцөл үүсэж гадаад өр, зээлийн үйлчилгээний зардлыг буурахад нөлөөлөх учиртай. Мөн хөрөнгө оруулагчдад Америкийн хүү моод байхаа болих тул манай бондуудыг сонирхох нигууртай.
Эцэст нь… Долларын хааны шийдвэр Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болзошгүй байгаа ч Монголын төсвийн бодлого, элдэв дээдийн шийдвэрүүд нь бас яаж нөлөөлж юу болох бол доо…
🤝 Invest in Minegolia!" хаалттай арга хэмжээ
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 3 дахь өдөр буюу 10 сарын 4-нд хөрөнгө оруулагч болон уул уурхайн төслүүдийг холбох хаалттай "Invest in Minegolia!" арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
🤵💼 Хэн, хэн ирэх билээ?
Арга хэмжээнд уул уурхайн төсөлд хөрөнгө оруулж байсан туршлагатай гадаадын 5+ орны 20 гаруй хөрөнгө оруулагч, дотоодын 20 гаруй хөрөнгө оруулагч нар хүрэлцэн ирэх бөгөөд уул уурхайн 6 компанид өөрсдийн төслөө танилцуулж хөрөнгө оруулалт, нэмэлт санхүүжилт татах боломжийг бүрдүүлээд буй.
Санхүүгийн томчууд: Гадаадаас оролцох хөрөнгө оруулагчид дунд Тайван болон Лондоны хөрөнгийн биржээс, Sprott Family Office, ALLULA Composites, Lion Selection Group, EY, Европын сэргээн босголт хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн акулуудын төлөөллүүд ирэх аж.
Сурталчлаад өгье! Мөн төслөө танилцуулах хүсэлтэй компаниудын төслийг Capital Markets Mongolia (CMM)-н сошиал хаяг болон имэйл товхимлоор гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэж, CMM-н зөвлөх үйлчилгээг 10% хөнгөлөлттэй авах боломжийг өгөх юм.
"Invest in Minegolia!" дээр төслөө танилцуулах хүсэлтэй компаниуд 99867757 дугаар руу аль эсвэл ЭНД дарж оролцох хүсэлтээ явуулах боломжтой.
Харин уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлттэй мэргэжлийн хөрөнгө оруулагчид ЭНД дарж оролцох боломжтой.
⏲️ Хэзээ: 10 сарын 4, 14:00-17:00 цагт
📍 Байршил: Улаанбаатар хотоос 39 км зайд Налайх дүүрэгт Тайж хайрхны бэлд
🕵️ Таавар таацгаая. Тэр үл үзэгдэх боловч таны ирээдүйг удирдаж чадна. Мөн баяжуулж эсвэл хоосруулж чадна. Тэр юу вэ?
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉
🍋 Улаанбаатар хотын 170 автозамыг хиймэл оюун ухаанаар зохицуулдаг болно. Тодруулбал, Google (GOOG) хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолох бөгөөд замын хөдөлгөөнд зохицуулалт хийх программ хангамж дээр хамтарч ажиллах юм. Тус компани өмнө нь Хамбург, Жакарта, Абу Даби, Бангалор тэргүүтэй томоохон 10 хотуудтай хамтран ажилласан туршлагатай гэнэ.
🍋 Хятадын Засгийн газар тэтгэврийн насыг хойшлууллаа. Ингэснээр хотын бүсэд ажилладаг эрчүүд 60, харин эмэгтэйчүүд 50 эсвэл 55 насандаа ажил мэргэжлээсээ хамааран тэтгэвэрт гарах бол бусад бүсэд эрчүүд 63 хүртэл, эмэгтэйчүүд 55 болон 58 нас болж өөрчлөгдсөн аж. Тус шийдвэр ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.
🍋 ЗГ 100 хоногт багтан Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй болгож олон улсын менежментийн компаниар удирдуулна. Тодруулбал, уг төрийн өмчит компанийн нийт хувьцааны 27%-ийг 3.4 сая иргэд эзэмшдэг бөгөөд улс төрийн нөлөөллийг бууруулж, засаглалыг сайжруулахын тулд нээлттэй болгож олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах аж.
🍋 Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайдаар Ина Марчюлёните томилогджээ. Тэрбээр цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтлын эсрэг "Тэрбум мод" ба Европын Холбооны "Ойн түншлэл"-ийн чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Сонирхуулахад, Ина Марчюлёните 2 орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн босгон дээр Элчин сайдаар томилогдож байна.
🔒 Нэмэлт аюулгүй байдлын үүднээс iOS 18 дээр апп-уудыг түгжих, нуух арга. (CNET)
⚙️ YouTube-с контент бүтээгчдэдээ зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүд. (Mashable)
🤔 Америкийн ТОП захирлууд Камала Харрис, Дональд Трамп хоёрын хэнийг нь дэмжиж байгаа гээч? (INC)
🔍 Google хайлт зургийн хиймэл оюун ухаанаар засварласан эсэхийг илрүүлэх боломжтой болжээ. (NextPit)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply