- Lemon Press
- Posts
- 🤝 Чингис Хаан банк ба Хятадын хөрөнгө оруулалт
🤝 Чингис Хаан банк ба Хятадын хөрөнгө оруулалт
Экспортоор тэргүүлэгч улсуудын талаар болон Чингис Хаан Банкны хөрөнгө оруулалтын тухай тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Олны анхаарлыг ихээр татсан англи хэлний асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж хуульчлах биш сургалтын хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэж үзжээ. Тэгэхээр хэддүгээр ангиас нь ямар хэл заахыг боловсролын байгууллага өөрөө шийдэх нь. 🏫


*Нэг өдрийн өөрчлөлт
POL: Америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес Монголд айлчилна. Уг уулзалт нь 2 улсын ЭЗ-ийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой аж.
MSE: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Биткойны үнэ 25,892%, алтны үнэ 61% өссөн бол Монголын ХЗЗ-ийн үнэлгээ 557.5% өсөөд байна.
MNG: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Бонд: Дотоодын компаниар зэрэглэлээ тогтоолгосон анхны компанийн бондыг бүртгэв.
Сан: Монголын хамгийн анхны Хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) бүртгэгдлээ. Тодруулбал, уг сангийн нэгж эрхийг Инвескор Ассет Менежмент ҮЦК гаргасан бөгөөд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-д бүртгэгдсэн байна. Сангийн мэргэжлийн оролцогчдоор Инвескор Капитал ҮЦК, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Ард Секюритиз ҮЦК, Апекс Капитал ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК-иуд ажиллах аж.
Нэмэлт өөрчлөлт: Түүнчлэн ББСБ-ын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журамд холбогдох өөрчлөлтийг оруулж Монголын харьяалалгүй хүнд өдөрт ₮3 саяас ихгүй дүнгээр валют худалдан авах, худалдах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн юм.
Мөнгөн зээл: Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Эм эл жи лизинг ХХК-ийг анхны мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгэсэн аж.
Жич: СЗХ зарим компанийн нэрийг дурдаагүй байсан болно.

🤝 Чингис Хаан банканд Хятад компани хөрөнгө оруулна

Банкны системд 22 дахь жилийн түүхээ бичиж буй Чингис Хаан банкны хувьцааг Хятадын хөрөнгө оруулалттай компани худалдан авч, гэрээгээ хийжээ.
Эзэмшил: Тус банк нь 2001 онд Монголын анхны 100% гаднын хөрөнгө оруулалттай банк болон байгуулагдаж, 2015 оноос 100% үндэсний хөрөнгө оруулагчтай болж өөрчлөгдсөн аж.
Юу болов?
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ₮100 тэрбум болгон нэмэгдүүлэх шийдвэр 2021 оны 12 сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэж нэмэгдүүлэх нь банкнуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавх, эрсдэл даах чадвар сайжрах нөхцөл бүрддэг. Гэвч Чингис Хаан банкны өөрийн хөрөнгийн дүн 2023 оны I улирлын байдлаар л гэхэд ₮12.5 тэрбум буюу байх ёстой доод хэмжээнээс 8 дахин бага байгаа юм.
Түүнчлэн, тус банкнаас өр төлбөрөө нэхэмжилсэн төрийн сан, байгууллагуудын асуудал ар араасаа хөвөрсөөр байгаа. Асуудлууд:
Иргэний хэргийн шүүх дээр ЭМДЕГ-ын ₮27.8 тэрбум,
ЖДҮДС-ийн ₮170 тэрбум
Хөгжлийн банкны ₮25 тэрбум
Хадгаламжийн даатгалын корпорацын ₮16 тэрбум,
Голомт банкны ₮11 тэрбумын нэхэмжлэл зэрэг үүсээд буй.
Шинэ хөрөнгө оруулалт
Өнгөрсөн 3 сард Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Чингис Хаан банкны дүрмийн санг нэмэгдүүлж, шинэ хөрөнгө оруулагч орж ирэх шаардлагатай байгаа тухай мэдэгдэж байсан .
Илүү дэлгэрүүлбэл, Хятадын хөрөнгө оруулалттай Баянмөнх техник дэвшил ХХК нь Чингис Хаан банканд хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлж 3 сард Монголбанканд албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн. Ингэхдээ Чингис Хаан банкны нэг хувьцаа эзэмшигчээс нь банкны нэрийг ₮50 тэрбум, нэмээд бүх өрийг нь тэглэх, хувьцааг нь худалдаж авах санал тавьсан гэдэг.
Эцэст нь… Манай редакцын зүгээс Чингис Хаан банкнаас дээрх хөрөнгө оруулалттай холбоотойгоор тодруулга авахыг хүссэн ч хариулт өгөхөөс татгалзсан юм. Ямартай ч албаны эх сурвалжуудын мэдээллээр 2016 оноос эхлэн алдагдалтай ажилласан тус банканд гаднын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулснаар үйл ажиллагаа нь буцаж сэргэж магадгүй байна.

📜 Өөрчлөлт
SDT: Хот девелопмент ХК ₮100-ийн нэрлэсэн үнэтэй 20,500,000 ширхэг энгийн хувьцааг хаалттай хүрээнд гаргаж буй. Тиймээс компанийн нийт хувьцааны тоог ₮100-ийн нэрлэсэн үнэтэй 28,970,054 ширхэг байхаар өөрчлөлт оруулжээ. Сонирхуулахад, Хот девелопмент ХК-ийн хувьцааны үнэ 11 жилийн өмнөхөөс 2.8 дахин өссөн аж.

🐉🦅 Дэлхийн экспортыг атгагчид

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-аас өнгөрсөн оны экспортоор тэргүүлэгч улсуудыг зарлажээ. Ямар улс багтсан гэж бодож байна?
Хятадын экспорт х 2
Өнгөрсөн онд Хятад $3.6 их наядын бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортолсон нь жагсаалтыг тэргүүлсэн аж. Тодруулбал, тэд Бээжингийн олимпоос хойш буюу 2009 онд Германыг экспортоороо гүйцэж түүнээс хойш 14 жил титмээ унагаагүй. Улмаар дэлхийн бараа бүтээгдэхүүний экспортын 15%, үйлчилгээний экспортын 6.5%-ийг эзлэх болов. Харин Америкийн экспортын хэмжээ $2 их наядад хүрч 2-т эрэмбэлэгджээ.
Тэд юу экспортолж байна? Хятад цахилгаан бараа, хувцас, хуванцар болон тээврийн хэрэгсэл түүний эд ангийг түлхүү экспортолдог бол Америкийн экспортод агаарын онгоц, чип, хуванцар эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн жин дарав. Үүнээс гадна тус 2 улс тээвэр, аялал жуулчлал, санхүүгийн гээд олон төрлийн үйлчилгээг экспортолж байна.
Чиг хандлага: Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал буюу заавал хил дамнах шаардлагатай экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт удааширч байгаа бол эсрэг талд дижитал экспортын дүн өссөөр.
🖥 Дижитал экспорт
Цаашлаад, дэлхийн дижитал экспортыг харвал, 2022 онд $3.8 их наядад хүрсэн байна. Энэ нь 2005 оноос хойш бараг 4 дахин өссөн буюу жилд дунджаар 8.1% өссөн дүн. Харин бараа бүтээгдэхүүний экспортын дүн жилд 5.6%, үйлчилгээнийх 4.2% тус тус өсжээ. Задлан харвал, өнгөрсөн онд дижиталаар экспортолсон үйлчилгээний 40%-ийг бизнесийн болон техникийн үйлчилгээ цаашлаад санхүүгийн үйлчилгээ 20%, оюуны өмчийн үйлчилгээ 12%, даатгалын үйлчилгээ 5%-ийг тус тус бүрдүүлээд буй.
Тэргүүлэгчид ба цойлогсод: Америк дэлхийн дижитал экспортын 16.5%-ийг буюу хамгийн их хувийг эзэлж байгаа бол араас нь Европын Холбооны орнууд бараг тал хувийг эзэлж байна. Харин Ази болон Ойрх Дорнодын бүс нутгийн дижитал экспорт дэлхийн дунджаас хамаагүй хурдацтай өссөн байв.
Эцэст нь… Дижитал экспорт нь манайх шиг далайд гарцгүй газарзүйн түгжигдмэл байрлалтай улсад тээвэрлэлтээс үүсэх зардал болон бусад алдагдаж буй боломжийг нөхөх боломжийг олгоно. Харин бидний зүгээс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн гаргаж экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлэх л хэрэгтэй байна даа.

Mode формулаг ашиглан ажлаа хөнгөвчлөөрэй. 🖥️


🗒️ Ээлжит IPO айсуй

Тээвэр логистикийн салбарын IPO-н салхийг хагалж, “Монложистикс Групп”-ийн толгой компани Монложистикс Холдинг ХХК СЗХ-ноос IPO хийх зөвшөөрлөө авчээ.
Сонирхуулахад, Монложистикс Групп нь 2005 үүсгэн байгуулагдсанаасаа хойш, 1 толгой компани, 9 охин компани, 200 орчим ажилтан, 163 орны 800 гаруй түнштэй болж, салбартаа тэргүүлж буй.
IPO хамтрагчид
Тэдний үндсэн андеррайтер Мандал Капитал ҮЦК байх бол туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК, хөндлөнгийн үнэлэгчээр Гэрэгэ Эстимэйт ХХК, аудитаар Грант Торнтон Аудит ХХК, хуулийн фирмээр ХаанЛекс Партнерс ХХН хамтран ажиллаж байгаа гэнэ.
🔗 Уг IPO-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.


AllCode
🔹Amazon (AMZN) AI судалгааны төвдөө $100 саяын хөрөнгө орууллаа. Тус хөрөнгө оруулалт нь компаниудын AI ашиглалтыг сайжруулах зорилготой бөгөөд үүнд AWS-н дата аналистууд, стратегич, инженерүүд болон шийдлийн архитекторуудыг ч хамруулж байгаа аж.
🔹МҮХАҮТ-д экспортын гэрчилгээний нэг цонхны цахим системийн нэгж байгуулагдлаа. Үүний тусламжтайгаар мах махан бүтээгдэхүүний экспортын 26 төрлийн, 50 гаруй давхардсан бичиг баримт бүрдүүлэх гэж 13 хонодог байсныг цахимаар 4 хоногт авах боломжтой болох нь.
🔹Silver Elephant (ELEF) 2.5 сая нэмэлт хувьцаа гаргаж $750 мянгын санхүүжилт босгоно. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани нэгж хувьцаагаа $0.3-оор үнэлээд буй. Сонирхуулахад, тэд босгосон санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг Улаан-Овоо төслийн үйл ажиллагааг дахин эхлэхэд зарцуулах гэнэ.
🔹УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банктай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид ₮33 тэрбумын зээл өгснийг хэрэгсэхгүй болгосон аж.

“Бидний хамтарч ажилладаг улсад Оросын өмч байршиж байвал, газар нь мөн Оросын хамааралд шилжинэ”
ЛАВРОВ— Baabar (@Baabarniitlelch)
2:11 AM • Jun 26, 2023

Сонирх: Стартап 2023 улсын уралдааны Demo day. (Стартап2023)
Мэд: Агаарын бохирдол нь хамгийн их 20 улс. (VisualCapitalist)
Унш: В.Путин яасан гэнэ ээ? (FinancialTimes)
Танилц: Samsung-д харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан монитор бий. (SamMobile)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply