• Lemon Press
  • Posts
  • 😴 Ажилгүй залуус = 67 сая

😴 Ажилгүй залуус = 67 сая

Цөлжилтийн цаад утга | Бодлогын хүү 12.5% | Эрчим хүч үйлдвэрлэх $TMK.AX

POWERED BY

Өглөөний мэнд! Манай оронд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, Microsoft (MSFT)-н үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн ТОП-20-д багтдаг Билл Гейтс хүрэлцэн иржээ. Эхэндээ худал мэдээлэл юм биш биз гэж харсан ч энэ удаа үнэн байж таарлаа. Тэгэхээр хэдүүлээ Билл Гейтстэй нэг агаараар амьсгалж, нэг тэнгэрийн дор байгаа байх нь ээ. 🤪🇲🇳

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Өчигдөр Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.5%, банкнуудын ₮-ийн заавал байлгах нөөцийг 0.5 нэгж хувиар өсгөж 14.5% болгох шийдвэр гаргалаа.

GOV: ЗГ-ын ээлжит хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр 14 асуудлыг шийдвэрлэв.

TDB: Худалдаа Хөгжлийн Банк ХК (TDB)-ийн хувьцаа эзэмшигч Глобулл Инвестмент энд Дэвэлопмент Пти.Лтд (Globull Investment and Development Pte.Ltd) нь хуулийн этгээдийн нэрээ Билэг & Ко Пти.Лтд (BILEG & СО PTE.LTD) болгон өөрчлөв.

NSO: Өнгөрсөн 7-р сард шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 5.1% өсөж метр кв нь ₮4.7 саяд, хуучин орон сууцны үнэ мөн үеэс 6.8% өсөж метр кв нь ₮4.8 саяд тус тус хүрчээ

‼🏜️ Цөлжилтийн цаад утга

Маргааш, нөгөөдөр гээд л COP 17 эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчилж гаргасан байна. Айхтар тоонууд байна даа. 

🗺️ Хамрах хүрээ: 81.9%

Шинэчлэгдсэн үндэсний атласаар Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9% нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. 1991-2025 оны сансрын тандан судалгаанд тулгуурласан энэхүү 6 дахь удаагийн үнэлгээ нь цөлжилт зөвхөн байгаль орчны асуудал биш, үндэсний эдийн засгийн бодит аюул болсныг сануулж байна.

😮‍💨 Эдийн засгийн нөлөө нь юу байх вэ?

1941 оноос хойш агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэж, нийт нутгийн 93.3%-д хөрсний чийг буурсан нь мал сүргийн гол тэжээл болсон бэлчээрт шууд цохилт өгөв. Газар нутгийн 22.3%-д ургамлын бүтээмж буурч, 53.5%-д гангийн эрчимжилт нэмэгдсэн нь малчдын орлого хомсдох, мах, сүүний гарц багасах, улмаар хүнсний инфляц нэмэгдэх эрсдэлийг дагуулж байна. Ядаж одоо хүнсний инфляц 25.5% болчихсон байгааг ч хэлэх үү.

  • 👊 Түүнчлэн газар нутгийн 54.8% нь усны, 34.3% нь салхины элэгдэлд өртөх эрсдэлтэй байгаа нь хөдөө аж ахуй, дэд бүтэц, уул уурхайн салбарт үлэмж хохирол учруулж буй. Цаашлаад цөлжилт нь зөвхөн байгалийн хүчин зүйлээс бус, уур амьсгалын өөрчлөлт ба хүний үйл ажиллагааны хавсарсан нөлөөгөөр эрчимжиж буйг судалгаа харууллаа.

  • 💡 Хонгилын үзүүрт: Гэхдээ найдвар байна. 2020 оны тайлантай харьцуулахад нэн хүчтэй болон хүчтэй цөлжилттэй нутаг дэвсгэр 16.2% буурсан нь нөхөн сэргээлт, зөв бодлого үр дүнд хүрдгийг батлав.

Эцэст нь… Одоо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлын үеэр энэхүү баримтыг олон улсад танилцуулна гэнэ. Танилцуулахаас өөрөөр арга хэмжээ авахгүй бол ч… Угаас цөлжилттэй тэмцэх нь зүгээр нэг зардал биш, манай ХАА, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт билээ.

  • 🏠 Цалин чинь ипотекийн зээл авахад хангалттай юу? Тооцоод үзье. (MIK)

  • 🇪🇺 Deutsche Bank юанийн клирингийн үйлчилгээ үзүүлэх Европын анхны банк боллоо. (FT)

  • 👓 Ирэх долоо хоногт эхлэх COP17 хурлын тухай мэдэх ёстой бүх зүйл А-Я хүртэл. (Unread)

  • 🕊️ Toyota Pruis машиныг зах зээлд нэвтрүүлсэн Хироши Окуда таалал төгсөв. (Japantimes)

⚡️ Эрчим хүч үйлдвэрлэх $TMK.AX

TMK.AX: TMK Energy компани Дашваанжил Групп ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүрээнд анхны цахилгаан эрчим хүчээ энэ оны 12-р сард үйлдвэрлэхээр төлөвлөж эхэллээ. Мөн компанийн Гурвантэс XXXV төслийн 7-р сарын өдрийн дундаж хийн олборлолт өмнөх сараас 5% өсөж, 778 шоо метрт хүрчээ. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 22.7%, сүүлийн 6 сарын хугацаанд 51.7% өсөж AU$0.135-оор арилжаалагдаж байна.

😴 Ажилгүй залуус = 67 сая

Цар тахлын дараа дэлхийн хөдөлмөрийн зах зээл сэргэж, залуучуудын ажил эрхлэлт нэмэгдсэн нь таатай үзүүлэлт байлаа. Гэвч саяхан НҮБ-ын Хөдөлмөрийн олон улсын байгууллагаас нийтлэгдсэн судалгаагаар сэргэлт зогсонги байдалд орсныг харуулжээ.

📉 Хүндхэн үр дүн

Тайланд дурдсанаар, цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт зогсож, дэлхийн залуучуудын ажилгүйдлийн түвшин 2025 онд 12.4% болсон нь өмнөх 2023 оныхоос 0.1 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд 15-24 насны 67 сая залуус ажилгүй байгааг илтгэх аж. 

  • 🔎 Гол буруутан: Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, геополитикийн зөрчил хурцадсанаар шинэ ажлын байрны өсөлт удааширчээ. Мөн залуусын ажлын гараагаа эхлүүлдэг захиргаа, борлуулалт зэрэг дунд шатны ажлын байр хумигдаж, өрсөлдөөн нэмэгдсэн гэнэ. Үүн дээр ажил олгогчид анхан шатны ажлын байранд ч туршлага шаардах болсон нь залуусын хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд хүндрэл учруулжээ.

🆚 Бүс нутгийн ялгаа

Ажилгүйдэл Араб болон Хойд Африкт хамгийн өндөр хэвээр байгаа бол Хойд Америкт 9.8% болж огцом өсжээ. Зүүн Ази, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн бүсүүдэд ажилгүйдэл болон ажиллахгүй, сурахгүй, ямар нэгэн сургалтад хамрагдахгүй байгаа (NEET) залуусын тоо хоёул зэрэг нэмэгдсэн сөрөг үзүүлэлт ажиглагдсан аж. Түүнчлэн Европын 29 орны 20-д нь залуусыг ажлын байраар хангах чадавх эрс муудсан ба ажилгүйдлийн түвшин нь 15% дээр гацаад байна. 

  • 🤷🏻‍♂️ Сурдаггүй бас ажилладаггүй: NEET залуусын эзлэх хувь 2025 онд 20%-д хүрч, 2023 оноос 9 саяар нэмэгдэн нийт 257 сая болжээ. Ядуу буурай орнуудад 10 залуу тутмын 9 нь нийгмийн хамгаалалтгүй, албан бус салбарт тогтворгүй ажил эрхэлж буй аж.

Эцэст нь… AI-н нөлөөнд хамгийн их өртөх эрсдэлтэй ажлын байр залуучуудын нийт ажил эрхлэлтийн 6.1%-ийг эзэлж байна. Ингэснээр технологийн хурдацтай хөгжил нь залуучуудын анхан шатны ажлын байруудыг орлох эрсдэлийг дагуулж эхэлсэн гэнэ дээ.

55%
Америкийн 7-р сарын инфляцын мэдээлэл хүлээлтэд нийцсэний дараа Холбооны Нөөцийн Сан ирэх 9-р сард бодлогын хүүгээ өөрчлөхгүй, хэвээр үлдээх магадлал 55%-д хүрч өслөө.
20% 
AI үүлэн тооцооллын CoreWeave компани II улирлын ашгийн тайлангаараа таамгийг давуулж, жилийн хөрөнгө оруулалтын төсвөө нэмэгдүүлснээр хувьцааны ханш нь 20% огцом өсөв.
3%
AI салбарын тайлангуудын эерэг нөлөөгөөр хагас дамжуулагч, чип үйлдвэрлэгчдийн индекс 3% дээшилжээ.

remio

🍋 AI кодчиллын Cognition AI стартап үнэлгээгээ $40 тэрбумд хүргэхээр ажиллаж эхэллээ. Ингэснээр тэдний үнэлгээ ердөө 3 сарын дотор 54% өсөх боломж үүссэн аж. Үүнд Goldman Sachs (GS), Mercedes-Benz (MBG.DE) зэрэг томоохон компаниудын захиалга өссөн нь тус компанийн жилийн орлогын тооцоолсон хэмжээ $1 тэрбум руу дөхөж, өмнөх үзүүлэлтээс 2 дахин өсөөд байна.

🍋 Импортоор орж ирсэн машины гаалийн үнийн ₮360 саяас дээш давсан хэсэгт 33%-ийн онцгой албан татвар ногдуулна. Онцгой албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 10-наас эхлэн гаалийн үнэ нь ₮360 саяас давсан суудлын автомашины ₮360 саяас илүү гарсан хэсэгт 33%-ийн онцгой албан татвар нэмж ногдуулж эхэлжээ.

🍋 Энэ оны эхний хагаст худалдааны салбарын борлуулалтын орлого ₮33.8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.1% өссөн дүн боллоо. Борлуулалтын орлогын 21.7%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 78.3%-ийг хүнсний бус бүтээгдэхүүн бүрдүүлж, хүнсний бус бүтээгдэхүүний өсөлт хүнсний бүтээгдэхүүнээс 5.8 нэгж хувиар өндөр байв. Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны жижиглэн худалдаа 55.1%, түлшний бөөний худалдаа 32.1%  өссөн нь голлон нөлөөлжээ.

🍋 Ард Даатгал ХК (AIC)-ийн цэвэр ашиг энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 47.1% буурч ₮405.7 сая болжээ. Уг нь тэдний нийт нөхөн төлбөрийн зардал буурсан ч даатгалын хураамжийн орлого нь 28.7% багасаж ₮14.4 тэрбум болсон байна. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ өчигдөр оны эхнээс 12.3% буурч ₮636.4 дээр хаагдсан аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.