- Lemon Press
- Posts
- 👴🏻 Тэрбумтнуудын дундаж нас: 67
👴🏻 Тэрбумтнуудын дундаж нас: 67
Авлигын хэрэг болон тэрбумтнуудын талаар тоймлолоо.
POWERED BY
Morning! Алдарт Queen хамтлагийн фэнүүд байна уу? Тэд 1980 оны энэ өдөр "Another One Bites the Dust" дуугаа гаргаж байжээ. Ажил, хичээлийнхээ хажуугаар ЭНЭ дууг сонсож анх сонссон үеийнхээ дурсамжийг сэргээгээрэй. 🎧
*Нэг өдрийн өөрчлөлт
POL: МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчийн квот 30%-иас доошгүй байна гэж шийдвэрлэжээ.
MSE: БИД ББСБ ХХК-ийн бондын анхдагч ЗЗ-ийн арилжаа нийт 127 захиалга авч ₮8 тэрбумыг төвлөрүүлж 100%-ийн гүйцэтгэлтэйгээр хаагдав.
BTC: Оны эхэнд $16,625 байсан Биткойны үнэ тухайн үеэс 56.5% өсөж $26,023 боллоо.
📢 Авлигын эсрэг НЭГДЬЕ
Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтэст бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх оны мөн үеэс 16.3% өсөж 1,520 болсон байна.
Яагаад?
Авлигын гэмт хэрэг өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 23.3% өссөн нь голлон нөлөөлсөн юм. Түүнчлэн нийт авлигын хэргийг ангилбал,
55.9%: эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан;
13.2%: хахууль авсан;
7.6%: хахууль өгсөн;
23.3%: үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, мөнгө угаасан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна.
Хохирол
Дээрх авлигын гэмт хэргүүдээс үүдэн ₮5.2 их наядын хохирол учирчээ. Энэ нь 2021 оны авлигын гэмт хэргийн хохирлоос 5 дахин их дүн. Төсөөлөөд үз дээ, БШУЯ-ны бүтэн 1 жилийн төсвөөс 2 дахин их, цаашлаад хамгийн өндөр ЗЗ-ийн үнэлгээтэй ХААН Банк (KHAN)-ны үнэлгээнээс 2.5 дахин их мөнгөн хохирол учирсан гэсэн үг.
Зөвхөн мөнгөн дүн бус
Авлигын хохирлыг хэдэн их наядаар хэмжээд орхиж болохгүй. Энэ нь бүх салбарын үйлчилгээний чанарыг доошлуулж, хүнд суртлыг нэмэгдүүлж буй. Ер нь бол авлига хаа сайгүй янз бүрийн хэлбэрээр оршиж байгаа тул таны өдөр тутмын боломжуудыг хязгаарласаар байгааг мартаж болохгүй.
Том зургаар: Цаашлаад, авлига нь бизнесийн орчны өрсөлдөөнийг бууруулж ЭЗ-ийн өсөлтийг боомилдог. Ингэснээр ядуурлыг гааруулах үндэс болох юм. Дэлхийн хамгийн их авлигад идэгдсэн орнуудын нэг Сомалид л гэхэд хүн амынх нь 70% нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг аж. Мөн Монгол авлигын төсөөллийн индексээр 6 байр ухарч 180 улсаас 116-рт жагсаж буй. Тэгэхээр бид Сомалиас тийм ч сайн нөхцөл байдалтай биш байна.
Авлигын эсрэг…
Дээрх шалтгаануудаас үүдэн АТГ-аас авлигын эсрэг “...НЭГДЬЕ” аяныг эхлүүлээд буй. Уг аян нь авлигыг үл тэвчих хандлагыг олон нийтийн оролцоотойгоор төлөвшүүлж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх юм. Тиймээс та ч бас авлигын эсрэг нэгдээрэй.
👔 Шинэ томилгоо
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Золбоо томилогджээ. Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн дарга асан П.Батбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул гүйцэтгэх захирал асан Ч.Ганхуяг ТУЗ-ийн даргаар томилогдсон аж. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ он гарсаар 30.4% унаад байна.
💰 Тэрбумтнууд яав?
Дэлхийн тэрбумтнуудын тоо 3.5% буурч 3,194 болжээ. Энэ нь сүүлийн 10 жилд 2 дахь удаагаа буурсан тохиолдол юм.
Тэрбумтнаас ➡️ Саятан
Харж байгаачлан өнгөрсөн жил олон тэрбумтнуудын тансаг үдэшлэг дууслаа. Учир нь тэрбумтнуудын нийт хөрөнгө 5.5% буурч $11 их наяд болоод буй. Тэгээд юу гэж?
Илүү төвлөрнө: Энэ нь тэрбумтнуудын хөрөнгө улам л төвлөрч, цөөн тооны хүмүүс дэлхийн баялгийн илүү их хувийг эзэмшинэ гэсэн үг.
Саяхан л тэрбумтан байсан сан
Өнгөрсөн онд нийт 254 хүн тэрбумтны статусаа алдсан бөгөөд тэдний дунд FTX-н үүсгэн байгуулагч Сэм Банкман Фрид, Adidas (ADS.DE) Yeezy-н драмын гол эзэн Ye (Канье Уэст) тэргүүтэй хүмүүс багтсан юм. Сонирхолтой нь тэрбумтны клубээс өөрийн хүсэлтээр гарсан нэгэн бий. Тодруулбал, Ивон Чоуинард Patagonia гэх хувцасны компаниа байгаль орчны ашгийн бус байгууллагад хандивласан аж.
Томоор харвал
Улсаар нь харахад Орос болон Сингапур дахь тэрбумтнуудын тоо нэмэгдэв. Тухайлбал, Оросын тэрбумтнуудын тоо 4.7% өсөж 112-д хүрсэн бол Сингапурынх 8% өсөж 54 болжээ. Харин нөгөө талд Америкийн дараа 2-рт эрэмбэлэгддэг Хятадын тэрбумтнуудын тоо 11% буурч 357-д хүрээд буй. Энэ нь Хятадын төрийн зүгээс ирэх дарамт шахалт, эдийн засгийн удаашрал болон үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орсонтой холбоотой аж.
Сонирхолтой тоо
Түүнчлэн тэрбумтнуудын дундаж нас 67 байгаа бөгөөд 50-иас доош насны тэрбумтнууд дөнгөж 10%-ийг, 70-аас дээш насныхан 40%-ийг эзэлж байна. Нийт тэрбумтнуудын 64%-ийг 50-70 насныхан эзэлж байгаагийн дийлэнх нь банк, санхүүгийн салбарт ажиллаж байна. Цаашлаад, өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүс давамгайлах ч 50-иас доош насныхны ихэнх нь өв залгамжлах замаар тэрбумтан болжээ.
Эцэст нь... Дэлхийн хүн амын ердөө 1% нь нийт баялгийн 2⁄3-ийг эзэмшдэг. Гэтэл энэ тоо улам л буурсаар.
Filter ашиглаж цагаа хэмнээрэй. ⏰
👵🏻👴🏻 Тэтгэврийн хуримтлалаа яг одооноос
Залуу байна гээд тэтгэврийн хуримтлал үүсгэхээ хойшлуулсаар л байна уу?
Тэгвэл яагаад тэтгэврийн хуримтлал чухал вэ?
Учир нь ажиллах хугацаандаа та тогтмол тэтгэврийн хуримтлалтай байснаар тэтгэвэрт гарсныхаа дараа санхүүгийн тогтвортой байдал, найдвартай орлогын эх үүсвэрээ хангах юм.
Жишээлбэл, та Нэйшнл Лайф Даатгал-н Үндэсний тэтгэврийн даатгалд уг хуримтлалаа үүсгээд хамгийн багадаа 5 жил хураамж төлж, тэтгэвэр авах боломжтой. Мөн,
Хэдий хэмжээний тэтгэвэр авахаа сонгох,
Хугацаанаасаа өмнө хуримтлалаа буцаан авах,
Гэр бүл, хүүхдүүддээ өвлүүлж болох юм.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-3366 дугаарт холбогдон аваарай.
ZAWYA
🔹Хятадын банкнууд юанийн хадгаламжийн хүүгээ бууруулж эхэллээ. Тухайлбал, China Merchants Bank (600036.SS), China Citic Bank (601998.SS), China Minsheng Banking (600016.SS) тэргүүтэй банкнууд юанийн хугацаагүй хадгаламжийн хүүгээ 5 нэгжээр бууруулж 0.2% болгоод буй.
🔹Монгол, Хятадын төрийн өмчит болон хувийн хэвшлийн 3 компанитай төмөр зам болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаар болов. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын Худалдаа, ЭЗ-ийн нэгдсэн чуулган чуулганы үеэр хамтын ажиллагааны 50 гаруй санамж бичиг байгуулаад буй.
🔹Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их Тэнгэр рүү нүүлгэхээр шийдвэрлэлээ. Мөн УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор төрийн ордонд үйл ажиллагаа явуулж буй зарим ажлын хэсгийг нүүлгэх гэнэ.
🔹НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилна. Тэрээр НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч бөгөөд 6 сарын 15-16-нд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” ОУ-ын 8-р бага хуралд оролцох аж.
Хятадад ийм хиймэл оюун ухаанаар бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд өгчихдөг, хуулийн үйлчилгээ үзүүлдэг бүүттэй болчихсон юм байна. Манайх шиг хүнд сурталтай газар их хэрэгтэй юм шиг санагдлаа.
— Tsogbadrakh | Your guide to investing💸 (@mongoltsog)
2:24 AM • Jun 11, 2023
💭 Санхүүгийн шийдвэр ба сэтгэл хөдлөл
Сэтгэл хөдлөлөөрөө санхүүгийн шийдвэр гаргаад байгаа юм биш биз? Тэгвэл энэ удаад санхүүгийн шийдвэрт нөлөөлөгч хэд хэдэн сэтгэл зүйн алдааг тайлбарлан хүргэе.
Хэт итгэмтгий байдал: Хувь хүн өөрийн чадвар, дүгнэлтдээ автсан үед хэт итгэл үнэмшил үүсдэг. Энэ нь хэт их эрсдэл хүлээх, ХО-ыг төрөлжүүлэхгүй байх, эрсдэлийг дутуу үнэлэхэд хүргэдэг аж.
Сэтгэцийн нягтлан бодох бүртгэл: Энэ нь мөнгийг эх үүсвэр, зориулалтаас нь хамааран өөр өөрөөр авч үзэх хандлага юм. Ийм төрлөөр санхүүгээ бүртгэх нь гэнэтийн орлогыг гэнэтийн байдлаар зарцуулах эсвэл хуримтлалыг шаардлагатай зардалд ашиглахгүй байх зэрэг оновчгүй шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.
Сүргийн сэтгэлгээ: Томоохон бүлгийн үйлдлийг дагах хандлага нь санхүүгийн зорилго эсвэл ХО-ын дүрмийг харгалзахгүйгээр зөвхөн бусдын шийдвэрт тулгуурлан шийдвэр гаргахад хүргэдэг.
Заа ингээд санхүүгийн шийдвэрт нөлөөлж болох сэтгэл зүйн алдааны цөөн хэдэн жишээг дурдлаа. Эдгээрийг танин мэдэх нь санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх юм.
Tech: Мeta (META)-н ажилчдын ердөө 26% нь Марк Зукерберг болон компанийн удирдлагад итгэлтэй байдаг. (Insider)
Politic: Netflix (NFLX)-н хэрэглэгчид эрчимтэй өсөв. (Antenna)
Worth to know: Samsung (005930.KS) хэрхэн дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч болов? (CNBC)
Read it: Ураны үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тн нунтаг олборлоно.(Twitter)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply