- Lemon Press
- Posts
- !!️ Зээл = Монголчуудын 66.3%
!!️ Зээл = Монголчуудын 66.3%
Америкжсан TikTok | $MBW: ₮172 саяын ашиг | Илон Маскийн хөрөнгө
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Цахилгаан гэнэт тасарснаас болж гарсан хохирлыг иргэн, ААН хууль ёсоор нэхэмжлэх боломжтой юм байна. Эвдэрсэн тоног төхөөрөмждөө мэргэжлийн дүгнэлт гаргуулж, засвар үйлчилгээнийх нь зардлыг хавсаргаад цахилгаан түгээх байгууллагад албан шаардлага хүргүүлэх юм байна шүү. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
KZ: Казахстан болон Монгол дунд хугацаанд худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх зорилт тавилаа.
JPM: Дональд Трамп 2021 онд ажлаа хүлээлгэн өгсний дараа улс төрийн шалтгаанаар өөрийн болон өөртэй нь холбоотой бизнесүүдийн дансыг хаасан гэх шалтгаанаар JPMorgan болон Гүйцэтгэх захирал Жэйми Даймоны эсрэг $5 тэрбумын нэхэмжлэл гаргав.
REE: Доналд Трамп дотоодын газрын ховор элементийн олборлолт, соронзын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор USA Rare Earth-н 10%-ийг $1.6 тэрбумаар худалдан авна.

‼️ Зээлдэгчийн тоо = Монголчуудын 66.3%

Та хэр их хэмжээний зээлтэй вэ? Банкны салбарын олгосон нийт зээлийн хэмжээ 2025 оны эцэст жилийн өмнөхөөсөө 19% нэмэгдэж ₮43.8 их наядад хүрээд байна.
🤯 Жилд ₮2 саяар өсдөг
Уг ₮43.8 их наядын зээлийг 2.4 сая зээлдэгч авсан аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 66.3%-тай тэнцэх зээлдэгч байна гэсэн үг. Улмаар 1 зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ ₮19 болж байна. Энэ тоо 2024 оны эцэст ₮17 сая, 2023 оны эцэст ₮15 сая байж. Энэ трэндээр бол 2026 оны эцэст ₮21 сая болох нь.
🔺 Өссөөр өссөөр: Угаас сүүлийн 3 жилийн хугацаанд нийт зээлийн хэмжээ дунджаар 27%, зээлдэгчдийн тоо 14.4% нэмэгдсэн байна.
📍 Байршлын ялгаа
Нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг нийлбэр утгаар нь тооцвол ₮19 сая байгаа ч байршлаар нь харвал ялгаатай. Тодруулбал, Улаанбаатарт хамгийн их буюу 1 зээлдэгчид ₮24.9 саяын зээл ногдож байгаа бол Хөвсгөл аймагт хамгийн бага буюу ₮8.5 сая байна. Улмаар 1 зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг байршлаар нь дунджилж тооцвол ₮11.5 сая болж байгаа юм.
🧐 Ямар зээл аваад байна вэ?
Нийт зээлийн 59% нь 1-5 жилийн хугацаатай зээл аж. Төрлөөрөө бол нийт зээлийн 15.3%-ийг цалингийн зээл бүрдүүлж байна. Ер нь бол цалингийн, тэтгэврийн, картын, автомашины, өрхийн хэрэглээний, малчны, хадгаламж барьцаалсан зэрэг иргэдийн дунд түгээмэл байдаг зээлүүдийн нийлбэр нь нийт зээлийн 29.7% буюу ⅓-ийг бүрдүүлж байна. Ай том орон зай байна шүү. Үлдсэн хэсэг нь уул уурхай, ХАА, барилга, худалдаа, тээвэр гэх мэт салбарын зээлүүд гэдгийг сануулъя.
Эцэст нь… Энэ бол зөвхөн банкны зээлийн тоо. ББСБ-уудын олгож байгаа зээлийг нэмбэл тамтаггүй тоо гарах нь. Зээл авах нь муу биш ч зээлээ юунд, яаж зарцуулж байна вэ гэдэг чухал. Зээлийн хүү бодлогын хүүгээс дунджаар 5.4 нэгжээр өндөр байгаа энэ цагт ухаалаг хандах хэрэгтэй. Гэвч цалин, тэтгэвэр гэх мэт зээлийн эзлэхүүнээс ард иргэдийн зээлийн ачааллыг харж болохоор байна даа.


📄 ₮172 саяын ашиг
MBW: Монгол базальт ХК-ийн цэвэр ашиг өнгөрсөн онд жилийн өмнөхөөсөө 26.2% өсөж ₮172.5 саяд хүрчээ. Тэдний борлуулалтын орлого 24.6% буурч ₮9.3 тэрбум болсон ч борлуулалтын өртөг нь 26.6% багассан ажээ. Сонирхолтой нь компанийн Гүйцэтгэх захирлын 2025 оны цалин ₮60 сая бөгөөд урамшууллыг ТУЗ-ийн шийдвэрээр олгодог ч 2025 онд урамшуулал олгоогүй гэнэ. Харин тэдний хувьцааны үнийн хувьд оны эхний үнээс 8% буураад байна.

🆕 Америкжсан TikTok

Дональд Трамп TikTok-г хориглох шийдвэрээ 5 удаа сунгасны эцэст TikTok Америкийн томоохон хөрөнгө оруулагчидтай хамтарч, $14 орчим тэрбумын үнэлгээ бүхий хамтарсан венчур компани байгууллаа.
🗽 Бие даасан компани: Өнгөрсөн 9 сарын 25-нд Доналд Трамп тус хэлцлийг батламжилж, үзэглэсэн юм. Мөн Ши Жиньпинд тус хэлэлцээрийг урагшлуулсанд талархал илэрхийлж пост бичсэнээс нь харахад Хятадын талаас ч буулт хийж дээ.
🎮 Америк TikTok-г удирдана
TikTok USDS (U.S Data Security) нь америкийн TikTok хэрэглэгчдийн мэдээлэл, алгоритм, программ хангамжийн аюулгүй байдал, контентын хяналт зэрэг мэдээлэл, технологийн аюулгүй байдлыг зохицуулан ажиллах юм. Эзэмшлийн хувьд TikTok-н толгой компани ByteDance хамгийн их буюу 19.9%-ийг эзэмших бол Oracle (ORCL), Silver Lake, MGX гэсэн 3 компани тус бүр 15%-ийг эзэмшихээр тохиролцжээ. Үлдэж буй 35.1%-ийг Dell Technologies (DELL)-н Үүсгэн байгуулагч Майкл Делл, General Atlantic, Susquehanna, Alpha Wave тэргүүтэй 8 компани эзэмших юм.
👉 Том зургаараа TikTok-н тус улс дахь үйл ажиллагааны 80%-ийг Америк, 20%-ийг Хятад хянана гэсэн үг. Улмаар шинэ компанийн хамгийн түрүүнд хийх ажил нь америкчуудын мэдээлэлд үндэслэн TikTok-г дахин сургаж, шинэчлэхээр болов.
🧭 Тэр тусмаа алгоримт дээр нь онцгойлон анхаарч ямар мэдээллийг хамгийн түрүүнд, ямар мэдээллийг бүр мөсөн харуулахгүй зохицуулалт хийх бололтой. Уг ажлыг Oracle хариуцах юм байна.
Сонирхолтой нь TikTok-н хэлцэлд ByteDance-н 2 апп болох CapCut, Lemon8 багтсан бөгөөд тус апп-ууд дээрх хэрэглэгчийн мэдээлэл, контентод ч хяналт тавих аж.
🔎 TikTok-н ухаалаг алгоритм
TikTok дэлхий даяар бараг л 1 тэрбум хэрэглэгчтэй болсон амжилтын түлхүүр нь түүний хэрэглэгчийн хандалтыг тандан судалж, яг хайсан, хэрэгцээт мэдээллийг хамгийн түрүүнд харуулах чадвар нь. Зарим хэрэглэгчид TikTok-н хайлтын алгоримт FB, IG-с ч илүү гэж үнэлдэг. Энэ ч утгаараа Доналд Трампын гарт мэдээллийн маш том урсгал ороод ирлээ.
Юутай ч Америкчууд ByteDance-д орлогынх нь томоохон урсгал болох TikTok Shop-г хянах боломж олгосон нь хэлэлцээр байгуулахад ихээхэн нөлөөлсөн бололтой. Аль аль талдаа л хожилтой хэлэлцээр болсон юм даг уу даа.

2023 оны байдлаар 30 мянга гаруй Монголчууд Америкт амьдарч буй бөгөөд энэ нь 2019 оноос 51% өссөн дүн юм. Цааш жаахан сонирхвол,
🌏 Азидаа 19-т: Америкт оршин сууж буй Монголчууд тэдхийн нийт Ази гаралтай хүн амын 0.2%-ийг бүрдүүлдэг.
🗺️ Байршил: Тэдгээрийн 28% буюу 8,000 гаруй нь Калифорнид, 20% нь Иллинойс, 13% нь Виржиниа зэрэг томоохон мужуудад амьдардаг бол Чикаго, Лос Анжелес, Вашингтон хотуудад хамгийн түгээмэл оршин сууж байна.
🔢 Нас сүүдэр: Америк дахь Азиудын дундаж нас 34.7 байгаа бол Монголчуудынх харьцангуй залуу буюу 30.5 аж.
🎓 Боловсрол: 25-аас дээш насны Азиудын 56% нь, харин Монголчуудын 69% нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Харин Америк дахь Ази өрхүүдийн жилийн дундаж орлого $105.6 мянга бол Монголчуудынх үүнээс 2 дахин бага байжээ.

📱 ₮1 саяын хэмнэлттэй iPhone 17

Амжаад аваарай! Apple-н албан ёсны борлуулагч ITStore iPhone 17 цувралын гар утаснууддаа урамшуулал зарлажээ. 📢
Урамшууллын хүрээнд ITStore-с iPhone 17 Pro болон iPhone 17 Pro Max-г дагалдах бүтээгдэхүүнүүдтэй нь хамт тус тус нийт ₮1 саяын хэмнэлттэйгээр авах боломжтой юм.
👀🤲 Юу юу багтсан бэ? Тодруулбал, iPhone 17 Pro Max-г үндсэн үнээс нь ₮300 мянгын хямдралтай үнээр худалдан аваад AirPods 4 болон адаптер бэлгэнд авах нь.
🫴 Бөөн бөөн бэлэг: Түүнчлэн iPhone 17 Pro-г мөн адил нөхцөлөөр аваад оргинал силикон кейс, адаптер, EarPods бэлгэнд авах нь ээ.
За тэгээд урамшуулал зөвхөн 7 хоног л үргэлжлэх тул хоцруузай, хайран юм даа. Гэснээс, онлайнаар урьдчилгаагүй лизингээр төлбөрөө төлөөд, 5 цагийн дотор хүргүүлээд авах боломжтой гэнэ шүү.


Wired
🍋 Илон Маск нийт хөрөнгөө 1.7% өсгөж $788.1 тэрбум болгосон мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн Пүрэв гарагт тэрээр ДЭЗФ-д оролцож Tesla-н роботакси үйлчилгээ оны эцэст Америк даяар өргөн тархсан байх болно хэмээн мэдэгдсэнээр Tesla (TSLA)-н хувьцааны үнэ 4.2% өсөж $449-ыг давсан байна. Юутай ч, Tesla хэр амжилттай явааг ирэх Лхагва гарагт танилцуулагдах IV улирлын тайлангаас нь харья байз.
🍋 Шийрийн ундарга ХХК 1,200 тн-н багтаамжтай хүнсний ногооны зоорь ашиглалтанд оруулжээ. Компани 200 тн-н багтаамжтай зооринд ногоо хураан авч, намартаа хямд үнээр борлуулж ирсэн бол шинэ зоорийн хувьд өвлийн турш ногоо хадгалах боломжтой аж. Тэгвэл шинэ зоорийг “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч барьсан байна.
🍋 Эмнэлгийн AI стартап OpenEvidence-н зах зээлийн үнэлгээ 2 нугарч $12 тэрбум болжээ. 2022 онд анх байгуулагдсан тус компани өнгөрсөн оны 10-р сард $200 сая, энэ сард $250 саяын санхүүжилт татсанаар нийт хөрөнгө оруулалтын дүн нь $700 саяд хүрчээ. Сонирхуулахад, тус платформ Америкийн 10 мянга гаруй эмнэлгүүдэд нэвтрээд буй бөгөөд Америкийн эмч нарын 40% гаруй нь өдөр тутамдаа ашигладаг гэнэ.
🍋 Казакстанд ажиллаж, амьдарч байсан Монголчууд тэтгэвэр тогтоолгох боломжтой болов. Тэтгэврийн эрх 2 улсын нутаг дэвсгэрт 1998 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл цаг хугацааны хувьд давхцалгүй ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдсан хугацааг нэгтгэн тооцож үүсэх бөгөөд одоо оршин суугаа улсдаа тогтоолгож болох нь. Мөн Казакстанд хамрагдсан хуримтлалын тэтгэврийн даатгалаа Монгол руу шилжүүлж авч болох аж.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply