• Lemon Press
  • Posts
  • 📜 Карьер шилжилт хийхдээ анхаарах зүйлс

📜 Карьер шилжилт хийхдээ анхаарах зүйлс

Дижитал диплом болон дижитал валютын нэгдсэн платформын талаар тоймлов.

POWERED BY

Happy Yoga Day! 2014 онд НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг Олон улсын иогийн өдөр болгон зарлажээ. Сонирхуулахад, иог нь 5,000 жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэнэ. 🧘‍♂️🧘‍♀️

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Бичил Эй Би Эс Актив ТЗК ХХК-ийн 2022 оны 12-р сард гаргасан ХБҮЦ-ны 25%-ийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөгдөж үлдсэн 75%-ийг нь өчигдрөөс арилжиж эхэллээ.

MNG: МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжив. Уг хуульд тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр өсгөхөөр тусгаад буй.

POL: УИХ-ын дарга Оросын талтай хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулахаар болов.

Карьер шилжилт хийхдээ анхаарах зүйлс

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions булангийн ээлжит дугаараар Нитотех ХХК-ийн, гүйцэтгэх захирал Б.Мөнхдалайгийн амжилттайгаар карьер шилжилт хийх талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан уншина уу!

Бүхий л салбарт технологийн дэвшил хурдацтай нэвтрэн орж буй энэ үед хүний нөөцийн салбар ч даган хувьсаж байна. Тиймээс энэ өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх, өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх гэхчлэн төлөвлөгөөг дор бүрнээ гаргах шаардлага тулгараад буй.

Ажил олгогчдын ажилтнуудаасаа хүсэн хүлээдэг хэрэгцээ, шаардлага ч мөн хурдацтай өөрчлөгдөж байгаа тул ирээдүйд карьер шилжилт гэдэг бол тийм ч аймшгийн зүйл байхаа болино. Тиймээс ажил мэргэжлийн өөрчлөлтийг хэрхэн төлөвлөх, удирдахад туслах хэдэн зөвлөмжийг энд оруулав.

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

⚙️ Дижитал диплом

Өнгөрсөн онд хуурамч дипломын асуудал хөндөгдөж 59 мянган дипломыг шалгахад зөрчилтэй 724, сэжигтэй 2,000 диплом илэрсэн билээ. Ер нь хуурамч дипломын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

MIT: Баяртай хуурамч диплом

Бидний сайн мэдэх MIT-ийн Media Lab-ийн "Blockcerts" хэмээх туршилтын төсөл нь блокчэйн дээр төгсөгчдийн дипломыг баталгаажуулж буй. Дипломыг блокчэйн дээр баталгаажуулснаар,

  • Баталгаат: Диплом, сертификат, гэрчилгээ зэргийг блокчэйн технологи ашиглан дахин өөрчлөгдөх боломжгүйгээр баталгаажуулж залилангийн эрсдэлийг бууруулах;

  • Хямд: Нэмэлт зардлаар технологийн хөгжүүлэлт хийх шаардлагагүй, хамгийн хямд өртгөөр блокчэйн сүлжээгээр баталгаажуулах бөгөөд дипломыг жинхэнэ эсэхийг үнэгүй шалгах боломжтой;

  • Байгальд ээлтэй: Хувийн хэрэг цаас архивлан хадгалах хэрэгцээг багасгах;

  • Олон боломж: Өөрийн үйл ажиллагаанд инновац шингээж, байгууллагын нэр хүндийг өсгөх, хамгаалах зэрэг боломжууд бий болох юм.

Дижитал диплом олгогч сургууль хөтөлбөр

Харин Монголд ТЕО үндэсний блокчэйн нь “Дижитал диплом олгогч сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр БШУЯ-тай хамтран төрийн өмчийн 6 их, дээд сургууль болон бусад их, дээд сургууль, боловсролын байгууллагын 2022-2023 оны төгсөгчдөд Блокчэйнд баталгаажсан дижитал диплом олгохоор ажиллаж байна.

Үүний хүрээнд ТЕО блокчэйн нь боловсролын салбарын бүхий л байгууллагууддаа 20% хөнгөлөлттэйгөөр certify.mn сайт дээр бүртгүүлж блокчэйнд баталгаажсан дижитал диплом олгогч болохыг уриалж буй. Уг бүртгэл нь энэ 7-р сарыг дуустал үргэлжлэх аж.

Эцэст нь… Саяхан л гэхэд хуурамч диплом ашиглан сумын засаг даргаар ажилласан иргэн ₮25 саяар торгуулаад амжсан. Энэ мэтээр хуурамч дипломын асуудлаас үүдэн олон хүн хохирч буй. Юутай ч эл асуудлыг шийдэх сайн шийдэл гарч ирсэн нь баярлууштай. Одоо нийтээрээ ашиглаж эхлэх нь л чухал байна даа.

 🔚 Alphabet: No more Google Domains

GOOG: Alphabet Google Domains-н бизнесээ зогсоож Squarespace (SQSP)-д зарна. Тодруулбал, Squarespace нь Google Domains-д байршуулсан 10 сая домэйнийг $180 саяар худалдаж авах гэнэ. Уг мэдэгдлийн араас Alphabet-н хувьцааны үнэ арилжааны бус цагаар 1.4% унасан бол Squarespace-н хувьцааны үнэ 4.4% өслөө.

 Дижитал валютын нэгдсэн платформ

Technext

ОУВС улс хоорондын мөнгөн шилжүүлгийг хялбаршуулахаар төв банкнуудын дижитал валют (CBDC)-ын нэгдсэн платформыг бий болгохоор ажиллаж байна. Тэгвэл дижитал валютын нэгдсэн платформ бий болсноор юу өөрчлөгдөх вэ?

Шилэн арилжаа

Дижитал валютыг нэвтрүүлснээр дотоодын төлбөрийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдээд зогсохгүй хамгийн гол нь гүйлгээний шимтгэл буурч, мөнгөний урсгал ил тод болно. Ер нь бол та арилжааны банкны биш төв банкны дансаар дамжуулан мөнгөө удирдах боломжтой юм. Сонирхуулахад, одоогоор улс орнууд зөвхөн гүйлгээний шимтгэлд жилд дунджаар $44 тэрбумыг зарцуулж байна.

Дижитал валютын замын зураглал

Одоогоор дэлхий дээр дижитал валютыг хэрэглээнд нэвтрүүлсэн 10 улс бий. Гэсэн ч ОУВС-гаас улс орнууд дижитал валютыг нэвтрүүлэн зөвхөн дотооддоо ашиглах нь хангалтгүй гэж үзээд буй. Улмаар улс орнуудын төв банкийг холбосон нэгдсэн дижитал валютын платформтой болох нь мөнгөн шилжүүлгийн зардлыг мэдэгдэхүйц бууруулж чадах юм. Тэгвэл одоогийн нөхцөл байдал хэр байна вэ?

  • Шимтгэл: Дэлхийн банкны судалгаагаар өнгөрсөн онд улс хооронд $200-ын шилжүүлэг хийхэд 7.1% буюу $14.2-ийн шимтгэл төлж байгаа аж. Цаашлаад, ямар аргаар шилжүүлэг хийж байгаагаас хамааран тус дүн өссөөр 15%-д ч хүрэх юм.

Тэгвэл 

Биткойноор шилжүүлэг хийхэд илүү багаар буюу 1% ба түүнээс ч бага шитгэлтэйгээр гүйлгээ хийх боломжтой байна. Ийм байхад яагаад заавал төв банкнууд өөрсдийн гэсэн дижитал валюттай байх хэрэгтэй вэ?

  • Ялгаа: Криптовалютын алдаа бас оноо нь төвлөрсөн бус ямар нэгэн гуравдагч этгээдийн хяналтгүй явагддагт байдаг бол CBDC нь хэрэглэгчдэд хямдаар, хурдан шуурхай гүйлгээ хийхийн сацуу хариуцах эзэнтэй байна гэдгээрээ давуу. Цаашлаад, CBDC-г төв банк гаргаж буй учир жинхэнэ утгаараа валют болох юм.

Эцэст нь… Монголбанк дижитал мѳнгѳний талаар ажлын хэсэг байгуулан судалгаа хийж байгаагаа мэдэгдсэн ч одоог хүртэл таг л байна. Дэлхий энэ чигт эргэж байгаа үед бид ч бас хөл нийлүүлэн алхах аргаа бодохгүй бол горьгүй дэг шүү.

Санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын мэдээг англи хэлээр уншаарай

Та арай манай Inside Mongolia-д бүртгүүлээгүй юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо ЭНД дарж бүртгүүлээрэй гэж зөвлөх байна.

Энэхүү товхимол нь Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын уншигчид руу чиглэх юм. Эндээс та хөрөнгө оруулалт, бизнес, санхүүгийн мэдээллийг англи хэлээр унших боломжтой.

Тэгэхээр танд манай улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх сонирхолтой эсвэл зүгээр л аялах хүсэлтэй гадаад найзууд байвал “Inside Mongolia”-г заавал хуваалцаарай. Монголынхоо зах зээлийг олон улсад таниулах үйлсэд таныг нэгдэнэ гэдэгт илгэлтэй байна.

Мөн уг товхимлын Facebook, Instagram, Twitter хаягийг дагахаа мартав аа.

Financial Times

🔹Уоррен Баффет Японы арилжааны 5 компанийн хувьцаа эзэмшлээ нэмэгдүүллээ. Тодруулбал, Berkshire Hathaway (BRK-B) нь Mitsubishi Corp, Mitsui & Co (MITSY), Sumitomo (SSUMY) тэргүүтэй компанийн эзэмшлээ дунджаар 8.5% болгон өсгөжээ. Улмаар уг компаниудын хувьцааны үнэ сүүлийн 33 жилийн дээд түвшинд хүрэв.

🔹Монголын крипто экосистемд 104 тоглогч оролцож байна. Үүнд 12 зохицуулагч байгууллага, 12 бирж, дотоодын 41 койн, токен, блокчэйн технологи хөгжүүлэгч 8 компани, 2 Metaverse, 2 NFT бүтээгч, 14 хамтран ажиллагч байгууллага, 8 мэдээллийн суваг, онцлох 5 арга хэмжээ тус тус багтаж буй юм.

🔹Intel (INTC) Германд $33 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Энэ хэлцэл нь Intel-н сүүлийн 5 өдрийн доторх 3 дахь том хөрөнгө оруулалт болж байна. Тэд Германы түүхэн дэх хамгийн том гаднын ХО хийж Nvidia (NVDA), болон Samsung (S005930.KS) нартай өрсөлдөх зорилтоо илүү тод илэрхийлэв.

🔹Монгол өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т эрэмбэлэгдэв. Улс орнуудын ЭЗ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн 4 хүчин зүйлээр эрэмбэлдэг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол 100 онооноос 35.6 оноо авч өмнөх оноос 0.6 оноогоор буурчээ.

Зөв хариултыг олоорой. 🔍

A.  Уоррен Баффет Японы арилжааны 3 компани дахь эзэмшил хувьцаагаа бууруулав.

B.  Монгол өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ.

C.  УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.

  • Яагаад: Alibaba-н CEO албан тушаалаасаа буулаа. (CNBC)

  • Мэд: Асуудалтай Outlook. (CBSNews)

  • Шалга: Аялалд явахад тань хэрэг болно. (smartertravel)

  • Унш: SEC vs Binance. (BitcoinNews) 

Зөв харилут B. Монгол өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ.

Reply

or to participate.