✨ Онцгой өдөр

Оросын хориг | Хүнсний луугаруудын орлого | BABA-н сонирхолтой хөрөнгө оруулалт

POWERED BY

2 сарын 29-ний өдрийн мэнд! Дэлхий нарыг бүтэн тойроход яг 365 хоног биш 365 хоног 6 цаг шаардагддаг тул 4 жилд 1 удаа өндөр жил болдог аж. Заа тэгээд өнөөдөр дэлхий даяар 5 сая орчим хүний төрсөн өдөр тохиож байна. Тэдэнд томоос том баярын мэнд хүргэе. 🎂

*Нэг өдрийн өөрчлөлт

UB: Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгон баталлаа

MNG: Санхүүгийн зохицуулах хороо Киргизийн төв банктай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ он гарсаар 1.7% нэмэгдэж ₮11.7 их наядад, ТOП-20 индекс 9.7% өсөж 44,666 нэгжид тус тус хүрлээ.

 🍞 Хүүе хүнс яасан билээ?

ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээний 16.5%-ийг бүрдүүлэгч хүнсний салбарын 5 титаны 59.9 мянган хөрөнгө оруулагч болон тэднийг сонирхож байгаа Лимонууд анхаараарай! Тэдний 2023 оны үр дүнг тоймлох гэж байна шүү.

Том зургаар

АПУ (APU), Түмэн Шувуут (TUM), Монос Хүнс (MFC), Сүү (SUU), Газар шим үйлдвэр (GAZR) гэх энэ 5 ХК нийт ХЗЗ-ийн үнэлгээний 12.8%-ийг бүрдүүлж байгаа. Тэгвэл тус компаниудын 2023 оны дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 19.4%, медиан тооцсон P/E харьцаа 8.5, P/B харьцаа 1.9-тэй байна. Энэ тоог юу гэж ойлгох вэ?

  • Харьцуулна: Хэрэв та хүнсний салбарын акулуудад хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бол дээрх үзүүлэлтийг харьцуулах боломжтой. Жишээ нь, Сүү ХК-ийн P/B харьцаа хамгийн өндөр буюу 2.4, Түмэн Шувуут ХК-ийнх хамгийн бага буюу 1.4 байна.

  • Ногдол ашгийн хувьд: Монос Хүнснээс бусад 4 ХК нийт ₮57.8 тэрбумын ногдол ашиг тараана. Тэд дунджаар цэвэр ашгийнхаа 40.8%-ийг ногдол ашиг болгон тарааж байгаа хэрэг. Цааш компани бүрийг харвал,

АПУ: Ашиг дахиад л буурав

Бид хүнсний салбарын акулуудын тайланг тоймлох гэж АПУ ХК-ийг л хүлээлээ. Гэвч хамгийн их хүлээлт үүсгэсэн тэдний ашиг 7.5% буурч ₮116.4 тэрбумд хүрчээ. Учир нь,

  • Өртөг, зардал нэмэгдлээ: Тус онд тэдний борлуулалтын орлого 29.5% өсөж ₮1.1 их наядад хүрсэн ч борлуулалтын өртөг 30.8% өсөж ₮625.3 тэрбумд хүрч сөргөөр нөлөөлжээ. Нэмээд борлуулалт, маркетинг, ерөнхий болон удирдлагын зардал нь 46.9% нэмэгдэж ₮296.7 тэрбумд хүргэсэн аж.

4 ➡️ Ашиг пуужиндлаа

АПУ-гийн ашиг буурсан ч хүнсний 5 акулын нийт ашгийн 75.5%-ийг дангаараа бүрдүүлсэн. Харин бусад 4 ХК-ийн ашиг дунджаар 65.1% өсжээ. Онцлох ХК-иудыг дурдвал,

  • Ашиг тэнгэр өөд: Сүү ХК-ийн ашиг хамгийн их буюу 87.6% өсөж ₮15.6 тэрбумд хүрсэн бол нийт хөрөнгө нь 38% өсөж ₮121.2 тэрбумд хүрсэн байна.

  • Анхны жил амжилттай: Газар шим үйлдвэрийн ашиг 68.9% өсөж ₮7 тэрбум, хөрөнгө 76.8% өсөж ₮51.5 тэрбумд хүрсэн үзүүлэлтээр 2023 оныг үджээ.

Ийнхүү, энэ оноос эхлэн ТОП-20 индексэд 5-уулаа хөтлөлцөх болсон тэдний дийлэнх нь 2023 оныг ногоон өнгөтэйгөөр үдлээ. Бидний өдөр тутмын хэрэгцээг хангаж буй салбарт нээлттэй компаниуд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Одоо барилга, ХАА, уул уурхай, эрүүл мэнд гээд ХЗЗ-д цөөхүүлээ байгаа бусад салбарын акулууд IPO хийх хэрэгтэй байна даа.

🤯 AI-н өрсөлдөөн: BABA байна! Хаалга аа!

BABA: Alibaba үүсгэн байгуулагдаад жил л болж буй хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэгч стартап болох Moonshot AI-д $1 тэрбумын санхүүжилт олголоо. Улмаар Moonshot AI-н үнэлгээ даруй 8 дахин өсөж $2.5 тэрбумд хүрээд буй. Сонирхуулахад, Moonshot AI өнгөрсөн 10-р сард GPT-4-32K-с 8 дахин их буюу 1 харилцан ярианд 200,000 хятад тэмдэгт боловсруулах чадалтай Kimi хэмээх анхны чатботоо танилцуулж байжээ. 

🛢️ Нефтийн зах зээлд юу болоод байна?

ОПЕК+ орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 500 мянган баррелиар бууруулж, нэмээд Орос шатахууны экспортоо 6 сарын хугацаагаар хориглох шийдвэр гаргаадахлаа. Одоо та бид яана вэ? 

💀 No more export! 

Орос ирэх сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд огт шатахуун экспортлохгүй гэхээр тэдний нийлүүлэлтээс хамааралтай манайх шиг улс оронд маш том цохилт. 

  • Яагаад? Оросын шийдвэр нь нэг талаас дотоодын үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийн хомсдолыг арилгах зорилготой ч нөгөө талаас үүнийг геополитикийн хэрэгсэл болгон ашиглаж буй. 

  • Юу өөрчлөгдөх вэ? Газрын тос бол Оросын хамгийн том экспорт учир гадаад валютын орлогын гол эх үүсвэр болдог. Тэд 2023 онд 43.9 сая тн шатахуун үйлдвэрлэж үүнийхээ ердөө 13.1%-ийг экспортолсон. Улмаар Оросын газрын тос, байгалийн хийн орлого 24% буурч $99.4 тэрбум болжээ. Одоо энэ тоо улам л буурах нь дээ.  

  • Нэг талд буураад нөгөө талд өснө: Он гарснаас хойш Орост АИ-92 шатахууны үнэ 22%, АИ-95-ынх 32% өсөөд байсан бол хориг тавих шийдвэр гарсны дараа АИ-92-ын үнэ л гэхэд 3.3% буурсан аж. Эсрэг талд ЕХ, Хятад, Энэтхэг, Турк зэрэг томоохон импортлогчдын шатахууны үнэ өсөх нь. 

🇨🇳 Бага зовох нь

Хятад бол Оросын түүхий газрын тосны хамгийн том худалдан авагч. Гэхдээ тэдний эдийн засгийн өсөлтийн удаашралын улмаас газрын тосны эрэлт нь Ковид-19-ийн өмнөх үеэс 2 дахин буурахаар байна. Тодруулбал, Хятадын газрын тосны эрэлт 2015-2020 онд өдөрт 1 сая баррель байдаг байсан бол одоо 250,000-350,000 баррель болж буурах аж. Тэгэхээр тэдний хувьд Оросын экспортын хориг нэг их асуудал үүсгэхгүй бололтой. 

Бид чинь яах билээ? 

Энэ удаагийн хориг Монголд нөлөөлөхгүй л гээд байгаа. Гэхдээ өмнө нь шатахуун, эрчим хүч гээд Оросоос хамааралтай бүхэн хомсдож “Шатахуун тасалдаад байхаар нь Tesla авсан чинь цахилгаан хязгаарлах нь” гээд нулимстай инээж байсан нь тодхон. Өнгөрсөн 12-р сард шатахууны нөөц жилийн өмнөхөөсөө 42.4% буурч 67.3 мянган тн болсон нь ч үүнийг батална. Одоо тэгээд дахиад шатахууны дугаарлалт болох нь уу, эсвэл үнэхээр л ямар ч асуудалгүй байх нь уу гэдгийг харж л байя даа.

₮1.3 их наяд
Өчигдрийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар малчдын нийт ₮1.3 их наядын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.
6% 
Улмаар малчдын дундаж зээлийн хүүг 20.5%-иас 6% болгон бууруулж, зөрүүг нь ЗГ-аас төлөх гэнэ. 
₮10 сая
Сонирхуулахад, 1 малчин дунджаар ₮10 саяын зээлтэй байна.

CNBC

🔹Зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр арилжина. Ингэснээр уул уурхайн биржээр арилжсан зэс, молибденийн баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ийг тухайн биржийн үнэтэй уялдуулж тооцох аж. Эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5%-ийг арилжихаар төлөвлөжээ.

🔹MicroStrategy (MSTR)-н эзэмшиж буй Биткойны үнэлгээ $11 тэрбумд хүрлээ. Тодруулбал, Биткойны үнэ он гарснаас хойш 40% өссөнөөр компанийн нийт эзэмшлийн үнэлгээ нь 1.8 дахин өсөөд буй. Тэд энэ сарын дундуур нэмж $155 саяын үнийн дүн бүхий Биткойныг худалдан авсан бөгөөд цаашид ч нэмж авах төлөвтэй байна. 

🔹Mitsubishi (MUFG) KFC Holdings Japan (9873.T)-н эзэмшиж буй бүх хувьцаагаа зарна. KFC Holdings Japan-н хувьд санхүүгийн ямар нэг асуудалгүй ч тус корпорац ХО-ын сагсаа шинэчилж илүү хүчирхэг болгохоор бүх хувьцаагаа зарж байгаа гэнэ. Сонирхуулахад, Mitsubishi тус компанийн 35%-ийг эзэмшиж байжээ. 

🔹Америк, Япон тэргүүтэй 10 улс Хятадтай өрсөлдөхөөр 6G технологийг хөгжүүлэх суурь зарчмыг баталлаа. Уг суурь зарчим нь үндэсний аюулгүй байдлыг хангах, хамтрагч орнуудын хооронд мэдээллийн урсгалыг ил тод болгох, хөнгөвчлөхөд суурилсан дэлхийн стандартыг бий болгоход чиглэж буй. 

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

  • Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Болз: Музейн нээлттэй өдөрлөг айсуй. Музейд болзож үзээгүй бол туршиж үзэхийг санал болгож байна. (Montsame)

  • Тендер: Соёлын салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлагджээ. (MOC)

  • Оролц: Иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр. (UNMongolia)

  • Танилц: Тунгалаг дэлгэцтэй зөөврийн компьютерын эрин. (CNET

📢 Найзаа уриад мерч ав!

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER