• Lemon Press
  • Posts
  • 💋 ₮60 тэрбумын үнсэлт

💋 ₮60 тэрбумын үнсэлт

$ADB: Цэвэр ашиг -58.4% | Дэлгэц: Ахмадууд илүү ашигладаг | UK: Bye Pizza Hut

POWERED BY

Hey! Хэзээ хүйтрэх бол гээд айдас хүйдэстэй л байна уу? Ирэх сарын эхний 10 хоног ОЖД-аас дулаан байх ч үүний араас эрс хүйтэрч, цас ахиу орно гэнэ дээ. Өвлийн алхалт, пингвин алхалтдаа бэлдээд байж дээ. 🧣🏂  

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Өчигдрийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр (UID)-ийн хувьцааны үнэ 8.2% өсөв. Тэдний хувьд III улиралд ердөө ₮783 саяын цэвэр ашигтай ажилласнаас гадна ROE нь -23.9% байна.   

UBX: Си И Си Инвестмент ББСБ ХХК-ийн гаргасан CECI ХБҮЦ 1-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлжээ

^N225: Японы Nikkei 225 индекс (^N225) түүхэндээ анх удаа 50 мянган нэгжийг давлаа. Уг индекс энэ онд л гэхэд 26.6% өсөөд байна

MNG: Татварын ерөнхий газрын шинэ дарга С.Төгсжаргал ажлаа хүлээж авав.

💤 Нойрсож буй ХЗЗ

2021 он бондын, 2023 он хувьцааны жил байлаа. Харин 2025 он Засгийн газрын үнэт цаасны жил болохоор байв. Гэтэл яг үнэндээ… 

🇲🇳 Үлгэр Монголд… 

Он гарснаас хойш ямар нэгэн компани IPO хийгээгүйн дээр одоо байгаа ХК-иудын зарим нь буцаад хаалттай болж, зарим нь ашигтай ч ажиллахаа больсон. Улмаар он гарснаас хойш зах зээлийн үнэлгээ ч арилжааны идэвх ч нэлээд сулраад буй. Ингэж унтаа байдалд орсон хөрөнгийн зах зээл (ХЗЗ)-ийг ЗГ дотооддоо үнэт цаас гаргаж сэргээх шийдвэр гаргасан. Нойрсож буй гүнж нь ХЗЗ, ханхүү нь ЗГҮЦ гэх юм уу даа. 

  • 💋 ₮60 тэрбумын үнсэлт: Лхагва гаргийн 10 цагаас ЗГ-ын ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, ₮4 тэрбумын үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ. Угаас энэ мэтээр сард ₮20 тэрбум буюу улиралд ₮60 тэрбумын арилжаа явагдаж буй. 

  • 🧐 Яг үнсэж сэрээсэн үү? Энэ оны эхний 9 сарын нийт арилжааны дүнг харвал жилийн өмнөхөөсөө ₮425 тэрбумаар буюу 1.8 дахин багассан байна. Тэр дундаа хувьцааны арилжаа 2023 оны мөн үе буюу оргил цэгээс 3.2 дахин буурсан. Ийм байхад ЗГҮЦ-ны ₮97 тэрбумын арилжаа үнэхээр зорьсон шигээ үр дүнтэй байсан гэхэд бэрх. 

📌 Гэрээ засах, биеэ засах засвар их

Энэ онд ХЗЗ дээр нээлттэй компани нэмэгдээгүй хэр нь эсрэгээрээ хаалттай болох шийдвэр гаргасан компаниуд олшров. Үүний нэг нь 6 жил алдагдалтай ажилласан Говь ХК (GOV). Гэвч СЗХ-ноос тэдний Гоёо ХХК-тай хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн, улмаар төлөх үндэслэлгүй байсан өрийг төлж алдагдалтай ажиллах замаар 25 мянган жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон гэж үзэв

Эндээс харахад, бид хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг болон гаднын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх нэмээд хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай байгаа нь илт. МХБ (MSE) дээр бүртгэлтэй байгаа хөлдөөс болсон хөдөлдөггүй компаниудыг цэгцэлж, хөрөнгө оруулагчдыг татдаг, ажилладаг хөшүүрэг бий болгохгүй бол ганц нэг ЗГҮЦ сэргэлт өгөхгүй нь ойлгомжтой байна даа. 

🔻 $ADB: Цэвэр ашиг -58.4%

ADB: Ард Кредит ББСБ ХК өмнөх III улиралд ₮15.3 тэрбумын хүүгийн орлоготой ажилласан нь 2024 оны мөн үеэс 19.4% өссөн дүн боллоо. Гэвч компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 58.4% буурч ₮0.9 тэрбумд хүрчээ. Цэвэр ашиг буурахад үнэт цаасны хүүгийн зардал болон хүүгийн бус зардал огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Өчигдрийн арилжаагаар цэвэр ашиг буурснаас үл хамаарч $ADB-н нэгж хувьцааны үнэ 1.4% өсөж ₮97.2-т хүрээд байна.

  • 🪙 Япон дэлхийн анхны иенээр баталгаажсан тогтвортой койн гаргалаа. (TechInAsia)

  • 🗺️ Google Maps дээр сурталчилгаагаа байршуулах боломжтой болно. (TechCrunch)

  • 💪 Physical Asia-д түрүүлсэн баг ₩1 тэрбумын эзэн болох нь. (ChosunBiz)

  • 🚓 Луврын музейн дээрэмд холбоотой сэжигтнүүдийг баривчилжээ. (DW)

📱 Дэлгэцийн хамаарал ба ахмадууд

Технологийн дэвшлийн сүүдэрт үлдэх нэг сөрөг нөлөө бол дэлгэцийн хамаарал билээ. Дийлэнх хүмүүс үүнийг хүүхэд, залуусын асуудал гэж боддог ч хөрсөн дээр буухын цагт өөр бололтой. 

👵🏻 Ахмадууд илүү ашигладаг

Өмнө нь ахмад настнууд дижитал технологиос хоцрогддог байсан бол одоо бусад үеийнхнээс дутахгүй, бүр илүүтэй технологитой хөл нийлүүлж эхэлжээ. Тухайлбал, GWI-н судалгаанд 65-аас дээш насныхан 25-аас доош насныхнаас илүүтэйгээр ухаалаг утас, таблет, телевизор, компьютер зэргийг ашигладаг гэх үр дүн гараад байна.  

  • 💰 Бизнесийн анхааралд: Технологийн томчууд ч ахмад үеийнхнийг энэхүү хэрэглээг овоо хараандаа оруулах болсон аж. Apple (AAPL)-н хувьд AirPods-г сонсголын аппаратаар, Apple Watch-г зүрхний цохилт хэмжих, түргэн тусламж дуудах зэргээр хэрэглээнд нэвтрүүлжээ. Үүний нөлөөгөөр, гаднын зах зээлд гэхэд 65-аас дээш насныхны 17% нь ухаалаг цаг зүүх болов.

  • 🎮 Тоглоомын дон: 2019 онд Их Британид өсвөр үеийнхэнд зориулсан Видео тоглоомын донтолтын эсрэг үндэсний төв нээгдсэн ба үүнээс хойш жил ирэх бүр өсвөр үеийнхэн бус ахмад настнууд тус төвд ирэх болжээ. Сонирхолтой нь 55-64 насныхны 1/5 нь видео тоглоомын удирдлагатай гэнэ шүү.

  • 🪤 Ухаалаг утасны урхи: Технологиор тэргүүлэгч Өмнөд Солонгост 2022 онд хийсэн судалгаагаар 60-69 насныхны 15.5% нь ухаалаг утсанд донтох өндөр эрсдэлтэй гэжээ. Мөн бусад судалгаагаар, Японы ахмадууд дэлгэцийн хугацаа урт байх нь хөдөлгөөний идэвхийг буурдаг, Хятадын ахмадууд дэлгэцийн хэт их хэрэглээ дутуу нойртой холбоотой болохыг тогтоосон аж.

Эцэст нь… Хэдүүлээ хүүхдүүдийг утсаа бага оролдох хэрэгтэй хэмээн хэлэхийн зэрэгцээ ахмадууддаа ч анхаарал хандуулах хэрэгтэй юм байна шүү. Дэлхийн энэ чиг хандлага Монголд ч ялгаагүй мэдрэгдэж байх талтай. Гол нь уншигч та хүүхэд ч бай хөгшид ч бай ойр дотнын нэгэндээ үргэлж цаг зарцуулах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай. 🫂

Excel хүснэгт дээрх өгөгдлийн тодорхой мөр, баганыг хасаж цэвэрлэх DROP функцтэй танилцъя. 👇

  • Жишээ нь, бидэнд B5:D13 хүснэгт өгөгдсөн байна. Энэ тохиолдолд, 

  • Сүүлийн 5 мөрийг хасаж B5:D8 болгоё гэвэл бүх өгөгдлөө идэвхжүүлээд =DROP (B5:D13,-5) гэх томьёог оруулаад л болох юм. 

  • Харин эхний 2 мөрийг хасах бол =DROP(B5:D13, 2) гэж бичих нь. 

Эсрэгээрээ эхний 1 баганыг хасах бол =DROP(B5:D13, ,1) цаашлаад эхний 2 мөр ба эхний 1 баганыг зэрэг хасах бол =DROP(B5:D13, 2, 1) гэж бичихэд болох нь ээ. Сураад авбал нүсэр том өгөгдөл дээр ашиглахад мөн ч дэмтэй эд дээ. 

The Grocer

🍋 Pizza Hut Их Британи дахь нийт салбарынхаа 52% буюу 68-ыг, 11 хүргэлтийн цэгийн хамт хаалаа. Угтаа салбартаа толгой цохиж явсан Pizza Hut 2017 оноос Domino’s Pizza-д тэргүүллээ алдаж өдгөө дэлхий даяар тэднээс 31% бага буюу $13.1 тэрбумын борлуулалт хийгээд буй. Үүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон маркетингийн бодлого голчлон нөлөөлжээ. 

🍋 УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурав. Өргөдөлд УИХ-ын тухай хуульд УИХ-ын Гишүүн 12 сарын хугацаанд үндсэн цалингийн хэмжээнд ажилгүйдлийн тэтгэмж авах зохицуулалт нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзээд буй. Эсрэгээрээ энгийн иргэд 9 сарын хугацаанд орлогын дунджаар тэтгэмж авахаар хуульчилсан байдаг. 

🍋 Rio Tinto (RIO) болон SPIC Оюу толгойд батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийн туршилтыг эхлүүлжээ. Энэ нь $Rio ил уурхайн үйл ажиллагаанд батарейг нь сольдог цахилгаан тээврийн хэрэгслийг ашигласан анхны тохиолдол юм. Тэгвэл энэ төрлийн машинуудыг туршсанаар цэнэглэх хугацаа хэмнэх тул сул зогсолт буурч уурхайн бүтээмж нэмэгдэх ач холбогдолтой. 

🍋 НДЕГ Чингис хаан банкнаас ₮85 тэрбум, Капитал банкнаас ₮64.2 тэрбумын авлагатай байна. Тодруулбал, 2020 оноос хойш Чингис хаан банк НДЕГ-т төлөх нийт өр төлбөрийн 9.8%-ийг барагдуулсан бол Капитал банк 38.5%-ийг барагдуулжээ. Тэгвэл тус банкнуудын үлдэгдэл үр төлбөрийг барагдуулах зорилгоор нийт ҮХХ-ийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй танилцуулсан байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.