- Lemon Press
- Posts
- 🎬 Монгол кино: Төсөв ₮100 сая
🎬 Монгол кино: Төсөв ₮100 сая
Волейбол эргэн ирэв | Цалин 50% нэмэгдэнэ | $RDDT-н CEO тэрбумтны эгнээнд
POWERED BY
Өглөөний мэнд! International IQ Test-н 126 орны 1.4 сая хүний оролцуулсан судалгаагаар Монголчуудын дундаж IQ 102.9 оноо буюу дээрээсээ 7-д эрэмбэлэгджээ. Үүнээс бид тухайн улсын хөгжил болон иргэдийн IQ хоорондоо хамааралгүйг харж болж байна даа. 🥸


*Нэг өдрийн өөрчлөлт.
MPP: УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны 1 сарын 1-нээс багш болон боловсролын салбарын ажилчдын үндсэн цалинг 50%, эмч болон эмнэлгийн ажилчдын цалинг 15%, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6% тус тус нэмэхээр шийдвэрлэлээ.
MNG: Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй Доншен газрын тос ХХК энэ онд 56 мянган тн тос олборлохоор төлөвлөжээ. Тус компани 2003 оноос хойш 1 сая тн түүхий тос олборлоод буй.
BOM: Монголбанк 10-р сард 2.8 тн үнэт металл худалдан авч, жилийн өссөн дүнгээр нийт 12.7 тн-д хүрлээ.

🎬 Кино үйлдвэрлэлийн салбар

Монголын кино урлагийн түүх тэртээ 1936 оноос Монгол кино үйлдвэрийн "Норжмаагийн зам", "Монгол хүү", "Цогт тайж" зэрэг бүтээлүүдээр эхэлж, түүнээс хойш 2024 он хүртэл тус үйлдвэр нийт 199 киног олны хүртээл болгожээ.
📜 Энэ удаад Монголын Кино Урлагийн Зөвлөл болон ЮНЕСКО-н хамтран гаргасан Монголын кино үйлдвэрлэлийн салбарын талаарх тайланд тулгуурлан дотоодын кино үйлдвэрлэл хэр түвшинд явааг хуваалцаж байна.
Төр 🆚 хувь
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих хүртэл буюу 1990 он хүртэл цор ганцаар төрийн өмчит Монгол кино үйлдвэр тус салбарыг эзэгнэдэг байсан бол өдгөө 80 гаруй студи, продакшн зах зээлд өрсөлдөж байна. Улмаар 1990-2024 оны хооронд хувийн студи болон продакшн 728 гаруй УСК туурвижээ. Үүний сацуу 9,368 суудал бүхий 15 кино театр, онлайн түгээлтийн 8 платформ, 700 орчим мэргэжилтэн ажиллаж, жилд дунджаар 60 орчим Монгол кино үйлдвэрлэж буй.
💸 Зардал: ЮНЕСКО-н тайланд дурдсанаар, Монголд 1 кино бүтэх төсөв дунджаар ₮100 сая, харин түүхэн болон продакшнуудын хамтарсан хөрөнгө оруулалттай кино ₮200 сая орчимд бүтдэг аж.
🤑 Орлого: Харин нөгөө талд театр, IPTV, ТВ-ийн гэхчлэн боломжит орлогуудыг нь нэгтгэвэл, 1 киноноос дунджаар ₮300–₮400 саяын орлого олох боломжтой байдаг гэнэ.
🍰 Харин бүтцийн хувьд, 99% нь УСК, ердөө 1% хүрэхгүй нь баримтат кино байгаа юм. Магадгүй баримтат кино хийлээ гэхэд үзэх хүн цөөн, зардлаа нөхөх магадлал бага гэх шалтгаанаар тус төрлийн киног барагтаа хийдэггүй байх.
🤔 Бодлого
Цаашлаад, бодлогын түвшинд УИХ 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, гаднынхан Монголд зураг авалт хийхэд $500,000 дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 30%-45%-ийн татварын хөнгөлөлт үзүүлэх, мөн хялбаршуулсан К4 визний ангиллыг бий болгож байв. Тус зохицуулалтын ачаар 2024 оны 8-12-р сард Монголын кино урлагийн зөвлөл 6 орны 9 компанид зөвшөөрөл олгож, ₮270 саяын орлого олжээ.
Юутай ч, дотоодын кино урлагийн үйлдвэрлэл нэг үеэ бодвол илүү нээлттэй, гаднын уран бүтээлд монгол жүжигчид тоглодог болж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч төсөв, мөнгөнөөс гадна сайн зохиолтой бүтээлүүд ховорхон байдаг нь Монголд кино зохиолоор мэргэшсэн зохиолдч хуруу дарам буюу 6-7 байдагтай холбоотой гэнэ. Чадварлаг хүний нөөцийн асуудал ч хаа сайгүй л тулгамдаж байна даа.

☝️ Өсөлтөөр цойлсон JYP Entertainment
035900.KQ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгост болсон APEC-н уулзалтын дараа K-pop хөгжмийн урсгал Хятадын зах зээлд дахин нэвтрэхэд нэг алхам ойртлоо. 2016 оноос хойш Хятад K-pop-той холбоотой контентод хориг тавиад байсан бол тус уулзалтаар 2 улсын хооронд контент солилцоог сэргэхээр тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлжээ. Үүнтэй холбоотой K-pop урсгалын томчуудын нэг JYP Entertainment-н хувьцааны үнэ 5.1% өсөж ₩85,000-д хүрээд байна.

🔢 Хүн ам, орон сууцны тооллого эхэллээ. (ҮСХ)
🚀 Анимэ зах зээлийн гялалзсан тэлэлтийн цаана. (HollywoodReporter)
🦘 Ирэх зунаас уртын харайлт хийх шаардлагагүй болох нь ээ. (Ulaanbaatar)
🔰 Байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх үү? (MSE)

🏐 Волейбол эргэн ирэв

Монголын хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй лигийн нэг болох Волейболын Үндэсний Дээд Лиг шинэ улирлын хөшгөө өчигдөр нээлээ. Энэ улирлаас онцлох зүйлс юу байгааг хамтдаа сонирхъё.
🕰️ Лигийн 30 жил
Анх 1995 онд Үндэсний Дээд Лиг зохион байгуулагдаж байсан бол өдгөө тус лиг 30 дахь жилийн ойтойгоо золгож байна. Энэ улиралд эрэгтэй, эмэгтэй нийт 16 баг оролцох бөгөөд ирэх оны 2-р сарын 6 хүртэл үргэлжилнэ. Багуудын хувьд бүрэлдэхүүндээ 4 хүртэлх импорт буюу гадаад тоглогчтой байж болох ба эрэгтэй багууд талбайд 2, эмэгтэй багууд 3 импорт тоглогчийг ашиглах боломжтой аж.
🏟️ Шинэ ордон, ширүүн тэмцэл
Энэ улирлаас эхлэн Үндэсний Дээд Лигийн дийлэнх тоглолтууд 3,400 хүний суудалтай Аса Аренад болох бөгөөд тасалбарын дундаж үнэ ₮65 мянгаар борлуулагдаж байна. Өдөрт дунджаар 3 орчим тоглолт явагдах ба суудлын хувьд урд эгнээний болон энгийн гэсэн 2 сонголттой байх аж. Өөр сонирхолтой зүйлсийг харвал:
💰 Спонсорын тоо: Энэ улиралд эрэгтэй багууд дунджаар 6-7, эмэгтэй багууд 3-4 ивээн тэтгэгчтэйгээр тус тус оролцох ба нийт ивээн тэтгэгчдийн тоо 79-д хүрчээ. Эдгээр спонсорууд дунд Шунхлай групп, Энержи Ресурс, Таван Богд Групп, ХААН Банк (KHAN), Ард Даатгал (AIC) гэх мэт томчууд багтаж байна.
🇯🇵 Олимпын од: Алтайн Барс баг Олимпын наадамд тоглож явсан Японы шигшээ багийн тамирчин Юү Кошикаваг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн нь Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал аж.
Эцэст нь… Өнгөрсөн улирлын аваргууд болох Мегастарс баг дахин аваргаа хамгаалах, эмэгтэй лигийн аваргын аль баг түрүүлэх, лигийн үнэ цэнтэй тоглогчоор хэн тодрох гэх мэт олон үйл явдал волейболын хорхойтнуудыг өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна. Манай лимончууд дунд волейбол сонирхдог хэр их хүн байна? 💪🏼

Excel хүснэгт дээрх өгөгдлийг багана, эсвэл мөр болгон хувиргах супер амархан арга зааж өгье. 👇
Жишээ нь, B5:D8 хүснэгт өгөгдсөн байя. Үүнийг багана болгохын тулд шинэ нүдэнд =TOCOL (B5:D8), эсрэгээрээ мөр болгоход =TOROW (B5:D8) командыг бичээд л болох нь.
🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

📑🎯 DataLab: Ухаалаг хөрөнгө оруулалтад хөтөлнө

Дотоодын хувьцаанд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бол анхаарлаа нааш. Монголын ХЗЗ-д цоо шинэ хувьцааны дата платформ TDB Securities “DataLAB” мэндэлжээ. 📢
DataLAB нь МХБ дээр идэвхтэй арилжаалагдаж буй 90 гаруй хувьцаат компанийн сүүлийн 5 жилийн санхүү, арилжааны түүхэн мэдээлэлд тулгуурласан хамгийн том дата платформ юм. Тус платформыг ашиглан,
🔍 Чанартай судалгаа: Нарийвчилсан шүүлтүүрээр компаниудын зах зээлийн үнэлгээ, ашигт ажиллагаа, ногдол ашиг тэргүүтэй хөрөнгө оруулалтад шаардлагатай чухал мэдээллүүдийг хялбархан шүүж харах боломжтой. Улмаар мэдээлэл хайх бус, дүн шинжилгээ хийхэд төвлөрөх боломжтой болж буй.
Гэснээс бүх дата энгийн графикаар илэрхийлэгдсэн тул DataLAB-г хөрөнгө оруулагчдаас гадна оюутан, мэргэжилтэн, компаниуд ч ашиглаж болох нь ээ.


🍋 Reddit (RDDT)-н Гүйцэтгэх захирал Стив Хаффман $-ын тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт компани III улирлын тайлангаа танилцуулсны дараа хувьцааны үнэ нь 7.5% өсөж $208.95-т хүрснээр Стив Хаффманы хөрөнгө $1.2 тэрбум болсон байна. Сүүлийн 2 жилд Reddit хамгийн найдвартай эх сурвалжид тооцогдож байгаа бөгөөд Google-н органик хайлтаар Reddit рүү зочлох хэрэглэгчдийн тоо 560% өсжээ.
🍋 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 93 ААН нийт ₮478 тэрбумын зээл авчээ. Хөтөлбөрийн хүрээнд 2028 он хүртэл нийт ₮2.1 их наядын зээл олгох бөгөөд энэ онд ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр ₮300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд ₮489 тэрбумыг олгох аж. Онцолбол, Дархан нэхий ХК (NEH) тус хөтөлбөрийн хүрээнд ₮10 тэрбумын эргэлтийн, ₮6 тэрбумын хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
🍋 Америк, Хятадын худалдааны дайн ирэх 1 жилийн хугацаанд намжина. Энэ хугацаанд Хятад Америкийн бараанд ногдуулсан бүх төлөвлөгдсөн эсрэг тарифыг цуцлах бол Америк чип үйлдвэрлэгч тэргүүтэй Хятадын технологийн компаниудыг хар жагсаалтад оруулах шийдвэрийг хойшлуулах юм. Мөн Хятад Америкт ногдуулсан ГХЭ-ийн хүдэр болон соронзон материалын экспортын хязгаарлалтаа түр зогсоох нь.
🍋 Нийслэлийн хэмжээнд 23 байршлыг төлбөртэй авто зогсоол болгон тохижуулж байна. Одоогоор KH Apartment, Спортын төв ордон зэрэг байршлуудад л эхний ээлжийн тохижилтын ажил бүрэн дууссан бөгөөд үлдсэн зогсоолуудыг ирэх хавраас тохижуулахаар болжээ. Угтаа 2023 оноос эхлэн “Эн Ти Би” компани Нийслэлийн 50 байршилд төлбөртэй авто зогсоол барих ажлыг эхлүүлсэн ч ийнхүү гүйцэтгэл тал хувьдаа ч ороогүй байгаа юм.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply