- Lemon Press
- Posts
- 🤑 Хоногт ₮6.4 тэрбумын татвар
🤑 Хоногт ₮6.4 тэрбумын татвар
Орлогод суурилсан цахилгааны үнэ | FRC x Lemon Press: TechSprint 2026 | $ONH: Алдагдал үргэлжилсээр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өнөөдөр маш сонирхолтой өдөр тохиож байна. 1894 онд дэлхийн хамгийн анхны кино студид ердөө нэг найтаалт бичигдсэн нь кино түүхийг эхлүүлжээ. “Фред Оттын найтаалт” нэртэй энэ богино дүрс нь Америкт албан ёсоор бүртгэгдсэн хамгийн эртний хөдөлгөөнт бичлэгүүдийн нэг болсон юм. Энэ үйл явдал жил бүрийн 2 сарын 2-нд тэмдэглэдэг “Record of a Sneeze Day” хэмээх өдрийг бий болгожээ. Байнга найтаадаг найздаа хуваалцаарай. 🤧🤪


*Нэг өдрийн өөрчлөлт.
UB: Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд Нэйшнл энержи комплекс ХХК-тай хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгууллаа.
HOS: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ хуралдаж эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлж, Н.Лхажийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар томилов.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд нийт ₮68.6 тэрбумын арилжаа явагджээ. Үүний дийлэнх буюу 73% нь хоёрдогч зах зээлийн арилжаа аж.
POL: Монгол Улс Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 100 тн ямааны мах экспортолсон байна.

✨ Оюу толгойн шинэ рекорд

Оюу толгойн 2025 оны тайлан гарлаа. Тэдний 2025 оны зэсийн үйлдвэрлэл анх удаа 300 мянган тн-г даваад байна.
⚡️ 2 жил дараалсан рекорд
2024 онд Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 215 мянган тн-д хүрснээр 2015-2016 оны дээд амжилтыг эвдэж байв. Харин энэ жилийн зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 61% өсөж 345 мянган тн болжээ. Үүнд гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тн-д хүрч дээд амжилт тогтоосноос гадна 12-р сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тн болж нэмэгдсэн нь голлон нөлөөлж буй.
🔱 Алтын өсөлт: Түүнчлэн Оюу толгойн тайлант хугацаан дахь алтны үйлдвэрлэл 121% нэмэгджээ. Тодруулбал, компани 2025 онд нийт 456 мянган унц алт үйлдвэрлэсэн аж. Зөвхөн IV улиралд л гэхэд алтны үйлдвэрлэл 158.6 мянган унцад хүрсэн нь эхний хагас жилийн үйлдвэрлэлтэй дүйх үзүүлэлт юм.
🤑 Хоногт ₮6.4 тэрбумын татвар
Цаашлаад, “Оюу толгой” ХХК тайлант хугацаанд нийт ₮2.3 их наядыг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9%-ийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, компани 1 өдөрт ₮6.4 тэрбумын татвар, төлбөр төлсөн хэрэг. Энэ тооны 2010 оноос хойших нийлбэрийг харвал хэдийнээ ₮14.4 их наядад хүрээд байгаа нь 4 жилийн өмнөхөөс 63.6% өссөн дүн юм.
📌 Онцлох зүйл юу байв?
Оюу толгой “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлаар ЗГ-тай хэлэлцээ хийж буй. Тусгай лиценз шилжих хугацаанаас хамааран уулын ажлын төлөвлөгөөг хоёр хувилбараар боловсруулсан бөгөөд үүнд Панель 1-д хүн хүч, техник хэрэгслийг шилжүүлэн байршуулж бүтээн байгуулалтыг сэргээх, эсвэл Панель 2-ын өмнөд хэсэгт олборлолт эхлүүлэх сонголтууд багтаж байгаа аж.
Эцэст нь… Алтны үнэ өсөж, зэсийн экспортоор гол зогоож байгаа энэ үед Оюу толгойн үзүүлэлт ингэж нэмэгдсэн нь сайн хэрэг. Гэхдээ бидэнд олон олон Оюу толгой байдаг сан бол өдийд ингэж цахилгаан тасраа ч уу, үгүй ч үү. Хайгуулаа хийж, гарцаа нэмэгдүүлмээр байна даа.


FRC x Lemon Press: TechSprint 2026

СЗХ-ны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Санхүүгийн Инновац ТекСпринт 2026” уралдааны бүртгэл эхэллээ. 🚀🍋
Энэхүү уралдаан нь хэрэглэгчийн өрийн дарамтыг бууруулах, хариуцлагатай зээлийг дэмжих, санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор ухаалгаар шийдэх шинэлэг санаа, бодит шийдлүүдийг хайж байна.
👥 Хэн оролцох вэ? 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлээд оролцоно. Программист, өгөгдлийн шинжээч, дизайнер, бизнес хөгжүүлэгч, санхүүгийн мэргэжилтэн, оюутан гээд шинийг санаачлагч хэн бүхэнд нээлттэй.
💡 Ямар санаа вэ? Зээлийн эрсдэлийг илүү ухаалгаар үнэлэх, олон эх үүсвэрийн зээлийг нэгтгэн удирдах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх технологид суурилсан шийдэл байна.
📝 Бүртгүүлэхдээ багийн мэдээлэл болон зорилгоо товч, ойлгомжтой бичээрэй. Ирүүлсэн бүртгэлд үндэслэн дараагийн шатанд өрсөлдөх багуудыг сонгон шалгаруулна. 🏆 Шагналын сан ₮21 сая. Санхүүгийн салбарыг өөрчлөх дараагийн шийдэл танай багт байж мэднэ. Let’s sprint smart! ⚡🍋 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

🔻 Алдагдал үргэлжилсээр
ONH: Өндөрхаан ХК 2025 онд ₮385 саяын алдагдалтай ажиллажээ. Гэхдээ тэд 2024 онд ₮401 саяын алдагдалтай ажиллаж байсан буюу алдагдал нь ₮15 саяар буурсан хэрэг. Тодруулбал, 2024 онд компанид ямар нэгэн борлуулалтын орлого бүртгэгдээгүй бол 2025 онд ₮720 саяын борлуулалт хийсэн байна. Гэсэн хэдий ч ₮415 саяын борлуулалтын маркетингийн зардал, ₮685 саяын санхүүгийн зардал гэх мэтийг гаргаснаар алдагдалтай ажилласан аж.

🔦💵 Орлогод суурилсан цахилгааны үнэ

Олон жил татаасаар гол залгуулж ирсэн эрчим хүчний үнэ тариф салбарын өнөөгийн томоохон асуудал болоод буй. Эрчим хүчний үнийг шууд чөлөөлөх хэцүү, чөлөөлөхгүй байх бүр ч хэцүү болсоор.
Уг нийтлэлээр монгол судлаачдын эрчим хүчний үнийн шинэчлэл өрхийн амьжиргааны зардалд хэрхэн нөлөөлөх боломжтой талаарх судалгааг тоймлолоо.
🤔💭 Эрчим хүчний үнийн хөнгөлөлт хэнд илүү ашигтай вэ?
Эрчим хүчний хөнгөлөлт орлогын зөрүүгүйгээр цэвэр эрчим хүчний хэрэглээнд тулгуурлаж буй. Судалгааны эхний кейсд хэрэв цахилгаан, дулааны хөнгөлөлтийг бүр мөсөн зогсоож, үнийг чөлөөллөө гэхэд, цахилгааны үнэ 61%, халаалтын үнэ 85%, шахмал түлшний үнэ 62% өсөх төлөвтэй байгаа юм. Улмаар эрчим хүчний үнийг хөнгөлөлтгүй болговол өрхийн зардал дунджаар 2.7% өсөх ч, энэ нь бага орлоготой өрхүүдэд 3.4%, өндөр орлоготой өрхүүдэд 1.8% буюу асар зөрүүтэй тусах аж.
1 өрх цахилгаан, дулаанд орлогынхоо дунджаар 7%-ийг зарцуулдаг ч бага орлоготой өрхийн цахилгаан, дулааны зардлын нийтэд эзлэх хувь өндөр орлоготой өрхийнхөөс их.
➕ Үнээ нэмээд явбал яах вэ?
Судалгааны 2 дахь кейсээр ЗГ-ын хэрэгжүүлж буй цахилгааны үнийг бодит өртөгт нь хүртэл үе шаттай нэмэх төлөвлөгөө ч оновчтой шийдэл болж чадахгүй гэж дүгнэжээ. Цахилгааны хөнгөлөлтийг шууд байхгүй болгосонтой харьцуулахад үнийг үе шаттай нэмэх нь бага орлоготой өрхөд учрах санхүүгийн дарамт арай бага байх ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад нэмэгдэнэ.
Тухайлбал үйлдвэрүүдийн цахилгааны үнэ 30% нэмэгдэхэд, усан хангамж, ариутгах үйлдвэрүүдийн үйлчилгээний үнэ хамгийн их буюу 4.2%, ус, ундаа, тамхины үйлдвэрлэл 1.7% гэхчлэн нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Улмаар цахилгааны үнэ нэмэгдсэнээс үүсэх инфляц төвийн цахилгаа, дулаан ашигладаггүй хөдөөгийн айл өрхөд шийтгэл байдлаар тусах боломжтой хэмээжээ.
🤨 Тэгээд яах юм бэ?
Уг судалгааны санал болгож буй шийдэл нь орлогоос хамаарсан шаталсан тариф тогтоох. Одоогийн хэрэглээнд суурилсан шатлалын оронд өрхийн орлого, ядуурлын түвшинг харгалзан зөвхөн бага орлоготой өрхүүдэд хөнгөлөлт олгохын сацуу, орон сууц болон гэр хороолол, хотын төв болон хотын зах, хөдөө орон нутаг гэхчлэн байршлыг нь нарийвчлан хөнгөлөлт тогтоохыг зөвлөжээ.
Уншигчид маань уг судалгааны санал болгож буй шийдэлтэй хэр санал нийлж байна? Цахилгааны үнийг орлогоос хамааран тогтоохыг зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу?

Амралтын өдрүүдээр хотоос гарч цэвэр агаар амьсгалчхаад хот руу ормогц утааны үнэр уушги дүүргэн цоргиж байх шив. Тэгвэл агаарын бохирдлыг хэн үүсгээд байна вэ?
🚗 Улаанбаатарт өдгөө гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин бий.
💨 Үүнээс гэр хорооллын өрхүүдийн яндангийн утаа агаарын бохирдлын 55.6%-ийг, автомашины утаа 28.9%-ийг, ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5%-ийг үүсгэдэг аж.
Цаашлаад 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байгааг харж болох юм.

🔤✍️ Ажлаа тараад Англи хэлээ сур

Мэдсэн үү? 25 жилийн туршлагатай Absolute Англи хэлний сургалтын төв IDP IELTS-н албан ёсны эрхтэйгээр IELTS-н шалгалт авдаг болжээ. Ийнхүү Англи хэл сурах ➡️ Оноо авах ➡️ Их дээд сургуулиудад элсэн суралцах процессоо нэг дороос шийдэх боломжтой боллоо. 📢
IELTS оноо нь гадаадад суралцах, ажиллах зэрэг бүх зорилгоор дэлхий даяар албан ёсоор хэрэглэгддэг онцлогтой. Тэгвэл Absolute төвийн хувьд сурагчдад зориулсан апп, сурах бичиг, англи хэлний клубүүд, GAP year хөтөлбөр зэрэг сурагчдын англи хэлний чадварыг бүх талаас нь хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй гэдгээрээ давуу талтай юм.
Тэдгээрээс онцолбол,
💭 Сурчихлаа, одоо яах вэ? Үүнээс гадна Absolute-н суралцагчид сургалтын төвийн гадаад харилцааны менежерээс эсээ бичих заавар зөвлөгөө авах болон өргөдөл явуулахдаа туслалцаа авах боломжтой шүү.
За тэгээд сурахад хэзээд оройтдоггүй тул нэг юм бодно биз ээ. ✌️


APNews
🍋 Венесуэлийн түр Ерөнхийлөгч газрын тосны салбарыг хувьчлах боломж нээсэн хуульд гарын үсэг зурав. Сүүлийн хэдэн арван жилийн турш тус улсын газрын тосны салбарт төрийн өмчит Petróleos de Venezuela SA (PDVSA)-н монополь байр суурьтай байсан бөгөөд шинэ хуулиар газрын тосны бизнест хувийн компаниуд оролцох боломж бүрдэх аж. Харин газрын тосны орд газар нь төрийн өмч хэвээр үлдэх юм.
🍋 Нийслэлийн хэмжээнд 2025 онд төлөвлөсөн нийт төслийн 92% буюу 519 төсөлд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Үүний 97% буюу 505 арга хэмжээнд дотоодын ААН-үүд шалгарсан бол 3%-д гадаадын ААН-үүд шалгарч хэрэгжүүлсэн байна. Тэгвэл энэ онд ₮1.1 их наядын 200 төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 102 төслийг нээлттэй зарлаад байгаа аж.
🍋 Apple (AAPL)-н iPhone-с энэ оны I улиралд олсон орлого $85.3 тэрбумд хүрч өнгөрсөн оноос 23% өслөө. Үүний 30% буюу $25.5 тэрбумыг Хятадын зах зээл бүрдүүлсэн бөгөөд тус зах зээл дэх борлуулалт мөн хугацаанд 38% өссөн байна. Ингэснээр компани iPhone 17 цувралын ачаар сүүлийн III улиралд базаахгүй байсан зах зээл дэх борлуулалтаа сэргээж чаджээ.
🍋 Улаанбаатарт яаралтай тусламж, онцгой байдлын үед агаарын хөдөлгөөний дэд бүтцийг бий болгоно. Энэ хүрээнд НЗДТГ болон “ОнТайм Авиэшн” ХХК Нийслэлийн хөнгөн агаарын хөлгүүд буюу онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, EVTOL-г ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах аж. Тэгвэл тус төсөлд 2023 иргэн санал өгснөөс 95% нь дэмжсэн гэнэ.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply