• Lemon Press
  • Posts
  • ⛏️ Уул уурхайн лицензийн эргэн тойронд

⛏️ Уул уурхайн лицензийн эргэн тойронд

Аялал жуулчлалын салбарын 6 трэнд | Беларусийн Ерөнхийлөгч Монголд | ₮100 саяын шагналын эзэн

POWERED BY

Morning! Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5 чиглэлд зам хаахаас гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон зохион байгуулагдахаар болжээ. Бүхий л хүүхдийн эрх ашиг хамгаалагдах болтугай. 🙏

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Алслагдсан бүсэд хөдөлмөр эрхлэгчийн орлогод татвар ногдуулах хувь, хэмжээг бууруулах зорилгоор ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

BLR: Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко 6 сарын 1-4-ний хооронд Монголд айлчилна.

MSE: Зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалдаг болсноос хойш $3.6 тэрбумын үнийн дүн бүхий 3,000 тн зэсийн баяжмалыг арилжаад байна.

⛏️ Уул уурхайн лицензийн эргэн тойронд

Өнгөрсөн Лхагва болон Пүрэв гарагт Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсгол болж өндөрлөлөө. За сонсголын тойм руугаа орцгооё. 

Хамгийн хамгийн

1997 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын 14,299, ашиглалтын 2,518 тусгай зөвшөөрлийг олгоод буй. Үүнтэй холбоотойгоор хэн, хаана, хэр их тусгай зөвшөөрөлтэй байгааг зарласан бөгөөд тус жагсаалтыг Монгол Алт ХХК нийт 40 лицензтэй тэргүүлж араас нь Монголросцветмент ТӨҮГ 26, Эрдэнэс Монгол ХХК 22 лицензтэй байгааг танилцуулсан юм. 

  • Ашиглалт vs Хайгуул: Ингэхдээ хамгийн их ашиглалтын лицензтэй компаниудад МАК ХХК-ийнх 19, Гацуурт ХХК-ийнх 15, Бүрдэл Майнинг ХХК-ийнх 13 байсан бол хайгуулын хамгийн их ашиглалтын лицензтэй компаниудад Цайна инвестмент монголиа ХХК 12, Говькараван ХХК 9, Ланд-Оре ХХК 8 лиценз эзэмшиж буйгаараа толгой цохиж байв. 

  • Гайхаш: Тус сонсголыг сонсож суухад ажиглагдсан нэг зүйл бол уулын цаана уул гэдэг шиг компанийн цаана компани буюу өөр компаниар дамжуулан лиценз эзэмшдэг, 10 жилийн түүхэндээ нэрээ 3, 4 сольсон кейсүүд харагдав. 

  • Хачирхалтай нь хамгийн их лиценз эзэмшиж буй ТОП-10 компанийн 5 нь өөрийн гэсэн вэбсайтгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл тэдгээр компанийн үйл ажиллагаа, юу хийдгийг нь мөрдөгч шиг ухаж төнхөхгүй л бол тэдгээр компанийн талаар мэдэх боломжгүй мэт. 

Тусгай зөвшөөрлийн давхардал

Үргэлжлүүлээд аймгийн Засаг дарга нарын өөр төрлийн илрэлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудал хөндөгдсөн. Улмаар Дундговь аймагт л гэхэд хамгийн олон буюу 31 түгээмэл тархацтай талбайд олборлолт хийх зөвшөөрлийг ашиглалтын А лицензтэй давхцуулж олгосон нь илрэв. Ийн зах замбараагүй зөвшөөрөл олгож буй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбоотой бөгөөд тус хуулийг шинэчилж давхардлыг арилгахгүй бол ийм асуудлууд гарсаар л байх аж.  

Эцэст нь…Сонгуулийн жил гэсэн шиг он гарснаас хойш 5 сарын дотор нүүрсний, ногоон автобусны, эмийн, одоо ашигт малтмалын лицензийн гээд сонсголуудыг ч угсруулаад хийж өглөө. Тухайн үедээ бүгд л пүү, паа гээд өнгөрдөг ч эдгээр сонсголын араас шийдэгдсэн асуудал хэр их билээ? Энэ удаад ч нүддэг хэдийгээ нүдээд л өнгөрөх шиг. 

Сонирхуулахад, тус сонсголыг даргалсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шалгах асуудал их байсан ч тус асуудлууд дээр шинжээчдийн ажиллах хугацаа харьцангуй богино байсан хэмээсэн. Нэг талдаа сонсгол хийж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож байгаа нь сайхан ч яг үр дүнтэй байсан уу, эсвэл ёс болгож хийгээд байна уу гэдэг нь сонин…

🚀 Startup Challenge Mongolia-н эргэн тойронд

Startup Challenge Mongolia 2024 тэмцээн амжилттай болж, үндэсний ялагчаар E-geree.mn цахим гэрээний платформ тодорлоо. Тэмцээнд нийт 97 баг оролцсоноос эхний шатанд 45 баг шалгарч, дараагийн шатуудыг даван 20, 10 баг болж хуваагдан, эцэст нь дараах шилдэг 5 баг шалгарсан юм. Үүнд,

  • After School: Хичээлээс гадуурх өсөлт, хөгжлийн платформ,

  • Virtual Influencer: Хиймэл оюунаар бүтсэн сошиал нөлөөлөгчдөөр маркетинг хийлгэх бизнес,

  • E-geree.mn: Блокчэйнд суурилсан цахим гэрээний платформ,

  • Honmono AI: Олон төрлийн AI хэрэгслийг нэгтгэсэн комик зохиол, зураг үүсгэх платформ,

  • Carepay App: Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек апп.

🔗 Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.

💢 Цалингийн эсэргүүцэл

TSLA: Tesla-н Гүйцэтгэх захирал Илон Маскийн $56 тэрбумын цалингийн багц ахин эсэргүүцэлтэй тулгарлаа. Тодруулбал, Америкийн улсын тэтгэврийн хамгийн том сан Calpers нь Илон Маскийн цалингийн багцын эсрэг санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа аж. Сонирхуулахад, Tesla-н хувьцааны үнэ он гарсаар 41% унаад байна. Гэснээс манай ХК-иуд хэзээ дарга цэргийнхээ цалингийн багц, урамшууллыг нээлттэй ил тод гаргадаг болох юм бол доо…

✈️ Аялал жуулчлалын салбарт гарч буй 6 шинэ трэнд 

Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 2024 онд $5.8 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл McKinsey & Company-н хийсэн судалгаагаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт дараах 6 шинэ трэнд бий болж буй аж.

Зочид буудлын чиг хандлага

Том зочид буудлууд зочид буудлын өмчлөлөөс татгалзаж, франчайзинг, менежментээр дамжуулан бизнесээ өргөжүүлэх болсон гэнэ. Сонирхуулахад, 2023 онд орлогоороо тэргүүлсэн 6 том зочид буудлын эздийн өмчлөлийн хувь 2013 онд 7% байсан бол 2023 онд 2% болтлоо буурчээ. Гэхдээ тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудлуудын хувьд уг трэндийн эсрэг буюу ашиг орлогоороо торойсон хэвээр байгаа. 

  • Дундын зуучлалгүй: Харин зарим зочид буудлын хувьд үйлчлүүлэгчдийнхээ сегментэд илүү анхаарах болж, дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчид болон залуучууд руу чиглэх болжээ. Нэмээд энэ чиглэлд гарч буй өөр нэг трэнд нь шууд захиалга юм. Зочид буудлууд захиалгын дундын зуучлалын төлбөрийг багасгаж шууд захиалгыг дэмжих арга хэмжээнүүдийг авч буй аж. 

  • Хуваан түрээслэнэ: Зочлох үйлчилгээний салбарт инновациар хаалга цөм өшиглөж орж ирсэн бизнес бол яалтчгүй Airbnb (ABNB). Тэд аяллын зардлыг хамгийн их өсгөдөг зочид буудлын зардлыг хялбархан шийдсэнээр хэрэглэгчдийнхээ дунд од болж буй. Сонирхуулахад, Airbnb boutique буюу өөрийн гэсэн консепт, онцлогтой буудлууд, жижиг буудлуудтай хамтарснаар 2019 онд л гэхэд захиалах боломжтой өрөөний тоо нь 152% нэмэгдсэн байв.  

Шинэлэг мэдрэмж

Аялагчид шинэ мэдрэмж, туршлагыг үргэлж эрэлхийлж байдаг. Үүнтэй холбоотойгоор усан онгоцны аялал болон Disney, Universal шиг сэдэвчилсэн парк нь сонирхолтой үйлчилгээний шинэ трэнд болж байна. 

  • Усан онгоцны аялал: Улмаар тансаг зэрэглэлийн зочид буудлууд дарвуулт онгоцны брэндүүдтэй хамтарч аялагчдад тэс өөр мэдрэмж өгөхийг зорих болжээ. Нөгөөтээгүүр миллениал үеийнхний усан онгоцоор аялах сонирхол илүү нэмэгдсэн байна. Мөн том усан онгоцны захиалга 2015 оноос хойш 20 нэгж хувиар өсөж 47% болж нэмэгдэв. 

  • Сэдэвчилсэн парк: 2018-2023 оны хооронд сэдэвчилсэн паркад зочилсон шинэ жуулчдын 57% нь Азиас ирсэн байна. 2-рт, миллениал үеийнхэн сэдэвчилсэн парк руу зөвхөн хүүхдээ дагуулж явах бус өөрсдөө ч мөн маш их очих болжээ. 

Цаг алга тул цахимаар аялна

Аялагчдад шинэ мэдрэмж туршлагыг мэдрүүлэх зорилго нь технологийн компаниудад боломж олгож буй. Аялахаар төлөвлөсөн газраа очоод юу идэж уух, юу хийж болох зэргээ судлах нь аялагчийн зайлшгүй хийдэг зүйлс. Тиймээс л аяллаараа хийх сонирхолтой зүйлсийг онлайнаар олж мэдэхийг санал болгож буй компаниуд амжилт үзүүлж буй аж. Тухайлбал, GetYourGuide 2022-2023 оны хооронд жилийн орлогоо 4 дахин өсгөсөн бол Viator-н орлого мөн хугацаанд 49% өсжээ. 

Эцэст нь… За тэгээд аяллын улирал үе ид эхэлж буй энэ үед трэндээ мэдээд авсан байхад алзахгүй дээ. Монгол компаниуд ч эдгээр трэндээс үйл ажиллагаандаа шингээгээд явбал аштай л юм. 

🧑‍⚖️ Хууль зүйн магадлан шинжилгээ

Фиделитас Партнерс ХХН болон LegalData.mn хамтран "Хууль зүйн магадлан шинжилгээ (Legal Due Diligence)" сэдвийн хүрээнд видео хичээлийг бэлтгэн хүргэж байна.

Уг видео хичээлээр хууль зүйн магадлан шинжилгээ хийхэд шалгах, боловсруулах баримт бичгийн хамрах хүрээг тодорхойлох ажлыг гүйцэтгэх, тайлагнахад анхаарах асуудлууд болон мэдээллийн технологийн салбарын төсөл, бүтээгдэхүүнийг магадлан шалгах онцлогийн талаар мэдээлэл өгөх юм.

Түүнчлэн хичээлээс магадлан шинжилгээний тайлан бэлтгэхэд шаардлагатай материалын нийтлэг жагсаалт, тайлангийн загвар, бүтцийг татан авах боломжтой.

📞 Хууль зүйн зөвлөгөө авах бол 77497070 дугаарт холбогдоно уу.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан улсын хэмжээнд хүүхдүүддээ өгч буй хамгийн түгээмэл нэрсийг гаргасан байна. Харин та эрэгтэй хүүхдэд Бат-Эрдэнэ, эмэгтэй хүүхдэд Хулан гэдэг нэрийг л түлхүү өгч байгаа гэж бодсоор яваа юм биш биз? Одоо үед ямар нэр хамгийн түгээмэл болсныг бодоод үзээрэй. 

Shatterstock

🍋 МИАТ ТӨХК Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO ээлжит аудит шалгалтад 100%-тай үнэлэгдлээ. Тус аудит шалгалтад зохион байгуулалт, удирдлага, агаарын хөлгийн ачаалалт төвлөрөлт, зорчигч болон тээшний үйлчилгээ тэргүүтэй үндсэн 6 чиглэлээр нийт 299 стандарт, 560 дэд стандартын дагуу шалгагдсан аж.

🍋 Гадаад хөрөнгө оруулалтын позиц 2023 оны жилийн урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноосоо 0.4% буурч -$41.7 тэрбумд хүрчээ. Тус хугацаанд Монголоос гадагш хийсэн нийт ХО-ын дүн $8.5 тэрбум байсан бөгөөд үүний 56%-ийг ГВАН бүрдүүлжээ. Харин Монгол руу орсон нийт ХО-ын дүн $50.5 тэрбум байсан бөгөөд үүний 61%-ийг шууд ХО эзэлсэн байна. 

🍋 Уул уурхайн салбарын ₮3.3 их наядын өрийн 34%-ийг АМНАТ-ийн өр эзэлж байна. Энэ нь ₮1.1 их наядтай тэнцэх дүн юм. Цаашлаад хамгийн их өртэй компаниудад МоЭнКо ХХК, Их говь Энержи ХХК багтаж байгаа бол Алтайн хүдэр ХХК өндөр дүнтэй, удаан хугацааны өртэй байгаа аж.

🍋 Хятадын ХК-иуд энэ онд түүхэн дээд түвшин болох $300 тэрбумын ногдол ашиг тарааж байна. Сонирхолтой нь тэдгээр компанийн зармынх нь ашиг өнгөрсөн онд бууралттай байсан ч ийн ногдол ашиг тараах, хувьцаагаа халааслах болсон нь хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах, торгуулах зэрэг хатуу зохицуулалтаас зайлсхийж буйн илрэл гэнэ.

  • Хөнгөлөлт: Хонконг руу хөнгөлөлттэй аялах боломж. (MIAT)

  • Шаардлага: Nvidia-н CEO-н таашаадаг имэйл бичиглэл. (Insider)

  • Хичээл: Виртуал хөрөнгөд суурилсан үйлчилгээтэй холбоотой хичээл байна шүү цаана чинь. (Legaldata)

  • Үйлчилгээ: YouTube-н Playables-г үнэгүй ашиглаад үзээрэй. (YouTube)

Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй. 

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.

Reply

or to participate.