• Lemon Press
  • Posts
  • 👻 Койнуудын сүнслэг оршихуй

👻 Койнуудын сүнслэг оршихуй

$XAC-н ээлжит халааслалт | Трампын тариф ба ХЗЗ | Улаанбаатарчуудын баяр

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Хотын дарга маань энэ оны 6-р сард “Улаанбаатарын иргэдийн баяр”-ыг зохион байгуулна гэжээ. Дарга маань өвөлдөө утаатай, 4 улиралдаа стресстэй хэдийгээ 2 өдөр ч гэсэн баярлуулъя гэж бодож яваа бололтой шүү. Биднийгээ хэдэн төгрөгийн төсвөөр баярлуулах юм бол оо? 😅

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монголын Төмөр Зам ТӨХК Багахангай-Хөшгийн хөндий чиглэлд төмөр зам барих төсөлд хөрөнгө бүрдүүлэх, барьж байгуулах, ашиглалтад оруулах ажлыг хийнэ. 

MLG: Монложистикс Холдинг ХК (MLG) өөрийн группийн охин компаниудтай ₮321.8 саяын менежментийн үйлчилгээний гэрээ байгуулна.  

BOM: Өнгөрсөн Пүрэв гаргаас эхлэн доллартой харьцах төгрөгийн ханш ₮3,500-ийг давж, он гарснаас хойш төгрөг долларын эсрэг 2.5% суларлаа.

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээл дээр ₮55.7 тэрбумын болон $22.8 саяын арилжаа хийгджээ. Нийт $-н арилжааны 99%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

 👻 Койнуудын сүнслэг оршихуй

Монголд хаа сайгүй койноор халуурч байсан нь дөрөвхөн жилийн өмнө. Энэ халуурал нэг их удалгүй буурч, гал нь унтарч цог л үлдсэн юм. Харин өнгөрсөн онд уг цог баг зэрэг улайсжээ. Ойрд нам жим байгаа койны ертөнцөөр нэг аялъя. 👇 

🔍 Дотоодоос илүү гадаад

Албан ёсны бүртгэлтэй 12 крипто бирж дээр нийт 645 виртуал хөрөнгө арилжаалагдаж байгаагийн 42 нь дотоодынх, 603 буюу 93% гадаадынх. Харин 2024 онд хийгдсэн арилжааны дүн өмнөх оноос 60.5% өсөж ₮2 их наядад хүрсэн байна. Мэдээж үүний ердөө 3% нь дотоодын виртуал хөрөнгийн арилжаа. 

  • 📌 Гол хөшүүрэг: 2024 оны эхээр SEC-с Биткойны ETF-д зөвшөөрөл олгож, нэмээд Доналд Трамп Ерөнхийлөгч болсон зэрэг нь Монголчуудын крипто арилжаанд ч нөлөөлжээ. Тодруулбал, 2024 онд дотоодын виртуал хөрөнгийн арилжаа 55% буурсан бол гадаад виртуал хөрөнгийн арилжаа 75% өссөн аж.

  • 🧐 Хаагуур арилжигдав? Дотоодын крипто бүтээгдэхүүнүүдийн нийт арилжааны 51.4% нь ​​idax-р, 31.9% нь CoinHub-р үлдсэн нь бусад биржээр арилжаалагдсан байна. Харин гадаад виртуал хөрөнгийн 33% нь Altex Investment-р, 28.2% нь X-Meta-р арилжигдав. Уг нь бол 2023 онд X-Meta гадаад арилжааны од байсан ч 2024 онд Altex-р солигджээ гэж. 

📈 Өсөлт: 42-оос 9

Нийт арилжаа өссөн ч дотоодын койнууд сонирхол татахгүй байгааг харлаа. Энэ ч утгаараа 2024 оны эцсийн байдлаар, 42 виртуал хөрөнгөөс ердөө 9-ийнх нь үнэ анхны үнээсээ өссөн байна. Энэ 9-ийн өсөлтийн ачаар өнөө 42-ийн зах зээлийн нийт үнэлгээ жилийн өмнөхөөсөө 6.8% өсөж ₮258.3 тэрбум болсон байгаа юм. 

  • 🪙 Хэдэн хүн арилжаа хийв? 12 бирж дээр нийт 932 мянган хүн бүртгэлтэй байгаа ч 460 мянган хүн л баталгаажуулалт хийсэн байна. Харин идэвхтэй арилжаа хийдэг хүний тоо ердөө 14 мянга. Гэхдээ яах вэ, тэр хэд маань өдөрт дунджаар ₮168.6 саяын дотоодын крипто бүтээгдэхүүний арилжаа хийсэн аж. 

Юутай ч крипто халуурал зогсож, Америкийн шийдвэрийн нөлөөгөөр гадаад виртуал хөрөнгийн арилжааны идэвх сайжирчээ. Иймдээ ч крипто биржүүд орлогоо 121% өсгөж, зардлаа 28% бууруулсан байна. 2023 онд ₮11 тэрбумын цэвэр алдагдалтай ажиллаж байсан тэд ₮1.2 тэрбумын ашиг хийсэн гэхээр болоо доо, болоо.

 

  • 📜 Ажил олгогч ажилтны өмнөөс НДШ төлөхөөс чөлөөлөх хуулийн төсөл. (Gogo)

  • 🚨 iPhone 16 Pro Max-н үнэ 43% өсөж, $2,300 болно. Яагаад? (Forbes)

  • 🛫 Америк, Орос шууд нислэгээ сэргээх сурагтай. (NYT)

  • 💊 Хорт хавдрын дааврын эмийн эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сан 100% хариуцна. (ЭМДЕГ)

💰 2 дахь удаагийн халааслалт

XAC: ХасБанк ХК нийт ₮3.5 тэрбум хүртэлх үнийн дүнгээр хувьцаагаа халаасална. Тус хөтөлбөр 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 4,000,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь ₮888 хүртэл үнээр тооцож халааслах юм. Санаж байгаа бол тэд өнгөрсөн оны 9-р сард нийт 2,300,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь ₮760 хүртэл үнээр тооцон нийт ₮1.7 тэрбум хүртэл үнийн дүнгээр хувьцаа худалдан авч байсан билээ. Улмаар Баасан гаргийн хаалтын үнээр $XAC-н үнэ эхний халааслах хөтөлбөрийн үнээс 12% өсөж ₮851.01 болоод байна. 

⚖️ Трампын тариф: Гай? Гайхамшиг?

Цар тахлаас хойш сэргэж явсан дэлхийн хөрөнгийн зах зээлд Хар Баасан гараг тохиож Трампын тариф 1 өдрийн дотор $2.4 их наядын хохирол авчирлаа. Гэхдээ ирэх 10 жилдээ эдийн засагт $1.8 их наядын орлого авчрах юм гэнэ лээ шүү. 

  • 📌 Товч тов: Бямба гаргаас Америкийн импортын 10%-ийн суурь татвар мөрдөгдөж эхлэхийн өмнөхөн Хятад Америкт сөргүүлэн 34%-ийн татвар ногдуулж, маргааш нь Америкийн 50 мужийн 1,200 байршилд болон Европт иргэд Трампын тарифыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийв. 

🫠 Гарз, хохирол

Өнгөрсөн Баасан гарагт жижиглэн худалдааны болон технологийн компаниудын хувьцааны үнэ эгц доош унав. Түрүү магнайд компьютерын техник хангамжийн RH (RH)-н хувьцааны үнэ 40% унав. Удаалаад, Хятадад 54%, Вьетнамд 46% буюу хамгийн өндөр тариф тогтоосноор тус улсуудад үйлдвэртэй Nike (NKE)-н хувьцааны үнэ 14%, Lululemon (LULU)-нх 9.6% унаад буй. Зах зээл улаан нулимс унагаж байна даа.

  • 🖥️ Тарифын шуурга сүүлийн жилүүдэд зах зээлээ алдаж буй Америкийн компьютер үйлдвэрлэгчдийн ирээдүйг улам л бүрхэгтүүлэхээр байна. Арилжааны цаг эхлэхээс ч өмнө Dell (DELL)-н хувьцааны үнэ 19%, HP (HPQ) 15% тус тус унасан юм. Том зах зээл дээрээ Huawei, Lenova-д шахагдаж ядаж байхад, яр болж байна даа. 

Ерөнхийдөө өмнөх худалдааны дайнаар ч тэр, одоо ч тэр дотоодын зах зээл рүү чиглэсэн болон батлан хамгаалах салбаруудын компаниудад худалдааны дайн томоохон боломж олгохоор байгаа. Харин бусдынх нь амьд үлдэх тэмцэл эхэлж байна. 

⏭️ Гол нь цаашид яах вэ гэдэг… 

Үнэхээр Трампын зарласан тарифаар явбал инфляц огцом өснө. Экспортоосоо илүү импортолдог улс хэр нь худалдааны алдагдалгүй Австрали, Их Британи зэрэг гол түншүүддээ ч 10%-ийн татвар оноосон нь олон хүний таамаглаагүй шийдвэр байсан төдийгүй тэд эргүүлээд тарифаа нэмбэл юун худалдааны алдагдлаа багасгах манатай л болох буй за.

  • 🫥 Харин Монголд: Монголд суурь буюу 10%-ийн татвар ногдож байгаа. Гэсэн ч 2 орны нийт худалдаа $3 тэрбум хүрэхтэй үгүйтэйн дээр экспорт нь импортоосоо 30 дахин бага. Өөрөөр бол нийт экспортын 1% хүрэхтэй үгүйтэй бага. Гэсэн ч шууд ирэх цохилтоосоо илүү шууд бус цохилт нь илүү хүнд тусах магадлалтай юм.  

Эцэст нь… Доллар хүчирхэг хэвээр байвал тарифын нөлөөг мэдрэхгүй хэмээх ч долларын индекс  он гарснаас хойш 5.6% уначихсан байдаг. Юутай ч энэ жилдээ нэлээн олон компанийн алдагдалтай, хэцүүхэн санхүүгийн тайланг харах бололтой.

 Мэдээллийн ил тод байдлын талаар хэдэн тоо баримтуудтай танилцацгаая.

  • Монгол Улс нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор 59 байгууллагын 691 төрлийн нээлттэй өгөгдлийг ил тод байршуулаад буй.

  • Тэдгээрээс 53 нь сүүлийн 2 жилд нийт 2,777 өгөгдөл байршуулсан ба тус өгөгдлийг иргэд, олон нийт 23,690 удаа татан авчээ.

Үүнээс ГЕГ, ЦЕГ, ХББОСЯ, ХХЗХ, Улсын ерөнхий прокурорын байгууллагууд нээлттэй өргөдлөө бүрэн гүйцэт, хугацаанд нь шинэчлэн байрлуулсан байна.

Prestige 

🍋 Туул усан цогцолборыг $200-$300 саяын гаднын хөрөнгө оруулалтаар барина. Цогцолборын далангийн урт 685.15 м, өндөр 35.8 м, хурдцын гүн 19.84 м байх бөгөөд энэ оноос барилгын ажил нь эхэлж, 2032 он гэхэд баригдаж дуусах нь. Нэг аймшгийн тоо хэлэхэд, 2040 он гэхэд Улаанбаатарынхны хоногт хэрэглэдэг усны хэрэглээ ойролцоогоор 4 дахин өсөж 772.4 мянган м.куб болох төлөвтэй гэнэ.

🍋 Morgan Stanley (MS) Японд төвлөрсөн үл хөдлөх хөрөнгийн сандаа ¥100 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Тус сан нь голчлон Японы томоохон хотуудад байрлах оффисын барилгууд, олон өрөөтэй орон сууцны барилгууд, логистикийн төвүүд болон зочид буудлуудад хөрөнгө оруулах зорилготой. Ийнхүү олон жил дефляцид байсан Японы ЭЗ сэргэж, гаднын хөрөнгө оруулагчдыг татаж эхэллээ. 

🍋 Rio Tinto (RIO) Баруун Австралид анх удаа төмрийн хүдэр тээвэрлэх вагон үйлдвэрлэж эхлэв. Компани нийт үйлдвэрлэлд $150 саяын хөрөнгө оруулах бөгөөд Баруун Австралийн дотоодын үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангаж, орон нутгийн бизнесүүдийг тэлэх зорилготой. Онцолбол, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний салбарт л гэхэд 25 ажлын байр болох нь.

🍋 Испани Америкийн импортын татварын ЭЗ-ийн нөлөөллийг бууруулах €14.1 тэрбумын тусламжийн хөтөлбөр зарлав. Үүнээс эхний ээлжид Америкийн импортын татварт хамгийн ихээр өртөж буй бизнесүүдэд улсын төсвөөс €6 тэрбумын татаас өгөх, тэр дундаа автомашины үйлдвэрүүдээ €400 саяар дэмжихээр болж. Гэснээс Испани Америкийн 25%-ийн импортын татвараас €4.3 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байгаа.

  • Даваа: Америкчуудын хэрэглээний зээлтэй танилцах уу? 

  • Мягмар: Өнгөрсөн сарын инфляц гарна

  • Лхагва: Өмнөд Солонгосын 3-р сарын ажилгүйдлийн түвшин зарлагдана

  • Пүрэв: Төв банкны тойм гарах өдөр

  • Баасан: Сүүлд нь орон сууцны үнийн индекстэй танилцахаар байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ

Reply

or to participate.