- Lemon Press
- Posts
- 😲 Пээ, ₮6 их наяд
😲 Пээ, ₮6 их наяд
Аргентины хэт барууны үзэлт шинэ Ерөнхийлөгч | Жак Ма хувьцаагаа зарна | Ипотекийн зээлийн 10 жилийн үр дүн
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Маргаашаас эрс хүйтэрнэ шүү. Дулаан хувцаслаарай. Нэмээд утааны маск, түгжрэлийг давах сэтгэлийн хатаа бэлдэхээ мартав. 😷


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Жилийн 19.6%-ийн хүүтэй Омни ассет ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа Лхагва гарагт эхэлнэ.
JPN: PIMCO Японы Төв банк мөнгөний бодлогоо чангаруулна гэсэн төсөөлөлтэйгөөр иен худалдан авч байна.
NSO: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого эхний 10 сард өмнөх жилийнхээс 40.2% өсөж ₮19.8 их наядад хүрлээ.

💹 Ипотекийн зээлийн 10 жилийн үр дүн

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 жил болж байна. Тус хугацаанд 115 мянган айл ипотекийн зээлээр байртай болжээ. Ер нь ипотекийн зээлийн хөтөлбөр яг ямар нөлөө үзүүлэв ээ?
10 жилийн түүх
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдэд бодлогын хүүгээс 2 дахин бага хүүтэй зээл авах боломж бий болсон. Хамгийн чухал нь ирээдүйд орж ирэх орлогоороо байртай болж байгаа юм. Улмаар 2006 онд ₮17.5 тэрбумаар хэмжигдэж байсан орон сууцны зах зээл ₮7.1 их наядад хүрч 405.7 дахин өссөн байна.
Мангар их орон сууц: Орон сууцны эрэлт нэмэгдэж 2013 оноос 2022 онд Улаанбаатар хотод ашиглалтад орсон орон сууцны тоо 2003-2012 оныхоос 3 дахин нэмэгдэж 187 мянгад хүрсэн аж.
Солиотой их талбай: Ер нь бол ипотекийн хөтөлбөр эхэлснээс хойш нийслэлийн орон сууцны 60% нь шинээр бий болсон. Тиймдээ ч 5.3 сая м.кв орон сууц ипотекийн зээлээр борлогдсон байна.
МИК-ийн нөлөө
Ипотекийн зээлийн хөтөлбөрт чухал нөлөө үзүүлж буй Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн тухай ярихад, тэд банкнуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан урт хугацаатай бонд болгоод хөрөнгө оруулагчдад худалдаж санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох ажлыг хийдэг. Нийт 115 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдсаны 92.3%-ийх нь зээлийг МИК багцлан үнэт цаасжуулсан аж. Эдгээрийн тухайд,
Пээ, ₮6 их наяд: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МИК нийт 33 удаагийн хэлцлээр ₮6.1 их наядын дүнтэй зээлийн багцыг худалдана авч, хоёрдогч зах зээлд үнэт цаасжуулжээ.
37.2%: Улмаар Улаанбаатар болон орон нутагт гэр хороололд амьдарч байсан нийт 39.6 мянган өрх орон сууцтай болсон. Өөрөөр бол нийт зээлдэгчийн 37.2% нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байна.
<₮2 сая: Түүнчлэн МИК-ийн үнэт цаасжуулсан багцын нийт зээлдэгчдийн 54.7% нь ₮2 сая хүртэлх өрхийн орлоготой зээлдэгчид гэнэ. Мөн нийт зээлийн 54.4% нь 50 хүртэлх м.кв байр аж.
Эцэст нь… МИК ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах замаар орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болоход хувь нэмэр оруулж буй. Энэ нь ипотекийн зээлийн хүртээмжтэй байдалд ихээхэн нөлөөлж байгаа харагдаж байна даа.

The Media Show - Demo 2023
Сэтгүүлч оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд зориулсан Demo-2023 арга хэмжээ зохиогдох гэж байна. Тус арга хэмжээнд оролцсоноор медиа салбарын хамгийн анхаарал татахуйц, туршлагатай, өвөрмөц хүмүүсийн өгөөжтэй яриаг сонсох боломж олдох юм. Уг арга хэмжээ нь,
30 минутын Лаб
PechaKucha илтгэл
The Media Show ярилцлага гэсэн хэсгээс бүрдэнэ.
⌚ Хэзээ: 11 сарын 25
📍 Хаана: Innovation HUB | Ulaanbaatar

💲 Ноолуурыг дэмжихэд $30 сая

🤵 Хэт барууны популист Ерөнхийлөгч

Аргентинчууд хэт барууны үзэлтэй Хавьер Милэйг Ерөнхийлөгчөөрөө сонголоо. Инфляц нь 142%-д хүрээд байгаа энэ үед Аргентинчууд яагаад түүнийг сонгов?
Хавьер Милэй гэж? Тэрбээр эдийн засагч, телевизийн шинжээч бөгөөд улс төрд ХЭТ барууны үзэлтэй популист эрхэм гэдгээрээ алдартай.
Халуу дүүгсэн Аргентины ЭЗ
Аргентины ЭЗ сүүлийн 40 гаруй жил хямарсаар улам л доройтож байгаа. Өдгөө 10 хүн тутмын 4 нь ядуурлын шугамаас доор амьдарч байгаа аж. Он удаан жил үргэлжилсэн төрийн оновчгүй бодлогын үр дүнд тус улс жил бүр л тэнгэрт тулсан инфляц, ядуурлын түвшинтэй нүүр тулж байна. Үр дүнд нь Аргентины ард түмэн эрс шинэчлэлийг эрэлхийлж сонголтоо хийсэн нь энэ.
Биелэгдэшгүй биш биелэгдэх популизм!
Түүний эсрэг Аргентины ЭЗ-ийн сайд Сержио Масса өрсөлдсөн ч 56%/44%-ийн саналын зөрүүтэйгээр ялагдсан юм. Хоёул ЭЗ-ийг сэргээх бодлого баримталж, төсвийн зардлыг танах зэрэг бодлогуудыг ярьж байлаа.
Сонирхуулахад, Хавьер Милэй сонгуульт ажлынхаа үеэр цахилгаан хөрөөтэй гарч ирээд ужгирсан төрийн бодлогыг тас цавчина гэдгээ илэрхийлж байв. Олон хүмүүс түүн шиг популист хүн сонгогдох вий гэхээс айж байсан ч хэрэв өрсөлдөгч нь ялбал ЭЗ бахь байдгаараа байх вий гэдгээс бүр ч их айж буйгаа илэрхийлжээ.
Хавьер Милэй ахлах сургуульд бэлгийн боловсролын хичээл заахыг хориглох, үр хөндөлтийг хуулиар хориглох, бууны хэрэглээг зохицуулалтгүй болгох зэргийг амласан юм. Түүнд санал өгсөн иргэдийн ихэнх нь залуус байснаас харахад дэлхийн хаана ч залуус либерал үзэл баримтлалыг дэмждэг, энэ чиглэлийн бодлого тэдэнд таалагддаг гэдгийг харж болохоор. Үргэлжлүүлээд, ЭЗ-т түүний баримтлах бодлогыг харвал,
Хэт барууны үзэлтний үзэж буйгаар ЭЗ-аа аврахын тулд Аргентины Төв банкийг татан буулгаж мөнгөн тэмдэгт болох песогийн оронд доллар ашиглах явдал юм. Ийнхүү улсын төсөв, мөнгөний бодлогод иж бүрэн шинэчлэл хийх гэнэ.
Эцэст нь… Уг сонгуулийн үр дүн бол хэний ч таамаглаагүй үр дүн байсан. Сонгуулийн үр дүн Аргентинчууд шинэчлэлийн салхийг ямар их хүсэж байгаа, ямар их туйлдаж аргаа барж буйг харуулах мэт.

Компанийн үнэлгээ хийхэд ашиглах бета коэффициентоо slope формулагаар амархан олоорой. Сануулж хэлэхэд, их дата байх тусам илүү нарийвчлалтай тоо гардаг шүү.



Hyundai
🔹Ирэх жилээс Amazon (AMZN) дээр анх удаа автомашин борлуулагдаж эхэлнэ. Тодруулбал, тэд Hyundai (005380.KS)-тай хамтарч машин борлуулахаас гадна 2025 онд Hyundai-н машинд Alexa-г суурилуулахаар болжээ. Сонирхуулахад, Hyundai 2021 оноос эхлэн Өмнөд Солонгос, Японд цахимаар автомашин борлуулах болов.
🔹Нийслэлийн зээлжих зэрэглэлийг тогтоохоор ОУ-ын санхүүгийн корпорацтай хамтрах аж. Мөн ЕСБХБ-ны гаргасан нийслэлийн бондтой холбоотой зөвлөмжийн хүрээнд тус бондыг ногоон бонд эсвэл өөр хэлбэртэй байх эсэх талаар шийдвэрлэх юм. Тус бондын андеррайтераар БиДиСЕК (BDS) ХК ажиллана.
🔹Жак Ма Alibaba (9988.HK)-н $900 гаруй саяын үнэлгээтэй хувьцаагаа зарахаар боллоо. Тэрбээр компанийн ээлжит тайлантай зэрэгцүүлэн энэхүү мэдэгдлийг гаргасан бөгөөд тэдний хувьцааны үнэ Cloud Intelligence Group-н IPO хойшилсонтой холбогдон 8.5% унан HK$74.5 болоод байгаа билээ.
🔹Авлигатай тэмцэх газар ₮2.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, ₮11.3 тэрбумын хөрөнгө мөнгийг хураан авчээ. Тодруулбал, мөнгө угаасан гэмт хэрэгтний Виржиний арлын оффшор бүсээс тус хөрөнгийг шилжүүлж авсан байна. Мөн Латви дахь этгээдийн $540,307-ыг битүүмжилж буцаан авчрах гэнэ.

Article: Хөрөнгө оруулагч болох гэж буй залуус наашаа. (TheEconomist)
Chance: YPG менторшип хөтөлбөр дуусахад 2 хоног үлдлээ. (Worki)
Dilemma: Алиных нь амь илүү үнэ цэнтэй бол? (Ted-Ed)
Graphic: Америкийн ЭЗ ахин 1 хямралтай нүүр тулах уу? (VisualCapitalist)


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply