• Lemon Press
  • Posts
  • ⛏️ Рио-гийн дэвшилтэт уурхай

⛏️ Рио-гийн дэвшилтэт уурхай

5G сүлжээ | Рио Тинтогийн дэвшилтэт уурхай | ReFi гэж юу вэ?

POWERED BY

Өглөөний мэнд ээ. НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга явуулж эхэлжээ. ЭНД дарж саналаа өгөөрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Төгрөгийн хадгаламж 9-р сард жилийн өмнөхөөс 18.3% өсөж ₮14.9 их наядад хүрсэн бол валютын хадгаламж 9.8% нэмэгдэж ₮5.1 их наядад хүрэв.

MSE: Өчигдөр буюу 10 сарын 17-нд “СИМПЛ II” бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.

HIF: Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 13.6% нэмэгдэж ₮1.2 их наяд боллоо.

📡 5G Монгол даяар…

21 аймаг ногоорч эхэллээ. Юу болов?

Ямар учиртай ногоон?

Монгол 5G сүлжээ ашиглагч орнуудын эгнээнд багтахад нэг алхам ойртлоо. Товчхондоо Юнител групп 21 аймгийн төвд 5G сүлжээний туршилтын станцаа асааснаар хол ойр гэлтгүй 21 аймагт оршин суудаг хүмүүс 5G сүлжээтэй танилцах боломжтой болсон юм. Орон нутгаас гадна Улаанбаатар хотын 14 байршилд 5G станцаа асаагаад буй. Санаж байгаа бол өмнө нь талбайн эргэн тойронд л 5G сүлжээнд холбогдох боломжтой байсан.

  • Гэхдээ! Станц аслаа гээд бүх төрлийн гар утас шууд 5G дэмжинэ гэсэн үг биш. iPhone-н хувьд iPhone 12-с дээш, Samsung бол Galaxy S20 Ultra-с дээш загваруудад л 5G сүлжээ ашиглах боломжтой юм. Бусад төрлийн утасны талаар ЭНД-ээс мэдэх боломжтой.

Эрэлт хэрэгцээ

Өдгөө нийт хүн амын хэдэн хувь нь гар утас ашиглаж буйг харвал дэлхийн дунджаас нэлээд дээгүүр байгаа. Тухайлбал, Монголчуудын гар утас, интернэтийн хэрэглээ нэмэгдсээр өнгөрсөн оны байдлаар л гэхэд нийт 3.4 сая ухаалаг гар утас бүртгэгдээд буй. Мөн 6+ насны хүн ам 64.7% нь интернэт ашиглаж байгаа нь 2010 оноос 34.1 нэгж хувиар өссөн дүн юм.

  • 4G бол хаа сайгүй: Юнител групп өнгөрсөн онд 21 аймаг, 330 суманд өндөр хурдны 4G сүлжээгээ орон даяар 100% нэвтрүүлсэн. 21 аймгийн нийт хүн амын дунджаар 79% нь Юнителийн сүлжээг ямар нэг байдлаар ашиглаж байгаа аж.

Хэрэглээний хувьсал

5G сүлжээний тусламжтайгаар IoT буюу зүйлсийн интернэт Монголд нутагших боломжтой болно. Хурд нь нэмэгдэхийн зэрэгцээ 5G сүлжээнүүд илүү найдвартай, илүү тогтвортой холболтыг бий болгодог тул олон хүн цугласан жагсаал цуглаан, тоглолт дээр сүлжээ унах, унагадаг асуудлуудыг шийдэх боломжтой болох юм.

Эцэст нь, Одоогоор туршилтын станцууд ашиглалтад ороод байгаа ч Монголчууд 5G ашиглагч 1 тэрбум хүмүүсийн эгнээнд ороход ойрхон байна даа.

🫢 ХХБ-ны ₮48 тэрбумын гэрээ

TDB: Худалдаа Хөгжлийн Банк ₮48 тэрбумын сонирхлын зөрчилтэй гэрээг Ти Ди Би Лизинг ХХК-тай байгууллаа. Тодруулбал, тус санхүүжилтийн нэмэлт гэрээний ₮24 тэрбумыг зээлийн эрх, үлдсэн ₮24 тэрбумыг эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээхэд тус тус зориулах юм. Мөн Худалдаа Хөгжлийн Банк кастодианы үйлчилгээг Си Эн Би Консалтинг ХХК-д үзүүлэхээр болжээ.

⛏ Танилц: Гудай-Дарри уурхай

Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн жил Рио Тинто хамгийн дэвшилтэт Гудай-Дарри уурхайг баруун Австралид нээсэн билээ. $3.1 тэрбумыг хөрөнгө оруулсан, жилд 43 сая тонн төмрийн хүдэр экспортлох энэ уурхай юугаараа онцлог гэж?

Бүрэн автоматажсан…

Төмрийн хүдрийг гурван өрөмдлөгийн автомат машин өрөмдөж гаргаж ирдэг. Түүнийг нь 231 тоннын 23 ширхэг CAT 793F жолоочгүй ачааны аварга машинууд 24/7 зөөнө. Мөн дээрх зурганд харуулсан дэлхийн анхны автомат удирдлагатай услагч машин уурхайн хэт хуурайшсан талбайг дижиталаар илрүүлж тогтмол чийгшүүлж байдаг.

  • За тэгээд нөгөө 23 машин маань ачсан төмрийн хүдрээ бутлуурт хийж, бутлуур төмрийн хүдрийг жижиглээд вагонууд дээр асгана. Энэ бүхэн мөн л автомат.

Автомат төмөр зам…

Нийт 240 ширхэг вагон чирсэн 2.5 км урт галт тэрэг 28 мянган тонн төмрийн хүдрийг нэг удаадаа зөөдөг. Энэ нь мөн л автомат. Энэ төмөр зам нь Рио Тинто-гийн 2019 онд байгуулсан дэлхийн анхны холын зайн бүрэн автомат төмөр замын сүлжээ болох AutoHaul™-н нэг хэсэг юм. Рио Тинто баруун Австралийн Пилбарад төмрийн хүдрийн 17 уурхай эзэмшдэг бөгөөд эдгээрийг холбосон 2,000 км урт төмөр замыг барьж, өөрсдөө эзэмшиж ашигладаг аж.

  • Энэ сүлжээгээр зөөгдсөн төмрийн хүдрийг Рио Тинтогийн 4 боомтоор дамжин далайн тээврээр экспортод гаргадаг. Ер нь уул уурхай бол логистик, тээврийн бизнес ажээ.

1,500 км-н алсаас…

Энэ бүх автомат удирдлагыг тэртээ 1,500 км-н цаана орших Перт хотын удирдлагын төвөөс хийдэг. Удирдлагын төвийг зэрвэс харваас хөрөнгийн бирж лугаа олон том дэлгэцтэй жирийн нэг оффис. Тэгэхээр ирээдүйд Монголоос ч Австрали дахь уурхайг удирдах боломж байна шүү.

Эцэст нь, Гудай-Дарри уурхайн хажууд 34 МВт-ын нарны цахилгаан станц барьсан бөгөөд оргил үедээ уурхайн эрчим хүчний хэрэгцээг 100%, ердийн үедээ 65%-г хангадаг ажээ. За тэгээд бичээд байвал дуусашгүй, бидэнд суралцах зүйлс дундаршгүй байна даа.

🔊 Дуу хоолойн технологи

Дуу хоолойн технологи ашиглан бизнесээ өргөжүүлмээр байна уу?

Тэгвэл дижитал бүтээгдэхүүн үйлчилгээндээ API үйлчилгээ-г нэвтрүүлж бизнесээ илүү хялбар, хүртээмжтэй болгох боломжийг Чимэгэ санал болгож байна. Тодруулбал, дуу хоолойг дэмждэг апп, систем, төхөөрөмж зэрэг дижитал бүтээгдэхүүндээ уг үйлчилгээг холбох боломжтойгоос гадна,

  • Вэбсайт болон апп-аас дуу яриагаар хайлт хийх,

  • Дуу хоолойгоор автомат хариулт өгөх,

  • Вэбсайт дээрх мэдээллийг автоматаар унших зэрэг олон давуу талуудыг бий болгох юм.

Сонирхуулахад, тэд CallPro-той хамтран байгууллагын дуудлага зохицуулах CallPro Voice үйлчилгээнд яриаг бичвэрт буулгах технологио саяхан нэвтрүүлээд буй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ОТ

🔹Rio Tinto (RIO.AX)-н зэсийн олборлолт III улиралд 9% өсөж ₮169.4 тэрбумд хүрсэн байна. Үүнд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж зэсийн олборлолт 16% нэмэгдсэн нь гол нөлөөлжээ. Улмаар тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан учир хувьцааны үнэ нь өслөө.

🔹МҮЦАЭХ “Grand Bull Awards 2023” арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээгээр хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг шалгаруулах юм. Энэ жилийн хувьд банкны реформын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр томоохон тоглогчид нэмэгдсэн тул нэлээд өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна.

🔹SK Telecom (017670.KS) Метаверсд ашиглах Stone виртуал валютаа танилцуулав. Уг валютыг виртуал хөрөнгө худалдаж авах мөн арга хэмжээ зохион байгуулагч нарыг дэмжихэд ашиглах боломжтой аж. Сонирхуулахад, Ifland Метаверс Points хэмээх үнэгүй виртуал валютыг мөн санал болгоод байна.

🔹Капитрон банкны III улирлын ашиг өмнөх жилээс 50.7% өсөж ₮31.1 тэрбумд хүрчээ. Энэхүү ашгийн өсөлтөд хүүгийн орлого 42.5% өсөж ₮123 тэрбумд хүрсэн нь нөлөөлөв. Мөн олгосон цэвэр зээлийн дүн 10.4% буурсан ч чанаргүй зээлийн нийт зээл дэх эзлэх хувь 0.9 нэгж хувиар өсөж 9.3% болсон байна.

🔹Apple (AAPL) Хятад дахь гар утасны тэргүүллээ алдлаа. Тодруулбал, тус улс дахь iPhone 15-н 14 хоногийн борлуулалт өмнөх загвараасаа 4.5% буурч, Huawei, Xiaomi, Honor гэх компаниудын борлуулалт өссөн нь нөлөөлжээ. Ингэснээр Huawei Хятадын гар утасны зах зээлийг тэргүүлж эхэллээ.

🙋‍♂️ ReFi-н талаар сонсож байсан уу?

Web3-г интернэтийн ирээдүй гэдэг бол ReFi-г Web3-н ирээдүй гэх болов. Яагаад?

  • ReFi буюу Regenerative Finance нь Web3 дээрх олборлох, ашиглах бус нөхөн сэргээгдэх эдийн засгийг бий болгох зорилготой блокчэйн дээр суурилсан ойлголт юм.

Илүү тогтвортой дэлхийн төлөө

Олборлох гэсний учир нь Биткойн дээр л гэхэд олборлолт хийхэд маш их цахилгаан буюу жилд 151.16 ТВт шаарддаг аж. Энэ нь дэлхийн 170 орны жилийн цахилгааны хэрэглээнээс их дүн юм. Харин Ethereum Proof-of-Stake механизм руу шилжсэнээр тус платформ дээр олборлолт хийхэд шаардагдах цахилгааныг 99.95% бууруулаад буй.

  • ReFi-г ойлгохын тулд бид цаг хугацааг буцааж 2015 онд дэвшүүлсэн Сэргээгдэх эдийн засгийн онолын талаар мэдэх хэрэгтэй болно. Товчхондоо энэ нь байгалийн нөөцийг шавхахгүйгээр ашиглах явдал юм.

Тэгэхээр ReFi буюу сэргээх санхүүжилт нь БОНЗ-ын илүү үр дүнд суурилсан, криптовалют дээрх хувилбар аж.

Эцэст нь… Web3-н технологи болох блокчэйн, токен, NFT, DeFi концепцууд RFi-н зорилготой нийцэж улмаар баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх төслүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ойг устгахаас эхлээд хүнсний хомсдол хүртэлх байгаль орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой.

За өөрсдийгөө хэр анхааралтай уншдаг гэдгээ шалгах уу даа? Доорхоос бурууг нь олоорой. 🔎

A. Rio Tinto-н III улиралд олборлосон нийт зэсийн 17.8%-ийг Оюу толгойгоос олборлосон.
B. Капитрон банкны чанаргүй зээлийн харьцаа өсөж 9.3% болов.
C. ReFi нь Web3 дээрх олборлох, ашиглах бус нөхөн сэргээгдэх эдийн засгийг бий болгох зорилготой.

  • Сонирх: Эрдэнэс Монгол ХХК-ийн төсөлд ажиллах боломж. (ErdenesMongol)

  • Мэд: E-Mongolia хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо. (LemonPress)

  • Үз: Энэ оны хамгийн үнэтэй автомашинууд. (TrendMax)

  • Хар: ТОП-10 Биткойн олборлогч орнууд. (VisualCapitalist)

Зөв хариулт A буюу Rio Tinto-н III улиралд олборлосон нийт зэсийн 17.8%-ийг биш 16.3%-ийг Оюу толгойгоос олборлосон шүү.

Reply

or to participate.