- Lemon Press
- Posts
- 🤗 Хайрын сар дуусч, хавар айсуй!
🤗 Хайрын сар дуусч, хавар айсуй!
ТУЗ-ийн даргын цалин хэд вэ? | 5G утасны эрин ирлээ | Төрийн оролцоо 94.7%
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хайр дурлалын сар гэгддэг 2-р сард хөрөнгийн зах зээлд арилжааны идэвх буурдаг жамтай. Дурлалдаа шатаад арилжаа хийх сонирхол нь буурдаг юм болов уу? 😜 Одоо 2-р сар ч, хүйтний эрч ч шувтарч хаврын идэвхт амьдралтайгаа золгох нь дээ.


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Монгол Шилтгээн ХК (MSH), Хот девелопмент ХК (SDT) болон Бөөний Худалдаа ХК (BHL) ногдол ашиг хуваарилахгүй. Харин Баянтээг ХК (BTG) нэгж хувьцаанд ₮4,400-ийн ногдол ашиг олгоно.
MNG: УУХҮЯ Америкийн Хөдөлмөрийн яамтай геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллана.
ETR: Э-Транс Ложистикс XК (ETR)-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Энхболд томилогдлоо.

💰 ТУЗ-ийн даргын цалин хэд вэ?

Таны хөрөнгө оруулсан компанийн ТУЗ-ийн дарга болон гишүүд хэдэн төгрөгийн цалин урамшуулалтай байдгийг мэдэх үү? Уг нь иймэрхүү мэдээллийг бүх ХК ил гаргах ёстой ч гарын 5 хуруунд багтах цөөхөн хэд нь л дүрэм журмаа мөрдөж байна.
Акул = ₮10 сая
ТОП-20 компанийн 11 нь л ТУЗ-ийн зардлын төсвөө ил танилцуулжээ. Харин үлдсэн 9 компанийн хувьд ямар нэгэн мэдээлэлгүй байна. ОУ-д нээлттэй компаниуд ТУЗ-ийн төсөв, даргын цалинг ил тод зарлах нь тухайн улс орны зохицуулалтаас шалтгаалдаг. Уг нь бол манайд “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-д зааснаар ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтнуудын цалин урамшууллын талаар мэдээлэх ёстой. Гэвч мөрдөж байгаа нь цөөхөн юм даа.
₮10 сая: АПУ ХК (APU)-ийн ТУЗ-ийн даргын сарын үндсэн цалин ₮10 саяар, гишүүдийнх нь ₮6.5 саяар тогтож байжээ. Мөн гишүүдэд үүнээс өөр гүйцэтгэлийн урамшуулал, нэмэгдэл хөлс олгохгүй гэж заасан байна.
Өсөлт = 58.8%: Харин Инвескор ББСБ ХК (INV)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин урамшуулал ₮6.6 сая аж. Түүнчлэн тэдний ТУЗ-ийн төсөв 2022 онд ₮100.2 сая байсан бол өнгөрсөн онд ₮159.2 сая болж өсжээ.
Тогтмол тогтолцоо: Түмэн Шувуут ХК (TUM)-ийн хувьд ТУЗ-ийн гишүүд нь нэг удаагийн хуралд оролцохдоо ₮300 мянга, улирал тутамд ₮500 мянгын цалин урамшуулал авахаар тогтсон байна.
Банкны ганц: Түүнчлэн банкнууд дундаас хамгийн анх IPO хийсэн Богд Банк ХК (BOGD) л ТУЗ-ийн төсвөө гаргасан нийт төсөв нь ₮291.1 сая аж.
Асуудал
Компаниуд ТУЗ-ийн төсөв, цалинг нээлттэй мэдээлэхгүй байгаа нь зөвхөн эхний асуудал. Цаашлаад СЗХ-ноос ХК-иудын кодексийн хэрэгжилтийн үнэлгээнээс харахад ихэнх нээлттэй компаниуд ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлыг үнэлж чадахгүй байгаа нь хамгийн том асуудал болж буй.
Эцэст нь, компани IPO хийж олон нийтэд нээлттэй болно гэдэг нь зүгээр л санхүүжилт босгоод орхихын нэр ерөөс биш. Нээлттэй компани болсон цагаас эхлэн бүх мэдээлэл, үйл ажиллагаа ил тод байж, дүрэм журмуудыг мөрдөх ёстой. Гэтэл манайд бүх мэдээллээ нээлттэй, ил тод байлгадаг ХК-иуд тун ховор. Уг нь бол хамгийн энгийн зүйл байлтай.

👀 Төрийн оролцоо 94.7%
MCH: Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн ашиг 2023 онд 17.2% өсөж ₮13 саяд хүрэв. Тэдний борлуулалтын ашиг 35.7% өсөж ₮4.1 тэрбумд хүрсэн боловч борлуулалт маркетинг, ерөнхий болон удирдлагын зардал 17.2% өсөж ₮4.4 тэрбумд хүрсэн нь ашигт сөргөөр нөлөөлжээ. Улмаар P/B 0.2, эздийн өмчийн өгөөж 0.03%, P/E 951.3 болов. Сонирхуулахад, 1-р сарын байдлаар тэдний нийт хувьцааны 54.7%-ийг төр, 40%-ийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, үлдсэн 5.3%-ийг 4,007 жижиг хөрөнгө оруулагч эзэмшиж байна.

🤳 5G утасны эрин

2023 онд 5G сүлжээ дэмждэг гар утасны борлуулалт 4 жилийн ахисан дүнгээр анх удаа 2 тэрбум ширхгийг давсан түүхэн жил болов. Зах зээлд хэний 5G утаснууд хамгийн эрэлттэй байна. Хэрэгт дурлая.
Нөгөө л аваргууд, гэхдээ!
Интернэтийн ирээдүй гэгддэг 5G-н хөгжил 4G-с ч худтай нэвтэрч байгаа. Үүний нотолгоо бол 4G гар утасны борлуулалт зах зээлд нэвтэрснээс 6 жилийн дараа 2 тэрбум ширхэгт хүрч байсан бол 5G гар утаснууд үүнийг 5 жилийн дотор амжууллаа. 5G гар утасны нийт борлуулалтыг харах нь ээ, тал буюу 1 тэрбумыг Apple (AAPL) болон Samsung (005930.KS)-н борлуулалт эзэлжээ.
iPhone-н шүхэр дор: Өнгөрсөн онд хамгийн их борлуулагдсан ТОП-10 гар утасны 9 нь 5G сүлжээ дэмждэг гар утас байв. Гэсэн ч хэрэглэгчдийн яг хэд нь 5G дэмждэг учраас iPhone 14 Pro Max-г сонгож байгаа юу, аль эсвэл Apple-н үнэнч хэрэглэгч болохоор уу, гэдэг бодвол бас сонин.
Өсөж өндийж буй Хятад: Харин эсрэгээрээ Хятадын гар утас үйлдвэрлэгчид 5G технологийн халуурлыг хамгийн ашигтай ашиглаж байгаа. 5G утасны ачаар Apple, Samsung шиг акулуудын хажууд хэтэрхий нялхдах Huawei, Xiaomi, OnePlus, Honor тэргүүтэй компаниуд дотоодын зах зээлдээ өсөж өндийн өдгөө бүр зах зээлээ булаацалдах болсон.
Том зургаараа
5G технологийн утга учир, амин сүнс нь гар утасны хэрэглээнээс хэтэрхий хальсан. Тухайлбал, 5G технологийн бүтээх ирээдүй бол уран зөгнөлт кино дээр гардаг шиг интернэт л байхад дэлхийн хаанаас ч ямар ч технологид холбогдож мэс засал хийх, авто машинаа алсын зайнаас дуудах боломжит интернэтийн дэд бүтэц.
5G-г зүгээр ч нэг интернэтийн ирээдүй гэж өргөмжлөөгүй: 5G бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж яг л Wall-E анимэйшн дээр гардаг шиг роботууд өөр хоорондоо харилцан, хүмүүс хуруугаа ч хөдөлгөх шаардлагагүй болох зүйлсийн интернэт (IOT)-н суурь болж өгөх юм.
За тэгээд, 2019 оноос хойш өдгөө 1,000 гаруй 5G утаснууд зах зээлд худалдаалагдаж байгаа төдийгүй 3 жилийн дараа 5G утасны зах зээл галзуу хурдаар өссөөр $14.9 их наядад хүрэх төлөвтэй байна даа. Энэ бол зөвхөн гар утасны зах зээлд авчрах өгөөж гээд бодохоор бусад салбарыг хэрхэн өөрчлөх бол…

Lemon Press-н уншигч байна даа, санхүүгээ нарийн тооцоолж байна уу? Хэрэв та хэрэглээний зээлээс эхлээд олон төрлийн зээл авахаар төлөвлөж байгаа бол PMT функцийг ашиглан зээлийн төлөх хэмжээгээ өөрөө тооцож болно шүү. 😎 🍋



The Astana Times
🔹Nasdaq (ÎXIC) дээр IPO хийсэн Казакстаны Kaspi.kz (KSPI)-н ашиг 2023 онд 44% өсөж $1.9 тэрбумд хүрчээ. Сонирхуулахад, тэдний орлого 51% өсөж ₮4.2 тэрбумд хүрсний 37%-ийг төлбөр тооцоо, 34%-ийг финтек, 29%-ийг марктплэйс бүрдүүлжээ. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашиг 45% өсөж $9.6 болоод буй.
🔹Талх Чихэр (TCK) өнгөрсөн онд ₮8 тэрбумын ашиг олов. Харин нийт ашиг 14.7% өсөж ₮36.6 тэрбумд хүрсэн байна. Харж байгаачлан компани илүү ашигтай ажиллах боломжтой байсан ч удирдлагын зардал 91.7% өсөж ₮26.6 тэрбум болсон нь ашгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. Улмаар P/B 0.4, эздийн өмчийн өгөөж 11.7%, P/E 3.8-тай байна. Тэд ашгийнхаа 5.1% буюу ₮409.5 саяыг ногдол ашиг болгон тараах аж.
🔹Өвөлжилт хүндэрч байгаагаас үүдэн Хөвсгөл аймагт ₮555 сая, Булган аймагт ₮150 сая, нийтдээ ₮705 саяын нэмэлт санхүүжилт олгоно. Тус санхүүжилтийг аймгийн төсвөөс олгох бөгөөд нэмэлтээр УОК-оос Булган аймагт ₮100 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөвсгөл аймагт ₮50 саяыг олгохоор болов.
🔹Женко Тур Бюро (JTB) 2023 онд ₮690 саяын ашигтай ажиллалаа. 2022 онд ₮341 саяын алдагдал хүлээж байсан тэднийг ийн ашигтай ажиллахад аялал жуулчлалын салбарын $1 тэрбум давсан орлого нөлөөлжээ. Ийнхүү тус онд тэдний P/B 0.3, эздийн өмчийн өгөөж 8.3%, P/E 3.4-тай гарав. Гэснээс тэд ногдол ашиг тараахгүй гэсэн шүү.

Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)
Хүний нөөцийн мэргэжилтэн / Peace Corps Mongolia: +4 жилийн ажлын туршлагатай таныг Энх тайвны корпусын хамт олонд урьж байна. 👉 (Link)
Туслах ажилтан / Чех улсын элчин сайдын яам: Хэрэв та чех хэлтэй бол аман болон бичгийн орчуулга хийх, бичиг хэрэг боловсруулан элчин сайдын яаманд ажилламаар байна уу? 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Сургалт: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийн сургалт зохион байгуулагдах гэж байна. (УУХҮЯ)
Спорт: Лионель Мессигийн тоглолтын тасалбарын үнэ хаданд авирах нь л дээ. (CNN)
Хиймэл оюун ухаан: Google-н Gemini арьс өнгөөр ялгаварласан гэнэ үү? (TechCrunch)
Мэдээлэл: Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих $50 саяын сан нээгдлээ. (МҮХАҮТ)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply