🍎 Ашигтай алим

ҮХХ-ийн салбарын хагас жил | Тайлангийн цуваа | Шинэ жарны хамтрал

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрөөс эхлэн МХБ-ийн I болон II ангилалд бүртгэлтэй ХК-иуд биржийн албан ёсны FB хаягаар хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байгаа шүү. Нэг цаг үеэ бодоход ил тод байдал бас ч гэж сайжирч байна даа. 👏

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: АПУ ХК (APU) энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮55-ийн ногдол ашиг тараахаар боллоо

MFA: Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн Монгол дахь айлчлал маргааш өндөрлөнө.

BOM: Монголбанкны өнгөрсөн 7-р сард худалдан авсан үнэт металлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.5% өсөж оны эхнээс өссөн дүнгээр 9.3 тн-д хүрлээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд нийт ₮30 тэрбум болон $3 саяын үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс хоёрдогч зах зээл дээр ₮22 тэрбумын, $30.3 мянгын арилжаа хийгдсэн байна.

Өнгөрсөн Баасан гарагт Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа

  • 1 компанийн нээлттэй, 1 компанийн хаалттай хүрээнд гаргаж буй өрийн хэрэгсэл, 2 компанийн ХБҮЦ-ыг тус тус бүртгэж, мөн 2 компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болов. 

  • Түүнчлэн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид, банк бус санхүү (ББС)-гийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанид, ББС-гийн гадаад валютын арилжаа эрхлэх болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр 1 компанид, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 3  компанийг бүртгэхээр шийдвэрлэлээ.

  • Цаашлаад 3 компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний сацуу нэр бүхий 6 компанийн ББС-гийн үйл ажиллагаа эрхлэх болон ББС-гийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.

  • Харин Рендер трейд ХХК, Бонсэ зуучлал ХХК, Рүүтс проперти инвестмент ХХК, Кортеси монгол ХХК тэргүүтэй нийт 12 хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Жич: СЗХ зарим компанийн нэрийг дурдаагүй байсан болно.

🏢 ҮХХ-ийн салбарын хагас жил

Энэ оны эхний хагас жилд шинэ орон сууцны 1 мкв-ын үнэ өмнөх оноосоо 11% өсөж ₮4 саяд хүрсэн бол хуучин орон сууцных 11.8% өсөж ₮3.8 саяд хүрээд буй

👀 Хагас жил 

Оны эхний хагаст үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн салбарт 63,424 ҮХХ эргэлтэд орж 32,221 худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. Улмаар ҮХХ-ийн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 15% өсөөд буй. Цаашлаад, Монголд үйл ажиллагаа явуулж буй 308 тусгай зөвшөөрөлтэй байгууллага, 1,282 агентууд ажиллаж байгаа бөгөөд тэдний 85%-ийг RE/MAX-н агентууд бүрдүүлж буй. Үргэлжлүүлээд, ҮХХ зуучлагчдын хагас жилийн өнгө хэр байсныг салбартаа тэргүүлэгч RE/MAX-н хагас жилийн борлуулалтаас тольдох гээд үзье. 

👩‍💼🧑‍💼 ҮХХ зуучлалын зах зээлийн сонин сайхан 

Тэдний хагас жилийн борлуулалтын орлого өмнөх оноосоо 31.6% өсөж ₮677 тэрбумд хүрээд буй. Тус хугацаанд нийт 9,265 ҮХХ-ийг эргэлтэд оруулсан бөгөөд энэ нь өмнөх жилээсээ 22.6% өссөн үзүүлэлт гэж байгаа. 

  • 🔎 Задалъя: RE/MAX-н ₮677 тэрбумын борлуулалтыг задлан харвал 5,543 ҮХХ-ийн гэрээ хийсний дийлэнх нь худалдан авалтынх байсан аж. Харин борлуулсан орон сууцных нь дундаж үнэ ₮207.9 сая байв. Үүн дундаа Virtue Villa, Zuu Residence, Өрнөх хороолол хамгийн өндөр борлуулалттай байсан харагдав. 

  • 🆕 Амжилтаа ахиулах уу? Өнгөрсөн оны хувьд ҮХХ зуучлагчдын орлого ₮2.2 их наядад хүрч байсан бөгөөд үүний бараг талыг RE/MAX-н борлуулалтын орлого бүрдүүлсэн байдаг. Тухайн үед RE/MAX-н борлуулалтын орлого ₮1 их наядыг давж байсан бол энэ оны хагасын байдлаар борлуулалтын төлөвлөгөөний биелэлт 121%-тай явж байгаа гэнэ дээ. 

  • 🆙 Өсөлттэй тоо: Түүнчлэн өнгөрсөн онд тус компанийн агентуудын цалин салбарын дундаж цалингаас ₮900 мянгаар илүү буюу ₮3 сая байсан бол өдгөө ₮3.9 сая болсон сурагтай. Агентууд нь өдөрт дунджаар 26, 1 цагт 2.2 ҮХХ борлуулдаг гэхээр цалин нь өсөхөөс аргагүй. 

Эцэст нь… RE/MAX өнгөрсөн оныг “Let’s Level Up” жил болгон борлуулалтын орлогоо ₮1 их наядад хүргэж чадсан. Энэ оны эхний хагаст бол төсөөлснөөсөө илүү өндөр борлуулалттай явж байна. За тэгээд жилийн эцсийн тайлангаар уулзацгаая.

🥶 $10 тэрбумын төлөвлөгөө

INTС: Intel-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 26% унаж $21-т хүрснээр сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Тус компани өнгөрсөн Баасан гарагт II улиралд $1.6 тэрбумын алдагдалтай ажилласан тул энэ онд ногдол ашиг тараалгүй, зардлаа 20% буюу $10 тэрбумаар танах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар компани ажилтнуудынхаа 15%-ийг цомхотгох гэнэ.  

🆙 Технологийн аваргуудын ашиг өссөөр

Технологийн аваргууд улирлын тайлангаа танилцуулж эхэллээ. Тэднээс Apple (AAPL), Microsoft (MSFT), Meta (META)-н ашиг, орлого болон хэтийн төлөвийг нь сонирхъё. 

🍎 Ашигтай алим 

Өнгөрсөн улиралд Apple-н орлого өнгөрсөн оны мөн үеэс 5% өсөж $85.8 тэрбумд хүрчээ. Улмаар ашиг нь 8% өсөж $21.5 тэрбумд хүрсэн байна. 

  • ⬇️ Жаахан буурав: Харин iPhone-н борлуулалт $39.2 тэрбумд хүрсэн нь 1% буурсан үзүүлэлт юм.

  • 🤩 Аврал: Хэдий компанийн борлуулалтын 46%-ийг эзлэх iPhone-н борлуулалт буурсан ч iPad-н борлуулалт өсөж компанийн аминд оров. Тодруулбал, тус улиралд iPad-н шинэ загваруудыг танилцуулснаар борлуулалт 24% өсөж $7.1 тэрбумд хүрчээ. Нэмээд Apple TV+ зэрэг бусад үйлчилгээний орлого нь 14% өсөж $24.2 тэрбум болсон нь нийт орлого өсөхөд нөлөөлсөн аж.  

😎 Алсдаа ашигтай

Apple энэ намрын сүүлээр өндөр хүлээлттэй байгаа AI шинэчлэлтүүдийг хэрэглэгчдэд хүргэхээр бэлдэж байгаа. Сонирхуулахад, Apple Intelligence Apple-н системийн салшгүй нэг хэсэг болж хэрэглэгчдийг алмайруулна аа л гээд байгаа юм даа.

🆙 Meta: Ажилтнуудаа цомхотгосон ч ашгаа бурзайлгав

Харин өнгөрсөн улиралд Meta $39.7 тэрбумын орлоготой ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22% өссөн үзүүлэлт юм. Улмаар ашиг нь 73% өсөж $13.4 тэрбумд хүрэв. Үүнд компанийн орлогын гол эх үүсвэр болох дижитал зар сурталчилгааны орлого өнгөрсөн оныхоос 22% өссөн нь голлон нөлөөлжээ.

  • ⬇️ Танасны хүчинд: Meta 2022 оны сүүлээс өдийг хүртэлх хугацаанд 21 мянган ажилтнаа цомхотгосноор үйл ажиллагааны орлого нь өнгөрсөн оныхоос 58% өсөж $14.9 тэрбум болсон аж. 

Гэснээс тайлангийн араас Meta-н хувьцааны үнэ 5% орчим өсөж $497-д хүрснээр Марк Зукербергийн нийт хөрөнгө $178 тэрбумд хүрч дэлхийн 3 дахь чинээлэг эрхэм болсон шүү

💰 Их гурвалд хөрөнгө хаяна

Meta AI, VR, AR зэрэг технологиудыг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө хаяж байгаа. Цаашлаад тэд өрсөлдөөнд тэргүүлсэн хэвээр байхын тулд дата төвийн дэд бүтэц, үүлэн тооцоололд хөрөнгөө харамгүй зориулна гэнэ ээ. 

🌨️ MSFT: Үүлэн тооцооллын ашгаа өсгөнө өө

Цаашлаад Microsoft-н орлого 15% өсөж $64.7 тэрбумд хүрсэн бол ашиг нь 9.7% өсөж $22 тэрбум болжээ. Компани бүтээгдэхүүний гол сегмент болох Azure, Windows Server, Nuance, GitHub-г багтаасан Intelligent Cloud-с $28.5 тэрбумын орлого олсон байна.

  • Сонирхуулахад, Azure болон үүлэн тооцооллын бусад үйлчилгээний орлого 29% өсжээ. Тэд цаашид ч үүлэн технологидоо ихээхэн анхаарах төлөвтэй байна.

Эцэст нь… Технологийн салбарын акулуудын ашиг орлогоос харахад AI, үүлэн тооцооллын эрэлт эрчтэй нэмэгдэж байна даа. Оны эцэст тэд төлөвлөгөөгөө хэр биелүүлэх нь үү харъя даа. 

Парисын Олимпын наадмаас медаль аваагүй ч дээгүүр амжилт үзүүлсэн тамирчдын мэдээллийг хүргэж байна. 

  • 7: Эмэгтэйчүүдийн урт бууны 50 м-ийн 3 байрлалт төрөлд О.Есүгэн 7-р байр,

  • 7: Жудогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд Ё.Басхүү, -73 кг-ийн жинд Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд Л.Энхрийлэн нар тус тус 7-р байр, 

  • 8: Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд М.Энхжаргал шөвгийн 8-д,

  • 18: Эмэгтэйчүүдийн 200 м-ийн чөлөөт сэлэлтэд Б.Энххүслэн 18-р байрыг тус тус эзэлсэн шүү.

🤩 Бүгдийг нэг дороос 

Технологийн хорхойтнуудад дуулгах сайхан мэдээтэй. 📢 

Шинэлэг содон загвар хийцтэй, чанартай, хүчин чадал сайтай ухаалаг хэрэгслүүдийг хайж байвал TurboTech Electronics-г зориорой. Яагаад гэвэл,  

  • 🧑‍💻 Бүгдэд зориулсан: Ямар ч насны, аль ч салбарын, ямар ч мэргэжилтэй хүн байхаас үл хамааран хүн бүрийн хэрэглээнд тохирох хурд, хүчин чадал сайтай, дэлхийн томоохон брэндүүдийн бүтээгдэхүүнийг санал болгож буй.

  • 🤝 Баталгаатай: Мөн дээр нь бүтээгдэхүүндээ 1-2 жил буюу хамгийн урт хугацааны баталгаа олгодгоороо давуу талтай. 

  • 💳 Уян хатан нөхцөл: Нэмээд бүр урьдчилгаагүй, хүү шимтгэлгүй, хуваан төлөх нөхцөлөөс гадна 18 хүртэлх сарын хугацаатай, уян хатан лизингийн үйлчилгээг санал болгож байгаа шүү. 

Эцэст нь… За тэгээд технологи бидний амьдралын салшгүй хэсэг болсон өнөө үед хэрэглээндээ бүрэн нийцсэн, хүссэн электрон хэрэгслээ олж авна гэдэг бас л чухал ажил даа. 

President.mn

🍋 Монгол Швейцартай “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо. Цаашлаад тус улстай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, МАА-н менежментийг сайжруулах, ХАА-н бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. 

🍋 ХасБанк ХК (XAC)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар энэ оны эхний хагас жилийн ашгаас ногдол ашиг тараах эсэх талаар хэлэлцэнэ. Ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр цахимаар зохион байгуулах аж. Улмаар хувьцаа эзэмшигчийн саналыг 7 сарын 25-наас эхлэн 9 сарын 4-нийг хүртэл цахимаар хүлээн авах гэнэ. 

🍋 Эм Эс Бэл Майнинг ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, тус компани Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумд алтны үүсмэл болон шороон ордноос олборлолт хийж байсан юм. Гэсэн хэдий ч ашигт малтмал олборлоход ашигласан ус нь Онгийн голын далан сэтэрснээр гол руу цутгаж,  бохирдуулсан гэх шалтгаанаар тус шийдвэрийг гаргажээ. 

🍋 Рэйн тэргүүтэй Өмнөд Солонгосын оддын оролцох фестиваль 9-р сард Буянт-Ухаа нисэх буудалд болно. Тодруулбал, Go Mongolia төслийн хүрээнд Улаанбаатарт жил бүрийн 9-р сард "Дэлхийн одод" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд К-Поп од, дуучин Рэйн тэргүүтэй солонгос одууд энэ жилийн анхны фестивальд ирэхээр болжээ.

  • Хамтрал: Японы 3 луугар автомашин үйлдвэрлэгч хамтарч EV-г хөгжүүлэх гэж байна. (TheVerge)

  • Мэд: Зээлжих зэрэглэлийн оноог хэрхэн тооцдог вэ? (LemonPress)

  • Үз: Парисын Олимпын шилдэг зургууд. (Time)

  • Сонирх: Зүүн хойд Азийн орнуудын хот зохион байгуулалтын туршлага. (Ulaanbaatar)

  • Даваа: Премиум Нэксус ХК 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа МХБ-ийн FB хаягаар олон нийтэд нээлттэй танилцуулна

  • Мягмар: Үргэлжлүүлээд, Түмэн шувуут ХК хагас жилийн тайлангаа танилцуулах юм

  • Лхагва: Зочид буудал, нийтийн хоол, тээвэр мэдээллийн салбарын үйлдвэрлэгчийн өнгөрсөн сарын үнийн индекс зарлагдана

  • Пүрэв: Өнгөрсөн 7-р сарын инфляцын мэдээлэлтэй танилцах нь байна шүү

  • Баасан: Эцэст нь гадаад худалдааны нөхцөлийн индекс гарах юм байна.

Reply

or to participate.