• Lemon Press
  • Posts
  • 🗾 Хаялга | Бор зүрх | Хамаарал

🗾 Хаялга | Бор зүрх | Хамаарал

Санхүүгийн ухаалаг шийдвэр гаргах нас болон орон нутгийн төсвийн талаар тоймлов.

POWERED BY

Hey! Өнөөдөр чинь Lemon шүүсний өдөр гэнэ дээ. Зун ч дуусах гэж байна Lemonade уугаад, Lemon Press-ээ уншаад байж дээ. 😁🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны эхний 7 сард ₮1.4 их наядын ашигтай гарав.

POL: Хятад энэ жил Монголын нүүрсний тээврийг нэмэгдүүлж 20 сая тн-д хүргэх, цаашдаа 40 сая тн болгох ажлыг үе шаттайгаар урагшлуулахаа мэдэгджээ.

BTC: Биткойны үнэ сарын дотор 11.7% унаж $25,895-т хүрлээ.

🗾 Хаялга | Бор зүрх | Хамаарал

Энэ оны эхний 7 сарын байдлаарх орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг харахад 5 аймаг бусдадаа хаялгатай, 6 аймаг бор зүрхээ борлуулсан, үлдсэн хэд нь улсаас хамааралтай байна.

🗺️ 3/21

Нийт 21 аймгаас ердөө 3 аймгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарчээ. Улмаар 15 аймаг төсвийн алдагдлаа нөхөхийн тулд санхүүгийн дэмжлэг авсан аж. Харин төсвийн орлого өндөртэй 5 аймаг улсын төсөвт ₮138.1 тэрбумыг төвлөрүүлэв. Ер нь бол аймгуудын төсвийн орлого, зарлага, нөхцөл байдал ихээхэн ялгаатай байгаа юм.

  • Орлого сайт оройд нь: Өмнөговийн энэ оны эхний 7 сарын төсвийн орлогын гүйцэтгэл 21 аймгийн нийт дүнгийн 43.7%-ийг дангаараа бүрдүүлжээ. Энэ ч утгаараа улсын төсөвт төвлөрүүлсэн орлого нь хамгийн өндөр байна. Үүний дараа Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгууд төсвийн орлогоороо цойлж буй.

  • Хол бол хойшоо: Харин баруун аймгуудын хувьд юун улсын төсөвт орлого төвлөрүүлэх мантай. Баян-Өлгий аймгийн төсвийн орлого л гэхэд Өмнөговийнхоос 44.1 дахин бага хойно арга ч үгүй биз.

  • Дэмжих тусам алдана: Цаашилбал, алдарт улс төрчдийн нутаг Хэнтий төсвийн алдагдлаараа тэргүүлэв. Уг нь тэдэнд аймгуудын дунджаас 1.7 дахин их буюу хамгийн их санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Эцэст нь… Харж байгаачлан уул уурхай болон хил гаалийн идэвхтэй бүсэд байршилтай аймгуудын орлого, зарлага бусдынхаас өндөр, алслагдмал аймгуудынх харьцангуй бага байна. Тэгэхээр аймгуудын нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэлийг дэмжих, кластерийн системийг хөгжүүлэх зэргийг анхаарах нь чухал. Зүгээр нэг санхүүгийн дэмжлэг үзүүлээд нэмэргүй гэдгийг Хэнтийн жишээгээс харж болохоор.

🐍 Хүний гараар зээл бариулав

UID: Улсын их дэлгүүр ХК нь Номин Холдинг ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн Голомт банк (GLMT)-наас авч буй зээлд хамтран зээлдэгч, барьцаалуулагчаар оролцоно. Компани 2020 оны гал түймэртэй холбоотой зардал, бусдад учруулсан хохирлыг барагдуулах шаардлагатай байгаа ч бие даан зээл авах санхүүгийн чадавхгүй тул уг шийдвэрийг гаргажээ. Уг зээл нь 60 сарын хугацаатай, жилийн 17% хүртэлх хүүтэй, ₮60 тэрбумын хэмжээтэй байх юм.

💭 Санхүүгийн ухаалаг шийдвэр гаргах нас гэж байдаг уу?

Америкчуудын 53, 54 насандаа санхүүгийн хувьд ухаалаг шийдвэр гаргаж эхэлдэг аж.

Бужигнуулах нас

Яагаад 53 болон 54 насны бүлгийг онцолж байна вэ гэхээр тус насны бүлгийнхэн хувийн санхүүгийн хувьд мэдлэг, туршлагатай нэмээд тэднээс дээших насны бүлгээсээ ялгаатай нь аналитик чадвараа алдаж эхлээгүй байдаг. Тийм ч учраас тус насанд санхүүгийн шийдвэр гаргалт нь хамгийн бага байсан нь ухаалаг шийдвэр гаргах хамгийн боломжит нас гэж үзэхэд хүргэжээ. Хэдий залуус крипто, блокчэйн зэрэг шинэ үеийн санхүүгийн хэрэгслийн талаар илүү ихийг мэдэх ч зөв шийдвэр гаргахад их зүйлсийн талаар мэддэг байх нь тийм ч нөлөөлдөггүй аж.

  • Сонирхолтой нь: Хүмүүс тодорхой насанд ижил төрлийн санхүүгийн буруу шийдвэр гаргах хандлагатай байдаг. Түүнээс гадна трэнд даган санхүүгийн сахилга бат алдах нь ч түгээмэл.

Алдаа багасаж эхэлнэ

Залууст зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлгээтэй байр авах, онцын шаардлагагүй ч зээлээр автомашин авах зэрэг санхүүгийн алдаа гаргах үе зөндөө л тулгардаг. Үүний жишгээр Америкчууд ч 49 насандаа автомашин зээлээр авах үедээ санхүүгийн алдаа хамгийн бага гаргадаг бол ипотекийн зээлтэй холбоотой асуудалд алдаа гаргах нь 56 насандаа хамгийн бага байдаг байна.

Харин Монголд

Монголд хамгийн түгээмэл байдаг санхүүгийн алдаа хүний дор орохгүй шүү гэх хандлагаас эхэлдэг гэдэгтэй санал нийлэх үү? Залуу насанд ийм төрлийн санхүүгийн алдаа аль болох бага гаргахын тулд наанадаж урт хугацаанд өгөөжөө өгөх боломжтой хөрөнгө оруулалтын талаар бодож эхлэх хэрэгтэй болно. Үүнийг уншаад бонд, хувьцаа бодов доо! Хамгийн эхлээд боловсролдоо дараа нь урт хугацаанд өөрийн үнэлэмжээ өсгөх зүйлсэд хөрөнгө оруулаад эхлэх хэрэгтэй мэт.

Энэ удаад хэрхэн VLOOKUP формулаг ашиглаж болох талаар хуваалцаж байна. 😎

V

Giphy

🔹Улаанбаатар хотод метро барихаар судалж байна. Тодруулбал, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Өмнөд Солонгосын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байгаа төдийгүй энэ жил 2 хүнийг тус улсад метро барих чиглэлээр сургана гэв.

🔹Хятадын үнэт цаасны зохицуулагчид 37 жижиглэнгийн арилжааны санд зөвшөөрөл олголоо. Энэ нь эдийн засаг хүндрэлийг даван туулах, ХЗЗ-ийг сэргээхтэй холбоотой гарсан шийдвэр аж. Үүний 10 нь хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF), 7 нь технологийн компаниудын хувьцаанд суурилсан ETF байгаа аж.

🔹Evergrande (3333.HK)-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 79% унаж $2.2 тэрбумыг алдлаа. Тус компанийн хувьцааны арилжааг 2022 оны 3-р сараас эхлэн зогсоогоод байсан билээ. Гэсэн ч өчигдрөөс хувьцааны арилжаа эхэлснээр хувьцааны үнэ нь $0.35 болоод буй.

🔹Киргизийн элчин сайд Айбек Артыкбаев итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Өнгөрсөн 7-р сард тохиосон Киргизийн Ерөнхийлөгчийн айлчлалаар тус улс Монголд элчин сайдын яамаа нээсэн юм. Сонирхуулахад, Монгол болон Киргиз хоорондын шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээх төлөвтэй байна.

  • Унш: Шинэ үеийн маркетингийн менежерийн ажлын арга барил. (ViralAgency)

  • Мэд: Монголын марафончдын нууц зэвсэг юу вэ? (NYT)

  • Сонирх: Авлига хорооллын түүх. (iToim)

  • Турш: ChatGPT-г ашиглаж илүү сайн шийдвэр гаргах нь. (HBR)

Reply

or to participate.