- Lemon Press
- Posts
- 🤝 Блокчэйн х Даатгал
🤝 Блокчэйн х Даатгал
Улс орнуудын эдийн засгийн ангилал болон даатгалын мэдээллийн сангийн тухай тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Чингис хаан ОУ-ын нисэх буудлаас хотын төв рүү цахилгаан автобус явж эхэлснийг мэдсэн үү? Том хүн ₮10 мянга, хүүхэд ₮5 мянгаар явах нь ээ. 🚌


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны форумаар $2.2 тэрбумын үнийн дүн бүхий 25 гэрээ байгуулагджээ.
GOV: Энэ жил Хятадын ТОП 22 аялал жуулчлалын компанитай хамтран ажиллаж 400 мянган жуулчин хүлээн авна.
^N225: Оны эхэнд 25,717 байсан Nikkei 225 (^N225) индекс тухайн үеэс 31.2% өсөв.

🤝 Блокчэйн х Даатгал

ТЕО блокчэйн даатгалын компаниуд болон даатгалын холбоотой хамтран “Даатгалын мэдээллийн сан”-г хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлжээ.
Before & After
Даатгалын салбарт банкнуудын зээлийн мэдээллийн сан шиг сайн дурын даатгалын мэдээлэл солилцох сан байгаагүйн улмаас уг салбарын өрсөлдөгчид зөвшилцөлд хүрэхгүй байх, даатгал давхардах, 1 хохиролд 2 өөр компани нөхөн төлбөр төлөх зэрэг асуудлууд үүсдэг байв. Түүнчлэн тээврийн хэрэгслийн даатгалын хувьд 1 хохирлын тохиолдлоор “Тээврийн хэрэгслийн даатгал” болон “Жолоочийн хариуцлагын заавал даатгалын гэрээ”-ээр тус, тус давхардуулж нөхөн төлбөр авах зэргээр даатгалын компаниудад зардлын хүндрэл үүсдэг байжээ.
Харин одоо хувийн блокчэйн технологийн төвлөрсөн бус тогтолцоог ашиглан даатгалын мэдээллийн сантай болсноор уг асуудалд цэг тавих боломжтой болж буй. Үүний талаар дэлгэрүүлбэл,
Яаж ажиллах вэ? Энгийнээр бол даатгалын салбарын мэдээлэл, гүйлгээ болон нэхэмжлэл зэрэг бүхий л өгөгдлийг гинжин хэлхээнд оруулж бүртгэх юм. Нэг даатгалын компанийн бүртгэл бодит хугацаанд бусад даатгалын компанийн блокчэйн бүртгэлд очих ба уг мэдээллийг хүлээн авсан тал өөрчлөх боломжгүй аж.
Өөрчлөлт: Цаашлаад, блокчэйнд суурилсан даатгалын мэдээллийн санг нэвтрүүлснээр даатгалын үйл явцыг автоматжуулан ил тод байдлыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг сайжруулна гэсэн үг.
Даатгуулагчдад ч ашигтай: Өмнө нь даатгалын мэдээллийн сан байхгүйн улмаас шинэ харилцагчийг эрсдэлтэй гэж үзэн хатуу шаардлага тавьдаг байсан бол одоо сангаас хэрэглэгчийн мэдээллийг авч үүнтэй нь харгалзан даатгалын нөхцөл сайжрах, үнэ хөнгөлөгдөх боломж үүсэх юм.
Ерөнхийд нь базахад, даатгалын мэдээллийн сан нь блокчэйн технологийн төвлөрсөн бус, хувиршгүй шинж чанарыг ашиглан даатгалын бодлого, нэхэмжлэлийг удирдах үр ашигтай арга замыг бий болгох нь ээ. Үүнээс гадна даатгалын компаниуд, зуучлагчид болон төрийн байгууллагуудын хамтран ажиллах боломжийг ч нэмэгдүүлэхээр харагдаж байна.

📄 Лэнд бонд
LEND: ЛэндМН ББСБ ХК зээлийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй өрийн хэрэгсэл буюу “Лэнд бонд” гаргаж ₮9.5 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Уг бондыг ЛэндМН ББСБ-ын толгой компани болох АНД Системс ХХК ₮13.6 тэрбумын хувьцаагаараа батлан даах аж.

🌏 Улс орнуудын орлогын ангилал

Дэлхийн банкнаас гаргадаг улс орнуудын эдийн засгийн ангилалд Монгол дундаас доош орлоготой хэсэгт хэвээр үлдлээ.
Ангилал: Дэлхийн банк жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дунджаас дээш, дунджаас доош, бага гэх 4 бүлэгт ангилдаг билээ.
ҮНО-ыг хэрхэн тооцдог вэ?
ҮНО-ыг тооцохдоо ДНБ-ий гүйцэтгэл дээр гадаадад байгаа иргэд, ААН-ийн буюу гадаад эдийн засгаас орсон орлогыг нэмж, харьяат бусын орлогыг хасаж тооцдог.
Дэлхийн дундаж өсөв
1987 онд бага орлоготой орнууд нийт орнуудын 30%-ийг эзэлдэг байсан бол өнгөрсөн жил 12% болтлоо буурч өдгөө 26 улс л тус ангилалд багтах болов. Үүнд Азийн орнуудын ҮНО нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн онд дэлхийн дундаж ҮНО 6.2% өсөж $12,804 болоод буй. Үүний зэрэгцээ ангиллын босго оноо ч хөөрхөн өсөөд авав. Задлан харвал,
Өндөр орлоготой: Хэрэв 1 хүнд ногдох ҮНО нь $13,845-оос дээш бол өндөр орлоготой улсын ангилалд багтана. Уг босго нь 2021 оныхоос 4.8% өссөн аж. Нийт улсын 38% нь уг ангилалд багтжээ.
Дундаас дээш: Цаашлаад, дундаас дээш орлоготой ангилалд багадаа $4,466-ын 1 хүнд ногдох ҮНО-той улсууд багтах нь. Үүнд 54 улс буй.
Дундаас доош: Түүнчлэн 1 хүнд ногдох ҮНО нь $1,136 бол дундаас доош орлоготой ангилалд орно. Уг босго 2021 оныхоос 4.6% өссөн бөгөөд 53 улс багтаж байна.
Бага: Харин бага орлоготой 26 улс байгаа бөгөөд тэдний босго 4.6% өсөж $1,135 болсон аж.
Дунджаас доош орлоготой Монгол
2015 оноос хойш Монгол дунджаас доош орлоготой улсын жагсаалтад багтаж ирсэн бөгөөд түүхэндээ 1 удаа буюу 2014 онд буюу Монголыг дараагийн Дубай гэлцэж байсан үед дунджаас дээш орлоготой улс болж байв. Харин өнгөрсөн онд Монголын ҮНО 13% өсөж $4,210-д хүрэв. Энэ нь дэлхийн дунджаас 3 дахин бага дүн аж.
Ерөнхийдөө, улсуудын 80%-ийнх нь эдийн засаг 4 жилийн өмнөхтэй харьцуулахад сайжирсан байна. Харин манайх 8 жилийн турш нэг байрандаа гацжээ.

Датагаа 2 секундэд цэгцэлцгээе. 🖥️



AllCode
🔹УБТЗ ХНН зорчигч тээврийн үнээ 50%-иар нэмлээ. Түүнчлэн орон нутаг руу нүүрс тээвэрлэх үнийг 4.6%, модон эдлэл тээвэрлэх үнийг 50.1%, машин механизм, тоног төхөөрөмжийнхийг 23.4% тус тус нэмэгдүүлэв. Харин Хятадаас Орос руу дамжин өнгөрч буй ачаа тээврийн үнийг 10% бууруулав.
🔹Монгол шатахууны зардалд жил бүр ойролцоогоор $2 тэрбумыг зарцуулдаг. Түүнчлэн Оросоос нийт шатахууны 90%-ийг импортолж, төлбөр тооцооны ихэнхийг юаниар хийж буй. Улмаар долларыг юань болгох дамжлага болон гүйлгээний шимтгэл нэмэгдсэн ч төлбөр тооцоо саадгүй явагдаж байна.
🔹 ШӨХТГ-аас Моносфарм трейд ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна. Тодруулбал, 2022 онд импортын эмийн ЗЗ-д 131 ААН үйл ажиллагаа явуулсан ч нэр бүхий 10 ААН нийт нийлүүлэлтийн 80%-ийг хангажээ. Харин Моносфарм трейд ХХК дангаар 46.4%-ийг нийлүүлсэн аж.
🔹 Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үүнд УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох, тухайн нам мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивын гэрээг бичгээр байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Улсын өр/ДНБ-ийн харьцаагаар хамгийн их улсын өртэй 10 орон. Монгол Улс 56%-ийн үзүүлэлттэй 153 орноос 80-д орж байна. Эх үүсвэр Country List Government Debt to GDP (tradingeconomics.com)
— Khashchuluun (@hash_chuluun)
8:13 AM • Jul 2, 2023

Мэд: Наадмаар хаана, ямар үзвэр үзэж болох вэ? (Montsame)
Унш: Эрчийг авч буй дроны үзүүлбэр. (TheNewYorkTimes)
Анхаар: Coca Cola vs ДЭМБ. (Reuters)
Сонирх: Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн нээлт болно. (LemonPress)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply