- Lemon Press
- Posts
- СЗХ ⚔️ УИД
СЗХ ⚔️ УИД
Эдийн засгийн форум болон СЗХ-ны нэхэмжлэлийн талаар тоймлолоо.
POWERED BY
Morning! Өнөөдөр 12:00 цагаас манай Твиттер хуудсаар дамжуулан "Блокчэйн ба даатгал" сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Хэлэлцүүлэгт:
Монголын Даатгалын холбооны CEO Ж.Батжаргал
Блокчэйн Сольюшн ХХК-ийн Үүсгэн байгуулагч, CEO М.Золжаргал
Lemon Press-ийн Ерөнхий редактор Э.Золбаяр
нар оролцож хэрэгтэй юм ярих тул та ороод ирээрэй.
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: ЗГ үнэт цаасны ЗЗ-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
BOM: Монголбанк 6-р сард 1,692 кг үнэт металл худалдаж авсан бөгөөд алт худалдаж авах дундаж үнэ нь 2 жилийн өмнөхөөс 37.3% өссөн аж.
📍 Эдийн засгийн форум ба боломж
Энэ сарын 9, 10-нд болох Монголын Эдийн Засгийн Чуулга (Mongolia Economic Forum 2023)-нд Rio Tinto (RIO)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ), Гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирнэ.
Онцлох зочид
Уг чуулга уулзалтад Rio Tinto-н ТУЗ-ийн дарга Доминик Бартоноор ахлуулсан ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын 23 эрхэм ирэх юм. Түүнчлэн,
Оролцогчид: Монголын ЗГ-ын төлөөлөл, олон улсын 500 гаруй зочид, дотоодын 700 гаруй бизнес болон ТББ, эрдэмтэд гээд нийт 1,500 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.
Томчуул: Үүн дотроо Rio Tinto-ийн урилгаар Goldman Sachs (GS), Morgan Stanley (MS), Citigroup (C) гээд дэлхийн тэргүүлэгч 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн хэвлэл мэдээллийн акул CNN, Bloomberg-н төлөөлөгчид ч энэхүү арга хэмжээг сурвалжлах төлөвтэй байна.
Түүхэн уулзалт
Эдийн засгийн чуулганы үеэр гаднын томоохон хөрөнгө оруулагч компаниуд ирж байгаа нь Монголд Oюу толгойн хөрөнгө оруулалттай адил төстэй томоохон хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг үүсгэж буй. Тодруулбал,
Бүхний анхаарлын төвд: Уулзалтаар дотоод, гадаадын томчууд Монгол дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хөгжил, удахгүй хэрэгжүүлэх төслүүдийн боломжит түншлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том банк, санхүү, хөрөнгө оруулалтын акулуудын анхаарал Монголын эдийн засаг, нөхцөл байдал руу чиглэх юм.
ГШХО нэмэгдэх боломж: Өнгөрсөн оны гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харахад л 90% орчим нь буюу $2.2 тэрбум нь Оюу толгой төсөлтэй холбоотой байдаг. Тэгэхээр уг уулзалтаар гаднын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж чадвал ГШХО нэмэгдэх боломж бий болно.
Rio Tinto тусгал болно: Мөн Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гаднын хөрөнгө оруулагчид Монголын хамгийн том гаднын хөрөнгө оруулагч болох Rio Tinto-н өнцгийг харж шийдвэр гаргах хандлагатай байдаг аж.
Эцэст нь… Юутай ч энэ удаагийн эдийн засгийн чуулган нь гаднын хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө таниулах маш том боломжийг олгож байна. Харин үүнийг ашиглах л чухал байна даа. Гэснээс тус чуулганд бүртгүүлэх бол ЭНД дараарай.
💰 ₮10 тэрбум
СЗХ ⚔️ УИД
Дээд шүүхээс Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийн ТУЗ-ийг Номин Холдинг ХХК-д давуу байдал олгож компанид хохирол учруулсан гэж шийдвэрлэв. Юу болов?
Өнгөрсөн хугацаанд
Олон жилийн туршид УИД ХК-ийн ТУЗ Номин Холдинг ХХК-д давуу байдал олгож ЗЗ-ийн үнээс хямдаар түрээслүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай маргаан явж байв. Улмаар СЗХ-ноос тус компанийн ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгуулах, буруутай албан тушаалтнаас компанид учруулсан хохирлыг гаргуулахаар Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.
Сонирхуулахад: УИД ХК-ийн 61%-ийг Номин Холдинг ХХК эзэмшдэг. Харин үлдсэн хувийг 43,000 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байгаа юм.
Гол асуудал
УИД ХК-ийн бизнесийн чиглэл нь түрээсийн үйлчилгээ. Тиймээс УИД талбайгаа Номин Холдинг ХХК-д хэдэн ₮-өөр түрээсэлж байгаа нь тус компанийн ашигт ажиллагаатай шууд хамааралтай.
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид: Ерөнхийдөө УИД ХК-ийн 61%-ийг 3 хүн л эзэмшдэг буюу цөөн тооны хүмүүсийн шийдвэрээр л асуудлыг шийдэж ирсэн. Улмаар Дээд шүүхээс тус компанийн эрх бүхий 9 албан тушаалтнаас тус бүр ₮440 саяыг нөхөн төлүүлэхээр болоод буй. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хангагдана гэж үзжээ.
Алдагдсан боломж: Өнгөрсөн онд УИД-ийн түрээсийн орлого нь 10% өсөж ₮6.9 тэрбумд хүрч, ₮389 саяын ашигтай ажиллажээ. Түүнчлэн тэдний өр 22% буурч ₮18.9 тэрбум болоод буй. Үүнээс харахад тус компани ашигтай ажиллах боломжтой. 1 компанид давуу байдал олгохын оронд ЗЗ-ийн үнэ ханшаар нь түрээсэлсэн бол ашигт ажиллагаа нь улам л өсөх байлтай.
Байр суурь
Тус асуудалтай холбоотойгоор бид Өлзий энд Ко капитал ХХК-ийн CEO Б.Өлзийбаярын байр суурийг авсан юм.
Тус хэргийг СЗХ жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн компанид хохиролтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан ТУЗ-д хариуцлага тооцохоор Дээд шүүхэд хандсан. Энэ нь Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан компанид хохиролтой шийдвэр гаргасан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулах гэсэн заалт бодитоор хэрэгжиж буй үйл явдал болов.
Асуудал: УИД-ийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй буюу ЗЗ-ийн түрээсийн үнээс доогуур гэрээг УИД-ийн ТУЗ-ийн үндсэн болон хараат бус гишүүд 100%-ийн саналтайгаар баталдаг байсан. Ийнхүү эхний кейс Дээд шүүхээр амжилттай шийдэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг татах, сэргээхэд томоохон түлхэц болж байна.
Эцэст нь… Тус шийдвэр ижил төстэй бусад нэхэмжлэлийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эшлэл болж Компанийн тухай хууль бодитоор хэрэгжиж буй жишиг болон үлдлээ.
1,437,140
Улсын хэмжээнд энэ оны 6-р сард бүртгэгдсэн зөрчлийн хэрэг өмнөх сараасаа 23.3% буурч 1.4 сая болжээ.
152,327 хүн
Тус хугацаанд 152,327 хүн, 469 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн аж.
40.4%
Түүнчлэн өнгөрсөн сард үйлдэгдсэн татварын зөрчлийн хэрэг 5-р сараас 40.4% буурсан байна.
🔹Ерөнхий прокурорын газар Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ “SEAJust network”-н гишүүн боллоо. Улмаар прокурорын газар тус байгууллагатай эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, хууль бус хөрөнгийг буцаан авах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтой болж буй.
🔹Энэтхэг дотооддоо чип үйлдвэрлэнэ. Тодруулбал, тэд 2024 оны эцэс гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн анхны чипээ гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тус улсын ЗГ уг төсөлд $10 тэрбумыг зарцуулах аж. Үүний хүрээнд Micron (MU) ирэх 8-р сараас эхлэн үйлдвэрлэлээ эхлэх гэнэ.
🔹Гадаадын ХО-тай ААН-ийн хохирсон хэрэгт ₮8.4 тэрбумыг нөхөн төлүүлэхээр боллоо. УПЕГ-аас сүүлийн 6 жилд гадаадын хөрөнгө оруулагчдын хохирсон хэргийг шалгахад, 44.5% нь Хятад, 8.6% нь Өмнөд Солонгосын иргэд, 28.5% нь гадаадын ХО-тай ААН байсан бөгөөд тэдгээрийн $12 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлжээ.
🔹Эрчим хүчний 22 хөгжлийн төслийг хэрэгжүүлнэ. Улмаар эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2 дахин, дамжуулах шугам сүлжээний хүчин чадал мөн 2 дахин нэмэгдэх юм. Сонирхуулахад, 2022 онд нийт цахилгаан эрчим хүчний 79%-ийг дотоодоос, 21%-ийг импортоор хангажээ.
Үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болоод байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, Улсын онцгой комисс хүч нэмэгдүүлэн… twitter.com/i/web/status/1…
— Монгол Улсын Засгийн газар 🇲🇳 (@zasag_mn)
4:29 AM • Jul 5, 2023
Заавар: Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг хэрхэн авах вэ? (E-Mongolia)
Мэд: PlayTime-руу яаж явах гэж байна даа? (UBCab)
Сонирх: Amazon Prime Day-н онцлох бүтээгдэхүүн. (NYTimes)
Унш: Disney кино болон ТВ шоунуудаа устгав. Яагаад? (Kotaku)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply