🌽 Хоцорсон ургац

UBCab-н бизнес | $TTL-н бүтэлгүйтэл | Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд Монголд болж байгаа билээ. Өнөөдөр Хүлэгүүд, Бишрэлт Металл багууд Тайвань болон Малайзын багуудтай тоглоно. Чүү! 🏀⛹️‍♂️

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 8 гишүүний боловсруулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

NSO: Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 4 сард $373.2 саяын ашигтай гарч байсан бол 2025 оны мөн үед $613.9 саяын алдагдалтай гарав.

MSE: Баасан гаргийн арилжаагаар Махимпекс ХК (MMX)-ийн хувьцааны үнэ  9.7%, Говь ХК (GOV)-ийн 5.5% өссөн бол Сэндли ББСБ ХК (SEND)-ийнх 5.8% уналаа.

🤑 Ногдол ашиг = ₮401.9 тэрбум

Ногдол ашгаа хүртэх нь яг л ургацаа хураахтай адил. Энэ оны ногдол ашиг тараах ХК-иудын нэгдсэн судалгаанд нийт 44 ХК ₮1.1 их наядыг олгохоор шийдсэн байгаа. Дүрэм журмаараа 4 сарын 30-нд багтаад ногдол ашгаа тараах ёстой ч зарим ургац хоцорч хураагдах төлөвтэй шүү.

🧮 Бүгд 44, Ирц 29

Одоогийн байдлаар 29 ХК ҮЦТХТ-өөр дамжуулан ₮401.9 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд олгожээ. Давхардсан тоогоор 217 мянган хувьцаа эзэмшигч ногдол ашиг хүртэж, нэгж хувьцаанд дунджаар ₮155.1 ногдол ашиг тараагдсан хэрэг. Ингэснээр өмнө жилийн мөн үеэс ногдол ашиг тараасан ХК 6-гаар нэмэгдэж, нийт олголт ₮100 тэрбумаар нэмэгдсэн аж. 

  • 🌽 Хоцорсон ургац: Уг нь 4 сарын 30-ны дотор тараах ёстой ч 12 ХК нь 5 сараас гарснаас хойш ногдол ашгаа хуваарилжээ. Ямартай ч хараахан ногдол ашгаа олгоогүй 15 ХК-ийн хувьцаа эзэмшигчид хэзээ нэг нартай өдөр ургацаа хураах биз ээ. 

🏔 Санхүүгийнхан оргилд 

Ногдол ашгаа олгосон 29 ХК-ийн 14 нь санхүүгийн салбарынх ба нийт олгосон дүнгийн 97% буюу ₮389.7 тэрбумыг тараав. Нарийн харвал банкны салбар ₮363.4 тэрбумыг бүрдүүлж, ХААН Банк (KHAN) дангаар ₮326.9 тэрбумын ногдол ашиг олгожээ. Өмнө жил $KHAN мөн адил ногдол ашгийн дүнгээр тэргүүлсэн. Дараалж түрүүлсэн тул аварга цолын болзлоо хангачхав уу даа. 

  • Сануулахад: Жижиг хувьцаа эзэмшигчид ҮЦТХТ-өөр дамжуулж ногдол ашгаа авдаг бол стратегийн хөрөнгө оруулагчид тухайн ХК-иас ногдол ашгаа хүртдэг билээ. Жишээлбэл, Монголын Хөрөнгийн Бирж (MSE) 2024 оны цэвэр ашгаас ₮16.4 тэрбумыг ногдол ашигт хуваарилахаар шийдэж, жижиг хувьцаа эзэмшигчид ₮5.3 тэрбумын ногдол ашгийг ҮЦТХТ-өөр дамжуулж авсан аж. 

Дүгнэхэд… Хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад ногдол ашиг багагүй нөлөөтэй. Жил бүр ногдол ашиг тараах ХК-иудын болон ногдол ашгийн дүн нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ирэх жил ургац арвин байг ээ. Гагцхүү гамшигт үзэгдэл л үл болоосой… 

  • 👷‍♂️ Будапештын туршлагаар Улаанбаатарын үерийн байгууламжийг сайжруулна. (Ulaanbaatar)

  • 🕳️ Бид далайн гүний ердөө 0.001%-ийг судалсан… (NPR)

  • 🎯 Шинэ Гүйцэтгэх захирлаа ямар шалгуураар сонгох гэж байна даа? (HBR)

  • 🎼 Квант компьютер болон AI-р бүтээсэн анхны дуу. (TheNextWeb)

💔 Дахин нэг бүтэлгүйтэл $TTL

TTL: МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний 5 сарын 9-ний Баасан гаргийн арилжаагаар 2 удаагийн дуудлага худалдаанд Тавантолгой ХК оролцсон ч амжилтгүй болж өнгөрлөө. Хамгийн сүүлд 4 сарын 10 буюу 2025 он гарснаас хойш ганцхан удаа дуудлага худалдаанд амжилттай оролцож 352,000 тн нүүрсийг $31.6 саяар борлуулжээ. Сонирхуулахад, $TTL-н нэгж хувьцааны үнэ Баасан гарагт ₮29,140-д хүрсэн нь 2024 оны мөн үеэс 26.2% өссөн дүн ч энэ оны эхнээс 15.3% буурсан үзүүлэлт болоод байна.

📌 Танилц: UBCab Holding-н цар хүрээ

Пүрэв гарагт Санхүүгийн Зохицуулах Хороо Юбикаб Холдинг ХХК (UBCab Holding)-д IPO хийх зөвшөөрөл олгоод буй. UBCab Holding-г ганц такси үйлчилгээний компани гэж төсөөлж байвал “өрөөсгөл” бодол шүү.

💪 6 чиглэлд 9-үүлээ

UBCab Holding нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эхний шатанд такси үйлчилгээний салбарт технологид суурилсан шийдлийг нэвтрүүлж, зах зээлд хөл тавьсан билээ. Харин одоо технологи, зорчигч болон ачаа тээвэр, хүргэлт, хүнсний үйлдвэрлэл болон хүргэлт, харилцагчийн үйлчилгээ, хамтын ажиллагааг дэмжих төвүүд зэрэг 6 үндсэн чиглэлд хоорондоо уялдаж үйл ажиллагаа явуулдаг шууд эзэмшлийн 6, шууд бус эзэмшлийн 3 компанитай үндэсний компани болтлоо өргөжөөд байна. 

🚕 Такси үйлчилгээний талбарт тэргүүлэгч

UBCab зах зээлд нэвтэрснээр такси үйлчилгээний стандарт, соёл, инновацад том ахиц гарсантай маргах хүн байхгүй биз ээ. Тэд 2019 онд 41.3 мянган бүртгэлтэй хэрэглэгчтэй байсан бол одоогийн байдлаар энэ тоо 33.9 дахин тэлж 1.4 саяд хүрсэн. Нөгөө талдаа бүртгэлтэй жолоочийн тоо ч 82.2 дахин өсөж 74 мянга болсон аж. 

  • 📈 Тэлэлтийн нөлөө: UBCab үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй такси үйлчилгээний талбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эдийн засгийн бүтцэд нөлөөтэй системийн шинэчлэл хийсэн нь дээрх тооноос харагдаж байна даа. 

🔍 Бусад бизнесүүд

Цаашлаад, UBCab Holding нь “Mobility as a Service” буюу тээврээр хийгдэх бүх төрлийн үйлчилгээг технологиор шийдэж, платформд суурилсан цогц үйлчилгээг үзүүлж буй. Тодруулбал, UBCab Express, UBCab Rent, UBEats зэрэг платформуудаар дамжуулж илгээмж болон хоол, хүнс хүргэлт, түрээсийн авто үйлчилгээ үзүүлж байгаа.

Ямартай ч Монголд шинэ төрлийн жишиг тогтоосон технологи суурьтай компани IPO хийх зөвшөөрлөө авлаа. Юу болохыг харж л байя даа.

Улс орнуудын хүний хөгжлийн индекс дээр суурилсан амьдралын түвшний ялгааг харцгаая. Монгол энэ үзүүлэлтийн 104-т жагсаж буй. 

  • Хамгийн өндөр амьдралын түвшинтэй: Исланд хүний хөгжлийн индексээр 0.972 оноотой тэргүүлжээ. Араас нь Норвег, Швейцар, Дани, Герман жагсаж буй. 

  • Хамгийн доогуур амьдралын түвшинтэй: Жагсаалтын 189-д хүний хөгжлийн индексээр 0.4 оноотой Нигер жагссан бол араас нь Бурунди, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Өмнөд Судан орж байна. 

Том зургаар, Ковид-19-ийн дараа хөгжингүй орнуудын ЭЗ хурдан сэргэж байгаа бол ядуу орнуудын хувьд сэргэлт удаашралтай, бүр зарим улсуудад ухралт ажиглагдаж байгаа аж.

🖨️📑 Хэвлэх, хувилах төхөөрөмжүүдээ ITStore-с

Амжаад аваарай! Юуг вэ гэж үү? Canon брэндийн албан ёсны дистрибьютер ITStore хэвлэх, хувилах, сканердах төхөөрөмжүүддээ хямдрал зарлажээ. 📢

Canon брэндийн цувралуудтай лавшруулан танилцвал,

  • 🏠 Гэртээ: Pixma G цувралын төхөөрөмжүүд хэвлэх, хувилах, сканердах бүх хэрэглээг нэг дор багтаасан төдийгүй хэрэглэхэд хялбар, авсаархан тул ойр зуурын хэрэглээнд тохиромжтой аж.

  • 🏢 Ажил дээрээ: Харин Maxify GX цувралын төхөөрөмжүүд 2 жилд ердөө 4 удаа хороо солихоос гадна 2 талдаа хэвлэж, сканерддаг тул байгууллагын хэрэглээний зардал, цагийг хэмнэж өгдгөөрөө онцлог. 

За тэгээд урт настай, удаан жаргалтай түр тар дуутай хэвлэх хувилах төхөөрөмжүүдээ нэг шинэчлээд авна биз ээ. 🦾

TheGuardian

🍋 Билл Гейтс “Gates Foundation”-г татан буулгах оныг зарлалаа. 25 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан санг 2055 онд татан буулгах байсан ч, хугацааг 10 жилээр урагшлуулжээ. Энэ хугацаанд нөөц бололцоогоо бүрэн дайчилж дэлхий даяарх ЭЗ-ийн нөхцөл байдлаас шалтгаалж сайн дурын тусламж огцом багассан заагийг нөхөх нь. Өнгөрсөн хугацаанд сан $100 тэрбумыг зарцуулсан бол ирэх 20 жилд $200 тэрбумыг зарцуулах юм.

🍋 Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30%-70%-ийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 127.4 км авто зам, 3,000 м.куб ариутгах татуурга, 12 мянган м.кв ногоон барилга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны шилэн кабель татах, үерийн хамгаалалтын далан байгуулах, газрын гүний дулааныг нэвтрүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхэлж. Эдгээрийн нийт төсөв одоогоор $710.8 сая байна.

🍋 Carlyle Group (CG) $84 тэрбумын чөлөөт хөрөнгөө зарцуулах шинэ хэлцэл эрэлхийлж байна. Компанийн хөрөнгө оруулсан салбарууд нь Америкт төвлөрсөн, үйлчилгээ үзүүлдэг компаниуд тул тарифын нөлөөнд бага өртөх, харин ч зах зээлийн савлагаанаас ашиг олох боломжтой юм. Үүнээс гадна $CG I улиралд $14.2 тэрбумын шинэ хөрөнгө оруулалт татаж, $11.1 тэрбумыг зарцуулаад байгаа. 

🍋 ГБХНХЯ тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд Дэлхийн банктай хамтарна. Эхний ээлжид хуваарилалтын тогтолцооноос хагас хуваарилалтын тогтолцоонд шилжихэд эдийн засгийн тооцоололд бодлогын зөвлөмжийг Дэлхийн банкнаас авах аж. Цаашлаад тус банкнаас хөдөлмөрийн зах зээлийн бодлогод иргэдийн ур чадварыг дээшлүүлэхэд техникийн туслалцаагаар дэмжих нь. 

  • Даваа: Дотоод худалдааны I улирлын тойм гарна хө.

  • Мягмар: Өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд нэмэгдэж байгаа орон сууцны үнийн өсөлтийг харж хямрах өдөр. 

  • Лхагва: SoftBank-н тайлан гарах өдөр

  • Пүрэв: 5 сар талдаа орох өдөр. Тавилан юм даа. 

  • Баасан: Ажлын сүүлийн өдөртэй давхцаж Үндэсний пиццаны үдэшлэгийн өдөр тохиох тул ажлын хамт олон, анд нөхөдтэйгөө суух биз ээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.