• Lemon Press
  • Posts
  • 🧵 "Банкны эзэн" та анхаарлаа хандуулна уу!

🧵 "Банкны эзэн" та анхаарлаа хандуулна уу!

Банкны тухайн хууль өөрчлөгдөх эсэх мөн сэргээгдэх эрчим хүчний салбарын потенциалын талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Сүүлийн өдрүүдэд дэлхийн улс орнууд хэт халалт, үер усны гамшигт өртлөө гэх мэдээлэл тасрахгүй үргэлжилсээр байна. Монголд ч мөн ялгаагүй ихэнх гол, мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж, бороо хур элбэг байна. Амралт, аяллын улирал эхэлсэн энэ үед хүн бүр болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ. 👍

MSE: Даваа гарагт Топ-20 индекс 1.3% унаж зах зээлийн үнэлгээ ₮10.9 их наяд болов.

CHN: Хятадын эдийн засаг II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 6.3% өсжээ.

GOV: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54%-тай байна.

🧐 Банкны тухай хуулийг шинэчилнэ

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу бол аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа 20%-иас хэтрэхгүй байх бөгөөд энэ оны сүүл гэхэд тус шаардлагыг банкнууд хангасан байх ёстой. Гэхдээ энэхүү заалтыг өөрчилж магадгүй байна.

Байр суурь: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

Монголын ТОП 5 арилжааны банк хуулийн дагуу IPO хийж, олон нийтэд 5%-10%-ийг санал болгон нийт ₮720 тэрбумыг төвлөрүүлсэн. Бидний харж байгаагаар одоогийн нөхцөлд МХБ дээрх төлбөрийн хөрвөх чадвар нь ханасан болов уу. Тиймээс бидэнд гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Харин манай хуульд нэг хүн нэгээс олон банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй, мөн 20%-ийн хязгаарлалт зэрэг заалт гаднын хөрөнгө оруулагчдын хувьд таагүй нөхцөл болж байна. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагчид ядаж компанийн тухай хуульд заасанчлан ердийн олонх, 34%-ийг эзэмших зэрэг хуулийн зохицуулалттай заалтуудыг эргэж харахад хүргэж байгаа хэмээв. Түүний МЭЗЧ-ны үеэр бидэнд өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС үзээрэй.

Эцэст нь… Хэдийгээр банкнуудын IPO хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ахиулсан ч энэ мэтчилэн хуулийн хязгаарлалт нь цаашдын тэлэлт, шинэ боломжуудыг хязгаарлаж буй аж. Тиймээс Монголбанк намрын чуулганаар хэлэлцэх Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бэлдэж буй гэнэ. Намраас “банкны эзэд” болсон та бүгдэд тун чухал хуулийн хэлэлцүүлэг өрнөх нь байна шүү.

👀 Алдагдал улам нэмэгдэх үү 

BAN: Жилд 4 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай Багануур (BAN) ХК нь энэ онд 4.7 сая тн нүүрс олборлон, борлуулахаар ажиллаж байгаа талаар гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ мэдэгдэв. Ингэснээр нүүрсний тн тутамд ₮5,500 алдагдал хүлээж буй тус компанийн алдагдал улам өсөх төлөвтэй байна. Сануулахад, тэд 2022 онд ₮160.3 тэрбумын борлуулалт хийсэн ч ₮33.7 тэрбумын алдагдал хүлээсэн байдаг.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын боломж

Хөгжлийн загвараа өөрчилж буй дэлхийн зах зээлд сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүнээ экспортлох боломж Монголд бий юу?

Эрчим хүчний салбар

Монгол 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79.3%-ийг дотоодын эх үүсвэрүүдээс, 20.7%-ийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангажээ.

Бүтэц

Эрчим хүчний өнгөрсөн оны дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь харвал 90.9% нь ДЦС-ууд, 9.07%-ийг нар, салхи, усны, 0.03 хувийг дизель эх үүсвэрээр үйлдвэрлэсэн байна.

Нэг үеэ бодвол Монголын эрчим хүчний импортын хэмжээ буурч байгаа ч бид,

  • ДЦС-уудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр барих,

  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломжтой хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлдэг.

Хэрэглээ: Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал жилийн 1,400 МВт бөгөөд нийт хэрэглээний 20% орчмыг бүрдүүлж байна.

Чиг хандлага

Энэ цагт агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг алхмуудыг улс орон бүр хийж буй. Тухайлахад 48 улс сэргээгдэх эрчим хүчийг халаалт, хөргөлтөд ашиглаж, 150 орчим улс үйлдвэрлэж, 148 улс үндэсний бодлогоор дэмжиж, нийтээрээ $700 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ.

Нөөц ба боломж

Нар, салхи, ус нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа байгалийн шавхагдашгүй нөөц гэсэн ангилалд багтдаг.

  • АХБ-ны тооцоолсноор Монголд салхи, нарны энергийг ашиглан цагт 5,457 ТВт цахилгаан энерги гаргаж авах бололцоо бий аж. Энэ нь Хятадын 2022 оны нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 63%-тай тэнцэх үзүүлэлт юм.

Эцсийн дүндээ… Энэхүү нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний чадавхаа хөгжүүлснээр экспортын орлогоо төрөлжүүлэх, бүс нутгийнхаа хэмжээнд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад тодорхой нэмрийг оруулах боломж бий аж.

GOOGLEFINANCE() функцийг ашиглан Google Sheets дээр хувьцааны үнэ, валютын ханш зэрэг санхүүгийн зах зээлийн мэдээллийг Google Finance-с шууд татан хянаарай.

🚀 MonJa хурдасгуур хөтөлбөрийн элсэлт эхэллээ

Монголын стартапуудын бизнес өсөлтийг дэмжих зорилготойMonJa хурдасгуур хөтөлбөр-ийн элсэлт эхэллээ. 😎

Ямар хөтөлбөр вэ?

  • Уг хөтөлбөр нь 3 сарын хугацаатай үргэлжлэх ба оролцогч тус бүрт тохирсон сургалт болон зөвлөгөө өгөх, ОУ-ын хэмжээний стратегийн түншлэлтэй болох зэрэг цогц дэмжлэгийг санал болгох аж.

Түүнчлэн энэхүү хөтөлбөрт оролцсоноор $5,000-ын буцалтгүй тусламж авах гэнэ.

Сонирхуулахад, энэ удаагийн хөтөлбөрийг XZP болон Deloitte-н 3 салбар компани хамтран ЖАЙКА, Монгол-Японы төв болон Мобиком Корпорацийн санхүүжилттэйгээр зохион байгуулж буй.

📅 Бүртгэл хаагдах: 7 сарын 21
🔗 Хөтөлбөрт бүртгүүлэх бол ЭНД дараарай.

Reuters

🔹 НҮБ-ын Аюулгүйн зөвлөл AI-н эрсдэлийн талаарх анхны хэлэлцээг хийнэ. Энэ долоо хоногт Нью-Йорк хотноо улс орнуудын ЗГ-ууд дэлхийн ЭЗ-ийг өөрчилж, олон улсын аюулгүй байдлыг өөрчлөх боломжтой гэх хиймэл оюуны шинэ технологийн аюулыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэх аж. Сануулахад, 6 сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш AI-г хянах олон улсын байгууллага байгуулах саналыг дэмжсэн билээ.

🔹Монгол, Индонезын бизнес эрхлэгчдийн форумыг Улаанбаатарт ойрын хугацаанд зохион байгуулна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ны бүсийн 30 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Индонезын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KADIN)-ын удирдлагад 2 улсын худалдааны хамтарсан механизм байгуулах санал тавьж, уул уурхайн, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.

🔹Twitter зар сурталчилгааны орлогынхоо 50%-ийг алдсан тухай Илон Маск мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн онд тус платформыг $44 тэрбумаар худалдаж авсан тэрбээр зар сурталчилгааны орлогынхоо тал хувийг алдаж, ихээхэн өр тавьсан учир санхүүгийн тайлан тэнцэл хасах хэвээр байгаа тухай Twitter-н нэгэн хэрэглэгчийн асуултад хариулжээ.

🔹Мон Бийф (MBF) засаглалын хэлбэрээ өөрчилнө. ХХК болох асуудал нь багагүй хугацаанд яригдаж байгаа тус компанийн хувьцаа эзэмшигчид энэ сарын 6-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, ийнхүү шийдвэрлэжээ. Мөн энэ хурлаар компанийн дүрмийг баталснаас гадна одоогийн хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа эргүүлэн худалдан авах үнийг ₮47-өөр тогтоосон байна. Энэ нь хувьцааных нь зах зээлийн үнээс 14.63%-иар өндөр дүн юм.

  • Танилц: 2023 оны дэлхийн хамгийн шилдэг усан үзмийн талбай.

  • Судалгаа: Автомашины зах зээлийн хэрэглээний чиг хандлага.

  • Сонс: Зуны аагим халуун өдрүүдэд танд сэвшээ салхийг санагдуулах болно.

  • Унш: AI-д хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Reply

or to participate.