- Lemon Press
- Posts
- 🪙 ₮5.7 тэрбум койны гэрээ
🪙 ₮5.7 тэрбум койны гэрээ
Хуримтлалын хөрөнгө оруулалтын сан | Apple-н зах зээлийн үнэлгээ | Төсвийн орлого
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Өнөөдрөөс эхлээд 2 сарын 1 хүртэл автомашинуудыг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах гэнэ. Одоо өрх бүр 2 машинтай болох ёстой юу эсвэл автобусандаа шахцалдах ёстой юу? 🤷♀️
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: ХасБанк (XAC) эчнээ санал хураалт явуулж ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ.
NSO: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого жилийн өмнөхөөс 37.6% нэмэгдэж ₮21.6 их наядад хүрэв.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮28.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮11.8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
🎉 Lemon Press Awards 2023-н эзэд тодорлоо
Энэ жилийн шалгаруулалтад манай редакцын баг болон нийт 1,137 уншигч оролцож, шилдгүүдийг шилэв.
Хөрөнгө оруулагчдад ээлтэй компани: Инвескор ББСБ ХК
Онцлох үнэт цаасны компани: Голомт Капитал ҮЦК ХХК
Онцлох CEO: Ж.Болд | Түмэн Шувуут ХК
Онцлох компани: ХААН Банк ХК
Онцлох хүн: Р.Мөнхтуяа | ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал
💰 Хуримтлалын хөрөнгө оруулалтын сан
Монложистикс Холдинг ХК (MLG) Ашид Ассет Менежмент ХОМК-тай хамтран хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулаад буй. Тэгвэл энэ нь ямар учиртай сан бэ?
Өөрчлөлтийн жил
Энэ оны 8-р сард Мобиком Корпораци ажилтнууддаа зориулсан хуримтлалын хөрөнгө оруулалтын сан байгуулсан. Тэгвэл энэ сард Монложистикс Холдинг ХК “Монложистикс Ирээдүй” санг үүсгээд буй. Улмаар уг компанийн бүх ажилтан компанийнхаа эзэмшигч болох боломж бүрдэж байгаа юм. 2023 он Монложистикс Холдинг ХК-ийн хувьд IPO хийсэн, ХОС байгуулсан гээд олон шинэчлэл хийсэн жил болж байна даа.
Үйл ажиллагаа: Тус санд компанийн ажилчид болон ажил олгогчид цалингийн тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд тухайн хуримтлалыг Ашид Ассет Менежмент ХОМК компанийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын багц үүсгэн удирдах аж. Уг сан нь Монголын 3 дахь ХХОС-г үүсгэн байгуулсан Ашид Ассет Менежментийн 2 дахь албан ёсны сан нь болж байна.
Ажилчдад ямар ашигтай вэ?
Тус компанийн ажилчдын хувьд ирээдүйн санхүүгийн баталгаа бий болох, хөдөлмөрийн үр өгөөжөө давхар хүртэх, түүнийгээ өвлүүлэх зэрэг давуу талууд үүсэж буй. Учир нь Монложистикс Ирээдүй сангийн багц нь нээлттэй болон хаалттай хувьцаат компани, тогтмол орлоготой өрийн хэрэгсэл, хадгаламжийн бүтээгдэхүүн зэрэг байх юм.
Бяцхан тооцоолол: Ажилтан Батаа сарын ₮2 саяын цалинтай. Тэр сар бүр цалингийнхаа 3%-ийг, ажил олгогч нь ч мөн сар бүр 3%-ийг 20 жил хуримтлуулсан гэж үзье. Тэгвэл Батаа тэтгэвэрт гарахдаа ₮28 саяыг хуримтлуулж, сард дунджаар 15%-ийн өгөөж хүртсэнээр нийт өгөөж нь ₮88 сая болсноор ₮116 саяын хөрөнгөтэй болох аж.
Ажил олгогчид ашигтай юу? Харин компани талаас ХОС байгуулснаар ажилчдаа урамшуулах, тогтвортой хүний нөөц бүрдүүлэх, ажилчид болон компанийн зорилгыг нэгтгэх зэрэг давуу тал үүсэж буй.
Эцэст нь… Хувийн тэтгэврийн сангийн хууль батлагдахаар хүлээгдэж байгаа энэ цаг үед томоохон компаниуд ажилчдынхаа ирээдүйн санхүүгийн баталгаад анхаарч сайн туршлагыг бий болгож байгаа нь авууштай. Энэ мэтээр олон байгууллага ийм төрлийн сан үүсгэх нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хөрөнгө оруулалтын институт болох хөрөнгө оруулагчид нэмэгдэх нь.
🪙 ₮5.7 тэрбум койны гэрээ
ADB: Ард Кредит ХК өөрийн эзэмшлийн 38 сая ширхэг АрдКойн (ARDX)-ыг Ард Бит ХХК-д нөхцөлт бусаар ашиглуулах зорилгоор шилжүүлэхээр болов. Улмаар гэрээний хугацаа дуусах өдөр Дакс бирж дээр тухайн койны өдрийн жинлэсэн дундаж ханш ₮150 ба түүнээс дээш байвал ₮150-өөр тооцон дараагийн ажлын өдөр Ард Бит-ээс нэхэмжилж авахаар тохиролцжээ.
🍎 Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй АЛИМ
Apple (AAPL)-н зах зээлийн үнэлгээ $3.1 их наядыг давж тус компани Францаас ч баян боллоо. Улмаар тус технологийн акулын үнэлгээ Францаас гадна Орос, Канад тэргүүтэй 6 улсын ДНБ-ээс илүүрхэх болов.
Хазсан алимын жил
Тус компанийн зах зээлийн үнэлгээ энэ онд $1 их наядаар нэмэгдэж зах зээлийн үнэлгээ нь $3 их наядад хүрсэн анхны компани болоод буй. Сонирхуулахад, Apple 5 жилийн өмнө $1 их наядын үнэлгээтэй анхны компани болж байсан төдийгүй дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтыг 12 дахь жилдээ тэргүүлж байгаа.
Үнэлгээ хөөрлөө, буулаа: Apple-н энэ оны амжилтыг эргэн харвал тэдний зах зээлийн үнэлгээ энэ онд 4 удаа $3 их наядын босгыг давжээ. Түүгээр ч зогсохгүй хувьцааны үнэ нь он гарснаар 52% өсөж $197-д хүрснээр Apple-н 43 жилийн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд гараад буй.
Ашиг: Харин тэдний орлого өнгөрсөн III улиралд өмнөх оны мөн үеэс 1% буурч $89.5 тэрбум болсон юм. Улмаар ашиг нь 10.6% багасаж $22.9 тэрбумд хүрчээ. Үргэлжлүүлээд тэдний бизнес энэ онд хэр байсныг харвал,
2023 шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ
Энэ онд Apple 21 шинэ загвар танилцуулснаас хамгийн онцлох нь Apple 8 жилийн шинэ бүтээгдэхүүн болох VisionPro-г танилцуулсан явдал байсан юм. Түүнчлэн,
Үйлчилгээ: Түүнчлэн Apple финтекийн салбарт гар дүрж Goldman Sachs (GS)-тай хамтран хадгаламжийн үйлчилгээ болох Apple Savings-г гаргаад буй. Энэ нь Америкийн хадгаламжийн жилийн дундаж хүүгээс бараг 10 дахин өндөр төдийгүй хэрэглээнд нэвтэрснээс 4 сарын дотор хадгаламжийн хэмжээ нь $10 тэрбумд хүрсэн байна. Бас л аархуу байгаа биз.
Мөрөөдөл биелдэг юм: Эдгээрээс гадна Apple оны эхэнд iPhone-г Энэтхэгт үйлдвэрлэх он удаан жилийн мөрөөдлөө биелүүлсэн амжилттай байлаа. Одоогоор Энэтхэгт iPhone-н нийт үйлдвэрлэлийн 7%-ийг үйлдвэрлэж байгаа бөгөөд 2025 он гэхэд 25%-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Эцэст нь… Apple-н зах зээлийн үнэлгээ $3 их наядад хүрэхэд 5 жил зарцуулагдсан бол $4 их наядад хүрэхэд хэр их удах бол? Юу гэж бодож байна?
Эхний 11 сарын төгрөгийн хадгаламж өмнөх жилийн мөн үеэс 29.2% өсөж ₮15.9 их наяд болов. Тэгвэл өмнөх жилүүдийн эхний 11 сард хэр их төгрөгийн хадгаламж байсан бэ?
2018: ₮9.5 их наяд
2019: ₮10.8 их наяд
2020: ₮12.6 их наяд
2021: ₮15 их наяд
2022: ₮12.3 их наяд
2023: ₮15.9 их наяд
HBR
🔹Уоррен Баффет Occidental Petroleum (OXY)-н эзэмшлээ $590 саяар нэмжээ. Ингэснээр Berkshire Hathaway (BRK-A) тус компанийн 27%-ийг эзэмшиж эхлэв. Тус шийдвэрээс өмнөхөн Occidental Petroleum нь CrownRock-г $12 тэрбумаар худалдаж авах мэдээлэл гарсан аж.
🔹Шинэ автобусны төлбөрийг Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас авах зохицуулалттай болсон. Тодруулбал, шинэ автобуснуудыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн өмчлөлд бүртгэн автобусны компаниудад түрээс эсвэл лизингээр олгох юм. Улмаар эргэн төлөлтийн мөнгө тус санд төвлөрөх аж.
🔹Аж үйлдвэрийн нийт борлуулалт өмнөх жилээс 59.3% өсөн ₮42.8 их наядад хүрэв. Тус өсөлтөд уул уурхайн борлуулалт 69.9% өсөж ₮33.3 их наяд болсон нь нөлөөлжээ. Сонирхуулахад, малын махны үйлдвэрлэл өмнөх жилээс 2.7 дахин өсөж 46.1 сая тн болсон нь хамгийн өндөр өсөлттэй нь байлаа.
🔹Эрээн хотын боомт туршилтын журмаар 24 цагийн турш гаалийн бүрдүүлэлт хийж эхэллээ. Ингэснээр Бямба гаргийн байдлаарх тус боомтоор дайран гарсан машины тоо 161 мянга хүрсэн нь 2019 оноос 60% өссөн байна. Мөн тус боомт нь 24 цагаар ажиллах Монгол Хятадын хамгийн анхны боомт болж буй.
Унш: 2025 онд Украины нөхцөл байдал дээрдэх үү? (WSJ)
Турш: 7 улсын уламжлалт шинэ жилийн зоог. (CNN)
Мэд: Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж өрсөлдөнө. (TASS)
Амжсан уу? LP санал болгож байна.(LemonPress)
Даваа: Монголбанк өнгөрсөн 11-р сарын банкнуудын нэгдсэн балансыг танилцуулна.
Мягмар: Банкнуудын харилцах болон хадгаламжийн үлдэгдэл зарлагдах нь.Лхагва: Ипотекийн зээлийн тайлан гарах товтой байна.
Пүрэв: Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээл тайлан ч гарах нь дээ.
Баасан: УИХ-аар эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах талаар хэлэлцэнэ.
👕 Олигтой юм унш
Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply