- Lemon Press
- Posts
- 👀 Монголын ДНБ-ээс том хэлцэл
👀 Монголын ДНБ-ээс том хэлцэл
Эдийн засаг +5.6% | SUU-н ногдол ашиг | Орлогын албан татвар +70%
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Хотын замаар явган хүн, машин, мотоцикл, суррон, скүүтер, дугуй гээд бүгд л багтчих гээд чихцэлдэнхэн, шахцалданхан л явна. Улмаар 18-аас доош насны хүүхдийг суррон унахыг хориглох санал гаргажээ. Өнгөрсөн 3 жилд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгдсэн гэнэ. Багагүй тоо байна шүү. 🤔🚳
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Энэ оны хагас жилийн байдлаар 2020 оны үнээр илэрхийлэгдсэн 1 өрхийн сарын дундаж бодит орлого ₮1.7 сая болж өмнөх оны мөн үеэс 17.3% нэмэгджээ.
MSE: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн МХБ дээрх энгийн хувьцааг Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн хувьцаагаар нэмэгдүүллээ.
MNG: Зөөвч-Овоо ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх 10-р сард багтаан хийж, үйл ажиллагаанд оруулна.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮29.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮11.6 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.
📊 Эдийн засаг +5.6%
Энэ оны эхний хагас жилд манай ДНБ 5.6% өсөж ₮14.4 их наядад хүрээд байна. Юу болж өнгөрөв? Цаашид яах вэ?
🤔 Хэний ачаар, хэний усаар?
Өнгөрсөн оны эхний хагаст манай үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ арай илүү хурдаар буюу 6.7% өссөн. Учир нь тухайн үед уул уурхай, олборлолтын салбарын ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмэр 3.9 нэгж хувь байсан бол энэ оны эхний хагаст 1.8 нэгж хувь болжээ.
Өөдөлдөггүй салбар: Харин анги бүрд ангийн сурлагын дүнг доош нь татдаг нэг сурагч байдаг шиг хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтөөс чангаасаар байна. 2022 оны эхний хагас жилд бүх салбар уналттай байхад ХАА-н салбар ДНБ-ий өсөлтөд 1.8 нэгж хувийн хувь нэмэр оруулсан ч 2023 оны эхний хагаст 1.7 нэгж хувь, энэ оны эхний хагаст 3.9 нэгж хувиар тус тус чангаажээ.
📈 Дээр үү, доор уу?
Цаашлаад оны төгсгөлд бол Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд ДНБ-ийг 6% өсгөнө гэсэн төсөөлөлтэй байгаа. Харин Азийн хөгжлийн банкны гаргасан төсөөлөл үүнээс 1.9 нэгж хувиар бага буюу 4.1% байна. Тэгэхээр оны төгсгөлд ДНБ хэр зэрэг өсөх вэ гэдэг нь түүхий эдийн үнэ, уул уурхайн салбарын гүйцэтгэлээс хамаарахаас гадна төр засгийн томоохон шийдвэр ч нөлөөтэй.
➕ Нэмсээр, нэмсээр
Монголбанк нь инфляц 1 оронтой тоо руу орсон ч бодлогын хүүгээ 11%-д хадгалах шийдвэр гаргаад байтал ЗГ маань сурсан зангаараа төсвөө тодотгох гэж буй. Тодотгол батлагдвал төсвийн зардал ₮3.1 их наядаар нэмэгдэнэ. Тэгэхээр инфляц өсөж бодлогын хүү буурахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд МАН-ийн яриад байгаа ДНБ-ий өсөлтийг 7%-8%-д хадгалах бодлого бодит болоход тун хэцүү.
Эцэст нь… Оны төгсгөлд эдийн засаг маань юу болох нь уу, уул уурхайн экспорт маань яах нь уу харж л байя. Мөн төсвийн тодотгол батлагдмагц та бүхэндээ гараа гаргаж тоймлон хүргэм зээ.
💰 ₮3.6 тэрбумын ногдол ашиг
SUU: Сүү ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа нийт ₮3.6 тэрбумын ногдол ашиг тараана. Улмаар нэгж хувьцаанд ₮10.6-ийн ногдол ашиг олгогдох юм. Ногдол ашгийн өгөөжийг Баасан гаргийн хаалтын ханшаар тооцоход 2.5% болж байна. Компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 9 сарын 6-ны өдрөөр тогтоосон аж. Харин ногдол ашиг нь 12 сарын 31-ний дотор тараагдаж дуусах нь ээ.
👀 Монголын ДНБ-ээс том хэлцэл
Амттаны салбарын акул Mars Pringles-ээрээ танигдсан Kellanova (K)-г $35.9 тэрбумаар худалдан авах гэж байгааг дуулсан л биз дээ. Амттаны салбарын акулуудын нэгдэл зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?
😋 Хэт их чихрийн дунд хэсэгхэн давс ч амттай
Тус 2 компанийн нэгдэл Mars-н бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэх хүслээс эхлэлтэй. Ганц Mars гэлтгүй Hershey (HSY) ч сүүлийн 7 жилийн дотор 2 ч чипс үйлдвэрлэгч компанийг худалдан авснаас харахад амттан үйлдвэрлэгч луугарууд сагсандаа давслаг бүтээгдэхүүн багтаах трэндтэй болсон юм шиг.
Өндрөөс өндөр: Юутай ч Mars Kellanova-г одоогийн зах зээлийн үнэлгээнээс нь $8 тэрбумаар өндөр үнэлж худалдан авч байгаа. Тус нэгдэх хэлцлийн дүн амттан үйлдвэрлэгчдийн дунд толгой цохихын сацуу, энэ оны хамгийн том дүнтэй хэлцлийн жагсаалтыг ч өнгөлж байгаа.
Зээлээс зээл: Цаашлаад, Mars тэднийг бэлэн мөнгөөр худалдан авах төдийгүй ингэхдээ JPMorgan (JPM), Citygroup (C)-с нийт $29 тэрбумын зээл авсан сурагтай.
💡 Kellogg-н тухай багахан
Kellanova-н тухайд 116 жилийн түүхт толгой компани Kellogg шинэ эриний шинэ стратегиа боловсруулж 2022 онд бизнесээ амттан, өглөөний хоол, веган хоол гэх 3 хэсэгт хувааж байв. Улмаар Kellanova амттаны зах зээл рүү төвлөрсөн бол тэдний охин компани болох WK Kellogg (KLG) нь 2023 онд IPO хийж өглөөний хоолны зах зээл рүү төвлөрсөн юм.
🔜 Цаашид: 2 компани ирэх оны эхний хагаст бүрэн нэгдэж Америкийн зах зээлийн 12%-ийг эзэгнэх төлөвтэй байгаа. Харин үүний өмнө болон дараа амттаны зах зээлийн акулуудын нэгдэх хэлцэлд зохицуулагч талаас монополын шалгалт хийх л болов уу.
Эцэст нь… Амттаны акулуудын цаашдын төлөвлөгөө юу байх бол өөр өөрсдийн өнгө төрхийг нэгтгэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах болов уу? Аль эсвэл давс, чихрээр нь ялгаад тусад нь хөгжүүлээд явах болов уу? Сонирхолтой л юм. Гэснээс уг мэдээг хэлцлийн дүнгээс нь бараг 2 дахин бага буюу $19 тэрбум эдийн засагтай Монголын иргэн бичив. 😌
Татварын нийт орлого оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36.2% өсөж 15.8 их наядад хүрлээ. Задлан харвал,
Орлогын албан татвар: 70% өсөж ₮5.5 их наяд,
Онцгой албан татвар: 40.5% өсөж ₮613 тэрбум,
НӨАТ-ын орлого: 29.7% өсөж ₮3.2 их наяд,
Нийгмийн даатгалын орлого: 18.6% өсөж ₮2.4 их наяд,
Бусад татвар: 17.6% өсөж ₮3 их наядад тус тус хүрчээ.
Reuters
🍋 Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийг МХБ ХК (MSE)-ийн бүртгэлээс хаслаа. Тэднийг 2022 онд Кью Эс Си ХХК-ийн эзэмшиж байсан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн концессын гэрээг цуцалснаар төрийн эзэмшилд авч байсан юм. Сонирхуулахад, тус компани стратегийн орд болох Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийж буй.
🍋 Япон, Өмнөд Солонгос, Тайландын конгломератууд хамтран $130 саяын хиймэл оюун ухаан (AI)-н сан байгуулна. Тус санг SoftBank (SFTBY), SK (034730.KS), LG (066570.KS) болон Hanwha (298340.KS) хамтран байгуулж, AI суурьтай стартапуудыг дэмжих гэнэ. Гэснээс, 7-р сарын байдлаар Зүүн Өмнөд Азид ердөө 53 юникорн байгаа аж.
🍋 Өнгөрсөн улиралд 1 ажиллагчид ногдох ДНБ өмнөх оноосоо 10.6% буурч ₮5.9 саяд хүрэв. Учир нь томсгосон 4 салбараас үйлдвэрлэл, барилгын салбар 1 ажиллагчид ногдох ДНБ 1% өсөж ₮3.9 саяд хүрсэн бол ХАА-н салбарынх 35% үйлчилгээнийх 8%, уул уурхайнх 2.5% тус тус буураад буй.
🍋 Монголд хөдөлмөрийн насны 2.3 сая хүн байна. Үүнээс 62% буюу 1.4 сая нь ажиллах хүч, 37.8% буюу 868.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам багтаж буй. Цаашлаад, хөдөлмөрийн дутуу ашиглалт тус хугацаанд 5.5% өсөн 117.3 мянгад хүрчээ.
Мэд: Тандэм ХК-ийн 8 сарын 24-нд болох ээлжит бус хурал цуцлагдлаа. (MSE)
Анхаар: 9 сарын 1-нээс эхлэн Өмнөд Солонгосын хилээр нэвтрэхдээ Q-Code бөглөх ёстой болсон байна шүү. (MIAT)
Сонирх: Японы эрх баригч нам болох Либерал Ардчилсан намын даргын сонгуулийн талаар мэдэх хэрэгтэй зүйлс. (NikkeiAsia)
Танилц: Компьютерын хөгжлийн үе шатууд. (LemonPress)
Даваа: Aзийн Шинжлэх ухааны паркуудын XXVII их хурал болно.
Мягмар: Словенийн Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал эхэлнэ.
Лхагва: Монголбанкнаас банкнуудын 7-р сарын зээлийн тайланг танилцуулна.
Пүрэв: Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ.
Баасан: Мөнгө, санхүүгийн статистиктай танилцах нь ээ.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан
Graphics by: Ч.Батцэрэн
Reply