- Lemon Press
- Posts
- 🛢️ Сайн бас муу мэдээ
🛢️ Сайн бас муу мэдээ
Улаанбаатар бонд | Хятадын ГШХО | МИАТ нислэг
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ. Энэ III улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, буцаан олголтын урамшууллаа авах нь байна шүү. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрд буцааж авснаар улсын төсөвт анх удаа ₮1.8 их наядыг төвлөрүүллээ.
GOV: 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг ₮100 мянга хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮24.4 тэрбумын арилжаа хийгдсэний ₮8.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
🏙 Улаанбаатар бонд арилжаалагдана
Хот, орон нутаг бонд гаргаж байсан тохиолдол мэдэх үү? Өнөөдөр 12 цагаас Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжаа эхлэх гэж байна.
⁉ Яах гэж?
Энэ оны нийслэлийн төсвийн орлогын 24% буюу ₮456 тэрбум орчмыг л хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжилд зарцуулахаар тусгагдсан.
Шалтгаан: Уг нь хүн амын өсөлтийг даган ХО, дэд бүтцийн төсөв нэмэгдэх ёстой ч тийм боломж байхгүй байгаа юм. Тиймээс бонд гаргах замаар санхүүжилтийн шинэ эх үүсвэртэй болж хүн амын өсөлтийн дагуу шаардагдаж буй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хийхээр зорьж буй.
🔢 Бонд ба тоо
Улаанбаатар бондын хувьд 5 жилийн хугацаанд 3 транчаар дамжуулж нийт ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэх хөтөлбөр юм.
17.2%: Энэ удаад эхний транч болох ₮277.8 тэрбумыг нэгж бүр нь ₮100,000-ийн үнэтэй, жилийн 17.2%-ийн хүүтэй бондоор босгох юм.
Төлөлт: Бонд нь 2 жилийн хугацаатай байх ба хагас жил тутамд хүүгээ төлөх гэнэ. Жишээлбэл, та ₮100,000-өөр бонд авсан бол ₮8,600-ийг хагас жил тутамд нийтдээ 4 удаа авах бол анх оруулсан ₮100,000-өө 2 жилийн дараа буцаан авна гэсэн үг.
Юу хийх вэ?
Нийслэл татан төвлөрүүлэх ₮277.8 тэрбумынхаа 22.6%-ийг 4 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 25 цэцэрлэгийн нийт 36 төсөлд, 54%-ийг Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад, 11.5%-ийг хагас кокс болон асаагч худалдан авалтад тус тус зарцуулах бол үлдсэн хэсгийг авто зам, замын байгууламж болон Налайх болон Багануур дүүргийн технологийн паркийн цахилгаан хангамжийн 3 төсөлд зарцуулах юм.
Эцэст нь… Орон нутгийн бонд нь эрсдэлийн түвшнээр засгийн газрын бондын дараа орох эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог. Тиймээс хөрөнгө оруулагчид та бүхэн сайтар судлаад, шийдвэрээ гаргахад буруудахгүй биз ээ. Гэснээс тус бондын үндсэн андеррайтераар Би ди сек ХК (BDS) ажиллаж байгаа шүү. Анхдагч зах зээлийн арилжаа энэ Пүрэв гаргийн 17 цагт хаагдана гэдгийг санаарай.
🔜 Smart 2023 арга хэмжээ болоход 2 хоног үлдлээ
Уг арга хэмжээг Монголын Маркетингийн Холбоо 7 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдод бүтээлч салбарын ОУ-ын шилдэг туршлагуудаас суралцах боломж олдох юм.
Юу болох вэ?
ОУ-ын агентлагуудын 9 гадаад илтгэгч, дотоодын маркетингийн шилдэг агентлагуудын 6 воркшоп болох юм. Түүнчлэн салбарын шилдгүүдтэй нэтворк хийгээд зогсохгүй “Cannes Lions 2023” наадамд шагнал авсан шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнтэй танилцаж, маркетинг, борлуулалтын ажлыг тань хөнгөвчлөх шийдэл санал болгогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой юм.
📅 Хэзээ: 10 сарын 4
📍 Хаана: Steppe Arena
🛢️ Сайн бас муу мэдээ
MATD.L: Petro Matad-н энэ оны эхний хагасын алдагдал $1.9 саяд хүрэв. Тодруулбал, ЗГ-ын “Цэн тогоруу” ордын зөвшөөрөл удсанаас өвлөөс өмнө бүтээн байгуулалтыг дуусгаж чадахгүй болжээ. Харин энэ оны 2 сард авсан $6.6 саяын санхүүжилтээс хөрөнгө оруулсан SunSteppe Renewable Energy-н төслүүд амжилттай хэрэгжиж байна. Уг хөрөнгө оруулалтын эрчим хүч хадгалах байгууламж, ногоон устөрөгчийн төсөл ойрын хугацаанд орлого олох боломжтой аж.
🥶 Хөрөнгө оруулагчид Хятадыг орхиж байна
Энэ оны II улиралд Хятад руу орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 25 жилийн доод түвшинд хүрлээ.
Асуудал юу байна?
Хятадын ГШХО энэ оны II улиралд Ковид 19-ийн үе буюу 2019 оноос 94% буурч $4.9 тэрбумд хүрээд буй. Энэ нь сүүлийн 25 жилийн түүхэнд байгаагүй бууралт аж. Үүнээс харахад тус улсад Ковид 19-ийн улмаас эхэлсэн ЭЗ хямрал өдгөө Хятадын эсрэг хэрэгжүүлж буй Америкийн элдэв хориг арга хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэргээр үргэлжилж байгааг харж болохоор. Улмаар хөрөнгө оруулагчид ч Хятадыг хөрөнгө оруулах таатай газар гэж харахаа больсон бололтой. Учир нь...
Судалгаа: Хятадад үйл ажиллагаа явуулж буй Америк компаниудын дунд хийсэн судалгаагаар 68% нь л өнгөрсөн жил ашигтай ажилласан бол 52% нь л энэ жил нөхцөл байдал дээрдэнэ гэж бодож байна. Харин 40% нь Хятад дахь ХО-аа өөр газар руу чиглүүлсэн болон төлөвлөж байгаа аж.
Итгэл алдарсаар: Америкийн Хятад дахь худалдааны танхимын мэдэгдэж буйгаар 2023 он хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн жил болох байсан ч Хятадын дотоодын асуудлаас болж буурч байгааг мэдэгдэв.
Хөрөнгө оруулагчид яагаад дайжих болов?
ЭЗ-ийн асуудлаас гадна хөрөнгө оруулагчдын тус улсын бизнесийн орчинд итгэх итгэл унаж байгаа нь асуудал болоод буй. Тухайлбал, өнгөрсөн 8-р сард Америк компаниудын тус улсын бизнесийн орчинд итгэх итгэл 3 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн юм. Хятад гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй газар болсон гэдгийг илтгэх мэт Apple (AAPL)-с эхлээд Mitsubashi Motors (7211.T) тэргүүтэй голдуу автомашины компаниуд тус зах зээлээс гарч буйгаа мэдэгдсэн билээ. Энэ нь Хятад автомашин үйлдвэрлэгчид дотоодын зах зээлд ноёрхох болсонтой холбоотой.
Эцэст нь… Дээрх бүх асуудлаас гадна хөрөнгө оруулагчдын шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол ЗГ Хятад компаниудад их хэмжээний татаас олгож өрсөлдөөнд нөлөөлж буй явдал. Ямартай ч хөрөнгө оруулагчид Хятадаас дайжиж байгаа нь Азийн бусад улсад тэр хөрөнгө оруулалтыг авах боломжийг нээж байна. Яг л Apple Энэтхэгт үйлдвэрээ барьсан шиг.
Өвөл, зуны олимп, паралимп болон дэлхийн аваргын медальтай тамирчид насан туршдаа сар бүр хэдэн төгрөгийн урамшуулал авдаг вэ?
Олимпоос:
🥇₮4 сая
🥈₮3 сая
🥉₮2 сая
Дэлхийн аваргаас:
🥇₮2 сая
🥈₮1 сая
🥉₮500 мянга
Энэхүү урамшууллыг 2013 оноос эхлэн олгосон бөгөөд урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгадаг аж.
🧶 Cонголтод нийцэх сонгодог загвар
Намар өмсөх пальтогоо сонгож амжаагүй бол анхаарлаа нааш хандуулаарай. 🔍
Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч ГОВЬ-ийн 100% ноолууран, нарийн хийцлэл бүхий биед тав тухтай, сонгодог өнгө загварын пальтонуудаас сонголтоо хийхийг санал болгож.
Загварлаг дулаахан байхыг хүсэж буй хэн бүхэн тэдний салбар дэлгүүрүүдийг зорин намар өвлийн “Ванилла” коллекц болон пальтонуудыг сонирхох боломжтой.
🔗 ГОВЬ-ийн салбар дэлгүүрүүдийн байршлын мэдээллийг ЭНД дарж авна уу.
Ноолууран хувцсыг хүн бүрд.
Эрчим хүчний яам
🔹Эрчим хүчний салбар одоогийн байдлаар ₮121 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Учир нь эрчим хүчийг үйлдвэрлэсэн үнээс доогуур нийлүүлж байгаа нь ийнхүү алдагдалд хүргэжээ. Гэсэн ч ирэх онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажиллаж эхэлснээр ойрын хугацааны тус алдагдлыг нөхөх боломжтой аж.
🔹Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г бүртгүүллээ. ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөц, геологи ба үйлдвэрлэлийн нөөцийн шинэчилсэн мэдээлэл багтсан юм. Түүнчлэн өнөөгийн алтны ханшаар ашиглалтын туршид олох орлогыг $400 саяар тооцоолжээ.
🔹Нийслэлийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг батлав. Хурлын үр дүнд хөгжлийн төлөвлөгөөнөөс гадна газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийг нэмэхээр болсон юм. Түүнчлэн ирэх оны төлөвлөгөөгөөр 418 арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
🔹МИАТ ТӨХК шууд нислэгийн тийзийн үнээ хямдруулна. Ингэснээр Франкфурт, Истанбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Токио зэрэг чиглэлийн тийзийн үнэ дунджаар 10%-15% буурах юм. Одоогоор компанийн хамгийн хямд тийзийн үнэ чиглэлээс шалтгаалж ₮1.2-₮1.9 саяын хооронд байна.
Асуудлыг тогтоогоод хэрхэн өөрчлөх вэ гаргасан. Одоо зохих газруудад танилцуулаад нэвтрүүлнэ. Төрийн үйлчилгээнд реформ хийж бга!
Ер нь бол Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний ерөнхий газар 2 дээр BPR буюу процесын дахин инженерчлэл хийж бга.
— Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist (@dulguunbd)
5:32 AM • Oct 1, 2023
Юу болов?: Конгрессоос ЗГ-ын ажлыг зогсоохоо түр хойшлуулав. (BBC)
Түүх: Нобелийн энх тайвны шагналын түүх. (TheNobelPeacePrize)
Унш: Daewoo компани болон Америк. (CurbsideClassic)
Хэн? Америкийн зохиолчдын ажил хаялтаас хожсон ба алдсан алдартнууд. (Variety)
Даваа: Хятадын Үндэсний баярын өдөр тохиох тул биржүүд амарна.
Мягмар: Үргэлжлүүлээд Өмнөд Солонгост ч Үндэсний баярын өдөр тохиох тул биржүүд амарна.
Лхагва: Европын Холбооны жижиглэн худалдааны түвшин зарлагдана.
Пүрэв: Японы өрхийн амьжиргааны зардал танилцуулагдах юм.
Баасан: Америкийн өнгөрсөн 9-р сарын ажилгүйдлийн түвшин гарна.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply