• Lemon Press
  • Posts
  • 📌 Огцрох хоногийн тоо

📌 Огцрох хоногийн тоо

Зар сурталчилгааны акулууд | Нэг мянган роботакси | Худалдагдсан инфлүнсэрүүд

POWERED BY

Morning! Өчигдөр шөнө нэлээд “амаргүй” өнгөрлөө. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх хэлэлцүүлэг хэдэн цагаар үргэлжилсэн ч олигтой үг амнаас нь унасангүй. Хэдэн үгээ холбож хэлсээр байв. Гэтэл Ерөнхийлөгч гарч ирээд “Дэмжээд байхад, давраад байгаарай бацаан минь” гэсэн утгатай баавартай мэдэгдэл хийсэн. Ингэж бөөн юм болсны эцэст амаргүй Ерөнхий сайд маань амаргүй замаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж огцорлоо доо. 🙂

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Говь ХК-ийн ТУЗ Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 3 жилийн хугацаатай нэмэх 3.94%-иас хасах 4.44% маржин хүүгийн нөхцөлтэйгөөр $10 саяын зээл авахыг зөвшөөрөв

FRC: Женко Тур Бюро (JTB), Адуунчулуун (ADL), Монгол Дизель (MDZ) тэргүүтэй 70 компани 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа одоог болтол зохион байгуулаагүй байна

U.S.: Дональд Трамп болон Ши Жиньпин нар энэ 7 хоногт 2 орны худалдаа, тарифын асуудлаар ярилцах магадлалтай байна.

💸 Facebook “Бүүст”-н оргилууд

Сүүлийн 1 сард цахим орчинд тэр тусмаа Facebook дээр хэрэгтэй, хэрэггүй, хэн нэгнийг гүтгэж гүжирдсэн мэдээ, мэдээллүүд нэлээн явлаа. Одоо тэгвэл Facebook-т хэн хамгийн их мөнгө төлснийг хардаг хэрэг ээ.  

  • 💭 Meta Ads Library нь улс төр, нийгмийн асуудалтай холбогдолтой контент, постыг хэн мөнгө төлөн байж хамгийн их түгээж буйг харуулах зорилготой. Өөрөөр бол инфлүнсэр, компаниудын төлбөртэй контент тус жагсаалтад багтаагүй гэдгийг анхаараарай.  

🤑 1 сар = $7,258

Сүүлийн 30 хоногт Монголоос Facebook-т $7,258-ын сурталчилгааны орлого оруулсны 95.9% буюу $6,961 нь Улаанбаатарчуудад зориулагджээ. Сурталчилгаанд хамгийн их мөнгө зарцуулсан ТОП-10 хаягийн 5 нь УИХ-ын гишүүдийнх бол хэвлэл мэдээллийн 3, хувь хүний 1, спортын 1 цахим хаяг байв. 

  • 💭 Жагсаалтыг тэргүүлж Төмөрдөшийн Баярхүү гэх хаяг Facebook дээр зөвхөн 1 сурталчилгаанд $891-ыг зарцуулсан бол араас нь Сэтгүүлч С.Будрагчаа 1 сурталчилгаанд $700-ыг, Vip76-н цахим хаяг 72 сурталчилгаанд $436-ыг тус тус зарцуулж удаалав. 

  • 👀 Харин ТОП-10-т багтсан 5 УИХ-ын гишүүн нь С.Бямбацогт, Х.Ганхуяг, Ж.Энхбаяр, Э.Батшугар, Б.Пүрэвдорж нар. Тэд сурталчилгаанд нийтдээ $1,646-ыг зарцуулсан байна. 

😲 90 хоногт $30,391

Харин өнгөрсөн 3 сараар харахад, Шуурхай Мэдээ гэх цахим хаяг 27 сурталчилгаанд хамгийн өндөр дүн буюу $2,827, Aimar News 24 сурталчилгаанд $2,374, Төмөрдөшийн Баярхүү 4 сурталчилгаанд $1,791 гэхчлэн зарцуулжээ

  • 👑 Бяцхан юм: Гэсэн ч Монголын Facebook сурталчилгааны ноён оргил болсон УИХ гишүүн Э.Батшугарын $68,323-ын рекордыг эвдэх хаа ч байсан юм. Түүний рекордыг одоогоор $43,961-ын гүйцэтгэлтэй явж буй ХҮН намын цахим хаяг л эвдэж магад.  

Эцэст нь… Meta Ads Library-н тайланг харвал улс төрчдөөс бусад зарцуулалт ихтэй хаягууд бүгд л хэн нэгний эрх ашгийг дэмжих, харлуулах зорилготой контент, постуудаар бөмбөгдсөн хаягууд. Lemon Press-н уншигчдад ПР хаягуудаас сэрэмжтэй, шүүлтүүртэй байгаарай гэж хэлэх нь илүүц биз ээ. Харин эргэн тойрны хүмүүстээ хэлж, сануулж байгаарай. 😇 

 🦄 Нэг мянган роботакси 

PONY: AI-д суурилсан жолоодлогын технологи хөгжүүлэгч Pony AI нь Хятадын томоохон такси үйлчилгээний операторын нэг Shenzhen Xihu Corporation-тай хамтарч ирэх жилүүдэд Шэньжэнь хотод 1 мянга гаруй роботакси нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотой Pony AI-н нэгж хувьцааны үнэ 12.3% өсөж $19.26-т хүрээд байна. Ингэснээр хувьцааны үнэ анх IPO хийж байсан үеэс 28.4%, түүхэн доод үе болох 4 сарын 22-ны хаалтын ханшаас 47.9% өсжээ.

🌏 JCI бүсийн чуулган Улаанбаатарт

Ази, Номхон далайн бүсийн залуу манлайлагчид, бизнес эрхлэгчдийн хамгийн том чуулган “JCI ASPAC 2025” Монгол Улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 📢

Энэ удаагийн чуулган “Дижиталчлалын тусламжтайгаар бизнесийн боломжуудыг өөрчлөх ногоон чуулган” сэдвийн дор болох бөгөөд 70 орны 5,000 гаруй бизнесийн манлайлагчид нэг дор цуглах юм. 

  • ✍️ Чуулганы хөтөлбөрийн хувьд “Nexus” бизнес форумаас гадна хурал, арга хэмжээ, мэтгэлцээн, спорт болон уран илтгэлийн тэмцээн тэргүүтэй 143 бие даасан арга хэмжээ болох нь ээ.

📅 Хэзээ: 6 сарын 12-15

  • 💸 Сүүлийн 20 жилд сонгуульд худалдагдсан инфлүнсэрүүдийн жагсаалт. (ОгцрохАмархан)

  • 🛋️ 60 насыг шүргэхэд ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болдог уу? (TheGuardian)

  • 🫗 Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв хаачдаг вэ? (Ikon)

  • 🧮 ОУВС: Монгол Улсын ЗГ хөрөнгө оруулалтаа дэд бүтэц рүү чиглүүлсэн жилүүдэд эдийн засаг илүү өссөн. (IMF)

🇰🇷 Огцрох хоногийн тоо

Дэлхийд эдийн засгаараа 13-т эрэмбэлэгддэг $1.8 их наядын эдийн засагтай Өмнөд Солонгосын улс төрд ч гэм буруутай үйлдэл хийчхээд таг гүрийгээд суудаг нөхөд бий. Тэгвэл Өмнөд Солонгост гэм буруутай улс төрийн удирдагчдыг хэдэн өдрийн дотор огцруулдаг вэ?  

🔦 Түүхийн жимээр

Хамгийн анхны импичмент буюу огцруулах тохиолдол 2004 онд Ерөнхийлөгч асан Но Мү Хён сонгуулийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр гарч байв. Гэвч 63 хоногийн шалгалтын дараа түүнийг гэм буруугүйд тооцож, үргэлжлүүлэн ажиллаж байв. Үүнээс хойш 2 Ерөнхийлөгч, 1 Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явагдсан. Үүнээс 2 нь огцорч, 1 нь албан тушаалдаа үлдсэн. Огцруулах процесс дунджаар 89 өдөр үргэлжилдэг нь Өмнөд Солонгосын улс төрд огцруулах процесс нэн хурдан тооцогддогийг харуулна. 

🗓️ Огцрох процесс

Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар, Ерөнхийлөгчөө 3 үе шаттайгаар огцруулдаг. Эхний шатанд Үндэсний Ассамблейн 300 гишүүний дунд санал хураалт явуулж, 2/3 нь огцруулах саналыг дэмжсэн тохиолдолд батлагдана. Үүний дараа Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор шийдвэр гаргах ба энэ хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрх түдгэлзэж, Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгчээр ажиллах аж.

  • 👨🏻‍⚖️ Эцэст нь огцруулах шийдвэр батлагдсан тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ албан ёсоор чөлөөлөгдөж, 60 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчийн сонгууль явагддаг байна. 

🔮 Өнөөдрийн сонгууль 

Улс төрийн олон сарын драмын эцэст солонгосчууд шинэ Ерөнхийлөгчөө өнөөдөр сонгоно. Ээлжит бус сонгууль нь экс Ерөнхийлөгч Юн Сок Ёль өнгөрсөн 12 сард төрийн эргэлт хийхээр оролдож, амжилтад хүрэлгүй 4 сард огцорсонтой холбоотой. Энэ сонгуульд ялах магадлал өндөртэй нэр дэвшигчдээр сөрөг хүчний Ардчилсан намын Ли Жэ Мён болон эрх баригч Ард Түмний Хүч намын Ким Мүн Су нар яригдаж байна.

Шинэ Ерөнхийлөгчийн хамгийн том шүдний өвчин нь Америкийн талаас экспортын голлох бүтээгдэхүүн болох ган, хөнгөн цагаан, автомашинд ногдуулсан 25% тариф ажээ. 

Эцэст нь… Төр төмбөгөр, ёс ёмбогор гэх ардын үг бий. Энэ үгний утгыг бид ч бас өчигдөр харлаа даа.

Excel дээр хэт олон хуудастай болчихоор хаана юу байгаа нь мэдэгдэхгүй холион бантан болдог доо. Тэгвэл үүнийг хуудас хооронд холбоос үүсгэх буюу нэг хуудаснаас нөгөө рүү автоматаар очих товчлуур үүсгэж сурцгаая.

  • Жишээ нь, Main Menu, Sales Report, Expenses Report гэх нэртэй хуудаснууд байя. Эндээс Main Menu хуудас дээр дарахад бусад хуудаснууд руу шууд шилждэг товч маягийн холбоос хийх нь.

  • Эхлээд "Main Menu" хуудас руу ороод A1 нүдэнд “Sales Report руу очих” гэж бичээд баруун товшино. 

  • Дараа нь Link➡️Place in This Document➡️холбоос хийх хуудасны нэрийг сонгоод ОК.

🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

Reuters

🍋 Дональд Трампын засаг захиргаа системийн нөлөө бүхий банкнуудад тавигддаг капиталын шаардлагыг зөөлрүүлнэ. Учир нь 2008 оны хямралаас хойш банкнуудын баримталж буй бүхий л хөрөнгөн дээр тодорхой хэмжээний капитал заавал барьж байхыг шаарддаг дүрэм үйл ажиллагааг нь хязгаарлаж байна гэж үзжээ. Тэгвэл энэ дүрмийг зөөлрүүлснээр үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлж, улмаар зээлийн хүү буурахаар тооцоолж.

🍋 “Шинэ II тойрог зам”-ын төслийн ТЭЗҮ боловсруулах явц 40%-ийн гүйцэтгэлтэй байна. Төслийн ТЭЗҮ-ийг Хятадын Гуандун мужийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж боловсруулж буй бөгөөд хотын баруун болон зүүн хэсэгт тус тус 15 км, 5-6 км орчим урттай барихаар төлөвлөжээ. Харин замын трассыг Тахилтын ам, Баянголын ам зэрэгтэй холбосон 3 хувилбартай боловсруулсан гэнэ.

🍋 Jade Gas Holdings (JGH.AX) Монгол дахь хий олборлолтоо энэ сард эхлүүлнэ. Цаашид компани олборлосон хийгээ боловсруулж, байгалийн шахсан хий болон шингэрүүлсэн байгалийн хий хэлбэрээр Улаанбаатар болон бусад орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Гэснээс өнгөрсөн Баасан гарагт компанийн хувьцааны үнэ 21.43% өсөж A$0.031 болжээ. 

🍋 Женсен Хуанг Nvidia (NVDA)-н 6 сая ширхэг хувьцаагаа $800 саяар зарахаар төлөвлөж байна. Санаа зоволтгүй дээ, тэрээр компанийн компанийн нийт хувьцааны 3.7% буюу 922 сая ширхэг хувьцааг эзэмшдэг тул зарах хувьцаа нь компанийн ирээдүйг зөгнөхөд хэт бага дүн юм. Түүнчлэн энэ шийдвэр гэнэт шийдэгдсэн бус, урьдчилан батлагдсан төлөвлөгөөний нэг хэсэг аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.