• Lemon Press
  • Posts
  • 5️⃣0️⃣0️⃣ дахь дугаар 🥳

5️⃣0️⃣0️⃣ дахь дугаар 🥳

ШӨХТГ-ийн торгууль болон Крипто хөрөнгө оруулалтын ирээдүйн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Та товхимлын 500 дахь дугаарыг уншиж байна. Энэ их нөр хөдөлмөрөө өөр хэмжүүрүүдээр хэмжвээс:

  • Баян-Өлгий аймаг руу 3 явна: 1 товхимлыг дунджаар 8 минутад уншина гэхээр нийт 500 товхимлыг 80 км/ц хурдтайгаар Улаанбаатар Баян-Өлгий хооронд 3 удаа явах хугацаанд унших нь ээ.

  • Хамгийн олон үг хэрэглэгддэг хэлтэй ижил: Англи хэлэнд 600 мянга орчим үг идэвхтэй ашиглагддаг ба энэ нь бидний бичсэн бүх товхимлын үгийн тоотой ижил юм.

  • Ховд аймгаас ч олуулаа: Ховд аймгийн 32,261 иргэдийн тоо ч манай уншигчдын тоог гүйцэхгүй.

За тэгээд биднийхээ энэ их хөдөлмөрийг үнэлээд өнөөдөртөө өөрийн хэрэглэдэг бүхий л сошиалаар биднийг сурталчлаарай. 😉

*Нэг өдрийн өөрчлөлт

US: Америк өнгөрсөн оны эхний улиралд Хятадын 192 компаниудад экспортын зөвшөөрөл олгосон байна.

MNG: Гадаад валютын нөөц 2-р сард өмнөх сараасаа 4.6% буурч $3.4 тэрбумд хүрчээ.

EUR: Евро бүсийн инфляц 2-р сард 8.5% болж шинжээчдийн хүлээлтээс давав.

Хэнийг хэдээр торгов?

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар (ШӨХТГ) сүүлийн 7 сарын хугацаанд 45 компанид нийт ₮14.3 тэрбумын торгууль ногдуулжээ.

Торгуулийг шинжилбэл 🔍

Тэдний ногдуулсан торгуулийн дийлэнхийг нь бизнесийн болон банк, санхүүгийн байгууллагад ногдуулсан торгууль эзэлж байгаа юм.

  • Том торгууль: Номин тав трейд ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан тул ₮6.9 тэрбумыг төлөхөөр болсон бол МАК Цемент ХХК-д давамгай байдлаа ашиглан хэт өндөр үнэ тогтоосон хэргээр ₮5.4 тэрбумын торгууль ногдуулав. Энэ 2 компанийн торгууль нь сүүлийн 7 сарын нийт торгуулийн 86%-ийг бүрдүүлж буй. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Юнивишн ХХК-ийг ялгаатай үнэ тогтоосон хэргээр ₮1.1 тэрбумаар торгов.

  • Банк: Цаашлаад арилжааны 9 банк ипотекийн зээл олгосны 0.5%-1%-ийн шимтгэлийг үндэслэлгүйгээр тогтоосон тул банк тус бүрд ₮20 саяын торгууль ногдуулсан. Гэсэн ч арилжааны банкнууд уг шийдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг шийдвэрлэх шүүх хурал удаа дараа хойшилсоор.

Үндэслэлтэй юу, үгүй юу?

ШӨХТГ-ын торгуулийн шийдвэрийг ихэнх бизнес эрхлэгчид үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь,

  • Өөр нөхцөл: Юнивишний хувьд гэр хороололд холболт хийхийн тулд нэмж шилэн кабел татдаг учир гэр хороололд үйлчилгээ үзүүлэх нь орон сууцныхаас үнэтэй байдаг гэж Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав тайлбарлав. Тиймээс ШӨХТГ-ын шаардлагаар бол орон сууцанд үзүүлж буй үйлчилгээний үнийг ₮4,000-өөр нэмэгдүүлэх эсвэл гэр хороололд үйлчилгээгээ зогсоох шаардлагатай болох аж.

  • : Түүнчлэн Алтан тариа ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цэнгүүн ШӨХТГ-ын Алтан тариа ХХК-д ногдуулсан торгууль нь хууль бус шийдвэр тул шүүхэд өгнө, торгуультай холбоотойгоор гурилын үнийг ₮20-өөр нэмнэ гэдгээ мэдэгдэв.

Эцэст нь… Ер нь бол ААН, компаниудад тавьж буй торгуулийг эргээгээд хэрэглэгч л төлнө. Мэдээж төрийн зүгээс хууль дүрмийг мөрдүүлэхийн тулд арга хэмжээ авах нь зүй. Гэхдээ үндэслэлтэйгээр. Харин ЗЗ дэх төрийн оролцоо хэт нэмэгдэх нь ЗЗ-ийг зарчмын дагуу ажиллахад саад болдог жамтай.

VW тэлнэ 🚘

VOW3.DE: Volkswagen Америкт $2 тэрбумаар EV-н үйлдвэр барина. Тус үйлдвэр нь Өмнөд Каролинад байрлах бөгөөд Scout Motors брэндийн EV-г үйлдвэрлэх аж. Төлөвлөгөө ёсоор компани жилд 200 мянган EV-г үйлдвэрлэх төдийгүй үйлдвэрлэл нь 2026 оноос эхлэх төлөвтэй байна. Ийн тэд Америкт 2 үйлдвэртэй болох нь дээ.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК x Lemon Press

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК “Lemon Press” нар хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд Монголын хоёр дахь хөрөнгийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжаалах олон шинэлэг, сонирхолтой хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг Lemon Press та бүхэндээ хүргэх нь ээ.

DeFi > CeFi

Крипто хөрөнгө оруулагчид DeFi төслүүдийг илүүд үзэх болов. Учир нь өнгөрсөн онд энэ төрлийн төслүүдийн санхүүжилт 38.6% өссөн бол нөгөө талд CeFi төслүүдийн хөрөнгө оруулалт 73% буурчээ.

DeFi vs CeFi

Блокчэйн, крипто зах зээлийн хөгжилтэй холбоотойгоор энэ төрлийн арилжаа, гүйлгээг 2 төрлөөр зохицуулах боломжтой. Үүнд,

  • CeFi: Төвлөрсөн санхүү гэж орчуулагдах тус ойлголт нь энгийнээр банк болон гуравдагч этгээд өөрийн төвлөрүүлсэн хөрөнгө дээр үндэслэн гүйлгээ зохицуулах үйл явцыг хэлдэг.

  • DeFi: Харин төвлөрсөн бус санхүүгийн тогтолцоо нь технологийн тусламжтайгаар гуравдагч этгээдийн оролцоогүйгээр 2 тал шууд хоорондоо гүйлгээ хийх боломжийг олгож буй.


Криптогийн гол онцлог болох төвлөрсөн бус байдлыг харуулсан DeFi төслүүд 2018 $7.4 тэрбумын хөрөнгө оруулалт татаж байсан бол дараах жилүүдэд нь $1 тэрбум ч хүрэхгүй санхүүжилт авч эрч нь суларчээ. Харин нөгөө талд эхэндээ DeFi-с дутуу үнэлэгдэж байсан CeFi-н хөрөнгө оруулалт 2018-2021 оны хооронд жилд дунджаар 92.1% өссөөр 2021 онд $16.3 тэрбумд хүрчээ. Энэ нь тус салбарт ч уламжлалт зах зээлтэй ижил төвлөрсөн тогтолцоог илүүд үзэх хандлагыг харуулах мэт.

Салбарын онцлог нь DeFi

Өнгөрсөн оны халуун зун тохиосон крипто өвөл крипто сонирхогчдод тус салбарын онцлог нь төвлөрсөн бус байдал юм шүү гэдгийг нэлээд ойлгуулах нь тэр. Тиймдээ ч өнгөрсөн онд DeFi-д оруулсан хөрөнгө оруулалт 38.6% өсөж $6.1 тэрбумд хүрсэн бол CeFi-н хөрөнгө оруулалт эсрэгээрээ 73% буурч $4.4 тэрбум болов. Цаашлаад нийт салбарын хөрөнгө оруулалт 42% буурч $21.3 тэрбумд хүрсэн нь өмнөх онууд (2021 оныг тооцохгүй)-аас өндөр дүн юм.

Эцэст нь... Өнгөрсөн оны крипто өвлөөр дампуурсан төслүүдийн дийлэнх нь төвлөрсөн бус гэх нэр төдий байсан.

Заа, Март-8 нь ч дөхлөө шүү. Охид, эмэгтэйчүүд маань баяраараа яаж гангалах вэ гээд бодлогоширч л сууна уу? Ер нь баярын зардлаа хэдээр төсөвлөж байна вэ? Эмэгтэй үс засалтын дундаж хөлс л гэхэд сүүлийн 10 жилд 3.3 дахин нэмэгджээ.

  • 2013/03: ₮4,750

  • 2014/03: ₮6,800

  • 2015/03: ₮7,248

  • 2016/03: ₮7,362

  • 2017/03: ₮7,962

  • 2018/03: ₮8,921

  • 2019/03: ₮9,714

  • 2020/03: ₮10,616

  • 2021/03: ₮10,997

  • 2022/03: ₮14,157

  • 2023/01: ₮15,560

🔹Монголын ХЗЗ-ийн үнэлгээ ₮7 их наядад хүрэв. Өнгөрсөн Баасан гаргийн арилжаагаар 39 ХК-ийн ₮1.2 тэрбумын арилжаа хийгдэж 20 компанийн үнэлгээ өссөнөөр ийнхүү шинэ түүхэн үнэлгээ тогтов. Нэмж хэлэхэд Монголын ХЗЗ сүүлийн 6 жилийн хугацаанд жилд дунджаар 29.8% өссөн байна.

🔹NFT-н арилжаа өнгөрсөн 2-р сард 117% өсөж $2 тэрбумд хүрлээ. Тус өсөлтөд шинээр гарч ирж буй NFT ЗЗ болох Blur дээр $1 тэрбумын арилжаа хийгдэж OpenSea-г давсан нь голлон нөлөөлсөн аж. Харин OpenSea-н борлуулалт 18% өсөж $587 саяыг даваад байна.

🔹Character.ai-н үнэлгээ $1 тэрбумд хүрээд байна. Улмаар тэдний ЗЗ-ийн үнэлгээ 6 сар хүрэхгүй хугацаанд ийнхүү өссөн бөгөөд Andreessen Horowitz-с $200 саяын хөрөнгө оруулалт татаад буй. Тэд өмнө нь Gmail, GitHub, SV Angel болон A Capital зэргээс хөрөнгө оруулалт татаж байсан билээ.

🔹Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн ТУЗ-аас гүйцэтгэх захирал Ш.Лхагвыг чөлөөлөхөөр шийдвэрлэв. Тус асуудал нь ҮЦТХТ-ийн төлбөр тооцооны асуудал 2 сарын турш үргэлжилснээс үүдэлтэй. Түүнчлэн түүний ажилдаа ирдэггүй, хайнга ханддаг, идэвхгүй зэрэг шалтгаанууд нөлөөлсөн аж.

🔹Silvergate Bank-аас крипто төлбөр тооцооны үйлчилгээгээ зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь тус банк нь өнгөрсөн онд алдагдалтай ажилласан бөгөөд цаашид алдагдалд орох эрсдэлтэй тулаад буй. Гэсэн ч хадгаламжтай холбоотой банкны бусад бүх үйлчилгээнүүд хэвийн ажиллаж байгаа гэнэ.

  • Charge: 2024 оноос эхлэн Европ руу нэвтрэхийн тулд хураамж төлнө. (CNN)

  • Economy: Бодлогын хүүг өсгөсөн ч ЭЗ-т нөлөөлөхгүй байна. Яагаад? (Axios)

  • MSE: МХБ-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлан. (MSE)

  • Trend: GenZ ажлын байран дахь чиг хандлагыг өөрчилж байна. (TheHustle)

🍹 Lemonade цувралаа үзээгүй юм биш биз?

Бид Lemonade видео цувралаар орчин үеийн залуус хэрхэн орлогын эх үүсвэрээ бий болгож, аж төрж буй талаар хүргэхийг зорьдог.

Тэгвэл ээлжит Lemonade-н улирлыг бид 2 долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас өөрсдийн сувгаар нийтэлж буй бөгөөд өдгөө дараах зочид ороод байна.

  1. Философийн багш, англи хэлний орчуулагч, артист Сексцагаанбогд 

  2. Реклам, зар сурталчилгааны дуу оруулагч Ө.Батбилэг 

  3. Архитектор, интерьер дизайнер С.Билгүүн

  4. Rosewood Hospitality Group-н үүсгэн байгуулагч, ерөнхий тогооч Клифф Арранд 

  5. Bharmoney, Cocktail Catering Service-н үүсгэн байгуулагч, бартендер А.Аварзэд 

  6. Артист Davaidasha

  7. Make Up артист, AnarA's make up-г үүсгэн байгуулагч О.Наранбилэг

  8. Ногоочин Ким Сун Чуль

When life gives you a lemon, make lemonade. Enjoy! 🍋

  • Даваа: Хятадын 2-р сарын гадаад худалдааны тэнцэл зарлагдана.

  • Мягмар: Thor Industries (THO)-н ээлжит улирлын тайлан гарна.

  • Лхагва: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тул бүх нийтээр амарна.

  • Пүрэв: Хятадын 2-р сарын инфляцын түвшин гарна.

  • Баасан: Оросын өнгөрсөн оны хэрэглээний үнийн индекс зарлагдана.

Reply

or to participate.