• Lemon Press
  • Posts
  • ⚽️ ДАШТ = Мөнгөний машин

⚽️ ДАШТ = Мөнгөний машин

ҮЦК: Арилжаа х 2.5 | $BUK-н айхтар орлого | ЕАЭЗХ-ны хэлэлцээр эхэлнэ

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөө урт цагааны гудамжийг залуус болон жуулчдын анхаарлыг татсан цэг болгоно гэнэ дээ. Уг 5 модтой цэцэрлэгт хүрээлэнг анх ₮44.1 тэрбумаар байгуулсан. Одоо хүн амьтан олноор цугладаг цэг болгоно гэхээр дахид хэдийг үрэх юм бол? 🫩🙄

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Монгол болон Тажикистан 11 баримт бичиг байгуулж, хоорондын худалдааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар болов.

NSO: Энэ оны эхний хагас жилийн байдлаар НДС-гаас тэтгэвэр авагчдын тоо 12.3 мянгаар нэмэгдэж, нийт олгосон тэтгэврийн хэмжээ 13.7% тэлж ₮3 их наядыг давсан байна

INV: Инвескор ББСБ (INV)-ын Киргиз дахь охин компани болох Инвескор CA нь 7 салбартай болсон бөгөөд цэвэр зээлийн багц нь оны эхнээс 20.2% өсөж ₮78 тэрбумд хүрчээ.

🤯 ҮЦК: Арилжаа х 2.5

Бид энэ оны эхний хагас жилийн тоймоо ээлж дараатайгаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд ҮЦК-иуд хэр их арилжаа хийв, юу болов оо?

📌 Бонд > Хувьцаа

Энэ оны эхний хагаст Монголын Хөрөнгийн Бирж (MSE) дээр хийгдсэн арилжаа 2.5 дахин өсөж ₮800.4 тэрбумд хүрсэн бол Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) дээр ₮21.8 тэрбумын арилжаа хийгдсэн аж. UBX дээр хийгдсэн нийт арилжааны дийлэнх буюу 99.5%-ийг Ти Ди Би Секьюритис ҮЦК дангаараа гүйцэтгэсэн байна. Харин МХБ дээрх арилжааны өсөлтөд бондын арилжаа супер нөлөөтэй байлаа. Гэхдээ зөвхөн Нийслэлийн болон Өмнөговийн бондын нөлөө гэхэд хилсдэхгүй.

  • 🤏 ₮10-ийн ₮2 хүрэхгүй нь л хувьцаа: Тодруулбал, нийт өрийн хэрэгслийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа ₮462.8 тэрбумд хүрч 5.3 дахин тэлэв. Нэмээд ЗГ-ын үнэт цаасны арилжаа 2.2 дахин өссөн. Харин хувьцааны арилжаа 26.2% өсөж ₮140 тэрбум болсон ч нийт арилжааны 17.5%-ийг л эзэлсэн байна

🏎️ ҮЦК уралдаан

Энэ хагас жилийн арилжааны үзүүлэлтээр ₮389.2 тэрбумын арилжаа хийж арилжаагаа 223% өсгөсөн Голомт Капитал тэргүүлсэн бол, UBX дээр давамгайлсан Ти Ди Би Секьюритис араас нь бичигдэж, Өмнөговь бонд болон Чингис хаан хөрөнгийн биржийн арилжааг базсан Мандал Капитал Маркетс удааллаа. Харин хамгийн том сюрпризийг MICC ҮЦК барьж, арилжаагаа даруй 40,786% өсгөв. Тэдний хувьд сүүлд гарсан Нийслэл бондын андеррайтераар ажилласан билээ.

  • 📈 Дундаж өсөлт: Арилжаагаар тэргүүлсэн 10 ҮЦК-ийн 7-гийнх нь арилжаа жилийн өмнөхөөс өссөн бөгөөд дундаж өсөлт нь MICC-н өсөлтөөс шалтгаалан нэлээд өндөр байгаа юм. Харин өсөлтөөрөө пуужиндсан 2-ын нөлөөг хасаж тооцвол 138% болж буй. 

Эцэст нь… IPO хийгдээгүй удаан хугацаа өнгөрлөө. Иймдээ ч хувьцааны арилжаа дорвитой өсөхгүй, идэвхтэй арилжаалагдаж байгаа хувьцаа нь өнөө л банк, санхүүгийн хэд байна. Харин бонд, ХБҮЦ-нуудын идэвхжилээр ҮЦК-иуд маань өнгөлөг хагас жилийг үджээ. Дараагийн удаа OTC дээрх ҮЦК-иудын арилжааны тоймоор эргэн уулзъя.  

  • 🤝🏻 Монгол Улс Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бэхжүүлэв. (Baabar.mn)

  • 🇰🇷 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ба Монгол наадам. (Chosun)

  • 😰 Anthropic-н шинэ сурталчилгаа хүмүүсийн жихүүцлийг төрүүлж байна. (TechCrunch)

  • 🎥 Моодонд ороод буй IMAX 70MM камер хэрхэн ажилладаг вэ? (Tested.com)

🚀 Тэнгэрт дүүлэх $BUK-н орлого

BUK: Өнгөрсөн II улиралд Улаанбаатар БҮК ХК-ийн борлуулалтын орлого 2025 оны мөн үеэс 4.7 дахин нэмэгдэж ₮43.8 тэрбумд хүрчээ. Цаашлаад, компани ₮4.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮36.8 болоод байна. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $BUK бусад компаниудыг хувьцааны өсөлтөөрөө тэргүүлж, нэгж хувьцааны үнэ нь даруй 14.8% нэмэгдэж ₮248 дээр хаагдсан аж. Нөгөөтээгүүр, компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 36.6%, өнгөрсөн оны мөн үеэс 33.3% тус тус унаад байна.

💸 Мөнгөний машин бол ДАШТ

Өнгөрсөн Даваа гаргийн үүрээр 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ хөшгөө хаалаа. Энэ удаагийн ДАШТ олон фанатуудын дурсамжид тод үлдэхийн зэрэгцээ санхүү, мөнгөний хувьд рекорд тогтоосон тэмцээн байв. Тэгвэл яг ямар амжилт тогтоосныг нь сонирхоод үзье.

📈 Тэрбум тэрбумын рекорд

Дэлхийг 39 өдрийн турш байлдан дагуулсан ДАШТ Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-нд $9 тэрбумын орлого авчрах төлөвтэй байна. Энэ нь зөвхөн хөлбөмбөгийн бус спортын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тэмцээн болж буй хэрэг юм. Мөн тэмцээний финалын тоглолтыг ойролцоогоор 1.5 тэрбум хүн үзсэн нь мөн адил рекорд болон бичигдэх аж.

⚽️ Гол нөлөө

FIFA анх удаа энэ жилийн ДАШТ-ээр 48 багийг оролцуулсан нь өмнөх тэмцээний 32 багаас эрс өссөн үзүүлэлт юм. Үүнийг дагаад тоглолтын тоо 64-өөс 104 болж, тэмцээний үргэлжлэх хугацаа 4 долоо хоногоос 6 долоо хоног болж сунгагджээ. Ингэснээр телевизийн шууд дамжуулалтын орлого, тасалбарын борлуулалт ихээр нэмэгдэж, ДАШТ урьд өмнөх жилүүдээс илүү ашигтай бизнес болгон хувирав. 

  • 🌎 Шоуны шинэ стандарт: Энэ удаагийн ДАШТ Америк, Канад, Мексикт зохион байгуулагдаж, энтертайнмент үзвэр үйлчилгээг дээд шинэ түвшинд хүргэсэн. Мөн анх удаа аваргын тоглолтын дундуур Shakira, Madonna, Justin Bieber, BTS тэргүүтэй урлагийн томчууд үзүүлбэрээ толилуулжээ

🕵🏻‍♂️ Улс төрийн хамаарал 

Тэмцээний үеэр Дональд Трамп FIFA-тай ойр хамтран ажиллаж, Америкийн шигшээ багийн тоглогчийн шийтгэлийг хүчингүй болгуулаад амжсан нь анхаарал татсан үйл явдлын нэг байв. Сонирхуулахад, FIFA-н Ерөнхийлөгч Жанни Инфантино 2025 онд түүнд нийт $15 мянгын үнэлгээтэй FIFA Club World Cup-ийн шигшээ тоглолтын 10 тасалбар бэлэглэжээ.

Эцэст нь… FIFA орлогынхоо тодорхой хэсгийг гишүүн холбооддоо буцаан хуваарилдаг. Үүний дагуу 2027-2030 онд хэрэгжих FIFA Forward 4.0 хөтөлбөрөөр 211 гишүүн оронд нийт $2.7 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Харин энэхүү санхүүжилт ирэх жилүүдийн Монголын хөлбөмбөгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх нь тун сонирхолтой асуулт болоод байна даа. 🫣

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэ

Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар ирэх сарын 17-28-ны хооронд COP-17 бага хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулж, их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлэх шийдвэр гаргажээ. Манай лимонууд энэ шийдвэр дээр ямар бодолтой байна?

Login or Subscribe to participate in polls.

Deadline

🍋 Америкийн шүүхээс 12 муж хууль зүйн маргаан үүсгэсний дагуу Paramount (PSKY) компанийн Warner Bros (WBD)-г $110 тэрбумаар худалдан авах хэлцлийг түр зогсоолоо. Калифорнийн шүүгч уг нэгдэл өрсөлдөөний хууль зөрчиж болзошгүй гэж үзсэн бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг үндэслэн ажиллагааг 14 хоногоор царцаав. Уг шийдвэрийн араас $PSKY-н үнэ 2%, $WBD 3.8% тус тус унажээ.

🍋 QPay үйлчилгээгээр хийгдсэн гүйлгээний тоо эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 39.1% өсөж 158.3 саяд хүрсэн байна. Улмаар нийт гүйлгээний 12.3%-ийг QPay гүйлгээ эзэлжээ. Цаашлаад, уг үйлчилгээгээр хийгдсэн гүйлгээний үнийн дүн 38.8% нэмэгдэж ₮10.3 их наядыг давжээ. Тайлант хугацаанд нэгж гүйлгээний үнийн дүн ₮65.3 мянга байсан аж. Сонирхуулахад, тус үйлчилгээг нэвтрүүлэгч Инновэйшн Инвестмент ХК (QPAY)-ийн цэвэр ашиг 3.6% өсөж ₮7.6 тэрбум болов.

🍋 Хятадын тал Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу АИ-92 шатахуун болон агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарна. Мөн хоёр тал Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбож, эрх зүйн орчноо бэхжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Дурдахад, энэ оны эхний хагаст Монголын экспортын 94%-ийг, импортын 39.5%-ийг Хятад бүрдүүлсэн.

🍋 Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 сарын 22-ноос 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд хоёр тал 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулахаар тохиролцов. Мөн өртгийн 50%-иас дээш нь Монголоос гаралтай бараанд хөнгөлөлт үзүүлж, мэдүүлснээс хойш 4 цагийн дотор олгох зохицуулалт хийжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.