💀 Хардалт

Монгол Канадын түүхт 50 жил | Alibaba-н тайлан | OpenAI-н шийдвэр

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Манай Instagram хаяг 50К дагагчтай боллоо. 🎉 Та арай манай хаягийг дагадаггүй юм биш биз дээ? Харин дагадаг бол хажууд байгаа найздаа дагахыг санал болгоорой.

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: ДНБ эхний 9 сард 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.9% өсөж ₮21.7 их наяд болов

MSE: Хөвсгөл ХК (HVL) хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 12 сарын 6-нд болно.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮16.8 тэрбумын хоёрдогч зах зээлийн арилжаа явагджээ.

🎤 Хятадын ҮХХ-ийн салбарын хямрал Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Lemon Press-н нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Opinions буланд тавтай морил. Энэ удаад бид Ньюком Проперти ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн захирал Б.Баярсайханы “Хятадын ҮХХ-ийн салбарын хямрал Монголд хэрхэн нөлөөлөх вэ?” хэмээх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Урд хөршид гарсан уг хямрал манай улсад дараах нөлөөг үзүүлэхээр харагдаж байна.

  • 1-рт: дэлхийн төмрийн хүдрийн гол худалдан авагч улсад гангийн үйлдвэрлэл буурч, барилгын компаниуд ган нөөцлөхөө зогсоосон нь Монголын нүүрсний экспортод сөргөөг нөлөөлөх юм. Гэтэл ЗГ-аас ирэх оны төсвийн орлогын төсөөлөлд нүүрсний экспортыг маш эерэг буюу 60 сая тн гэж төсөөлөөд буй. Үүний хариуд Монголбанкнаас хэрэв нүүрсний экспорт буурвал улсын төсвийн орлого бүрдүүлэлт тасалдах эрсдэл бийг төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр дурдсан.  

  • 2-рт: Барилгын салбарын удаашрал нь Хятадын банк санхүүгийн салбараас гадна бүх салбарт нөлөөлж, хөрөнгө орууулалт буурах хандлагатай байна. Ингэснээр Хятадаас манай улсад ирэх хөрөнгө оруулалт тодорхой түвшинд буурах болов уу.

Гэснээс хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

🍁 Түүхт 50 жил

Энэ сарын сүүлээр Канад болон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой тохиох гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 50 жилд 2 орны харилцаанд ямар ахиц гарсныг тольдон харцгаая. 

Өргөн хүрээтэй түншлэл

Канад болон Монгол 1976 оны 11 сарын 30-нд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд 2 орны харилцаа өдгөө өргөн хүрээний түншлэлийн түвшинд хүрээд буй. Сонирхуулахад, ойн баярыг тохиолдуулан ГХЯ-ны сайдын Канад  дахь айлчлал өнөөдөр эхэлж байгаа  шүү

Хамгийн том хөрөнгө оруулагч

Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улсуудыг жагсаан харвал 1-т Канад, 2-т Хятад, 3-т Америк жагсаж байгаа. Жишээ нь л гэхэд, Канадын хөрөнгө оруулалт Хятадынхаас 3 дахин, Америкаас 9.8 дахин их аж. Базаад хэлэхэд, сүүлийн 12 жилд Монголд орсон ГШХО-ын талаас их хувийг Канад эзэлж байгаа юм. Задлан харвал, 

  • Оюу толгойн нөлөө: Өнгөрсөн 12 жилд Канадаас Монголд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ $15.8 тэрбумд хүрчээ. Тэр дундаа зөвхөн Rio Tinto (RIO)-н 2010 оноос хойш Оюу толгойн төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ $15 тэрбумд хүрсэн байна. Үүнээс Канадын Монголд оруулж буй хөрөнгө оруулалт яагаад ийм өндөр байдгийг тайлбарлаж болох юм. 

  • Мэдэх үү? 2005-2010 оныг хүртэл Монголоос Канад руу экспортолсон бараа бүтээгдэхүүний үнийн дүн импортоосоо хэд дахин давдаг байсныг. Гэсэн ч 2013 оноос эхлэн экспортын дүн эрчимтэй буурч импорт нь өсөх хандлагатай болсон юм. Улмаар өнгөрсөн жил экспорт $1 сая, импортынх $21.8 саяд хүрээд буй.

  • Торонтогийн хөрөнгийн бирж: Түүнчлэн Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Development Corp (ERD.TO), Xanadu Mines (XAM.TO) тэргүүтэй цөөнгүй уул уурхайн компаниуд бүртгэлтэй байна

Боловсролын салбарт 

Энэ оны байдлаар Монголоос Канадад 350 оюутан суралцаж байгаа бөгөөд санхүү, ЭЗ, уул уурхай, иргэний нисэх, инженер, ХАА-н чиглэлээр суралцаж байна. Түүнчлэн өнгөрсөн 10-р сард БШУЯ болон Канадын техник, мэргэжлийн боловсролын холбоотой хамтран ажиллахаар тохиролцсон гээд тус улсад нарийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхээр зорьж буй.

Эцэст нь… Канад бол Монголд 2 хөршөөс нь илүү гуравдагч хөршөөс хамгийн их хөрөнгө оруулалт орж ирдгийн томоохон жишээ. 

😞 Хөрөнгө оруулагчдыг ашиг татсангүй

9988.HK: Alibaba-н ээлжит улирлын орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 9% өсөж ¥224.8 тэрбумд хүрэв. Улмаар тэд тус улиралд ¥26.7 тэрбумын ашигтай ажиллажээ. Гэвч тэд Америкийн чипийн экспортод тавьсан хоригоос үүдэн Cloud Intelligence Group охин компаниа нээлттэй болгохоо түр хойшлуулсан юм. Энэхүү мэдээний араас хувьцааны үнэ 10% унаж HK$73.3 болоод байна.

👋 Баяртай Сэм Алтман

OpenAI-н ТУЗ Гүйцэтгэх захирал Сэм Алтманыг гэнэт огцруулсан. Юу болчхов оо? Цаашид яах вэ? 

Гогцоо: Ашгийн төлөөх зөрчилдөөн

OpenAI бол ашгийн бус байгууллага. Гэхдээ энэ оны 1-р сард Microsoft (MSFT)-н нөлөөгөөр гэнэт томорсноор маш их мөнгө хийх боломж гарч ирсэн. Компанийн үнэлгээ 2019 онд $1 тэрбум байсан бол одоо $90 тэрбумд хүрэх тооцоо гарсан нь ч үүнийг илтгэнэ. 

  • Хардалт: Алтманыг ашгийн төлөө явж эхэлсэн болохоор ТУЗ нь халсан гэдэг хардлага байгаа. Түүний компани маш богино хугацаанд асар хурдацтай тэлсэн учраас ашгийн төлөө шунасан байхыг үгүйсгэх аргагүй. OpenAI-н ТУЗ мэдэгдэлдээ бид одоо ч ашгийн бус байхыг эрмэлзэж байгаа тул шинэ манлайлал зайлшгүй шаардлагатай гэсэн юм. 

Хэн гээч ТУЗ?

Компанийн ТУЗ-д Алтаманаас гадна OpenAI-н ахлах эрдэмтэн Илья Суцкевер, Quora компанийн Гүйцэтгэх захирал Адам Д'Анжело, Хөрөнгө оруулагч Таша, МакКоли, Жоржтауны технологийн төвийн захирал Хелен Тонер зэрэг гишүүд багтаж даргаар нь Грег Брокман ажиллаж байв. 

  • Цочрол: Алтманыг огцруулах ажил маш гэнэтийн байсан бөгөөд ТУЗ-ийн дарга Грег Брокманы оролцоогүйгээр болсон юм. Энэ тухайд Грег Брокман өөрийг нь ТУЗ-өөс, Алтманыг компаниас огцруулж байгааг мэдээ цацагдахаас хэдхэн минутын өмнө Google Meet-р сонссон. Үүнд цочирдож, харамсаж байна гэжээ.

  • Хөрөнгө оруулагчийн хутга: Тус компанид хөрөнгө оруулагчид, Microsoft Алтмангүйгээр OpenAI-н ажилчид олноор дүрвэхээс эмээж, Алтманыг Гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилохоор шахаж байгаа аж

Ямар өөрчлөлт гарах вэ?

Сэм Алтман зүгээр л нэг халагдаад өнгөрнө гэвэл үгүй. Тэрбээр шинэ AI компани байгуулах талаар бодож буй. Энэ ч утгаараа Apple (AAPL)-н загвар зохион бүтээгч асан Жони Айвтай AI-н шинэ төхөөрөмж бүтээхээр ярилцаж байгаа аж. Энэхүү ярианд нь SoftBank (9434.T)-ийн Гүйцэтгэх захирал Масаёоши Сон ч оролцож байгаа сурагтай. 

Цаашид… Хэрэв Сэм Алтман компанидаа буцаж ирлээ гэхэд нэлээд олон зөрчилтэй тулгарах нь. Харин эсрэг тохиолдолд AI-н салбарт дахин 1 том тоглогч гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

Энэ оны III улирлын байдлаар ажиллах хүчний 94.8%-ийг ажиллагчид, 5.2%-ийг ажилгүй иргэд эзэлж байна. Тэгвэл жил бүрийн III улиралд нийт ажиллах хүчний хэдэн хувийг ажилгүй иргэд эзэлж байв?

  • 2020 оны III улирал: 7.3% (92.6 мянга)

  • 2021 оны III улирал: 7.4% (90.9 мянга)

  • 2022 оны III улирал: 5.4% (68.1 мянга)

  • 2023 оны III улирал: 5.2% (66 мянга)

🤖 Devfest Ulaanbaatar 2023

Хөгжүүлэгчид болон технологийн салбарынханд зориулан олон улсын "DevFest Ulaanbaatar 2023" арга хэмжээг 2 дахь жилдээ 11 сарын 18-нд амжилттай зохион байгууллаа.

Тодруулбал, арга хэмжээний үеэр дотоодын мэргэшсэн инженер, хөгжүүлэгчид болон Google-н төлөөллүүд хүрэлцэн ирж, Flutter, Android, Firebase, AI/ML болон Kubernetes зэрэг технологиудын талаар сонирхолтой илтгэлүүд тавилаа.

Мөн Google-н технологи ашиглан нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэж буй талаар болон бусад боломжуудыг ярилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Yahoo!Finance

🔹Walmart (WMT)-н III улирлын орлого өмнөх жилээс 5.2% өсөж $160.8 тэрбумд хүрлээ. Ийнхүү өсөхөд ОУ дахь салбаруудын үйл ажиллагааны ашиг 29.7% өсөж $1.1 тэрбум болсон нь нөлөөлжээ. Улмаар $453 саяын ашигтай ажиллав. Гэвч тайлангийн араас хувьцааны үнэ 8.5% унаж $155.3 болоод байна.

🔹Өнгөрсөн 10-р сард тээвэрлэсэн ачааны хэмжээ 2022 оны мөн үеэс 21% өсөж 8.5 сая тн-д хүрсэн байна. Нийт ачаа тээврийн 65.7%-ийг авто тээврээр, 34%-ийг төмөр замаар тус тус тээвэрлэжээ. Харин агаарын тээврийн тээвэрлэлт 13% буурч 750 тн болоод буй.

🔹LG Technology Ventures буюу LG Group (003550.KS)-н венчур компани 400 тэрбумын сан байгуулав. Тус санг хиймэл оюун ухаан, батарейн салбарын стартапд хөрөнгө оруулахад зориулах юм. Сонирхуулахад, тус сангийн дараа компанийн удирдаж буй хөрөнгийн хэмжээ 1 их наядад хүрсэн байна.

🔹Аж үйлдвэрийн салбарын эхний 10 сарын борлуулалт өмнөх жилтэй харьцуулахад 62.5% өсөж ₮38.2 их наядад хүрчээ. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулалт 73.5% өсөж ₮29.6 их наяд, боловсруулах аж үйлдвэрийнх 35% өсөж ₮7 их наядад хүрсэн нь нөлөөлсөн аж.

  • Мэд: SpaceX-н дэлбэрсэн Starship-г яагаад амжилт гэж тодорхойлов? (TechCrunch)

  • Унш: Бусдад тусалснаар бидний эрүүл мэнд сайжирдаг уу? (HarvardMedicine)

  • Танилц: Удахгүй Amazon-с Hyundai худалдаж авах боломжтой болно. (CNN)

  • Сонс: Санхүүгийн салбарын өнгөрсөн ба ирээдүйн 5 жил. (LemonPress)

  • Даваа: Шинэ 7 хоногийг Zoom (ZM)-н III улирлын тайлантай танилцаж угтах нь ээ

  • Мягмар: Араас нь Nvidia (NVDA) III улиралд хэр байснаа тайлагнана

  • Лхагва: Европын Холбооны хэрэглэгчийн итгэлийн индекс танилцуулагдах товтой байна

  • Пүрэв: Америкт Талархлын баяр тохиож байгаа тул биржүүд амарна

  • Баасан: Германы өнгөрсөн 11-р сарын ДНБ-ний үзүүлэлт зарлагдана.

Reply

or to participate.