- Lemon Press
- Posts
- 🏧 ТОП банкнуудын нөлөө
🏧 ТОП банкнуудын нөлөө
Дэлхийн батлан хамгаалахын зардал болон ТОП 5 банкны IPO-н өмнө ба дараах үнэлгээний талаар тоймлов.
POWERED BY
Happy Monday! Кофе уунгаа товхимлоо уншдаг хэр их хүн байна даа? Кофенд дурлагсдын хувьд E = mc^2 бол Energy = Milk x Coffee^2 гэсэн утгатай шүү. 🤪 Борголоо уугаад ажлаа эрч хүчтэйгээр умалзуулаарай.


*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк бодлогын хүүг 13% хэвээр үлдээв.
GOV: ЗГ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮18.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮3.7 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

🏧 ТОП банкнуудын нөлөө

Өнгөрсөн оны эхний хагаст ₮4.8 их наяд байсан хөрөнгийн зах зээл (ХЗЗ)-ийн үнэлгээ ТОП-5 банкны IPO-н дараа 2.3 дахин өсөж ₮11.1 их наяд болов.
ТОП-5 ба түүх
Системийн нөлөө бүхий банкнуудын IPO-н ХЗЗ-д бичсэн түүхийг сөхвөл,
Бүхний анхаарал IPO дээр: ТОП банкнууд IPO хийх тутамд IPO-д оролцогчид болон захиалгын дүнгийн дээд амжилт шинэчлэгдэж байв. Улмаар тэдний IPO-д нийт 71,255 хөрөнгө оруулагчаас ₮725.5 тэрбумын захиалга ирсэн нь татан төвлөрүүлсэн дүнгээс 63.6% илүүрхсэн юм.
Үнэлгээ 🆙: ТОП-5 банкны ЗЗ-ийн үнэлгээ IPO хийх үеэр ₮5.7 их наяд байсан бол одоо тухайн үеэс 1.2% өссөн байна. Акулууд дундаа ХААН Банк (KHAN) болон ХХБ (TDB)-ны үнэлгээ өсөж бусдынх нь буурчээ. Тодруулбал, ХААН Банкны хувьцааны үнэ IPO ханшаас хамгийн ихээр буюу 18.2% өссөн бол Голомт банк (GLMT)-ных 28% буурсан аж.
IPO нөлөө
ТОП-5 банк IPO хийснээр, ДНБ-д харьцуулсан ХЗЗ-ийн үнэлгээ ТОП банкнуудын IPO эхлэхээс өмнө буюу 2022 оны II улиралд 11.3% байсан бол одоо 21% болжээ.
Хоёрдогч ЗЗ идэвхжив: Түүнчлэн өнгөрсөн сард хийгдсэн нийт үнэт цаасны хоёрдогч зах зээлийн гүйлгээний дүн жилийн өмнөхөөсөө 3.7 дахин өсөж ₮22.6 тэрбумд хүрсэн аж.
Илүү олон: Мөн нийт 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо жилийн өмнөхөөсөө 22.8% өсөж 539 мянга болоод байна.
Эцэст нь… Юутай ч банкны системийн шинэчлэл ХЗЗ-ийг дараагийн түвшинд аваачиж нэлээд идэвхжүүллээ. Одоо араас нь тээвэр логистикийн компани IPO хийх сурагтай. Тэгэхээр ХЗЗ-ийн үнэлгээ улам л томрох нь дээ.

🚀 Virgin Galactic-н тоглоомыг өөрчлөх боломж
SPCE: Virgin Galactic сансрын хөлөг үйлдвэрлэлийн төслөө санхүүжүүлэх энгийн хувьцааныхаа нэмэлт арилжаагаар $300 саяыг татан төвлөрүүлжээ. Түүнчлэн тэд хоёрдогч ЗЗ-ийн арилжаагаар дахин $400 саяыг босгохоор төлөвлөөд байгаа аж. Сонирхуулахад, энэ оны I улирлын байдлаар тус компанийн бэлэн мөнгө, үнэт цааснаас бүрдсэн нийт хөрөнгө $874 сая байжээ.

🆙 Дээшээ хар даа! Батлан хамгаалахын зардал

Өнгөрсөн онд дэлхийн батлан хамгаалах салбарын зардал 3.7% өсөж $2.2 их наяд болсноор түүхэн дээд түвшинд хүрлээ.
Аюулгүй гэх баталгаагүй
2000 онд дэлхийн батлан хамгаалах салбарын нийт зардлын 63%-ийг 15 улс эзэлдэг байсан бол 2022 онд энэ тоо 82% болов. Үүнээс Америк, Хятад, Орос гэсэн ердөө 3 улсын батлан хамгаалахын зардал 63%-ийг нь бүрдүүлж буйгаас харахад энэ салбарын зардал аль хэдийн нэг тал руугаа хэлбийж, ялгаа нь улам гүнзгийрч байгаа нь ил аж.
Луу ба Шонхор: Түүнчлэн сүүлийн 10 жилд Хятадын батлан хамгаалахын салбарын зардал бусадтай харьцуулахад үлэмж буюу 64% нэмэгдсэн ч адил хугацаанд 2.7% өссөн Америктай харьцуулахад 3 дахин бага байсаар. Энэ нь ч аргагүй бөгөөд өнгөрсөн онд Америк ДНБ-ийнхээ 3.7%-тай тэнцэх дүнг батлан хамгаалах салбартаа төсөвлөсөн. Харин Хятадынх 1.7% байжээ.
Дайны уршиг
Дэлхийн цэргийн зардал тасралтгүй өсөж байгаагийн зэрэгцээ Европ ч сүүлийн 30 жилд байгаагүй их хэмжээний мөнгийг батлан хамгаалах салбар руугаа урсгах болов. Улмаар Төв болон Баруун Европын цэргийн зардал хүйтэн дайны үеийг давах хэмжээ буюу $345 тэрбумд хүрчээ. Энэ нь мэдээж Оросын түрэмгийлэлтэй шууд холбоотой. Тэгвэл дайны халуун цэгт буй орнуудын өнгөрсөн жилийн цэргийн зардлыг задлан харвал, Европ 13%, Украин 640%, Орос 9.2% тус тус өсгөөд буй.
Энэ өсөлтөд голлон нөлөөлсөн Орос л гэхэд өнгөрсөн онд ДНБ-ийнхээ 4.1%-тай тэнцэх хөрөнгийг батлан хамгаалах салбартаа зарцуулж тэр ч байтугай уг зардлыг нэмэгдүүлэхээр $100 тэрбумын зээл авсан аж. Мөн энэ амралтын өдрүүдээр Орост зэвсэгт бослого гарч В.Путин хүртэл мэдэгдэл хийж хэсэг шуугиад авлаа. Хаа сайгүй Орос Украины дайн дуусахыг хүсэж байгаа ч Орос зээл аваад ч болов дайнаа санхүүжүүлсээр байдаг. 🤔
Эцэст нь… Дэлхийн батлан хамгаалах салбарын зардал нэмэгдэж байгаа нь энх цагт ч улс орнууд бие биедээ итгэлгүй байгааг харуулж буй. Хэрэв дайн эцэс болохгүй бол тус зардал ирэх жилүүдэд ч нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй ээ.

Он гарсаар нүүрсний үнэ 60.5% унаж $115 болжээ. Тэгвэл сүүлийн 10 жилд, жил бүрийн 6-р сард нүүрсний үнэ хэд байв?
2013: $57.3
2014: $61.6
2015: $41.4
2016: $40
2017: $54
2018: $61
2019: $55
2020: $45
2021: $108
2022: $330
2023: $115

🤖 Технологийн дэд бүтцийн шийдэл - VXRAIL

Компанийнхаа технологийн шийдэлд хувьсал хийхэд бэлэн үү? 🤓
Тийм бол танай компанийн мэдээллийн технологийн орчныг өөрчлөх VxRail нэгдсэн дэд бүтцийн систем (HCI)-г танилцуулж байна.
Энэ нь мэдээллийн технологийн дэд бүтцийн суурь нэгжүүд болох компьютер, хадгалах төхөөрөмж болон тэдгээрийн суурилуулалт, удирдлага, хяналтыг хялбаршуулсан цогц технологи аж.
VxRail-н тусламжтайгаар,
Үйл ажиллагааны зардлыг 47% бууруулах,
Технологийн дэд бүтцийн багийн үр ашгийг 60% хүртэл нэмэгдүүлэх,
Гэнэтийн сул зогсолтыг 88% бууруулах,
Бүх программ хангамж, төхөөрөмжид Single point of support дэмжлэг үзүүлэх зэрэг олон давуу талыг бий болгох боломжтой гэнэ.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


Internet Matters
🔹API-н хураамжийн маргаанаас болж Reddit-н борлуулалтын өсөлт саарав. Энэ оны эхэнд компани хэрэглэгчдээсээ хураамж авдаг болно хэмээн зарласнаар хэрэглэгчид болон модераторуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар Reddit-н үнэлгээ $10 тэрбумаар буураад байна.
🔹Энэ Баасан гарагт МХБ (МХБ) ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно. Хуралдаанаар дүрмийн нэмэлт өөрчлөлт, хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлахаас гадна хяналтын зөвлөлийн болон ТУЗ-ийн гишүүдийг сонгох аж. Сонирхуулахад, МХБ-ийн хувьцааны үнэ IPO-н үнээсээ 43.9% өсөж ₮143.9 болоод буй.
🔹Bitcoin (BTC)-н үнэ сүүлийн 1 жилийн дээд түвшиндээ хүрлээ. Тодруулбал, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани болох BlackRock (BLK) Америкт Биткойны биржийн арилжааны сан (ETF)-тай болох хүсэлтээ SEC-д гаргасны дараа Биткойны үнэ $31,000-ыг давсан аж.
🔹УБТЗ-ын дүрмийн санг ₮167 тэрбумаар нэмэгдүүлэв. Тодруулбал, “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколыг үзэглэсэн юм. Ингэснээр олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэлээ.

Чи 100сая төгрөгтэй бол юу хийх вэ?
Хятад хүн: Наймаа хийнэ.
Япон хүн: Хадгална.
Монгол хүн: Нэмж 100саяыг зээлээд Ланд200 авна.— Ph.D. (@Michkani)
2:08 PM • Jun 24, 2023

Бизнес: Алдартнуудын эхлүүлж байсан хамгийн хачин бизнесүүд. (TheThings)
Сонирх: 2023 онд орон сууцны үнэ хамгийн их унаж буй 10 хот. (RealEstate)
Унш: Рианна Savage X Fenty компанийн CEO-н албан тушаалаасаа буулаа. (TheHollywoodreporter)
Мэд: Gen Z санхүүгийн ирээдүйгээ хэрхэн харж байна вэ? (VisualCapitalist)

Даваа: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт эхэлнэ.
Мягмар: Өмнөд Солонгос хэрэглэгчийн итгэлийн индексээ танилцуулна.
Баасан: Өмнөд Солонгосын гадаад худалдааны тэнцэл зарлагдана.


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply