- Lemon Press
- Posts
- 📈 Сүүлийн 5 IPO-н хөдөлгөөн
📈 Сүүлийн 5 IPO-н хөдөлгөөн
Америкийн ТОП компаниудын CEO нарын цалин болон сүүлийн 5 IPO-н хөдөлгөөний талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын шийдвэрийг shilen.gov.mn-с харах боломжтой болжээ. Сонирхуулахад, Хан-Уул дүүрэгт хамгийн их газар олгогддог аж. 🗺️
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Төгрөгийн хадгаламж 4-р сард жилийн өмнөхөөсөө 1.5% буурч ₮13.5 их наяд болсон бол валютын хадгаламж 22.4% өсөж ₮5.3 наяд болсон аж.
MFA: Бельги Монголтой сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байна.
MNG: Төсвийн байнгын хороо 2024 оны улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ₮21.2 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг ₮22.9 их наяд байхаар тооцов.
📈 Сүүлийн 5 IPO-н хөдөлгөөн
Сүүлд IPO хийсэн 5 компанийн хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний 11 өдөрт дунджаар 18.9% өсжээ. Ер нь юу болсон талаар шумбан оръё. 🌊
Төрийн банк: Pump & Dump
ТОП-5 банкнаас хамгийн түрүүнд IPO хийсэн Төрийн банк (SBM)-ны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний 4 өдрөө дараалан 15% өсөж, дараагийн 4 өдөр дараалан 15% унаж билээ. Харин одоо бол тухайн үеэс 18.6%, IPO-н ханшаас 1.6% тус тус унаж ₮580.4 орчимд тогтворжоод буй.
Голомт банк: Улаан уруудалт
Харин Голомт банк (GLMT)-ны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний 11 хоногт IPO-н ханшаас 7.3% унасан юм. Улмаар тэдний ЗЗ-ийн үнэлгээ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний өдрөө хамгийн өндөр буюу ₮1.1 их наядад хүрсэн бол одоо тус үеэс 23% буурч ₮812.7 тэрбум болжээ.
МХБ: Хамгийн өндөр өсөлт
Цаашлаад, Монголын хөрөнгийн бирж (MSE)-ийн хувьцааны үнийн өөрчлөлтийг харвал сүүлд IPO хийсэн 5 компани дундаа хамгийн их өсжээ. Тодруулбал, тэдний хувьцааны эхний 11 хоногт IPO-н ханшаас 60.3% өссөн юм. Харин одоо тэдний хувьцааны үнэ түүхэн дээд ханш болох ₮180.2-өөс 15.5% унасан ч IPO-н ханшаас 50.4% өндөр байна.
Газар Шим Үйлдвэр: Тогтвортой
Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн хувьцааны үнэ бусдаасаа илүү тогтвортой байв. Тэдний хувьцааны үнэ өчигдрийн байдлаар ₮52.7 байгаа нь IPO-н ханшаас 0.6% унасан дүн. Компанийн хувьцааны үнэ тогтвортой байгаа нь арилжааны идэвх сул байгаатай холбоотой.
ХААН Банк: +21%
Харин хамгийн сүүлд IPO хийсэн ХААН Банк (KHAN)-ны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн 11 хоног дээрээ IPO-н ханшаас 21% өсөж хаагдлаа. Хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний өдрөө 14.9% өссөнөөр МХБ-д бүртгэлтэй хамгийн анхны ₮2 их наядын үнэлгээтэй банк болоод байсан бол одоо ЗЗ-ийн үнэлгээ нь тухайн үеэс 9% өсөөд байна.
Эцэст нь… Заа тэгээд удахгүй ХасБанк болон ХХБ-ны IPO эхэлнэ. Тэдний хувьцааны үнэ юу болох бол?
🛍️ Ширэнгэн ойн дэлгүүр
AMZN: Amazon Whole Foods-р дамжуулан жилд $525 тэрбумыг олдог бөгөөд одоогоор Америкийн хүнсний зах зээлийн 3%-ийг эзэлж байна. Тэд 2006 онд анхны цахим хүнсний дэлгүүрээ нээснээс 11 жилийн дараа Whole Foods Market-г $13.1 тэрбумаар худалдан авч хүнсний салбарт эргэлт буцалтгүй орсон аж. Түүнчлэн компанийн Amazon One үйлчилгээ нь хэрэглэгчийн биометрийн буюу гарын алганы хээг таних замаар төлбөр төлөх боломжийг олгодог аж.
💸 CEO нарын цалин урамшуулал өссөөр
Америкийн ТОП 100 компанийн CEO-н дундаж цалин урамшуулал өнгөрсөн онд 7.7% нэмэгдэж $22.3 сая болжээ. Үүнээс CEO нарын хувьцааны урамшуулал хамгийн өндөр буюу 20% өсөж $13.8 саяд хүрээд буй.
Задаргаа: CEO нарын цалингийн багцад үндсэн цалин, хувьцааны урамшуулал болон бусад бонус багтдаг. Үндсэн цалин нь CEO нарын гүйцэтгэлээс үл хамааран тогтмол байдаг бол хувьцааны урамшуулал нь тухайн компанийн ашигт ажиллагаатай холбоотой. Харин бусад бонус нь CEO нарын хувийн гүйцэтгэлтэй холбоотой аж.
Хамгийн гол нь урамшуулал
Сүүлийн 10 жилд томоохон компаниудын CEO нарын цалин урамшуулал тасралтгүй өсөлттэй байв. Тодруулбал, S&P 500 компаниудын CEO нарын дундаж цалин урамшуулал л гэхэд өнгөрсөн онд 18.3% өсөж $14.2 саяд хүрээд буй. Үүнээс:
27% нь үндсэн цалин,
56% нь хувьцааны урамшуулал,
17% нь бусад бонусаас бүрджээ.
Сонирхуулахад, Өнгөрсөн онд хамгийн өндөр цалин урамшууллыг Alphabet (GOOG)-н CEO Сундар Пичай авсан. Тэрээр нийтдээ $226 саяыг авснаас ердөө $2 сая нь үндсэн цалин байсан бол $218 сая нь хувьцааны урамшуулал байсан юм.
Асуудал: Цалингийн зөрүү
Энгийн ажилтантай харьцуулахад CEO нарын цалингийн задаргаанд хувьцааны урамшуулал багтсанаар тус 2 бүлгийн цалинг тэнгэр газар шиг зөрүүтэй болгодог. Тухайлбал, өнгөрсөн онд Америкийн ТОП 100 компанийн 1 CEO-н дундаж цалин 288 энгийн ажилтныхтай тэнцжээ.
Эцэст нь, Монголын хувьцаат компаниуд хэзээнээс гүйцэтгэх удирдлагын цалин, хангамжийн мэдээллийг ил тод зарладаг болох бол?
Заа энэ удаад Conditional Formatting функцыг хэрхэн ашиглах талаар хүргэж байна. 😉
The Guardian
🔹Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны I улиралд өнгөрсөн оны мөн үеэс 27.4% өсөж ₮9.2 их наядад хүрэв. Задлан харвал, хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 26% өсөж ₮2.2 их наяд болсон бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 28% өсөж ₮7 их наядад хүрчээ.
🔹 Капитрон банк Cerise+SPTF-н CPP жагсаалтад орлоо. Cerise+SPTF нь нийгэм, байгаль орчны менежментэд зориулагдсан дэлхийд тэргүүлэгч хамтарсан компани бөгөөд Капитрон банк тэдний уг жагсаалтад багтсан нь нийгэм, байгаль орчны асуудлыг эрхэмлэж, санхүүгийн хүртээмжийг хангадаг болохыг харуулж байна.
🔹Цагаан ноолуурын 1 кг-н дундаж үнэ өнгөрсөн IV улиралд жилийн өмнөхөөсөө 10.4% өсөж ₮119,200-т хүрсэн байна. Үргэлжлүүлбэл, цагаан ноолуур Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу ₮135 мянга харин Говь-Алтай аймагт хамгийн бага буюу ₮98 мянгаар тус тус худалдаалагдаж байна.
🔹Тавантолгой түлш ХХК галлагааны улиралд 485 мянган тн сайжруулсан шахмал түлш борлуулав. Үүнээс өнгөрсөн 12 болон 1-р саруудад хамгийн их буюу өдөртөө 2,900 тн, сардаа 87,000 тн шахмал түлш борлуулсан аж. Түүнчлэн одоогоор 41 цэгээр 2,050 тн шахмал түлш борлуулж буй.
Аль ч оронд "нам" гсн нэртэй ТББ олон ч парламентад суудалгүй, сонгуульд 5% санал аваагүй бл НАМ гж тооцдоггүй. Суудалтай нам ч дараагийн сонгуульд 5%-иас бага санал авбал НАМ гэсэн статус нь үгүй болдог. Ардтүмэн хүлээн зөвшөөрөөгүй бүлгийг төртэй хутгах нь утгагүй доромжлол.
— Baabar (@Baabarniitlelch)
4:46 PM • May 14, 2023
🤑 Keep your money
Keep your money буланд тавтай морил. Олсон хэдэн төгрөг тань яасан нь мэдэхгүй дуусчхаад байна уу? Тэгвэл гурван зөвлөгөө хүргэе.
Сар бүр төсөвлө: Ихэнх улсад 50/30/20 дүрмийг ашигладаг. Тодруулбал, орлогын 50%-ийг хэрэгцээндээ, 30%-ийг хүсэл буюу нэмэлт зардалд, 20%-ийг хадгаламж, өрийн төлбөрт зарцуулах нь оновчтой аж. Ингэснээр танд мөнгөө үр ашигтай зарцуулах боломжийг олгоно.
Зардлаа хяна: Зардлаа хянахын тулд тэмдэглэлийн дэвтэр эсвэл апп ашиглаж болно. Хятадад л гэхэд Tricount апп-ийг түгээмэл ашигладаг. Энэ нь орлого, зарлагаа бүртгэн ангилах, үүнийгээ найзууд болон гэр бүлдээ хуваалцах боломжтой апп юм. Үүнтэй төстэй KEEP апп Монголд гараад амжсан билээ. Тэгэхээр үүнийг ашиглаад зардлаа хянаж болох нь.
Зээлийн төлөлтөө төлөвлө: Зээлийн төлөлтөө зөв төлөвлөхийн тулд эхлээд зээл бүрийн үлдэгдэл, хүү, төлбөрийн доод хэмжээ зэрэг бүх зээлийнхээ жагсаалтыг гарган дараа нь зээлүүдээ эрэмбэлэх нь чухал. Хэрэв та өндөр хүүтэй олон зээлтэй бол бага хүүтэй нэг зээл болгон нэгтгэх талаар бодож болох юм.
Эцэст нь… Санхүүгээ ухаалгаар зарцуулж, хялбараар тооцоолоорой.
Мэд: Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шат удахгүй эхэлнэ. (CNN)
Унш: Хойд Солонгосын крипто хулгай тэлсээр. (NikkeiAsia)
Анхаар: Цахим тоглоом сэтгэцийн эрүүл мэнд хэрхэн нөлөөлдөг вэ? (TrueMindThoughts)
Сонирх: AI найз охин. (NBCNews)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply